Урин дулаан цаг дуусаж, хүмүүс хувцасныхаа ард нуугдсан ч даарсан чих, бээрсэн гарыг дулаацуулах халуун кофе, намуухан хөгжим, дулаан хөнжил, дурсамжтай номоо уншиж, өөртөө цаг гаргах нь намрыг илүү сайхнаар мэдрүүлдэг. Танд тус болох үүднээс энэ улиралд уншихад тохиромжтой “ганцаардмал” 12 дүртэй номыг санал болгож байна. Хорвоо ертөнцөд бид олуулаа хэр нь яагаад ганцаарддагийн учрыг тайлаагүй ч хүн бүрийн дотор байсаар ирсэн энэхүү мэдрэмжийг илэрхийлсэн “ганцаардагч” 12 дүрийг танилцуулж байна.

Гэмт хэрэг ба ял шийтгэл - Наманчлан ганцаардагч

Гэмшлээс эхлэн хүний оршихуй хийгээд мөн чанарыг ганцаардмал давчуухан өрөөнд амьдрах оюутан Раскольниковын дүрээр энэ бүтээл гаргаж ирнэ. Гэмшил гэмт хэрэг болон түүнийгээ хэнд ч хэлж чадахгүй өөрийгөө шаналгах наманчлалын ганцаардмал дүрийн тухай өгүүлнэ.

Өргөн цараатай ухамсар, гүн гүнзгий сэтгэл зүрхний хувьд эмзэглэл, шаналал хоёр заавал оршдог. Энэ хорвоод жинхэнэ аугаа хүмүүс аугаа уйтгар гунигийг мэдэрч байх ёстой юм шиг надад санагддаг...

Зуун жилийн ганцаардал - Ид шид хийгээд ганцаардал

Зөвхөн нэг дүрийн гуниг, ганцаардал гэхээс илүүтэй хүн төрөлхтний ганцаардал гэж юу вэ, бид ганцаардахгүйн тулд л амьдардаг юм биш биз гэх мэт олон санааг шидэт реализмын аргаар илэрхийлсэн бүтээл билээ. Зөвхөн нэг дүр дээр тулгуурлах бус нэг гэр бүлийн түүхээр хүмүүн төрөлхтний ганцаардлыг илэрхийлж чадсанаараа суут бүтээл билээ.

Истанбул дурсамж хот - Их хотын ганцаардал

Зохиолч Орхан Памук өөрийн бага насны дурсамж, өсөж төрсөн хотын түүхээ бичсэн эл бүтээл Улаанбаатарын уншигчдад дөхөм санагдаж мэднэ. Дотно мэт боловч дүнсгэр ганцаардмал хотын хэв маягийг дүрсэлж бичсэн учир бидний мэдэрдэг хотын гунигийг энэ номоос мэдрэх боломжтой.

Газар орны гоо сайхан дүнсгэр, гуниглууддаа оршдог.

Этгээд хүн - Философилог ганцаардал

Ганцаардал заавал хэн нэгнийг санах эсвэл хэн нэгэн дэргэд үгүй л бол мэдрэгддэг мэдрэмж биш. Орчлонгийн утга учир мөн чанарын тухай эргэцүүлэх ч мөн ганцаардлыг мэдрүүлдэг аж. Хүний амьдрал үнэхээр утга учиргүй юу. Бид амьдралаа үнэ цэнтэй байлгаж, утга учир олох гэж хичээдэг ч тийм биш байвал яах билээ. Оршихуйн утга учрын талаарх философилог ганцаардлын мэдрэмжийг Мерсогийн түүх өгүүлнэ.

Хүмүүс намайг өнгөрсний маргаашаас эхлэн мартана гэдгийг би андахгүй мэднэ. Тэд надаар юугаа ч хийх билээ дээ. Үүнийг бодоход гаслантай гэж хэлж зүрхлэхгүй нь...

Хувирал - Өөр байгаагаасаа болж ганцаардана

Хүн бүрийн дотор бусдаас ямар нэгэн байдлаар өөр ялгаатай гэж мэдрэх мэдрэмж төрдөг байх. Тэгвэл энэ мэдрэмж хувирч хүн бүрийн нүдэнд ил гаргаад тавьчихвал хүмүүс хэрхэн хүлээж авах бол. Гэвч эл нөхцөл байдалд ганцаардагч Замза харин ч тайван хандана.  

