Уран зохиол дахь “мөнхийн сэдвүүд”-ийн нэг бол үхэл. Түүнээс дутуугүй чухал нэгэн сэдэв бол хайр. Эртний Грекийн домгуудад хүртэл хайр голлох байр суурь эзэлдэг. Жишээлбэл Хомерын анхны том бүтээл Илиада туульд гардаг Тройн дайныг аваад үзье л дээ. Тройн ханхүү Парис сайхан Еленаг хулгайлан одсоноос болж Грекчүүд Трой хотыг дайлаар морддог. Бүхэл бүтэн дайн, тэр тусмаа уран зохиолд гардаг хамгийн цуутай дайн гал халуун хайр сэтгэлээс үүднэ.

Хомерын удаах бүтээл Одиссей туульд ч мөн адил хайрын сэдэв гарах ч огт өөр талаас, өөр байдлаар өгүүлнэ. Одиссей далайн аянд гарч хорин жил эзгүй байх зуур эхнэр Пенелопе нь төрөлх нутаг Итакадаа түүнийг үнэнчээр хүлээнэ. Тэрээр эр нөхрөө эргэж ирнэ гэдэгт эцсээ хүртэл итгэж, өөр эртэй гэрлэхгүйн төлөө арга заль сийлж, эрс шийдэмгий зогсдог.
Боккачо, Шекспир, Гёте, Толстой, Достоевский... Эдгээр зохиолчдын аль ч томоохон бүтээлийг аваад үзсэн хайрыг өгүүлээгүй зохиол үнэндээ нэг ч үгүй. Үүнд гайхахын хэрэггүй биз ээ: Учир нь агуу бүтээлүүд хүмүүний чухал мэдрэмжүүд хийгээд тэдгээр мэдрэмж хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж, орвонгоор нь өөрчилж буй тухай өгүүлдэг нь бараг л ёс гэлтэй. Хүмүүний амьдралд хайраас илүү хүчтэй, илүү сайхан, тэгсэн атлаа хөнөөн сүйтгэж болзошгүй мэдрэмж үгүй билээ.
Гэвч хайр гэж ярихдаа бид юуг хэлдэг юм бол? Хайр гэдэг үгийг сонсоод ихэнх хүний санаанд Шекспирийн Ромео, Жульетта зохиолд гардаг шиг эр, эм хоёрын хоорондох романтик хайр буудаг болов уу, хэн хэндээ ухаангүй дурлан хайр сэтгэлдээ шатсан хоёр залуугийн аз жаргалын замд өөр хоорондоо дайсагнасан гэр бүлийнхэн нь гай тотгор болно. Энэ бол хоёр залуу хүний дундах хориотой, нийгмийн зүгээс дургүйцсэн золгүй хайрын сонгодог жишээ.
“Золгүй” бас “хориотой”: Энэ хоёр тэмдэг нэрээр бид Ромео, Жульетта хоёрын хайр сэтгэлийг илүү нарийвчлан тодорхойллоо. Учир нь хайр бол зүгээр нэг хайр гэж хэлээд өнгөрч боломгүй тов тодорхой, нарийн мэдрэмж байдаг. Зэрвэсхэн бодоод үзэх төдийд л хайрын олон төрөл, хэлбэр санаанд бууна:
- Аз жаргалтай (хоёр талаасаа хэн хэнээ гэсэн, хариу хүртсэн) болон золгүй (зөвхөн нэг нь хайрласан, хариу хүртээгүй) хайр
- Хориотой (нийгмийн зүгээс дургүйцсэн) болон хүлээн зөвшөөрөгдсөн (нийгмээс хүлээн зөвшөөрсөн, дэмжсэн, хууль ёсоор зөвшөөрөгдсөн) хайр
- Гэр бүл болон гэр бүлээс гадуурх хайр
- Хоёр залуу хүний хоорондох хайр
- Насны хол зөрүүтэй хайр
- Өтөл, ахимаг насны хүмүүсийн хоорондох хайр
- Ондоо хүйстнүүдийн дундах болон ижил хүйстнүүдийн хайр
- Оюун санааны (Платоны) хайр ба эротик хайр/дур хүсэл, бие махбодод татагдах хайр
- Үнэнч болон хуурамч хайр
Түүнчлэн хайр гэдэг үгийг илүү өргөн утгаар нь авч үзвэл:
- Эцэг эхчүүдийн хүүхдээ хайрлах хайр (болон хүүхдүүд эцэг эхээ хайрлах хайр)
- Амьтдыг хайрлах хайр
- Байгаль дэлхийг хайрлах хайр
- Уран зохиолыг хайрлах хайр гэх мэтчилэн үргэлжилж болно.
Энэ бол ердөө л анхан шатны, системчлээгүй, хагас дутуу жагсаалт хэдий боловч хайр гэдэг ганцхан үгээр тодорхойлогдох энгийн зүйл огтхон ч биш гэдгийг харуулна. Сонгодог философид хайрын энэ бүх хэлбэр юугаараа нийтлэг вэ гэдгийг тодорхойлохыг оролддог. Уран зохиолд харин эдгээр хайр нь дор бүрдээ чухам юугаараа өвөрмөц, давтагдашгүй юм бэ гэдгийг олж гаргаж ирэхийг эрмэлздэг. Хэд хэдэн бүтээлийг жишээ болгон дурдъя:
Хоёр залуу хүний дундах хайр сэтгэл; Дайны үе дэх алсын зайн харилцаа; аз жаргалгүй гэрлэлт; Гэрлэлт нурах/Гэр бүлээс гадуурх харилцаа

