АНУ-ын хамгийн их борлуулалттай “Гэдэс нь өлссөн авгалдай” номын зохиолч Эрик Карл 91 насандаа таалал төгслөө. Зохиолчийн ар гэрийнхэн нь бөөрний дутагдлын улмаас өнгөрсөн ням гарагт таалал төгслөө хэмээн олон нийтэд мэдэгджээ.

Алдарт зохиолч Эрик Карл 30 наснаасаа эхлэн хүүхдийн ном, зохиол туурвиж эхэлсэн бөгөөд хамгийн алдартай бүтээл болох “Гэдэс нь өлссөн авгалдай” номоо 1969 онд хэвлэж байжээ.  

Тус бүтээл 62 хэл дээр орчуулагдсан бөгөөд 50 сая гаруй хувь борлогджээ. Эл ном 224-хэн үгэнд сайхан үлгэрийг хүүрнэн өгүүлснээрээ алдартай аж. Үүнээс гадна уг ном 15 секунд тутамд зарагдаж байдаг гэсэн тооцоо гарч байсан төдийгүй өдгөөг хүртэл алдартай бүтээлийн тоонд багтсаар буй.

Тэрээр 2019 онд өгсөн нэгэн ярилцлагадаа “Миний номын редактор болон хэвлэлийн газрынхан олон жилийн турш энэ ном яагаад ийм алдар нэрд хүрснийг хэлж чадаагүй юм. Олон жилийн дараа энэ ном итгэл найдварын ном болохыг би мэдсэн. Энэ итгэл найдвар номонд шимтэгч олон хүмүүст таалагдаж, дурсамж үлдээсэн” хэмээн уг ярилцлагадаа дурсаж байжээ. Эрик Карл дайны үед амьдарч байсан нь ертөнцийг харах нүдийг нь өөрчилсөн гэдэг. Дайны дараа Нью-Йорк хот руу нүүж, график дизайнер, зар сурталчилгааны газар ажилласныхаа дараа номын зурагт хуудас хийж байв. Анх номынхоо дүрийг өт байхаар бодож байсан ч редактортайгаа ахин ярилцаж, гол дүрээ авгалдай болгож өөрчилж байжээ. Номоо бичсэний дараа АНУ-ын олонх хэвлэлийн газар хэвлэхээс дургүйцсэн ч Япон Улсын хэвлэлийн газар хэвлэхийг зөвшөөрч байсан гэж ярьж байлаа.

Үүнээс хойш “Гэдэс нь өлссөн авгалдай” бүтээл дэлхийн сая сая хүүхдүүдэд ном, тайз дэлгэцийн олон хувилбараар өдгөө ч хүрсээр байна. 



Дэлхийн бэстсэллэр болсон эл бүтээл Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас эрхлэгдэн гарсан билээ. Номын тухай дэлгэрэнгүйг эндээс уншаарай.


СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/