Залуухан Мишимаг алдар нэрт хүргэсэн 1949 онд хэвлэгдсэн, намтарчилсан, сонгодог зохиолыг “күйр” биш нэгэн уншигч гол санааг ойлгосонгүй хэмээн цахим хуудаснаа бичжээ. “Күйр” гэдэг үгийн бүрэн утгыг хаяад, улс төрийн коннотаци утгад нь анхааран, түүнийг XIX зууны сүүл үеийн уран зохиол дахь, орчин үеийн бэлгийн чиг хандлагаар өөрийгөө “эсэргүү” буюу эсрэг хүйсийн нийтлэг шинжээр тодорхойлсон дундад зууны япон зохиолч гэж үзэх нь зөв болов уу?
Үнэн зөвийг тодруулахын тулд бид зохиолыг бүхэлд нь авч үзэх ёстой. Мишима өөрийн жинхэнэ амьдралаа эл бүтээлд хэр их тусган, “би” хүүрнэгчийн өнцгөөс өөрийгөө харамгүй, хайр найргүй шинжин “наманчилсныг” бичээч би төдийлөн сайн мэдэхгүй юм. Кохан нэрт залуу хархүү бага балчраасаа нас бие гүйцэх хүртэлх хугацаанд өөрийн бэлгийн чиг хандлагаа тодорхойлж, тэр нь гадаад ертөнцтэй хэрхэн зөрчилдөж буйг хаант засаглалтай Япон улс болон дэлхийн II дайны цаг үеийн хамтаар харуулжээ.
Мишима өөрийн зохиолоо байж болох хамгийн шударгаар өчин “Их олон жил би өөрийнхөө төрснийг харсан гэж ярьдаг байсан юм” гэж эхлүүлдэг. Ингэж хэлсэнд нь гэрийнхэн нь шоолон инээлдэж, өөрсдийг нь занганд оруулж байгаад “нөгөө юм”-ны талаар асуух гэж байна хэмээн эргэцүүлнэ. Харин хүү төрөнгүүт нь угаахаар халуун ус хийсэн модон савны ирмэгт үл ялиг гэрэл тусаж байсныг дурсан санана.
Юу юугүй ус нь цалгих нь уу гэлтэй байсан ч ирмэгтээ арай хүрээгүй. Доторх ус нь гэрэл ойсноос болсон уу, эсвэл тийшээ ч бас гэрэл тусаж байсан юм болов уу, аядуу зөөлөн гялалзаж, гялтганах долгионууд нь өөр хоорондоо мөргөлдөн байх шиг санагдсан сан.
Ус хийгээд тусгалын тухай өгүүлэмж зохиолын төгсгөлийн хэдэн хуудаст ч мөн дурдагдана. Бие хүн гэх ойлголт (тусгал), хүсэл тачаалд уусахуй (ус) хоёрын аюул болоод амлалт. Өөрийн сэтгэл зүй болон нийгэм дэх цээрээс болж Кохан хүслээ хангаж чадахгүй байгаа нь тус дүрийн нэг том багана юм. Дараагийн цогцолборт тэрээр “оройн цагаар төрсөн болохоор нарны гэрэл байх учиргүй дээ” хэмээгээд нарийвчлал хийгээд хуурмаг, үнэн болон гуйвуулгын хосмолжин эсрэгцлээр зохиомол амьдралаас ангид байх төгс санааг илэрхийлжээ.
