Охиноо төрүүлснээс хойш яг сар хагасын турш надад нүүрээ будах байтугай, нүүрний тос ч түрхэх завдал гараагүй юм. Нэг өглөө үүдний өрөөний толинд толгойгоо хүүхдийнхээ даавуугаар гурвалжлаад боосон, нөхрийнхөө хамгийн том гэсэн шорт цамцыг нэвсийлгээд өмсчихсөн бүүр болоогүй цамцных нь энгэр сүү гоожсоор байгаад дагтартчихсан, зогсоо зайгүй сүү үйлдвэрлэдэг аварга том машин өмнө минь зогсохыг хараад би үнэхээр их сэтгэлээр унаж билээ.

Тэрхэн үедээ би зөвхөн гадаад төрхөө хараад ч сэтгэлээр унасан юм биш, би чинь ээж гэдэг дүрдээ хэтэрхий гүн гүнзгий автаад өөрийгөө тэр чигт нь хаяад гээчихсэн байна шүү дээ гэдгээ л ойлгож ухаарсан хэрэг. Үр хүүхэд гэдэг амьдралын маш том аз жаргал мөнөөсөө мөн ч гэсэн амьдрал бүхэлдээ биш юм. Та эх хүн болсон хэдий ч гэсэн эмэгтэй хүн, бүсгүй хүн гэдгээ огтхон ч мартаж болохгүй.

Хүүхдийг хэрхэн эрүүл чийрэг өсгөх, ухаантай хүн болгох тухай үй түмэн номнууд байдаг. Гэтэл зөвхөн ээжид хандсан, ээжийг ойлгон хайрласан тийм ном маш цөөхөн бараг л байхгүйтэй адил.

Яагаад гэвэл нийгэм даяараа эмэгтэй хүн бол ээж болсон цагаасаа эхлэн үр хүүхэд, эр нөхрөө л хамгийн эхэнд тавьж өөрийгөө гаргуунд нь гаргаж байвал тэр л хамгийн сайн эхнэр, хамгийн шилдэг ээж гэдэг хандлага одоог хүртэл байсаар л байна.

Магадгүй танд энэ номны зарим зөвлөгөөнүүд хэтэрхий хатуу, хувиа хичээсэн юм шиг санагдаж магадгүй л юм. Гэхдээ байдаг л нэг хүүхэд асран сувилах тухай номноос хамаагүй илүү яг л ээжүүдэд тулгардаг бүх л асуудлыг чин үнэнээр нь тун хөгжилтэй байдлаар өгүүлж, тэдгээр асуудлыг франц эхчүүд хэрхэн даван туулдаг тухай хүүрнэсэн нь энэ номыг тун энгийн хэрнээ маш үр өгөөжтэй ном болгожээ.

Бид нар бүгдээрээ бяцхан сахиусан тэнгэрийг хорвоод мэндэлэхээс өмнө аав ээжийнхээ эрх танхи охин, хайртыхаа үзэсгэлэнтэй найз бүсгүй, ажлын хамт олныхоо сайн хамтрагч нь, галзуу хөгжилтэй тэнэгхэн нэгэн байсан шүү дээ. Хүүхэд бидэнд урьд огт мэддэггүй байсан тэр их аз жаргалыг өгдөг ч тэр хэмжээгээрээ урьдны мэддэг байсан аз жаргалуудыг маань булаагаад авчихдаг нь чин үнэн.

Үр хүүхдээ сайн чанартай хүнсээр хооллож, эрүүл саруул өсгөн бойжуулж, өсөн дэвшиж хорвоо ертөнцийг танин мэдэхэд нь чадах чинээгээрээ туслах нь зүйн хэрэг боловч тэднийг ертөнцийн төв мэт тахин шүтэх, хүссэн бүгдийг нь авч өгөх, 24 цагаа бүхэлд нь зарцуулах нь ээжид ч хүүхэд ч тун хор хөнөөлтэй болохыг та энэхүү номноос ойлгох болно.

