Энэ номын зохиогч С.Дорждулам нь 1958 онд Архангай аймагт мэндэлсэн. Хөнгөн үйлдвэрийн инженер-технологич, хуульч мэргэжилтэй. Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч. Мөн шүлэг, яруу найраг сонирхогч нэгэн бөгөөд анхны номоо ээждээ зориулж бичсэн “Амьд бурхан” нэрээр 2013 онд хэвлүүлсэн. Өөрөө тэтгэврийн насны эмээ боловч өнөөг хүртэл ээжтэйгээ цуг өтөлж яваа азтай “охин”. Төрөх үү, засах уу хэмээх энэ номоо бурхны оронд одсон хайрт аавынхаа гэгээн дурсгалд зориулан бичиж дуусгаад уншигч танд өргөн барьж байгаа ажээ.
Эх дэлхий дээрх хамгийн үнэт зүйл нь хүн. Хүн 80% сүнслэг бие \оюун санаа\ 20% физик \материаллаг\ биеийн бүтэцтэй амьтан гэдэг. Тиймээс хүний өөрийнх нь үнэт зүйл бол оюун ухаан буюу хүн төрөлхтөний сүнсэн бие. Хүн төрөлхтөн тэр дундаа монголчууд бид өөрсдийн 80 хувиараа 20 хувиа удирдан жолоодож зөв зүйтэй амьдарч чадаж байна уу, эсвэл гаднах өнгө төрхөөрөө\махан биеээрээ\ бусдад таалагдахын тулд оюун санаагаараа шаналж явна уу гэдгийн хариултыг эрж олохыг хүссэн хүнд энэ ном жаахан ч гэсэн тус дэм болох болов уу гэж би найдаж байна.
Зохиогч номондоо төр гэх үгийг өнөөгийн бидний мэдэх засаг хэмээх ойлголтоос өөрөөр тайлж тайлбарласан. Номын агуулгын нилээд хэсэг нь хүний оюун санаа\төр\-тай холбогдож байгаа. Бүхлээс нэгжид сэтгэх өвөг дээдсийнхээ сэтгэхүйн уламжлалаар зохиогч хүн төрөлхтөний сүнс, сүлд, төр, бурхан зэргийг бүхэлтгэн эрчим энерги буюу оюун санаа хэмээн нэрлэж байна.
Сүлд бол амьд хүний материаллаг биед оршин байгаа амин энерги, төр бол хүн материаллаг биеэрээ үхэж төрөл арилжих явцад хүний хийн биеийн дээд ертөнц рүү илгээгдэх ухамсарт үргэлжлэл буюу сүнсэн бие\оюун санаа\, бурхан бол оюун ухамсраараа гэгээрсэн хүний үхлийн дараа дээд ертөнц рүү мөнхөд илгээгдсэн төр буюу дээд оюун санаа хэмээх зохиогчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөх эсэх нь уншигч таны хэрэг.
Энэхүү номонд Их Монгол эзэнт гүрнийг үүсгэн байгуулсан Чингис хааны алдрыг бусдаас өөрөөр Чингэс= чин+гэс хэмээн бичиж энэ нь “үнэн гэгээн ариун” хаан гэсэн утга агуулгатай алдар гэж тайлбарлажээ. Түүнчлэн эртний монголчуудын мөнх тэнгэр хэмээх шүтээний мөнх гэдэг үгийг задалвал “мөн+ эх” болох бөгөөд энэ нь хүний материаллаг биеийг анхлан үүсгэгч буюу төрийг\сүнсийг\ төлөөлөх үг.
Тэнгэр нь тэн+гэр буюу адилхан гэр гэсэн үг бөгөөд дээд ертөнцийн оюун санаа буюу төрийн оршин байх гэр гэсэн утга агуулгаар орууллаа. Хүмүүний хийн бие буюу оюун ухаант төр нь дээд ертөнцөд мөн адилхан гэртэй\тэнгэртэй\ байдгийг бидний өвөг дээдэс ухамсарлан дээд ертөнцийн гэрээ\мөнх тэнгэрээ\ эрхэмлэн шүтдэг байжээ. Эдгээрээс мөнх тэнгэр бол хүн төрөлхтөний дээд оюун санааны\ гэгээрсэн бурхдын\ оршин байх орон гэр гэсэн дүгнэлт гарч байна.
Бидний цөөхөн монголчууд ардчилал гээчийг сонгоод эрх чөлөөт нийхэмд амьдарч байна. Гэхдээ хүн бүр оюун санааны бүрэн эрх чөлөө эдэлж, сэтгэл санаагаараа баян дүүрэн байж чадахгүй, бусдыг даган дууриагч сармагчин төрхтэй байгаа нь үнэн. Эрх чөлөө гэдэг бол боломж бөгөөд оюун санаагаа махан биеэсээ чөлөөлөөгүй хүн, бусдын эрх чөлөөт амьдралыг ойлгох боломжгүй.