Сонгодог, сайн гэгддэг зохиолуудын жишгээр бол Багт хүний наманчлал бүтээлд тодорхой үйл явдал гэх зүйл бараг үгүй. Ердөө Кохан гэх эрийн бага наснаас нас бие гүйцэх хүртэлх үеийн бэлгийн чиг хандлагаа тодорхойлох гэж буй оролдлого, бодролын тухай өгүүлнэ. Нялх үед нь эцэг эхээс нь өөрийг нь булаасан эмээгийнхээ хатуу хараа хяналт дор өсөж, торнихын сацуу “гэрийн хордлого” гэх тодорхойгүй өвчинд нэрвэгдэх аж. Түүний эл өвчин зохиол үргэлжлэх тусам илүү бэлгэдэлт шинжтэй болж хувирна. Жанна Д‘Аркийн зурагтай номыг ширтэн суухдаа, жорлон цэвэрлэгч эрийн ажиллаж буйг хараад (анхандаа эр хүн гэж андуурсан), Шоокёкүсай Тэнкацү “Шинэ гэрээ”-ний “Иоханы ариун айлдвар”-т гардаг самуурсан эмийн хувцас өмссөнийг харна. Эл явдал түүнд эсрэг хүйсийнхээ хувцсыг өмсөх сэдэл төрөх зэргээр хэд хэдэн удаа сэрэл мэдрэхүйтэй нь холбоотой мэдрэмжүүдийг өөртөө шинээр олж нээжээ. Муу муухай, хүчирхийлэл, ов заль, сүйрэл зэргийг амьдралынхаа эрт үед нарийн мэдэрсэн нь Мишимагийн бэлгийн чиг хандлагаа танихад нөлөөлжээ. Эхэн үеийн сексологи дахь “invert” гэх нэр томьёог тэрээр зохиолынхоо туршид ашиглах ба тайлбарлаваас эсрэг хүйсийнхээ буюу эмэгтэй хүн шиг аашилж, дотоод эмэгтэйлэг шинжээ ил гаргах хүсэл тээх аж. Жанна Д’Арк болон “Шинэ гэрээ”-н дэх самуурсан эмийг сонирхох хэдий ч тэднийг эмэгтэй хүний хувиар хүсэхгүй, тэгэх ч боломжгүй.
1950-аад онд Мередит Веатэрбая эл зохиолыг маш уран яруу орчуулсан бөгөөд Мишимагийн ижил хүйстнээ гэх хандлага шүүмжлэгчдийн эгдүүцлийг хүргэж байсан ч өнөө цагт дотоод хүсэлдээ “өөрийгөө хорьж, хороож буй залуусыг бүгдийг нь хайрлах” гэсэн садист шинжээ “Гэхдээ л сэтгэл минь үхэл, шөнө, цус руу татагддагийг хорьж дийлээгүй ээ” хэмээн энгийн байдлаар илэрхийлсэн нь өнөө цагийн уншигчдад ихэд хүржээ. Зохиолын онцгой өгүүлэмжид тооцогдох Гвидо Ренигийн зурсан “Ариун Себастьян”-ы зургийг харж гар хангалга хийсэн нь Коханы “тэмүүлж” буй жишээн нэг юм.
Сум түүний идэр залуу, эрүүл чанга маханд шигдэн орж, биеийг нь хязгааргүй зовлон шаналал хийгээд баяр баяслын галаар төөнөж буй ч цус төдий л алга. Бас бусад ийм зурагт байдаг шиг түм буман сум биш ердөө хоёрхон сум л чимээгүй чамин чулуун шалан дээр тусах модны сүүдэр аятай түүний гантиг цагаан биед зоолттой харагдана.
Ямар ч байсан би дараа нь дээрх ажиглалт дүгнэлтэд хүрсэн юм даг. Тэр зургийг хараад, би нэг л хачин баяр хөөрт автлаа. Цус минь хөөрч, өнөөх эрхтний маань уур хилэн бадраад ирэв. Томорч хатуурсан тэр хэсэг хэзээ ч байгаагүйгээр намайг шахаж, мэдлэггүйг минь зэмлэн, эгдүүцэн давчидна. Гар өөрийн эрхгүй хэний ч заагаагүй зүйлийг эхлүүлж, дотор минь харанхуй мөртөө гэрэлтсэн зүйл хурдлан давшиж ирээд, нүд эрээлжлэм хөлчүүрхэл дагуулан цалгив.
Мишимагийн чин үнэнч, шулуун шударга байдлыг харуулахын тулд нэлээд урт эшлэл татлаа. Коханы зүүсэн баг бол эр хүн хүсэмжилдэг гэдгээ тухайн нийгмээсээ нууж, далдлахад чиглэсэн баг байлаа. Дур хүслийг нь өдөөж буй эр хүний биеийг “устгаж, идэж” буй садист гэмээр хэсгүүд нь, хаант засаглалтай улс дайн, цэрэгжилт хэлбэрээр дээрх хүслээ гүйцэлдүүлдэг гэдгийг ёгтолж байгаа юм шиг.
