Дэлхийн хүн амын дөрөвний нэг буюу далан сая хүний амь насыг хурууны үзүүрээрээ бүрэлгэсэн гэгддэг миний ч мэдэхгүй Мао гэж хэн бэ? Маогийн зурагтай чихэр амттай байсансан хэхэ. Магадгүй дийлэнх хүмүүс нэрийг нь тун сайн мэдэх байх. Анх арван жилийн түүхийн хичээлээс Хятадын Коммунист намын удирдагч, "Соёлын хувьсгал" гээчийг өдөөн гаргаж, бусниулсан нөхөр гэдгээр нь би гадарлах болсон байдаг.

Заавал энэ Хятад "өвгөн"ний талаар мэдэх ямар хэрэгтэй юм бэ гэж үү?

Өнө эртнээс манай улс дуртай ч дургүй ч одоогийн хүчирхэг Хятадтай үүх түүхээрээ холбогдсоор энд хүрсэн. Одоо ч "хүүе хаая тэр хаалга үүдээ хаацгаа! Хужаанууд гэрт орж, хамаг хонь мал барилаа" гээд хашгирч цээжээ дэлдэгчид хаа сайгүй. Тэгээд хаалгаа хаагаад үзвэл юу болох бол? "Бид юу хийж чаддаг ард түмэн бэ?" гээд тархиа салаавчлаад, ходоодоо хоржигонуулаад суух болно. Асуудлыг шийдэхийн тулд тухайн үйл явцын байр байдлыг сайтар ухаж, дүн шинжлэх нь зүйн хэрэг. Дараа нь гарц олох! Гарц гээч юманд яалтчгүй гишгэсэн мөр буюу үүх түүхээ мэддэг байх нь хамгийн наад захын шалгуур юм уу даа гэж мунхаглана. Тэгээд ч Дэлхийн бүх улс оронтой "найрсаг харилцаа" тогтоох нь аливаа улсын үүрэг буйза.

Гээд би ч түүхийн ном шимтэн умшигчдын нэг бас бишээ. Тун санаандгүй байдлаар энэ "золиг"ийг бариад авчихсан юм. Зохиолч нь эртний танил "Зэрлэг хун буюу Хятадын гурван охин" номыг нь шимтэн уншсан Хятад гаралтай Британи зохиолч Юн Чан (өөрийн нөхөр Жон Холлидэйн хамтаар бичжээ) байхаар олон юм бодолгүй шууд эхэлсэн хэрэг. Ер нь тэгээд түүхч судлаач биш мань мэтийн хүнд бол түүхийн ном унших бас амаргүй шүү. Жинхэнэ нөгөө ном унших дадалгүй хүнд бол барахгүй даваа хэхэ. Тэгээд ч энэ Юн Чан намтар талдаа бузгайг хэлэх үү нэг л хүний сонирхлыг хөврүүлээд татсаар байгаад уншуулчихдаг шидтэй зохиолч. Уншигч яг л бяцхан муужгай адил бөөрөнхийлсөн утсыг хөөсөөр яваад хөвж орхидог юм.

Мао ямар улстөрч, удирдагч байсан бэ? гэдгээс илүүтэй ямар хүн болоод энэ өндөр байр сууринд хүрэх болсон юм бол? гэдэг өнцөг л миний хувьд их сонин байлаа. Ерөнхийдөө хувь хүн талаас нь сэтгэлзүй талаас нь илүү таньж мэдэх гэж оролдлоо гэхүү дээ.

Мао 1893 онд Хятадын Хунань мужийн Шаошань тосгоны чинээлэг тариачин айлд мэндэлжээ. Маогийн эцэг Ичан арван настайдаа зэргэлдээ тосгоны арван гурван настай охинтой сүй тавьсан байна. Тухайн үед охидод бараг нэр ч байгаагүй гэдэг. Эртний заншлаар охины хөлийг давстай цайгаар шавшиж, чанга боож хатаагаад "гурван ямхын алтан лиш цэцэг" хэмээн магтаж, туйлын гоо үзэсгэлэнтэйд тооцдог байлаа. Охин нэргүй тул ердөө долдугаар дүү Вэнь овогт гэнэ. Түүнийг арван найм хүрэхэд Шаошаньд хурим хийжээ.