Санхүүгийн эрх чөлөөг мэдрээгүй хүн хөрөнгө мөнгөний талаар сэтгэлгээний гажиг-эдийн шуналтай байдаг. Гэр бүлийн тэгш эрх, эрх чөлөөг амсаж мэдрээгүй эхнэрт, бусдын хүчирхийлэл дарамтанд байдгаа нуухын тулд хань нөхрөө магтах хэрэгцээ шаардлага тулгарах нь элбэг. Ахуй орчноос тасарч, орчлон ертөнцийн орон зайд ямар нэгэн унаа хөсөг, зөвшөөрөл паспорт, ямар ч зардал чирэгдэлгүйгээр, өөрт заяагдмал дээд оюун сэтгэхүйгээрээ чөлөөтэй зорчих нь эрхэм ХҮН танд олдсон, гагцхүү өөрөөс тань шалтгаалах бүрэн эрх чөлөө. Үүнийг л хүн болгон зөв ойлгож ахуй амьдралдаа хэрэгжүүлээсэй.
Манайхан хоёрхон зууны түүхтэй холын Америкыг даган зээлдмэл үзэл суртлаар тархи толгойгоо эргүүлж байгаа нь хэр оновчтой юм бол? Сүүлийн үед яригдаад байгаа тэнгэрийн засаглалыг монголчууд өөрсдөөсөө эхлэн хэрэгжүүлж улмаар дэлхий нийтэд даяаршуулж болохгүй нь юу байна? Нийхэм, хамт олон, өрх гэр, хувь хүний амьдралд нийхэмийн хэм хэмжээ, ертөнцийн жам ёс, байгалийн зүй ёс гурав харилцан тэнцвэртэйгээр хоорондоо шүтэн барилдаж байх учиртай.
Тэнгэрийн засаглал гэх ойлголт нь хүн төрөлхтөний өөрсдөө зохиож хэлбэршүүлсэн нийхэмийн хэм хэмжээ ёс журам, далд ертөнцийн биднээс хамааралтай бөгөөд ихэнх хүмүүсийн таньж мэддэггүй, бичигдээгүй хууль ёс, хүн төрөлхтөний таньж мэдсэн мөртлөө хайхарч анхаардаггүй байгалийн жам ёс гурвын шүтэн барилдлага.
Хүн төрөлхтөний түүхэнд хангалттай жин дарах урт удаан хугацааны буурал түүх соёлтой хөх толботнууд хэзээ нэгэн цагт оюун санаагаараа дэлхийг тэргүүлэн эдийн засгийн дарлал мөлжлөг, дайн самуунгүй нийхэмд хүн төрөлхтөн эвсэг найрсаг, амгалан тайван амьдарч буурал түүх давтагдах учиртай хэмээх мөрөөдлөө цаасан дээр буулгаж ирээдүйн монголчууддаа үлдээж байна.
Зохиогч "Төрөх үү, засах уу”гэдэг номоо өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж далд ертөнцийг сонирхон судалж байгаа, оюун санааны үнэт зүйлсийг эрж олох, ямар нэгэн хүрээ жаазанд хашигдахгүйгээр оюуны эрх чөлөө эдлэх хүсэл тэмүүлэлтэй, хүн бүрт заяамал дээд оюун ухаанаа хөгжүүлэн дэлхийн энгээр, цаашлаад түүнээс давж сэтгэн улмаар өөрийн дотоод сэтгэл\оюун санаа\-ээ ариусгаж эрүүл орчинд амар амгалан амьдрах, Монгол улсынхаа аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө зүрх сэтгэл нь зовниж, эх орноосоо эхлээд даян дэлхийд нийхэмийн тэгш эрх, шударга ёсыг бодитойгоор тогтоохыг үнэхээр хүсэн мөрөөдөж байгаа бүх насны оюунлаг хүмүүст зориулж бичлээ хэмээн тодотгож өгчээ.
Уншигч та уг номыг уншихыг хүсвэл и-мэйл: sdorjdulam@yahoo.com, FB: www.facebook.com Самданшарав Дорждулам, утас: 99174827, 88674827, 91194827-аар холбогдоорой. Үнэгүй хүргэж өгөх боломжтой юм байна.
Зохиогч төсгөлд нь миний чадан ядан холбосон үгс хэн нэгний “загатнасан газар нь маажсан” бол өөртөө талархах, хэн нэгэнд ухаан, урам нэмсэн бол түүнд талархах, хэн нэгний уур хорслыг өдөөсөн бол хүлцэл өчихөд би бэлэн байна. Хэрхэхийг эрхэм уншигч таны мэргэн ухаан мэдэг. Алтан нарны цацраг адил бүхнийг ивээгч бурхан тэнгэрийн гэгээн адислалыг хүн бүр хүртэж сайн үйлс дэлгэрэх болтугай хэмээжээ.
АНХААРАН СОНИРХСОН ЭРХЭМ ТАНД БАЯРЛАЛАА.
СЭТГЭГДЭЛ