Гэхдээ зохиолын гол мөн чанар нь жинхэнэ үнэнг мэдэгдүүлэхгүй байхын тулд баг зүүх шаардлагатайг харуулсанд оршино. Бодит зүйлийг гоо зүйгээр л мэдрэх боломжтой гэдгийг Коханы дотоод хүсэл урлагийн бүтээлтэй холбоотойгоор ил гарч буйгаас харж болно. Түүнчлэн Мишимагийн мэдлэгийн цар хүрээг түүний эшилсэн зохиолчид (дийлэнхдээ өрнийн) болох Хюсман, Уайльд, Витман, Прост, Танизаки тэргүүтэй гоо зүйн тодорхой үзэлтэй хүмүүсээс харж болно. Мишима эл зохиолоо бичиж байхдаа ч энэхүү үнэний тухай мэдэж байжээ.
Туурвиж буй бүтээлдээ өөрийн дүрийг бий болгох нь өмнө дурдсанчлан хүслийн далайд уусахуй юм. Залуу халуун насны гар хангалгын тухай дахин нэгэнтээ өгүүлсэн нь өөрөө өөрийнхөө биеэс “асан” (Ренигээс үүдэлтэй суганд ач холбогдол өгдөг болсон), давлагаалж буй далайн дэргэд тус үйлийг гүйцэтгэн ариусна.
Би хаднаас буун, усанд хөлөө дүрлээ. Ус хөлийг минь үхсэн цагаан хясаа шиг л харагдуулж, чулуу дун холилдсон усны ёроол жирэлзэн мяралзах аж. Сарних давлагаа дуу хадаан ирж, цээжийг минь мөргөөд, цацрах усаараа биеийг минь орооно.
Давлагаа буцахад миний бохирдол ч угаагдлаа. Тоймгүй олон бэлгийн эс маань татрах давлагаатай цуг, түүн доторх үй олон бичил биет, далайн ургамлын үр, загасны түрс гэсэн амьд биестэй хамт хөөсрөн давлагаалах далай руу урсан одлоо.
Сургуульд байхдаа залуу харчуулд нүд унагадаг байснаа дурссан хойно тэрээр зохиолын хоёрдугаар хагаст Соноко гэх бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэх гэж хичээсэн ч амжилт үл олсон тухайгаа бичжээ. Бүсгүйг чин сэтгэлээсээ хайрладаг атлаа, тэр хайр нь бэлгийн дур хүсэлтэй нь үл огтлолцсонд гэрлэх гэсэн хүсэл нь ердөө энгийн амьдралд хөл тавих гэсэн оролдлого төдий байж гэсэн дүгнэлтэд хүрнэ. Хүүрнэгчийн өөртөө эргэлзэж тээнэгэлзэн, төөрөлдсөн байгаагаа тунгааж буй нь их хурц. Түүний дүгнэлтээр бол эмэгтэй хүнийг биширч шүтдэг, тэр байтугай дотроо буй эмэгтэйлэг шинж, анимагаа мэддэг, тийм ч учраас хэзээ ч тэднийг хүсэхгүй, таашаалын объект хэмээн харж чадахгүй. Эл өгүүлэмж нь орчин үеийн ижил хүйстэн залуугийн бэлгийн чиг хандлагын тухай гэхээс илүүтэй өнөө цагийн эр хүйстний чиг хандлагын ердийн байдлыг харуулсан гэхэд хилсдэхгүй.
Өөрөөр хэлбэл, сүнс нь Сонокод оршиж байж. Би сүнс болоод бие махбодын тэмцэл гэх мэт дундад зууны ойлголтод итгээд байдаггүй ч тайлбараа үнэмшилтэй болгохын тулд ашиглахаас өөр арга алга. Надад байдаг хоёр зүйлийн зааг энгийн тодорхой. Соноко бол миний эгэл жирийн, сүнслэг, бас үүрдийн зүйл рүү татагдсан хайрын биелэл юм шиг санагдлаа.
