Цас романы хавтасны зургийг сайтар ажваас хижээл насны залуу тамхи татангаа бодолдоо дарагдан суух. Тамхиндаа мансуурсан уу, бодолдоо мансуурсан уу? Эсвэл энэ хоёрын огтлолцол дээр өөртөө төвлөрөн сууна уу. Хүн тамхи татаж байхдаа юу боддог бол??? #Yellow_bird
Уул нь энэ номыг аль намар эхлүүлсэн байсымаа. Гэвч нэг л явж өгдөггүй.., Нэрнээсээ болоод ч тэрүү цас орох цагаар, өвөл ирэхэд уншигдах нигууртай байжээ.
"Цас" - аас болоод цас орохыг зөндөө хүлээсээн. Гэтэл өнөөдөр /2017.1.14 Япон, Аичи муж/ манай энд анхны цас будрав. #nice_timing
Толгойн алчуураа авч хаяхгүй, үргэлж зүүж явахад амьдрал нь зориулагдах ёстойг заалгаж өссөн муслим шашинт охидын амиа хорлолтын талаар сурвалжлах гэсэн хуурмаг шалтгаанаар Ка хэмээх Герман руу цөлөгдсөн яруу найрагч Түрэгт олон жилийн дараа эргэн ирж төрөлх хот Карсаа зорино. Гэвч үнэндээ Каг нөхрөөсөө саяхан салчихаад буй сураг дуулдах, эрт дээрийн сэтгэлт бүсгүй Ипекийн гэрэл гэгээ л тийш ховсдсон юмсанжээ.
Хэзээ нэгэн цагт тохиолдоод зүрхний хаа нэгтээ дарагдаж орхигдсон хайр бидний цаашдын бүхий л амьдралд нөлөөлж байдаг ч юм шиг. Хайр гэдэг мэдэрч, амсаж чадвал хичнээн гайхалтай.
Ка уул нь Ипекийгээ түүний аз жаргалтай амьдрах ганцхан боломж нь гэж мэдрээд амьхандаа эргүүлээд л байгаа юм. Даанч хүний сэтгэл ялангуяа бүсгүй хүний сэтгэл гэдэг тийм ч амар эргэх зүйл биш ажээ.
Цуутай хүүхэн хуримгүй, Дуутай тэнгэр хургүй гэдэг дээ. Ипекийн амьдралыг үнэндээ энэ үгээр тодорхойлчихож болохоор. Анхны нөхөр Мухтарыг хайрлах гэж их хичээсэн ч болоогүй. Хөхийг бүр зүрх сэтгэлээсээ хайрлаад ч бүтээгүй. Каг хайрлаад сурчихна гэж итгэсэн боловч олигтой төгсөөгүй. Одоо ахиж хайрлаж дурлаж чадахгүй л болов уу. Хөөрхий Ипек..,
Уг Ка яруу найрагч хүн боловч сүүлийн 4 жил нэг ч шүлэг тэрлэж чадаагүй. Түүний онгодыг хөглөх зүйл нь хаашаа ч юм алга болчихсон. Төрөлх хотдоо эргэн ирж, хайр дурлалд умбан, цас орохтой зэрэгцэн түүний онгод хөглөгдөж зурс зурс орж ирсэн багын дурсамжуудаасаа сэдэвлэн, харсан, мэдэрсэн бүхнийхээ гэрчлэл болгож 19 шүлэг бичиж чадсан. Хаа нэгэн газраас чихэнд нь шивнэсэн шүлгийг буулгагч элч шиг л. Өөрийгөө хөглөж өгдөг зүйлсээ мэдэрч, энэхэн амьдралд нухлагдчихалгүй явмаар..,
Цас роман тэр чигтээ л Европчлол, Баруунчлал болоод муслим шашинт ертөнцийн эсрэгцэл. Том бөгөөд жижиг үндэстний ялгаа. Даяарших хийгээд дангаарших. Орчин үежих хийгээд түүний эсрэг шашин, соёл, уламжлалаа сахин хамгаалж авч үлдэх гэсэн тэмцэл. Ард түмний хүсэл зориг уу. Европын гэгээрэл боловсрол уу. Европыг дэмжвэл исламистуудын дайсан болно гэх хандлага. Муслим шашинтнуудын доторхи үзэл бодлын зөрөө, зөрчил, үзэл санааг хар найргүй дэлгэн биччихсэн юм шиг.