Ичан цэрэгт явж (тухайн үед тариачид өрөө дарах гэж цэрэгт явдаг байсан) өөрийн эцгийн өрөнд өгсөн газрыг эргүүлэн авч, дээр нь шинэ газар худалдан авснаар тухайн тосгоныхоо хамгийн чинээлэг айл болсон гэдэг. Бусад тариачдын хажууд бичиг үсэгтэй, данс тооцоо хөтлөх чадвар нь түүнийг наймаанд илүү одтой болгож байжээ.

Мао айлын гурав дахь хүүхэд бөгөөд нэр нь "дорноос мандах нар" гэсэн утгатай юм.

Мао эхдээ илүү эрх байж, найм хүртлээ нагац талдаа өсжээ. Мао хүү найман наснаасаа гэрийн багшаар ном заалгаж, ой сайтай тул тун хурдан сурдаг байв. Тухайн үеийн Хятадын боловсрол Күнзийн сургаал байсан учир хүүхэд учрыг нь ухахгүй ч зүгээр цээжилдэг байлаа. Мао маш хичээнгүй суралцаж, хятад хэл, түүх, уран бичиг, хүүрнэл зохиол, шүлэг бичиж сурч байлаа. Күнзийн боловсролын нэг гол цөм бол шүлэг бичих ажээ. Тэр хаана ч явсан номноос огт салдаггүй хүүхэд байв. Шүлэг нь нээх яваагүй боловч Мао удирдагч болсон үедээ өөрийн илтгэл болон зохиолуудаа түүхэн ишлэлээр чимдэг байлаа.

Мао хүүхэд байхын л нилээд зөрүүд, өөрийнхөөрөө нэгэн байлаа. Тиймээс гурван ч сургуулиас хөөгдсөн байдаг. Үүнээс болж эцэг хүүгийн хооронд үл ойлголцох асуудал гардаг байжээ. Эцэг нь "ном сурч, ядаж гэрийн данс тооцоог бодож өгдөг болоосой" гэж горьдох боловч Мао хүү тоонд туйлын дургүйн дээр тариачны амьдрал хийгээд биеэрээ хөдөлмөр эрхлэхийг үздэггүй байв. Миний уншиж ажигласнаар эцэг хүү хоёрын зан ааш туйлын адилхан бөгөөд гагцхүү зорилго нь ондоо байсан шиг. Эцгийн хувьд тариачин хүн тул борви бохисхийхгүй ажиллаж, арвилан хэмнэсэн хөрөнгө чинээгээ улам зузаатгах наймаачин хүний мугуйд зан байсан бол Маод биеийн хөдөлмөрөөс зугтан өөрийн дураар байх мугуйд зан байснаас тэд хоорондоо огт ойлголцдоггүй байжээ.

Хамгийн хачирхалтай нь Мао 1968 онд өөрийн улстөрийн дайснуудаа харгисаар замаасаа цэвэрлэхдээ "миний эцэг муу хүн байсан. Хэрэв одоо амьд байсан бол түүнийг 'онгоц' болгох байсан юм" (онгоц гэдэг нь нэг зүйл эрүү шүүлтийн хэлбэр) гэж ярьж байжээ. Гэвч Мао эцэгтээ туйлын дургүй байсан ч насны эцэст эцэгтэйгээ учиргүй адилхан болсон гэж дурьдагдсан байдаг.

Маогийн анхны хурим арван дөрвөн настайд нь болжээ.

Мао эрт гэрлэснээс болоод "эцэг эхийн заавраар" хүчээр гэрлүүлэхийг эсэргүүцсэн өгүүлэл бичиж байжээ. Жилийн дараа эхнэр нь нас барснаар арван зургаатай Мао Шаошаниас явжээ. Ингээд Зүүн толгой хэмээх газарт нэгэн сургуульд сурах болсноор Маогийн нүд жихэнээсээ нээгдсэн гэж үздэг. Энэ сургуулиасаа багшийнхаа итгэлийг олж, Чанша дахь илүү том сургууль руу шилжсэн байна. Ингээд мань хүн бүрмөсөн эрдмийн мөр хөөжээ. Уг сургуулиа дүүргэн мэргэжлээ сонгох дээрээ гацаж, дахин ерөнхий боловсролын сургуулийг сонгож орсон ч хэсэг яваад уйдаж, өдөр шөнөгүй номын санд өнжин барууны сонгодог гэх бүх л номнуудыг уншжээ.

