Golden Man Бүүкэр шагнал үзэсгэлэнт хэдий ч золгүй дурлалыг онилжээ. Майкл Ондатже зохиолчийн туурвисан, үйл явдал нь дайны үед өрнөх, онц сонирхолт “Англи өвчтөн” зохиол таван аравны турш Бүүкэрийн шагналыг хүртсэн нийт бүтээлүүд дундаас тодорч үлдсэн нь олны таашаалд нийцсэнийг нь илтгэх төдийгүй утга зохиолын ач холбодлыг яахын аргагүй магтан дуулж буй явдал билээ.
Дур сонирхол өдөөхийн сацуу уур бухимдал ч хүргэдэг, уйдаана гэж бараг л байдаггүй Man Booker шагнал ямагт шинийг эрэлхийлж байдаг. Эл шагналын тусламжтай уншигч бид өөр хоорондоо огт адилгүй англи хэлтэн зохиолчдын туурвисан мөн л хоорондоо ялгаатай үй олон романуудтай танилцдаг билээ. Тэгвэл Man Booker шагналын олон нийтийг уран зохиолд татан оруулах гэсэн эрхэм зорилго дахин биеллээ олжээ.
“Англи өвчтөн” зохиол сэтгэл донсолгосон зураглал, хүүрнэл зүйн цогц найруулгаар нэвт шувт ханхална. Emily Bronte зохиолчийн “Wuthering Heights”, Lawrence Durrell зохиолчийн Alexandria quartet буюу Александрын дөрвөл, аугаа Paul Scott нарт мэхийн ёслож буй мэт эл хүчирхэг хүүрнэл зохиол магадгүй байж болох хамгийн олон уншигчдадаа хүрсэн биз ээ.
Эл зохиолд бүхэлдээ түлэгдсэн биетэй, түүндээ хөдөлж чадахгүйгээр тушигдсан, үхлээ хүлээж буй эр, түүнийг асрах, мөн л хохирол, сүйрэлтэй тэмцэж буй залуу сувилагч бүсгүйн тухай өгүүлдэг. Үйл явдал орхигдож, сүйрсэн Италийн нэгэн тосгонд өрнөх боловч зохиолын түлхүүр болсон үйл явдал Сахарын цөлд өрнөнө. Англи өвчтөн эгээ л түүхч шиг өнгөрсөн рүүгээ өнгийн дээрх түүхийг хачирхалтай нь аргагүй дарааллаар өгүүлдэг.
Ондатже зохиолч романдаа идеализм хийгээд урвалт, нэр төрийн эмх замбараагүй ойлголт, сэрлүүд ээлжлэн хөрвөх зовлонт хүслийг зангиджээ. Зохиол бүхэлдээ тууль хэлбэртэй шиг, үхэлд ч хүргэж мэдэх дээрх зовлонт хүсэл буглан байсныг эл бүтээлд түүдгийн хажууд зугаацах төдий шүлэг унших хэлбэрээр л задлаад гадагшлуулчих шиг.
“Англи өвчтөн” романыг 90-ээд оноос л ялагчаар тодруулчхаад байсан шүүгч Камила Шамси дээрх бүтээлийн тухай “бүхий л биед чинь нэвт уусан шингэж, ахин дахин тэр л мэдрэмж рүү чинь чамайг эргүүлэн дуудаж, ингэх бүрдээ гэнэтийн бэлэг барьж, баяр жавхланг мэдрүүлж чадах тийм л зохиол. Таныг туульсын уран сайхан болон дотоод чин сэтгэл хоёрын хоорондох жимээр огт торох зүйлгүй аялуулж орхино – та нэгээхэн мөчид зах хязгаар нь үл мэдэгдэм цөлөөр хараагаа бэлчээж явах бөгөөд ахин нэг сэхээ ороод анзаарвал сувилагч бүсгүйн чавга гаргаж ирээд өвчтөний аманд хийхийг хараад сууж байх вий.” хэмээжээ.
