Уул шиг нѳмѳртэй эцэг гэж байхад, эцэг шиг нѳмѳртэй уул гэж байх юм аа гэж миний ѳвѳѳ тэр нэгэн цагт, намайг мэндлээгүй үед ѳѳрийн үр хойчистоо насан ѳѳд болохын ѳмнѳ тэмдэглэн үлдээсэн бичвэрийг зээ охин би бээр даруй гучин жилийн дараа ухаж уудлан уншлаа.
Монгол улсын тѳрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонтой Мэнд-Ooёо гуайн номоос тал бүр цацарсан солонго мэт туяанд нүд минь гялбаж, хэл минь үгээ гээв. Яасан сайхан аялгуу вэ? Яасан сайхан хэмнэл вэ? Үсэг эгшиглэдэг юм байна. Үсэг ажнаа хүлгийн сүүлээр урласан хуураар хуурдаж, үсэг тэнгэрийн цээлээр жигүүр дэлгэн шумбаж, үсэг тэртээх ѳдрүүдийн оршихуйг миний нүднээ дэлгэлээ.
Түүний уул усаа магтан дуулах бичээс нь миний ѳвѳѳгийн ганцхан хувь бичигдсэн гар бичмэлтэй агуулга болоод зорилгоороо ѳѳр боловч ямархан нэг цэгт огтолцож бүсгүй зүрхэнд минь буувай. Би тэртээх ѳдрүүдийн, манжийн үеийн оргоо бусгаа тогтолцоонд харуусаж, нѳгѳѳтэйгүүр ард сэтгэлтэй баатар зүрхтэй Тооройбандийн сэтгэлийн гүн аглагт зочлон баахан дайлуулж гарлаа. Амттай ч юм шиг шорвог ч юм шиг.
Дарьгангын онгон элсэн дэх Оройн ганц модыг тэнгэр ниргэчхэж гэж ард олон амнаас ам дамжуулан цуурч, харин ѳсѳхѳѳс тэр л модны домог хуучыг дуулж мѳчир юунд нь ѳѳриймсч ѳндийсѳн хѳгшид харуусан халаглах үзэгдлээр зохиол эхэлнэ.
Зохиолыг Агшуу, Эгшүү хэмээх хоёр шонхор шувуу манлайлан хѳлтѳх бѳгѳѳд номын амин чухаг үзэгдэл бүрийг хос шонхор дээрээс тольдох ажгуу.
Зохиолч маань Агшуу, Эгшүү гэх хоёр шонхрын дуран авайг зээлдэж хѳхѳлбий уулсын оргилоор дүүлэн, хүн гэгч үйлтэй амьтны нүгэлт үйлийг чив чимээгүй ажин, элин халина. Харин ховч хэрээ эрлэгийн эздэд хийсэн нүглийг минь ѳмгѳѳлѳгчгүйгээр ховлон хүргэдэг санжээ. Зохиолч зѳвхѳн шонхор шувуу бус түүнээс бишид жигүүртэн болох хун, хон хэрээ, тас, шаазгай, шар шувуу гэх мэт хээр талын зэрлэг шувуудын талаар үлгэр домог дэлгэн хуучилсан нь эрт үеийн монголчуудынхаа шувуулах ёсыг сэргээх нэгдүгээрт, хоёрдугаарт миний бяцхан цээжинд шувуун тухай сонирхох сэтгэлийг ѳрдѳн асаах хүсэлтэй байсан болов уу?
Би бээр эр биш эмэгтэй хүн ч сайн хүлэгтэй хээр талаар дэл, гэзгээ хойш хаялан давхимаар болтол зохиолч хүлгийн тухай уянгалжээ. “Сайн эр хоёрхон хүлгийн настай”, “Морьтой хүн мохдоггүй”, “Хүлэг морь эр хүнийг дуутай нь хүсэл мѳрѳѳтѳлтэй нь тээж явдаг хүрдэн эрдэнэ юмсанжээ”, “Алтан туурайтай, дуун жигүүртэй” гэх мэт магад зѳвхѳн нүүдэлч ард түмний хүлгийн тухайх утсан чинээ нандин хайрыг дээш ѳргѳн ноцоох аж. Яасан сайхан юм бэ! Угаас туурайт хүлгийн хѳлсѳнд хийморь сэргэхгүй эр гэж үгүй, туургат гэрийн ноён манлайд хүлэг шиг сайн анд гэж үгүй бус уу.