Гэрлэлт ба гэрлэлт нурах; хайр дурлалтай холбоотой гарч ирдэг хамгийн хөнөөлт мэдрэмжийн нэг хардалт; хардалтаас болж хүний амь хөнөөх
Насны хол зөрүүтэй, ижил хүйстний золгүй хайр дурлал; тийм ч учраас давхар давхар хориотой хайр сэтгэл (үхэж төгсдөг)
Роберт Жеймс Уоллер: Мэдисон нутгийн гүүрнүүд
Гэрлэлт ба гэрлэлт нурах; ахимаг насны хоёр хүний хоорондох зуурдхан боловч аз жаргалтай хайр; хайр дурлалын холбоо хоёр хүний амьдралыг өөрчлөх хувьсгагч үйл явдал болох тухай
Бэлгийн гаж хүсэл; насны хол зөрүүтэй хоёр хүний дундах өнчин, золгүй, хууль бус хайр; хардалтаас болж хүний амь хөнөөх

Мишель Уэльбэк: Тулааны талбарын тэлэлт
Царай муутай залуу эрийн амьдрал дахь бэлгийн дур хүсэл, сексийн бүтэлгүйтэл; неолиберализмын үед хайр дурлал нь нийгмийн үзэгдэл болох тухай; хайр сэтгэл бол олон ялагч, ялагдагч бүхий тулааны талбар болох тухай
Габриель Гарсиа Маркес: Тахлын үеийн дурлал
Үйл явдлын сэдэл болсон, насан туршид үргэлжлэх агуу хайрын түүхээр хайрын олон янзын хэлбэрийг бүхий л талаас нь харуулсан.
Та нар харин ямар ямар хэлбэрийн хайрыг мэддэг хийгээд тэдгээрийг ямар зохиол бүтээлээс олж харсан тухайгаа эргэцүүлэн бодож үзээрэй. Үүнд тань сэдэл болгохоор бид янз бүрийн хайр хийгээд тэдгээрт тохирох номуудыг нэрлэсэн “хайрын модыг” бүтээлээ. Мөн эл модыг салаалуулахад хувь нэмэр болох бусад олон ном бий. Хайрын модыг монгол зохиолоор хийж салаалуулахад хувь нэмрээ оруулаарай.
Унших, олж нээх аялалд чинь амжилт хүсье!
СЭТГЭГДЭЛ