“ХАР ДАРСАН” ЗҮҮДНИЙ ЭХЛЭЛ

Жорж Оруэлл бол Их Британийн хамгийн алдартай зохиолчдын нэг бөгөөд “Амьтны ферм”, “1984” хэмээх зохиол нь дэлхий даяар алдаршиж, хүндэтгэл авчирсан юм. “Амьтны ферм” зохиол нь фермийн хашаанд амьдардаг амьтад эзнийхээ дарлал мөлжлөгөөс чөлөөлөгдөн өөрсдийн хүч хөдөлмөрөө нэгтгэсэн хоршоо байгуулж, тэгш эрхтэйгээр амьдрахаар шийдэн бослого хөдөлгөөн гаргасан боловч тэдний хүсэл мөрөөдөл замхарч гахайнуудын  дарлалд орсон тухай инээдтэй, эмгэнэлтэй үлгэрчилсэн бүтээл юм. Гэхдээ энэ бол зохиолын өнгөн хэсэг буюу мөсөн уулын орой. Амьтдаар төлөөлүүлэн хүний нийгмийг ёжилж, ирээдүйг зөгнөсөн, “хар дарсан” зүүд юм. Тэгш эрхтэй нийгэм байгуулах хүсэл бол хүн төрөлхтний өнө эртний мөрөөдөл юм. Хүний түүхэнд олон ч удаа эрх чөлөөт, тэгш эрхт нийгэм байгуулахын төлөө бослого хөдөлгөөн, тэмцэл, дайн дайжин болсон боловч утопи мөрөөдөл нь замхарч , өдгөө ч энэ тэмцэл дуусаагүй л байна. Онолын хувьд коммунизм нь хүн бүхний хүсэж мөрөөддөг тэр зүйл мөн боловч туршилт нь гамшиг сүйрлээр төгсөж “хар дарсан зүүд” болон хувирсан  гашуун түүхтэй. Чухам л энэ сүйрлийг олж харж, сэрэмжлүүлснээрээ Оруэлл зөн совинтой, гайхамшигт зохиолч гэсэн алдрыг хүртсэн юм. Үүгээрээ “Амьтны ферм” бол бүх цаг үеийн хамгийн агуу бүтээл хэмээн үнэлэгдэх болжээ. Тухайн үедээ “Амьтны ферм” зохиол Орос оронд гарсан пролетарийн хувьсгал болон Сталинизмын дэглэмийг элэглэн шоолсон бүтээл гэдгээрээ алдартай байсан бол өдгөө дарангуйлагч нийгмийн мөн чанарыг дэлгэн харуулсан загвар болсон тул сонгодог зохиолын эгнээнд баттай байр эзэлжээ. Гахайнууд хувьсгалын үр шимийг хүртэн бусад амьтад тэдний дарлал мөлжлөгт орсон нь тоталитар дэглэмийн үнэн нүүр царай юм. Өвгөн хошууч-Маркс, Цасан бөмбөг- Ленин, Напеолон- Сталин, Цангинуур-Троцкий гэсэн ёгтлол байж магадгүй.

“Амьтны ферм” зохиолд ардчилал автократ засаглал болон хувирч эцэстээ тоталитар дэглэм руу шилжиж буйг харуулсан нь өдгөө манай Монголын нийгэмд ажиглагдаж буй дүр зураг юм. Улс төрчид эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хуульд өөрчлөлт оруулах, засвар хийх замаар өөрсдийн эрх мэдлийг бэхжүүлж, хамгаалалт цайз босгож буйг харсаар бүх нийтээрээ эсэргүүцэн тэмцэхгүй байгаа нь  эцэстээ бид “гахайнууд”-ын засаглал дор амьдрах тийм хувь тавилантайгаа эвлэрч эхэлсэн мэт санагдах боллоо. Энэ бол бидний хувьд “хар дарсан зүүд” бус бодит байдал амьдрал юм.  Тиймээс одоо ямар нийгэмд амьдарч байгаа болон ирээдүйд юу болохыг эргэцүүлэн тунгаахын тулд “Амьтны ферм” хэмээх бэсрэг зохиолыг унших нь хүн бүхэнд хэрэгтэй. “Хүний төрөлх мөн чанар дарангуйлагч дэглэмийг аялдан дагалдах араншинтай” гэсэн үг бий. Энэ нь хүний амиа хичээх болон өөрийгөө хамгаалах байгалийн зөн совинтой нь холбоотой биз. Амьтдаар төлөөлүүлэн хүний дотор орших атаархал, шунал, залхуурал, айдас гэх мэт олон шинж чанаруудыг ёгтлон харуулсан байдаг. Бүгд тэгш эрхтэй байх тухай уриалах, ярих хэлэх амархан харин ачир дээрээ хүн мөн чанартай үл нийцэх употи санаа нь ямархуу холион бантан болж хувирдгийг харуулснаараа сургамжит зохиол юм. Ер нь аливаа сонгодог зохиолын хэмжүүр нь цаг хугацаа байхаас гадна дэвшүүлсэн үзэл санаа, утга агуулга нь үнэ цэнтэй байхад оршино. Тийм бүтээлийн нэг бол яахын аргагүй “Амьтны ферм” юм. “Бүх амьтад тэгш эрхтэй” гэсэн амьтдын анхны үндсэн хууль аажимдаа “Бүх амьтад тэгш эрхтэй, гэхдээ зарим амьтад бусдаас илүү эрхтэй” хэмээн хувирч байгааг хэн ч эсэргүүцсэнгүй. Манайд бүгд тэгш эрхтэй гэх боловч улс төрчид, дарга нар бусдаас илүү эрхтэй байгааг хэн ч эсэргүүцэхгүй байгаа нь манай өнөөгийн “Амьтны ферм”-ийг гарцаагүй санагдуулж байгаа юм даа.