Ээж хүн бүхэн хүүхэд төрсөн цагаас эхлээд л ямарваа нэг гэмшлийг дотроо байнга тээсээр явдаг. Хүүхдээ хангалттай хөхөөр хооллож чадахгүй байгаадаа, хамрын ханиад хүрэхээс нь сэргийлж чадаагүйдээ, оройн хоолоо бэлдэхийн тулд хүүхэлдэй үзүүлсэндээ, аавтай нь ганц удаа болзоонд явахын тулд хэдэн цагаар эзгүй байсандаа гээд л бид чинь өөрсдийгөө хангалттай ихээр зэмлэдэг шүүдээ.

Гэтэл үнэндээ тиймэрхүү хий дэмий санаа зовнил, гэмших сэтгэл ямар ч үр дүн үзүүлэхгүйгээр зогсохгүй харин ч таны сэтгэлийг тавгүйтүүлэхээс цаашгүй эд юм. Ээж бид ямар ч алдаа гаргасан байлаа гэсэн үр хүүхдүүдийнхээ хувьд хамгийн мундаг баатар, хамгийн шилдэг нь хэвээрээ л байсаар байна. Тийм учраас ээж гэдэг 3 үсгэнд өөрийгөө хайрцаглалгүйгээр хүүхдээ асран халамжлахынхаа хажуугаар өөрийнхөө гоо сайханд, оюун санаанд, мөрөөдөлд чадах чинээгээрээ цаг зав заавал гаргаж бай.

Өөрийнхөө амьдралын эзэн болсон, байгаа амьдралдаа чин сэтгэлээсээ сэтгэл хангалуун байж чаддаг эх хүний үр хүүхэд ч гэсэн сайн сайхан өсөн бойжих нь гарцаагүй хэрэг.

📌 Хэрэг болохуйц зөвлөгөөнүүд:

💛 Хүүхдийн нэхэж шаардсан болгоныг биелүүлж, “үгүй” гэж хэлэхгүй байх нь бие хүн болж төлөвшихөд нь хор уршигтай ажээ. Учир нь хүүхэд хүслээ хязгаарлаж сурах ёстой гэдгээ ойлгоход энэ нь саад болдог.

💛 Балчир хүүхдүүдийн хэрэгцээ, хүсэлд хязгаар гэж үгүй. Энэ бол тун энгийн зүйл. Эцэг эхчүүд дэргэд нь байж, дураараа загнахыг болиулах гэдэг учраас хүүхдүүд бухимддаг.

💛 Хүүхэд сахилгагүйтэж байхдаа ч гэсэн ухаалаг сэдэлтэй байдаг, тиймээс аав ээж нар нь түүнийг сайн сонсож, тэр сэдлийг нь олж мэдэх ёстой юм. Ердийн бус хариу үйлдэл үзүүлж байгаа хүүхэд цаанаа учиртай байдаг. Хэрвээ хүүхэд гэнэт этгээд авир гаргаад байвал чухам яагаад тэгээд байгаа шалтгааныг нь олж мэдэхэд бидний үүрэг оршино.

💛 Хүмүүжлийн хамгийн муу арга бол хэнийх нь хүний хүслээр болох вэ гэдгийг үзэх гэж хүүхэдтэйгээ эцэс төгсгөлгүй маргалдах юм. Шийдвэр гаргах боломжтой хүн зөвхөн эцэг эх байх бөгөөд хэмжээ хязгаар тогтоох хамгийн зөв хувилбар бол эцэг эхчүүд тодорхой хэдэн зүйл дээр маш хатуу байж, харин бусад зүйл дээр тайван хандах юм.

💛 Хэмжээ хязгаарыг заавал тогтоох хэрэгтэй, үгүй бол та өөрөө учраа олохоо болино. Хэмжээ хязгаар тогтоосноор та өөртөө итгэлтэй болно. Хүүхэддээ ч итгэдэг болж, тэр ч үүнийг мэдэрнэ.

7 хоног бүр шинэ номын тойм уншихыг хүсвэл УНШИГЧ пэйжээр зочлоорой.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/