Олон хоног үргэлжлэх энэ их бороо хүмүүст гэртээ бүгэн, дулаахан хөнжилдөө номоо уншин суух сэдэл төрүүлэх нь баараггүй. Сонгодог, шилмэл гээд янз бүрийн зохиолд борооны тухай өгүүлэмжтэй бишгүй олон таарсан байх. Харин тэдгээр зохиолчдод борооны тухай өгүүлэхийн учир, бороо болон дүр хоорондын өгүүлэмж, мөн бороо ямар бэлгэдэлтэй зэргийг та бодож үзэж байсан уу?

Бороо нь бэлгэдэлт утгаараа маш олон өгүүлэмжийн илэрхийлэл болдог. Гуниг гансрал, дахин төрөлт, элдэв зөгнөл, шийдэмгий байдал, завсарлага, цэвэрлэгээ гэх мэтчилэн тоочоод байвал дуусахгүй. Харин тэдгээрийг ямар байдлаар илэрхийлдэг вэ?

  • Гуниг гансрал

Уран зохиол, дэлгэцийн бүтээл, олон ангит цувралууд дээр зарим дүр асгаран орох бороон дор уй гунигт “цохиулан” аз жаргалгүй зогсох нь олонтаа.Үүл хуран, тэнгэр бүрхэх дүр зураглал нь дүрийн сэтгэл зүй дэх баадайн бүүдийх ямар нэгэн зовуурийг илтгэнэ. Магад борооны байгалийн шинжээс болдог байх л даа. Нарны илч, гэрлийг хаах борооны үүл эргэн тойрныг бүхэлд нь сааралтуулж бүрхэх нь хүмүүст өөрийн мэдэлгүй дотоод гүн дэх “харанхуй” руу аваачина.

  • Зөгнөл


Бороог зарим тохиолдолд аливаа зүйлийн зөгнөл болгож ашиглах нь бий. Дээр дурьдсанчлан уй гунигийн бэлгэдэл болдогийн хувьд, “Бөөн хар үүл” хэмээн зөгнөх нь гачлант явдал тохиох гэж буйг сануулна. Угаас бороо өөрөө байгалийн үзэгдлийн сацуу байгалийн гамшигт үзэгдэл ч болох явдал байдаг шүү дээ.

  • Дахин төрөлт, шинэчлэл

Их усан борооны араас түүгээр цадталаа ундаалсан өвс ногоо, элдэв ургамал, жимс жимсгэнэ дэлгэрэх нь байгалийн жам. Бороо ийн амьдрал тэтгэгч гол нөөц болдогийн адилаар дахин төрөлт, цаг үеийн шинэчлэл зэргийг үзүүлэх нь бий. Уншигч олон магад үүнийг төрийн шагналт зохиолч Д.Мягмарын “Үер” туужаас харсан буй заа.

Их мөрний догшин урсгал ч уртаар санаа алдах мэт намуухнаар гүвэлзэн долгиолж, үүл манан нэгэн их энгүй хөшиг лугаа адил Сэлэнгэ мөрний усыг хучиж, тунарсан үүлнээс хэдэн ширхэг бороо тов тов дуслав. Нялх үрээ элгэндээ тэвэрсэн залуу эцэг хөөрхий өвгөнийг сая харж хүүгээ тэвэрсэн хэвээр завинаас үсрэн бууж өвгөний дэргэд харайлган хүрээд босгох гэж өрөөсөн гараараа өргөхөд нялх хүүхдийн дуу дахин хадав. Орчлон ертөнц түм буман жил эргэлдсэн хуучин замаараа тэнхэлгээ тойрон эргэсээр.

Ядарч туйлдсан Дэнзэн өвгөн дөнгөж мэндэлсэн нялх үрийг голын эрэг хүргэчихээд амь тавин унахад, бяцхан хүү хорвоод өөрийгөө ирснийг зарлан чангаар уйлах үзэгдэл нь төрөлт, шинэчлэл басхүү хорвоогийн мөнхөд үргэлжлэх жамыг машид яруу тансаг илэрхийлсэн өгүүлэмж юм.