“ХАР ДАРСАН ЗҮҮД” -ЭЭС СЭРСЭН НЬ

Английн зохиолч Ж.Оруэллийн дараагийн гайхамшигт бүтээл “1984” нь тэр үедээ ирээдүйг зөгнөсөн зөн, сэрэмжлүүлэг байсан бол, одоо үед өнгөрснийг танин мэдэх түүхэн сургамж төдийгүй өдгөө ч бүр үнэ цэнтэй болж буй нь дэлхийн технологийн хөгжил болон түүгээрээ дамжуулан хийж буй хяналтын системтэй холбоотой. Дэлхийн II дайны дараа коммунист үзэл санаа хүчээ авч хүрээгээ тэлж байх тэр үед дарангуйлагч дэглэм хэчнээн хор хөнөөлтэй байж болохыг таамаглан бичсэн нь бараг л бүрэн биелсэн төдийгүй 80-аад оны дундаас коммунист лагерь бүхэлдээ нуран унахад бэлэн их сүйрлийн өмнө ирсэн байсан нь гайхалтай үзэгдэл байлаа.

 “Өрнөдийн нэгэн зохиолчоос “Октябрийн хувьсгалын гол ач холбогдол юу вэ? гэж асуухад,

-Хэрэв тийм хувьсгал ялаагүй бол “1984” бичигдэхгүй байсан. Тэгсэн бол мөн ч хайран даа!” гэж хариулсан байж билээ. Тэгээд бодохоор XX зууны хосгүй романуудын нэг гэдэг нь эргэлзээгүй биш үү ! хэмээн зохиолч Г.Аюурзана “ Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил” номондоо дурдсан байдаг.

“Үнэний яам” нэртэй ч үнэндээ бол худал хуурмагийг баталгаажуулж байдаг газрын ажилтан Смит дарангуйлагч дэглэмийн үнэн нүүр царайг далдуураа сайн мэдэж байсан бөгөөд түүний эсэргүүцлээ илэрхийлэх арга нь тэмдэглэл хөтөлж үзэн ядсан сэтгэлээ тайтгаруулах бөгөөд хаа сайгүй хяналтын дэлгэц, чагнах төхөөрөмж, туршуулууд бий тул нэгэн өдөр өөрөө илчлэгдэнэ гэдгээ ч мэдэж байв. Тэр үед дэлхий хоорондоо үргэлж дайтагч хэт их гурван гүрэнд хуваагдаж, бие биеэсээ хамааралгүй хаалттай оршиж байлаа. Смитийн аж төрөх Далайн гүрэн нь "Үл үзэгдэгч" их ахын мэдэлд бүрэн орсон бөгөөд өнгөрсөн түүхийг хүмүүсийн ой санамжаас арчиж, тухайн үеийн нөхцөл байдалдаа тохируулан түүхэн үнэнийг засварлах үйл явц тасралтгүй өрнөж тэр бүхнийг хүмүүст итгүүлж үнэмшүүлнэ.

 Хяналтын хүчирхэг систем, "тархи угаалт"-ын өргөн сүлжээ, айдас хүйдэст автуулах хүчирхийллийн дэглэм нь хүмүүсийг байнгын дарамтад оруулж, номхон хүлцэнгүй, бодож сэтгэх шаардлагагүй манкурт боол болгон хувиргаж чадсан тул дарангуйлагч тогтолцоо аюулгүй найдвартай оршин тогтнох үндэстэй юм. Жинхэнэ үнэнийг танин мэдэх гэсэн хүсэлтэй, гаж дэглэмийг эсэргүүцэгч Смит санамсаргүй нэг бүсгүйтэй харц мөргөлдөж, түүнээс хойш энд тэнд тааралдах болсон ч түүнийг “Сэтгэхүйн цагдаа”-гийн нууц туршуул гэж бодох тул зай барин сэрэмжилсээр байлаа. “Сексийн харьцаанд орохын эсрэг залуучууд”-ын холбооны удирдагч бүсгүй нэг удаа түүнд нууцаар цаас атгуулсан нь "Би чамд хайртай" гэсэн бичиг байхыг үзээд Смит маш их цочролд оржээ. Сексийн харьцааг таашаал авах талаас нь тас хориглож, зөвхөн ирээдүйд намд хэрэг болох "хүн үйлдвэрлэх" ганц л зорилгод ашиглаж болох заалттай учир бүсгүйн харилцаа тогтоох гэсэн үйлдэл нь ов мэх, туршуулын урхи байх нь зайлшгүй гэж бодовч, эмэгтэй хүнийг хүсэмжлэх байгалийн далд зөн, хүсэл тачаал айдсыг нь дийлж гардаг.

