✨52 долоо хоног 52 ном challenge
✨
🔶31-р долоо хоног:
“Хэрээний найр” by George.R.R.Martin
... "Зүү бол Робб, Бран, Рикон, эцэг эх, Санса байлаа. Зүү бол Винтерфеллийн саарал хана хүмүүсийнх нь инээд байв. Тэр зуны цас, Хөгшин Наны үлгэр, айдас төрөм нүүр улаан навчтай зүрх мод, шилэн цэцэрлэгийн газрын хөрсний дулаахан үнэр, өрөөнийх нь цонхны хаалтыг тачигнуулах умардын салхи байлаа. Зүү бол Жон Сноугийн инээмсэглэл байв. “ ... “Хэрээний найр” номын хэсгээс
Хамгийн анх асуулт самбар форум дээрээс“Гал мөсний дуун цуврал” зохиолын нэгдүгээр дэвтэр болох “Хаан ширээний тоглоом” –ын эхний бүлэгийг олж уншсанаас хойш урт удаан хугацаа өнгөрчээ. Юуны түрүүнд энэ том зохиолыг маш мундаг орчуулагатайгаар монголын уншигчдад хүргэсэн асуулт самбарын Croft-д чин сэтгэлээсээ баярлалаа хэмээн хэлье.
Цувралын үйл явдлын гол зангилаа болсон, уншигчдын хамгийн хайртай дүрүүд болох Жон Сноу, Дэйнерис Таргариен, Станнис Баратеон, Тирион Ланнистер-ын бие даасан ганц ч бүлэг энэ удаагийн цуврал дэвтэрт байхгүй.
Гэхдээ та битгий гонсоогоорой, учир нь цувралын өмнөх 3 дэвтэрт зурвасхан дурдагдаад өнгөрсөн олон олон туслах дүрүүд, газар нутаг, том болон жижиг овгууд тэдний тугчидыг “Хэрээний найр” дэвтэрт илүү тодруулж гаргаж ирсэн нь зохиолын цаад учир зангилаасыг уншигч нэхэн хөөхөд улам илүү амар дөт болсон мэт санагдсан билээ.

Бэйлон Грейжойн үхлийн дараа төмөр арлын хаан ширээний төлөө үзэлцэх Еврон Грэйжой, халз тулааны үеэр сер Грегор Клегэйнд алуулсан авга ахынхаа өшөөг авахаар ааваасаа урваж буй Дорнийн өв залгамжлагч гүнж Арианна Мартелл, Саран хаалгаар эхнэрээ түлхэж унагаан Санса Старкийг бутач охиноо хэмээн нууж буй Пейтир Бейлиш, Бравост олон нүүрт бурхадын сүмд үйлчилж байгаа Арьяа Старк, өшөө хорсол уур хилэнгээр өвч зэвсэглэсэн Чулуун зүрх хатагтай буюу Кателин Старк гээд ар араасаа урган хөврөх олон адал явдлууд таныг хүлээж байна.
Гуравдугаар дэвтэрийг уншсанаас хойш даруй 3 жилийн хугацаа өнгөрсөн учир олон дүрүүд, үйл явдалыг мартсан над шиг хүн байвал гарцаагүй номны эхэнд дүрсэлсэн газрын зураг, бүх томоохон овог, тэдний тугчидын намтарыг товчоор бичсэн хавсралт хэсэг хамгийн ихээр хэрэг болох байх.
“Гал Мөсний Дуун” цувралын талаар тусдаа бүтэн тэмдэглэл бичих бодолтой байгаа учраас товчхон тэмдэглэлээ энэ хүргээд дуусгая. Нэмээд хэлэхэд “Хаан Ширээний Тоглоом” тв цувралын үйл явдал номноосоо хавь түрүүлээд явчихсан тул номыг нь унших хэрэг байна уу хэмээн бодож суугаа үзэгчид байвал та маш том эндүүрч байна шүү.
Ямар ч гайхалтай мундаг кино дүр тус бүрийн характер, зан чанар, философийг бүрэн дүүрэн илэрхийлэн гаргаж, зохиолчийн харах өнцгийг 100% тусган харуулж чаддаггүй учраас Вестерос, Эссос тивд өрнөх адал явдалуудыг үзэн сэтгэлийн таашаал эдлэн суудаг хэн бүхэнд эх зохиолыг нь заавал уншаад үзээрэй хэмээн хүсэе.
Номын тэмдэглэлийг: Уншигч
СЭТГЭГДЭЛ