Түүнчлэн бороо удаан хугацааны аймшигт засаглал, хүчийг түлхэн унагахын бэлгэдэл болж байдаг. Хэрэв та сайн анзаарч харсан бол “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны төгсгөл хэсэгт Симба Соривтыг ялан дийлэхэд бороо орж улмаар тэнгэр цэлмэн цэцэг навч ургана. Эл үзэгдэл мөн “Араатан ба Гоо үзэсгэлэн” хүүхэлдэйнд ч ижил өгүүлэмжээр гарна.


  • Хайр дурлал

Зарим хүмүүс бороо ороход сэтгэл нь хөдлөн, хүүхдүүд хөөрөн гүйлддэг. Шавар, шавхайнаас бултан энэ тэрүүгээр уртын хариалт хийн, борооны усанд тоглон гүйлдэх зэрэг эерэг сэтгэл хөдлөл ч бий. Энэ дундаас хамгийн түгээмэл нь магад хайр дурлал байх. Борооноос зугтаж яваад учрах, борооноор сэтгэлээ илчлэх, бороон дунд болзох зэргээр хайр дурлалын түүхийн гол үүтгэл, зангилаа, тайлалыг борооноос салгаж үл болно.

  • Шийдэмгий байдал, эрч хүч

Кино найруулагчид бороогоор дамжуулан дүрийн шийдэмгий байдал, эр зоригийг тодруулах нь бий. Үзэж байсан кинонуудаасаа эргэн санавал, ямар нэг том шийдвэрлэх тулаан тэмцээний өмнө бороог үл ажран бэлтгэл хийх тамирчин, усан борооноор алс хол гүйн өөрийгөө хурцалж буй дүр зураг таны толгойд буух байх. Ямар ч саад бэрхшээл тулгарсан, бүр байгалийн үзэгдэл ч өөрийнх нь зорилгодоо хүрэх замд садаа болж чадахгүй гэдгийг ийн харуулдаг аж.

  • Зогсоц, завсарлага

Бороог битүүхэндээ сануулга, түр зуурын завсарлага гэж ойлгож болно. Алс хол аян замд явахаар зэхэж байтал гэнэтийн аадар бороо асгарснаар нислэг хойшлох, зам зогсох зайлшгүй шаардлага гарч ирдэг. Ийм үед кино, зохиол дээрх дүрүүд халуун цай оочлон, цонхоор харан бороо зогсохыг хүлээх үзэгдэл бишгүй олон. Энэ нь магад дараагийн үйлдлээ хийхээс өмнө түр бодлогоширох, дахин бодож үзэх гэх мэт жижиг “зогсолт”-ын утгатай байх магадлалтай.

  • Цэвэрлэгээ

Бороо нь мөн чанартаа ус, угаал үйлдэхтэй агаар нэг учраас үүнийг цэвэрлэгээ гэж бодоход хилсдэхгүй юм. Гэмт хэрэг үйлдсэн этгээд бороонд цусаа арилгах, ул мөр баллах эсрэгээрээ гэмээ цайруулах гэж бороонд норон суух нь бий. Шүршүүрт орж буй үзэгдэл ч үүнтэй дүйцнэ. Тэгэхээр бороо ариутган, цэвэрлэх үйлийн зүйрлэл гэж ойлгох боломжтой юм.

Мэдээж хэрэг “цэвэрлэгээ” тал дээр авах хамгийн том жишээ бол Библ дээрх Ноагийн хөлөг онгоц юм. Маш олон хоног хүчтэй аадар бороо орж усан галав юүлж, хүн төрөлхтөн ер нь амьд амьтан бүгд түүнийг даван гарч чадваас шинээр эхлэх боломж олгож байна гэсэн үг.

Харин уншигч танд бороо юуг илэрхийлдэг вэ?

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/