Ийнхүү сонгодгууд түүний оюун ухааныг уламжлалт хүлээснээс нь зад татаж өгсөн гэж үздэг. Бичих авъяастай Мао арван найман наснаасаа өглөө бүрийг шинэ сонин уншихаас эхлүүлж, энэ зуршил түүнийг үхэн үхтэл дагалдсан байдаг. Ингээд арван есөн насандаа Мао төлбөргүйгээр нь багшийн сургуулийг сонгожээ. Оюутан Мао "энэ орны хүмүүс хэт үлбэгэр. Тэд бялангач, боол байхдаа дуртай. Мухар сүсэг ихтэй" гэж хятадуудыг хатуу шүүмжилдэг байжээ.

"Би өөрийн мэдэх бодит байдлыг л хариуцахаас биш бусад нь надад огтоос падгүй! Би өнгөрсний тухай мэдэхгүй. Ирээдүйг ч бас мэдэхгүй. Энэ хоёр миний өөрийн байгаа байдлаас хахь ондоо юм", "түүхийн өмнө хүлээх хариуцлагын тухай зарим нь ярьдаг. Би түүнд итгэдэггүй! Би биеэ боловсруулахад л санаа тавьдаг. Өөрийн бодол өөрт зөв тул түүгээрээ л явна. Би хэний ч өмнө хариуцлага хүлээгээгүй" зэрэг өөрийнх нь тэмдэглэлүүдээс үзэхэд өөрийн гэсэн хүчирхэг "би" эготой байсан нь тодхон харагдана.

Мөн дээр нь биеэ тоож, бусдаас өөрийгөө хэт дөвийлгөсөн энэ зан чанар нь (нарциссизм) Маог лууны "толгой" болоход хамгийн их нөлөөлсөн байх даа гэж би хувьдаа дүгнэлээ. Оюутан байхдаа л "Тан, Сүн улсын үеэс үлдсэн зохиол, яруу найраг зэргийг нэг амиар шатаах" санал гаргаж байсан зэргээс нь харахад аль дээр үеэс түүний тархинд "соёлын хувьсгалын цэвэрлэгээ" кодлогдсон байжээ гэж ойлгож болох талтай юм.

"Энх амгалан тогтоод цэцэглэн хөгжөөд ирэхээр бид уйдаж эхэлдэг ... хүн төрөлхтөн гэнэтийн цочмог өөрчлөлтөнд дуртай" гэснээс нь харахад Мао дайнч үзлийг дэврээгч байсан гэдэг нь тодорхой. Бас хэлсэн үг нь ч үнэний ортой юмаа. Энэ Дэлхийн хүн ам бид угаасаа л айвуу тайвуу амьдарч чаддаггүй. Заавал хэрүүл маргаан, дайн байлдаан гаргах гээд амар суудаггүй улс шүү дээ ер нь. "Хятадыг эхэлж сүйтгээд дараа нь шинээр босгох" зэрэг эдгээр үзлүүд нь Маогийн насан туршийн
ертөнцийг үзэх үзлийн гол чанар нь ажээ.

Ийнхүү үзэл бодол нь төлөвшсөн Мао Бээжинд очиж яг өөртөө тохирсон ажил болох номын санч болжээ. Бээжинд зургаан сар "тэвчээд" буцаж Чаншад ирж бага сургуулийн түүхийн багш боллоо. Мөн ажлын хажуугар "Сян мөрөн" сэтгүүлийн эрхлэгчийн ажлыг давхар хийж байлаа. Бусад сонин сэтгүүлд ч цаг заваараа өгүүлэл нийтлэл бичнэ. Хамгийн сонирхолтой нь Мао "эмэгтэйчүүд эрх чөлөөтэй байх, нөхрөө өөрөө сонгох, эмэгтэйчүүд эрх тэгш байх" зэрэг эрс үзлүүдийг хамгаалж, тэр сэдвээр нийтлэл хүртэл бичиж байсан нь хожмоо ээждээ ухаангүй хайртайгийнх, эхээ эрт сахуу өвчнөөр алдсаных болов уу гэж судлаачид дүгнэжээ. Ийм гэрэлтэй юм ярьсан нь бас түр зуурынх байлаа хөөрхий. Цаашилвал эмэгтэйчүүдэд халамж тавихыг огт хүсдэггүйгээр барахгүй инээдтэй ч гэмээр сургаал бий хэхэ ... "эмэгтэйчүүд төрөх бүх бэлтгэлээ өөрөө хийх хэрэгтэй" гэж эхлээд "эмэгтэйчүүд үйлдвэрлэлд хүчээ оруулахтун!" гээд төгсжээ. Мань Мао эмэгтэйчүүдийн тэгш эрх гэдгийг эр эм хоёр үйлдвэрийн ажлыг адил тэгш хийх гэсэн утгатай "андуурсан" юм шиг санагдаад байгаам хэхэ. Маогийн Коммунизмын замнал Хятадын марксист сэтгэгч, коммунист Чэнь Дусю гэдэг хүнтэй уулзсанаар эрчимжжээ.