50 жилийн турш үргэлжилсэн утга зохиолын ‘уралдаан’-ы ялагчдаас хамгийн их уншигчдын таашаалд нийцсэн нь магадгүй “Англи өвчтөн” зохиол биз ээ. Мэдээж ингэж хэлэхэд ядах зүйлгүй. Тиймээс зүгээр л ийн хэлэхээс илүүтэй дараах шалтгаануудыг дурдаж болох юм: яруу найрагч Майкл Ондатже олноо танигдсан нэр хүндтэй зохиолч төдийгүй “The Collected Works of Billy the Kid” хэмээх хагас роман, хагас яруу найргийн бүтээлдээ эрт цагийн гайхамшигт баатрыг уран яруу, бүр шидэт гэмээр хэлбэрээр дүрсэлсэнээрээ үргэлж шинийг эрэлхийлдэг яруу найрагч гэдгээ аль хэдийн харуулжээ. “Running in the Family” хэмээх намтар зохиол нь уг төрөлдөө хамгийн сайнд тооцогддог бол сэтгэл татам “Coming Through Slaughter” хэмээх бүтээлдээ жаззын домог болсон Бадди Болдены амьдралыг урнаар төсөөлж дахин амьдруулжээ. “In the Skin of a Lion” зохиолдоо 20-р зууны Канадад амьдарч байсан цагаач ажилчдын тухай мөн л тун чадварлагаар өгүүлжээ. Эл бүтээл “Англи өвчтөн” роман бичигдэх үндэс суурь болсон юм. “In the Skin of a Lion” зохиолын гол дүрүүдийн нэг болох хулгайч Караважогийн[1] дүр ‘дөнгө’-нөөсөө үхэж л суллагдана хэмээн бодож үхлийг л хүлээж хэвтээ дүр төрхгүй, учир битүүлэг эр болох Англи өвчтөнд ой санамжаа сэргээхэд тусладаг.
Зохиол талаас авч үзвэл Хана[2] гэх дүр хамгийн ихээр хамааралтай. Учир нь үхлээ хүлээн хэвтээ эр бол Ханагийн хувьд ‘аврал’ нь ажээ.
Найруулагч Антони Мингелла “Англи өвчтөн” зохиолоор 1996 онд кино бүтээсэн нь тухайн ондоо кино урлагийн дээд шагнал болох Оскарын “шилдэг кино, шилдэг найруулагч” хэмээх гол төрлүүдийг багтаан нийт 9 шагналын эзэн болж байв. Өдгөө 7 роман туурвичхаад буй 78 настай зохиолч Ондатже ч Мингелла шиг үнэнч уншигчаа ихэд олзуурхах бөгөөд эл үйл явдал ч үй олон уншигчдыг зохиолд татан оруулсан нь дамжиггүй биз.
Харин кино талаас нь харвал Катерин[3] гэх дүрийг илүү тодотгохоор бүтээгджээ. Алмаши буюу Англи өвчтөн болон Катерин бүсгүйн хоорондын харилцаа зохиолд өгүүлсэнээс хавь илүүтэйгээр үзэгч/уншигчдын анхаарлыг татахаар бүтээгдсэн ч гэлээ Хэтклиф болон түүний Катерин хоёрын[4] харилцаанд ажиглагддаг хөнөөлт талыг гаргууд илэрхийлж чадсан билээ.
Тэмдэглэлийг Eileen Battersby, утга зохиол шүүмжлэгч
Эх сурвалжийг эндээс уншаарай.
[1] “Англи өвчтөн” зохиолын гол дүрүүдийн нэг
[2] “Англи өвчтөн” зохиолын гол дүрүүдийн нэг
[3] “Англи өвчтөн” зохиолын гол дүрүүдийн нэг
[4] Emily Bronte зохиолчийн “Wuthering Heights” зохиолын гол дүрүүдийг хэлж байна
СЭТГЭГДЭЛ