 Бүсгүй намыг үзэн ядагч нэгэн гэдгээ илэрхийлж, секс хийх нь улс төрөөс өс хонзонгоо авч сэтгэлээ тайтгаруулах арга гэж үзэх учир нууцаар уулзаж учирсаар байлаа. Нууцаар уулздаг хөлсний өрөөндөө гэнэт баривчилгаанд өртөж, “Хайрын яам” нэртэй эрүүдэн шүүх газар хүргэгдэв. Хачирхалтай нь урьд нь “Том ах”-ыг эсэргүүцэгч нууц нийгэмлэгийн гишүүн гэдгээ ойлгуулж, үзэл бодол нэгтэй гэдгээ баталж байсан том албан тушаалтан одоо түүнийг тамлан тарчлаах аж. Нууц амрагуудад өрөөгөө хөлслүүлж байсан ядарсан өвгөн “Сэтгэхүйн цагдаа”-гийн нууц туршуул байжээ. Түүнийг бүр олон жилийн өмнөөс тагнан мөрдөж байсан нь илэрхий болж, одоо "ухаант хүн" болгон өөрчлөх туршилтад тэнцвэл амьд гарах үгүй бол "ууршин" алга болох ёстой байлаа. Эрүүдэн тарчлаах тамлалыг даагаагүй хөөрхий Смит нууц амраг Жулия бүсгүйг золиослон өөрөө амьд үлдэхийг хүсчээ. Тэр одоо "шинэ хүн" манкурт боол болон хувирсан тул нийгэмд ямар ч аюулгүй. Нэг удаа гудамжинд Жулиятай таараад "Би чамаас урвасан" гэж Смит шулуухан хэлэхэд харин өөдөөс нь "Би харин урвасан. Намайг уучлаарай" гэж бүсгүй хариулна. Үнэн юм гэж үнэхээр оршдоггүй ажээ.

Английн зохиолч Оруэлл 1949 онд ирээдүйн 1984 оныг зөгнөн бичсэн бол японы бэстселлэр зохиолч  Мураками ирээдүйгээс 1984 он руу  ухарч бичсэнээрээ өөр өөрийн утга агууламж, үйл явдлын өрнөл өөр байх ч тун сонирхолтой сэдэл санаа юм. Энэ утгаараа 1Q84 бол 1984 юм. Q буюу японоор күй гэдэг нь 9-ийн тоог хэлдэг аж. 1980 -аад оны сүүлээр коммунизм нуран унасан нь “хар дарсан зүүд”-ээс сэрсэн явдал байлаа. Гэвч одоо “хар дарсан зүүд” бодит байдал болох аюул нүүрлэж буй нь дэлхий нийтийг хамарч буй хяналтын тогтолцоо юм. Хувь хүний мэдээлэл нууц байх нь аюулгүй байдлынх нь баталгаа болж байдаг. Тэгвэл өнөөдөр технологийн компаниуд ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан  хувь хүний мэдээллийг цуглуулж , төрийн байгууллага, ашиг сонирхол   бүхий этгээдүүдэд дамжуулдаг болсон нь   нууц  биш. Энэ  бол   эрх баригчдад нийгмийн хяналт тогтоох  таатай  сайхан боломж юм. Хувийн нууцгүй хүн гэдэг “шалдан хаан”-аас өөрцгүй. Ирээдүйд технологид суурилсан тоталитар дэглэм үүсэх үндэс бүрдэж байна гэсэн. Ингээд бодохоор Оруэлл бол гайхалтай уран бүтээлч төдийгүй, гайхамшигтай нийгмийн шинжээч, ирээдүйг тольдогч агуу зөнч  гэдэг нь маргаангүй. “Том ах”-ын хяналтад байдаг нийгмийн бодит жишээ болсон  Хойд Солонгос одоо хүртэл оршин тогтносоор байгаа   төдийгүй ирээдүйд тогтох  дарангуйлагч дэглэм нь хүчирхийллээр бус хяналтын тогтолцоогоор  бүрэлдэн бий болох  тул   “1984” номыг уншсанаар бид “хар дарсан зүүд” -ээс сэрэх эсэхээ шийдэх, эргэцүүлэн бодох  учиртай болж байгаа юм.  Уран зохиолын ховорхон тохиох гайхамшгуудын нэг юм даа.

 

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/