Уншигч - Нууц тээн ганцаардагч

Бид бүгдэд хэнд ч хэлээгүй нууц байдаг шүү дээ. Харин тэр нууц бидний өдөр тутмын амьдрал, оршихуйд нөлөөлж байна уу гэдгээс хамаарч хүний сэтгэл санаа, амьдралд нөлөөлж байдаг.  Харин эл номонд Ханна хэнд ч хэлээгүй бяцхан нууцын талаар өгүүлдэг бөгөөд тэр нь бусдаас дөлөх ганцаардах нэгэн шалтгаан болох аж.

1984 - Үзэл санааны хувьд ганцаардана

1984 зохиолд гол дүр болох Смит нийгэм нь нэг хүний хараат буюу дарангуйлалд байгааг олж харсан ганц хүн гэж хэлж болно. Тиймээс үзэл санааны хувьд ганцаардмал нэгэн гэж хэлж болох мэт. Магадгүй уран зохиолын бүтээлүүдэд дүрслэгдсэн аминд халтай ганцаардал эл байж мэднэ.

Олон түмэн ямар нэгэн санаа бодолтой байх, байхгүй нь хэнд ч хамаагүй болжээ. Тэдэнд оюун ухаан гэж байхгүй болохоор санаа зовохгүйгээр “оюуны эрх чөлөө”-г олгож болно.


Өөрийн гэсэн өрөө - Өөрийн хүйсээсээ болж ганцаардана

Зохиолч Виржиниа Вүүлф эл эсээндээ уран зохиолын ертөнцөд хүйсээс болж эмэгтэй зохиолчид яагаад олноор төрөөгүй талаар өөрийн бодлоо бичжээ. Жишээлбэл Шекспир эмэгтэй дүүтэй байлаа гэж төсөөлөхөд тэр нь зохиолч байсан бол түүний хувь тавилан хэрхэн эмгэнэлтэйгээр төгсөж, эмэгтэй гэх хүйснээсээ болж нийгэмд хэрхэн ганцаардах байсан талаар дурджээ. Түүний эл бүтээл олон эмэгтэй зохиол уран бүтээлчдийн дуу хоолой болсон төдийгүй эмэгтэйчүүдэд бичих урам зориг хайрласан бүтээл билээ.


Тулааны талбарын тэлэлт - Орчин үеийн нийгмийн ганцаардал

Бидний өнөөгийн нийгмээ хөгжиж байна гэж хардаг ч хүмүүсийн харилцаа илүү хол, ганцаардмал болж буй гэх мэт сөрөг тал ч мөн бий. Тэгвэл ганцаардал гэдэг үг зөвхөн гунихдаа бус бусдад хэрхэн илэрч буй талаар хүүрнэх орчин үеийн эморлыг шингээсэн энэхүү номыг санал болгож байна.

Би энэ ертөнцөд дургүй. Ер огт дургүй. Амьдардаг нийгмээ жигшдэг, зар сурталчилгааг зэвүүцдэг, компьютер хараад бөөлжис цутгадаг. Энэ ертөнцөд дутагдаж гачигдсан зүйл бишгүй их бий, гэхдээ тэр нь яавч мэдээллийн цуглуулга биш. 


1Q84 Зүгээр л ганцаардмал нэгэн

Хоёр өөр ертөнцөд амьдардаг Тэнго, Аомамэ хоёул ганцаардмал дүрүүд. Зохиолч Харуки Муракамигийн зохиолын дүрүүдийн ганцаардмал шинж нилээн онцлогтой. Ихэнх дүрүүд нь интроверт хэв шинжтэй төдийгүй хөгжим, оройн хоол, ганцаар амьдрал гэх мэт илүүтэй тайван ганцаардлын талаар өгүүлнэ.

Цагаан хоолтонМөн чанар ч бас ганцаарддаг

Хар дарсан зүүднээсээ сэрээд цагаан хоолтон болсон Ён Хэг гэр бүлийнхэн нь түүний эл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид хэрэглээнээс эхлэн нэгнээ өөр шигээ болгохыг хүсдэг, тэр ч атугай үзэл бодлоо хүртэл өөр шигээ болгохыг хүсэж буйг энэ номоос уншиж болно.

ФаустМэдлэгтэйн ганцаардал

Хүн хэт их мэдлэгтэй бол ганцаардах болов уу? Фауст угтаа ганцаардмал байсан учир л Мефистофелийн залинд өртдөг шүү дээ. Тиймээс уран зохиолын ертөнц дэх нэгэн ганцаардмал дүр Фауст яах аргагүй мөн.

Харин уншигч таны сэтгэлд хүрсэн ганцаардмал дүр хэн бэ?

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/