Фредрико Феллини – Зүүд бол цорын ганц бодит зүйл

20-р зууны суут хүмүүсийн нэг Италийн алдарт кино найруулагч Фредрико Феллинийн амьдралд хэсэг саатлаа. Феллини өөрөө өмнө минь суугаад намтраа яриад өгч байгаа юм шиг л их гоё энгийн бичигджээ. Түүний амьдрал уран бүтээлийг ном болгон бидэнд хүргэсэн Шарлотте Шендлерт юун түрүүнд талархмаар… 

Кино урлаг ийм байдаг шүү гэхээсээ илүү, амьдрал ийм л байдаг даа гэж хойч үеийн бидэнд зориулан өөрийн дурсамж дурдатгалаа өгүүлэн ярьсан юм шиг санагдлаа… Намтарчилсан уран бүтээлийн цаана “амьдрал” хэмээх томоос том сэдэв өгүүлэгдсээр байдаг, тэгээд уншигчид амьдралыг ахин нэг өөр өнцгөөс харах боломж олгодог нь сайхан юм.

Хүн бүхэнд авъяас гэх зүйл төрөлхөөс заяагддаг бөгөөд тэрхүү авъяас билгээ таньж чадваас, түүнийг тордож чадваас хэзээ ч дахин давтагдашгүй шижир эрдэнэ болдог ажээ. Феллини төрөлхийн тайз дэлгэцийн хүн байсан. Багаасаа циркийн амьдралыг шохоорхон харж, өсвөр залуу насандаа зураг зурж зохиол түүх бичиж, чадвар нь баяжин хөгжсөөр хожим кино найруулагч болсон билээ. 

Энэ нь түүний бага балчир наснаасаа зөв совингоороо танин ухаарсан, амьдралынхаа туршид хийх ёстой, хийвэл зохих, хийхийг л хүсч мөрөөдөж ирсэн цорын ганц ажил нь байлаа.

  
“Ажил минь яг ажил ч биш, уртаас урт амралт байжээ. Хүсэл сонирхол, ажил төрөл минь нэг зүйл байлаа. Ажил минь кино бүтээх, хүсэл минь кино бүтээх, амьдрал амьсгалах минь кино бүтээх байж…” гэж тэрээр өгүүлжээ.

Хүн өөрийн хүсэл мөрөөдлийг олж, түүнийг өөрийнхөө амьдралынхаа зам мөрөө болгож чадвал амьдрал туйлын утга учиртай байдаг гэдгийг Феллинийн амьдралаас харж болох юм. Тэр амьдралынхаа туршид ажилласаар насыг бараагүй. Харин өөртөө жинхэнэ амралтыг олгож чадсан нь тэрээр жинхэнэ мөрөөдлөө таньж түүгээрээ амьдарч чадсны гавьяа гэмээр.

federico-fellini-image

Хайр сэтгэл бол хүний амьдралын мөнхийн сэдэв. Тэрээр жүжигчин эхнэр Жульетта Мазинатай тавин жил ханилсан. Хэдийгээр бурхан тэдэнд хүүхэд хайрлаагүй ч бие биенээ гал халуун хайраар хайрласаар насыг барсан ажээ. Амжилттай яваа эр хүний ард бүсгүй хүн байдаг хэмээх үг юутай үнэн. Фелиннийн их амжилтын ард түүний ухаалаг, цайлган, тэвчээртэй, үзэсгэлэнтэй эхнэр нь үргэлж байсаар ирсэн. Жульетта бол түүнд ирсэн бурхны бэлэг…

                              

Сүүлчийн бүлгийг уншихдаа мөн ч их уйлсан даа. Баян, ядуу, хөгшин залуу хэнийг ч үхэл гээч зүйл ялгалгүй айлчлан ирээд халуун амийг нь аваад оддог нь амьдралын жам. Үүнийг хэн ч тойрч гарч чадахгүй нь үнэн. Феллини 50 жилийн хуримын ойгоо тэмдэглэсний маргааш нь харин Жульетта нөхрөөсөө 5 сарын дараа бурхны оронд заларсан юм. Ямар их баяр бахдал бас ямар их харуусал байв аа.

 Үүнийг бичиж суухдаа ч тэднийг энэ зуунд хайртай Ром хотдоо аз жаргалтайгаар амьдарч, Феллиниг хийж чадаагүй олон киногоо найруулан хийж байгаагаар төсөөлсөөр сууна… 
                                   

Агуу хүмүүс гэдэг түүхийн тоосонд  ч элэгдэж мартагдалгүй, зам мөрөө үлдээсээр, гайхалтай намтар уран бүтээл нь дараагийн зууны хүн төрөлхтөнтэй учран золгосоор бас бахархал төрүүлсээр байдаг нь гайхширмаар. Тэд ер нь үхдэг гэж үү. Он жил дамжин дамжсаар бусдыг гайхшруулсаар, хүн төрөлхтний зүрхэнд оршсоор л байдаг ажээ.

Тэмдэглэлийг: September Note - номын тэмдэглэлүүд

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/