Миний мөрөөдлийн кафе яг энд байнаа. Нуурын эрэг дээрхи цав цагаан жижигхэн кафед ороод цонхон талын ширээнд суувал цонхоор нь Бива нуурын тунгалаг ус цэлийн харагдах бөгөөд дээгүүр нь бяцхан завь салхины аясаар нааш цааш хөвөн байх. Амттай хоол идэнгээ, аяга кофе уунгаа, нуурын ус харангаа элдвийг бодон суух чинь яасан ч сайхан юм. ☺️
☺️
☺️
Монгол гүн Ларсон - Монгол орон Монголчуудын дунд өнгөрүүлсэн он жил, 2015 📖
📖
📖
Ф.А.Ларсон /Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын гүн/
Орчуулсан А.Цэрэнчулуун
Энэ ном угтаа уулзсан хүнийхээ оюун билгийг харж чаддаг гайхамшигтай хүмүүн Ларсоны тухай, хавь ойрынхондоо гэрэл гэгээ түгээсэн ер бусын оюуны чадамжтай монгол хүмүүсийн тухай, монгол морьдын тэсвэр тэвчээр, хурд хүч, цовоо байдал, гайхамшигт чанарын тухай, цэлмэг тэнгэрийн дор, цэнгэг агаараар амьсгалж уул талаар нутагладаг хөвгүүд, охидын тухай, эрүүл ухаантай, саруул сэтгэхүйтэй, уужуу тайван, байгалиас заяасан гүндүүгүй сайхан сэтгэлтэй, баяр хөөртэй, зочломтгой, найрсаг зантай бидний цөөхөн монголчуудын тухай, өнгөрч байгаа цаг мөч бүрийн амтыг таашаан хүртдэг нүүдэлчин амьдралын тухай ажгуу.
Монгол түмэн бол баяр баясгалантай, аз жаргалтай ард түмэн. Энх тайван цагт амгалан, аюултай цагт уужуу, бодлоготой ханддаг улс. Тэд хөх тэнгэрийн дор эгэл жирийн амьдарч, эрүүл энгийн хоол иднэ. Хэдий тэд дэлхийн талыг эзэлж явсан эртний үндэстэн боловч, хэзээ ч тансаг, танхил амьдралаар амьдарч байсангүй бизээ.
Монголчууд гял цал амьдралын танхил зөөлөн байдлыг нэг л хүлээн авах дургүй хүмүүс.
Би 35 жил жирийн Монголчуудын гэрт, ноёдын өргөөнд хонох өнжиж явахдаа тэдний шудрага, энгийн итгэл үнэмшлийг үнэхээр гайхан бахдаж явлаа.
Монгол хүн бусад орны тухай яриулах дуртай хэдий ч, тэднийг дууриах нь үгүй билээ.
Монгол түмэн хэзээ ч сунаж унатлаа ажил хийдэггүй, тэгэх хэрэгцээ ч байхгүй. Энэ оронд яарч сандрах юм үгүй. Өнгөрч байгаа цаг мөч бүрийн амтыг таашаан хүртэнэ. Энд сандаргасан цахилгаан мэдээ гэж үгүй, яаралтай захиа эсвэл сонин ч ирэхгүй. Галт тэргэнд сууж яарахгүй, ажилаас хоцроно гэж сандрахгүй.
Тэд халуун дулаан байранд сууж бие нь сулраагүй, гоёмсог тавилга, зөөлөн ор хэрэглэдэггүй, үдэд их хоол зооглож ходоод гэдсээ зовоохгүй. Тэнд нарийн гудамж, авто хөдөлгөөний асуудал гэж үгүй. Уур уцаар хүргэсэн янз бүрийн юм гэж энд даанч үгүй билээ.
Зочлох явдал бол Монголчуудын баримталдаг эрхэм журам. Монголчууд эдийг хэзээ ч цуглуулж байсангүй билээ. Эд материалын зүйлсийг эс тоодог байжээ. Тэд гоё зүйл ялангуяа үнэт чулуу, сайхан өнгөтэй торгонд л хорхойтой. Түүнээс гадна их олон адуун сүрэгтэй байхыг л хүснэ.