Мѳхѳс би “Мод” нэртэй ѳгүүллэгийг хэдэн жилийн ѳмнѳ бичсэн ухаантай. Яагаад гэвэл бага ахуй цагаасаа модны энх амгаланд татагдаж түүний навч намиагаар тоглож ѳссѳн болохоор модонд үнэнхүү бундан билээ (инээв). Ѳглѳѳ сэрэхэд онгорхой саравчаар модны мѳчир над руу нүд ирмэн шагайж жаахан би түүний салхинд хѳдлѳх намбалаг хѳдѳлгѳѳнийг нэгд нэггүй сонирхон ширтэж ѳслѳѳ. Би модонд үнэхээр хайртай. Хэзээ нэг цагт ѳѳрийн наснаас олон моддыг тарьж тэнгэр ѳѳдѳѳ сүндэрлүүлэн үр хойчистоон үлдээх юм шүү. Би модыг яг хүн шиг оюунтай гэж боддог. Тэр яг хүн шиг дэлхийн цѳмд хүйгээрээ ярган холбогдож, модон биед нь хялгасан судсууд гүйдэлтэй. Түүнтэй дотноссон хүнд ээнэгшиж бараа турууг нь мѳчир алдлан харж, хамгаалан зогсдог хэмээн итгэдэг билээ. Надад нэг нууц мод бий. Засгийн газрын арын саадны намхан хижээл моддын нэгтэй нь аминчлан дотно ѳслѳѳ.
Шилийн Богд зохиол биднээс хэдэн зуу дахин түүхтэй моддын түүх шастираар баялаг агаад түүнийг илэрхийлэх үгийн сан гэж далайн дээрэмчний эрдэнэсийн сан мэт даанчиг ихээр талстана. Ямархан арвин үгийн ѳв сан бэ, гайхалтай.
Шилийн сайн эр гэж хэцээр дэр, уулаар гэр хийж явдаг сайн эр юм, товчхондоо. Тѳрийн бѳѳс, хулгайч нэртэй авч үнэндээ ядуу ардын алдсан эдийг буцаан олгодог сайн дурын тэнхээтэй, ѳрѳвч эрийн дүрийг ном шастир болгон буулгасан нь юутай сайн хэрэг билээ? Шилийн эр боловч эхтэй, дурлалт бүсгүйтэй, дух үнэрлэх хѳвүүнтэй, сэтгэлд уяатай уулстай. Тангараг ѳргѳсѳн нѳхѳдтэй, үйлийг нь халиах шонхортойгоос гадна ам дамжин яригдах уртаас урт настай юмсанжээ.
Ардын дууны мѳр бадаг бүр хуудас эргэх тоолонд эгшиглэнэ. Дууны үгний нь тэнүүн болоод ухаалагт хэд хором саатаж балга цай оочмоор санж.
Ая мэгзмээс гадна үлгэр домгийн тухай ѳѳрѳѳ сонсч ѳссѳн болохоороо тэр үү хүний сэтгэлд дотноор, нэг л таатай хүүрнэх аж. “Үлгэр бол үнэнийг он цагийн хязгааргүйн алсад хүргэх, үл мартагдахгүй шидэт оньстой дотоод тэнгэрийн хун шувуу юмсанжээ” гэх мэтээр гагц зохиолч хүний цээжинд багтах ѳргѳн уудам нутгаар таныг ѳчүүхэн нарийн бийрээр замчлан хѳтлѳх болно оо.
Түүний номыг дэлгэснээс хойш даруй хоёр сарын хугацаа ѳнгѳрсѳн ч зажлахгүй бол шингэхгүй хоол шиг тунгаахгүй бол нэвтрэхгүй үгсийг оюундаа бясалгах хэрэгцээ надад гарлаа. Гэлээ ч ѳѳртѳѳ баяр хүргэн эхлэн уншигч биш болжээ гэж алга ташив.
Амьд явбал алтан аягнаас ус ууна гэгчээр сэрүүн явбал энэ мэт оюунт хүмүүний бүтээлээс олонтаа хүртэн цэнгэн жаргана гэж итгэе юү.
СЭТГЭГДЭЛ