Ялгарлаа гээсэн үндэстэн мөхдөг гэдэгт би лавтай итгэдэг.
Карс хотод очоод Кагийн мөрөөр алхахсан. Цасанд дарагдсан хот, Оттоманы эзэнт гүрний сүрлэг барилгуудын туурь, Армены эзгүй сүмүүд, Түрэгийн бүгд найрамдах улсыг үндэслэгч, хайр найргүй орчин үежүүлэх хөдөлгөөнийг манлайлагч Ататуркийн хөшөө дурсгал, галт тэрэгний буудлын хавиар шарвалзан шогших хар нохой, Хижаабтай охид, шашны сургуулийн хүүхдүүд, Цасан харш гэх мэт чамин нэртэй хямдхан буудлууд, хүнсний мухлагууд, бууцайтай бурёк, донёр зардаг түргэн хоолны газраар орж, Карсын эзгүй гудамаар баахан хэсүүчилж, хайрынхаа тухай шаналалт бодлуудаа мартахыг хичээн буй Кагийн өмнөөс бодож алхахсан.
Цасан ширхэг
Зургаан талс цасан ширхэг нэгэнт талстжин хэлбэрээ олсон хойноо газарт бууж иртлээ наймаас арван минут тэнгэрээр хөвж, газардмагцаа үйрэн бутарч, хэлбэрээ алддаг. Цасан ширхэг уур амьсгал, салхины чиглэл болоод хүч, үүлний өндөр нам, өөр тоо томшгүй олон хүчин зүйлсээс хамаарч хэлбэрээ олдог.
...цасан ширхэг хүмүүстэй их адилхан..,
Цас будраасай...
Одоо л цасан ширхгийн геометр дүрсэн дэхь гоё сайхнаас цаадахыг олж харж чадах итгэл төрж байна. Надад ч бас итгэл төрж байна.
Цасны нууц нь юунд оршдог юм бол?
Цас орох нь түүнд бурхныг санагдуулдаг. Цас түүний онгодыг хөглөдөг. Будрах цасны ширхгүүдийг харангаа тэр дотоод сэтгэлийнхээ дуудлагыг сонсож чадсан. Ганцхан агшны сэтгэл хөөрлөөр олж сонссон дуу. Түүнийг жаргалтай болгож чадах цорын ганц дуу. Тиймээ үнэхээр анхаарлаа хандуулж чадах аваас л тэр зүйл хичнээн гайхалтай зүйл болохыг ойлгох болно гэж хаанаас ч билээ уншиж байсан санагдана.
Цас, борооноор л бид өөрийн дотоод гүнрүү нэвтэрч, бүхнийг ул суурьтай, уг үндсээс нь чангааж, борооны дусал бүрийн тоогоор бодол хөвлөрүүлж, жижиг сажиг бүхэнд анхаарал хандуулж, дуслууд газарт унан бүхэллэг болох агшинд бодлуудаа ч гэсэн нэгтгэж ухаарахуй дээр тогтоон, өөрийгөө гүнд нь ортол хайр найргүй чимээлж чаддаг бололтой. Гэхдээ өөрийгөө чагнахыг хүсвэл л шүү дээ.
Ка одоо шөнийн эл хуль дунд, ганцаардсан олон олон зүрхний дотор бууриа засаад суурьшсан, суурьшиж байгаа гэж итгэнэм.
Нагояа-ийн энэхэн хязгаарт Каг ахин дахин зүрх сэтгэлдээ дуудсаар..,
С.Байгал 2017,
СЭТГЭГДЭЛ