Хорин долоон насандаа өөрийн багшийн охин Кайхуйтэй болздог болж, хоёр дахь удаагаа гэрлэлээ. Энэ бүсгүй Маод бүх насаараа чин үнэнчээр хайртай байж, хоёр хүүхдийнх нь эх болжээ. Маог хайрласнаараа насаараа зовсон өрөвдөлт эмэгтэй дээ. Мао нууц амрагтай болж, гэртээ ирэхгүй алга болох, улстөрийн ажлын улмаас зовоох зэргээр жинхэнэ шар махтай нь хар залуугаар нь хатаажээ. Эцэст нь Маогоос болж цаазлуулж төгссөн дөө хөөрхий.

Энэ номд Кайхуйгийн бичсэн хэдэн өр өвдөм, захидал шүлгүүд бий. Уйлмаар. Эмэгтэй хүн ингэж л өөрийгөө хаяж, хүнд дурлаж, доромжлуулсан ч тэвчиж болдоггүй юм шүү л гэж хэлмээр байна.

Маог гэрлэж байх үеэр Москвагийн Хятад дахь Коммунист үйл ажиллагаа улам хүчээ авчээ. ХКН-н анхдугаар хурал 1921 онд Шанхайд болж Маогийн дотно танил ах Чэнь Дусю намын удирдагчаар сонгогдсон нь Маод хувь заяаны бэлэг болж байжээ. Намаасаа хэд хэд хөөгдөж, гурав дахь удаагаа гэрлэж, хүчирхийллийг гааруулж, муу муухай бүх юмыг хийж явсан Маод ч бас гавъяа бий. Өөрийн бодолдоо хэт тулгууртай мугуйд зан нь Оросуудын үгнээс хүртэл зөрүүлж, эсэргээрээ үнэлүүлэх хэмжээнд хүрч байжээ. Орос ах нар хажуудхаа бараад Хятадуудад хүртэл нөлөөлж чадсан гэхээр аймаар.

Сталин гэх "мангаа" гаас эмээгээд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн гэх. Олиггүй хувиа хичээгч, зандалчин Мао шороон түмэн Хятадуудыг цусаар уйлуулж, эх газрын нэгдмэл Хятад улсыг байгуулаад дээр нь бас цөмийн зэвсэгтэй хүчирхэг улс болгоод чадхийжээ. Сталины хөлд эвтэйхэн суугаад л одоогийн хэллэгээр бол сайхан шоудаж байгаад Оросын хөрөнгөөр Хятадыг босгосон (тариачдыг яаж ч шавхаад шавхаад юу ч гараагүй байдаг) ч юм шиг л юм ойлголоо.

Тэгээд ч уг номыг зохиогч Юн Чан ид Маогийн үеийн улаан хамгаалагч явж, гэр бүл нь соёлын хувьсгалын үеэр сүйдэж зовсноос болоод тэрүү, мугуйд зандалчин Маог "хав хараар" тун ч чадамгай дүрсэлжээ. Бараг миний тэмдэглэл гэгээлэг талдаа болчиховуу яачихав хэхэ. Юутай ч тэгээд номоор нүдээ нээсэн тариачин хүү Хятадын шүтээн болчихсон л юм байна. Өнөөдөр Маог "ялж" ялалтын баяраа сайхан тэмдэглэж байнаа. Хоёрдугаар дэвтрийг дараа ёстой уншмаар санагдвал уншья даа. Манай хүн "наад аймаар улаан номоо болиоч" гээд байнаа хэхэ.

2017.05.09
Тэнгис Нандин

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/