Хөрш маань хөл дүүжлэх унаагүй байхад би хоёр морьтой байвал тэр нэгийг авах нь зүй ёсны хэрэг.
Тэгээд ч хүн хорвоог орхихдоо юу ч авч явж болдоггүй шүү дээ. Иймэрхүү гүн ухааны үгийг би тэднээс олонтаа сонссон.
Монгол хүн биерхүү уян хатан бас бяртай. Тэд түргэн шалмаг, амирлагуй, бас намбалаг хөдөлгөөнтэй бөгөөд нүд нь цог хийморьтой, алиа хошин зантай улс. Гил хар үс, мойл хар нүдтэй. Тэд байгалиас заяасан цайвардуу арьстай, гэхдээ үргэлж нар, салхинд явдаг учраас нүүр, гар нь хүртэл хүрэн бор болсон байдаг.
Монголчууд өнгөний хоршлын мэдрэмж сайтай бөгөөд гоё өнгө зохицуулж хувцаслана. Завсрын өнгө хэрэглэхгүй, голдуу үндсэн өнгө хэрэглэнэ. Монголд мода солигдох гэж бараг үгүй. Олон зууны турш нэг л янзын хувцас өмсөж, гоёлын хувцсыг үеэс үе дамжуулан эдлэнэ. Тэр хувцас он цаг өнгөрөх бүр гандан улам ч сайхан өнгөтэй болох нь бий.
Намхан шүүгээ, эрээн будгаар цэцэг, амьтны дүрс гарган хээлж, сийлэн урласан авдар энэ бүхэн тулганы галд гэрэлтэн, мөнгөн тоногтой бурхны тавиур дээр сүүмэлзэн асах зулын гэрэл, эсгий дэвсгэр дээр хураасан эрээн мяраан олбог дэвсгэр, тулганд улалзан асах галын дөл, галын гэрэлд цагаан эсгийн дээр харлан тусах ханын сүүдэр энэ бүхэн бүтэн өдөр морин дэлэн дээр давхин ирсэн хэн бүхний сэтгэлд урин дулаан уур амьсгал бий болох ажгуу.
Эмгэн шороо болсон хулсан савраараа аргал шүүрдэн эгээ л нэг хааны очир алмаасан шигтгээтэй таяг тулсан мэт ихэмсэгээр цааш алхлаа. Цагаан сүүлтэй, хулан бор зүстэй олон зуун зээрийн сүрэг торгон өвс хазлан бэлчээрлэж, хээрийн зэрлэг туулай хэдэн арваараа гүйлдэн байх, хээрийн зэрлэг лиш цэцгийн үнэр анхилсан талын дундуур тэр эмгэн аргал түүн, нөгөө л савраараа өвсөн толгой илэн алхах ажээ. Саарал хулгана хүнээс айсан шинжгүй, нүхний аман дээр нарлан зогсоно. Хөөндий, болжмор шувууд жиргэнэ. Нэгэн бялзуухай агаарт хөөрөн ниссэнээ өндгөө даран байгаа эмэгчин рүүгээ жиргэн буулаа. Ийнхүү олон хөгийн дуу авиа хөдөө талд эгшиглэнэ.
Үүнийг үзэн түүнийг гайхан явах энэ зуур Монгол нутагт надтай дайралдсан хүн ард ямар их жаргалтай хүмүүс болох нь урьд урьдынхаас улам илүү сэтгэлд бууж ирсэн билээ. Хамгийн ядуу айлын гэрээс ч инээх дуун гарч л байдаг. Ингээд унших чинь ямар ГОЁ юм бэ. Орчуулгын ном гэхэд утга төгөлдрөөр урсаад л урсаад..,
Ус ба ном
Бодит байдлаас зугтах ганц арга нь ном шагайх.., ус ерөөс хүний хамаг юмыг урсгаад аваад явчихдаг бололтой. Юм гэдэг нь гомдол ажгуу. 😔
😔
😔
СЭТГЭГДЭЛ