Кохан хэдий дайны дараа Сонокогийн гэрлэнэ гэсэн найдварыг нь “унтраасан” ч гэлээ зохиолын төгсгөл хэсэгт өөр хүнтэй гэрлэсэн түүнтэй дахин харилцаагаа сэргээх гэж оролдож буй нь харагдана. Зоогийн газарт уулзаж, ширээгээр дүүрэн ус асгана (бэлгэдэлт шинжтэй гэмээр). Дараагаар нь түүнийг бүжгийн талбайд урин хамт бүжиглэж байгаа хэр нь ээ л өөр нэгэн залуу эрийн цээжийг нүд салгалгүй ширтэн нэг л мэдэхэд тэдгээр булчинг хайр найргүй хутгаар бүлж байна хэмээн төсөөлөн зогсоно. Сонокод хайртай ч гэлээ үхэл хийгээд цус түүнээс салшгүй. Сүүлийн хэдэн өгүүлбэрт Кохан өнөөх цээж нүцгэн залуугийн ширээ рүү харан, нарны гэрэл туссан модон савны өгүүлэмжийг дахин дурдана.
Нөгөөдүүл бүжгийн талбай руу явсан бололтой, хоосон сандал дээр нар тусаж, ширээн дээр асгарсан шингэн зүйл хачин гялбаж харагдлаа.
Багт хүний наманчлал зохиолын тухай эл бичвэр маань “күйр” гэдэг үгийг болгоомжтой ашигласныг минь тайлбарлах буй за. “Күйр” гэдэг нь онцлог шинжийг илэрхийлэх үг төдий бус, харин ч улс төрийн амлалт шиг өргөн утгатай. Хамаагүй дэвшилтэт шинжтэй үг ч гэлээ Мишимагийн хувьд ийм байгаагүй. Тэрээр ердөө өөрийн улсын хаан ширээний удам дамжсан суудлыг л сэргээхийг хүссэн бөгөөд цусаар цангасан, үхлийг хүсдэг, түүнчлэн залуу хөвүүд шохоорхдог гэдгээ ч тус бүтээлд үл нуусан юм. Утга зохиол шүүмжлэгчид эл бүтээлийг чин шударгаар аймшиггүйгээр илчилсэн хэмээн үнэлдэг бол цахим ертөнц дэх фенүүд нь эр хүн гэдэг үнэлэмжийг үгүй хийсэнд нь гашуудах тохиолдол ч бий.
Ингээд анхлан тавьсан асуулт руугаа эргээд орцгооё. “Күйр” биш уншигч уг зохиолыг ойлгох болов уу. Нэг талаар бичээч би бээр хүмүүний ухамсрыг тодорхойлдог нийгмийн гарал, бие хүний таних тэмдгийг урьдач нөхцөлийн суурь ухагдахууныг үгүйсгэдгийн адилаар үгүйсгэнэ. Гэвч энэхүү эсээндээ зориулан бяцхан тоглоом гаргавал: Багт хүний наманчлалыг хэн ойлгох вэ?
Мишимаг биширдэг, эсрэг хүйстнээ гэх чиг хандлагыг буруушаадаг Пилип Ротын роман (Портноёын гомдол) болон Багт хүний наманчлал хоорондын ижил төсөөтэй шинжийг харьцуулаад үзье. Өөртөө бүрэн хамаатуулсан энэхүү намтар дахь гомдол Коханыхтай тун ч адилхан. Хайрыг дээдлэх болоод хүслийг няцаах эсрэгцэл. Достоевский, Жойс, Манн, Кафка нарын зохиолууд дээр ч ингэдэггүй биш гэж үү?
Эсвэл Люк Брауны орчин үеийн уран зохиол дахь бэлгийн дур хүслийн өгүүлэмжийн тухай бичсэн “Сулруулсан нь” нийтлэлийг авч үзэж болох юм. Бэлгийн харилцааны тухай чухам үнэнийг өчсөн зохиолыг Рот тэргүүтэй хүмүүс туурвиж Браун шиг хүмүүс ажигладаг байсан бол өнөө цагт эл өгүүлэмж эмэгтэй зохиолчдын гарт оржээ. Настай эрэгтэй зохиолчид энэ сэдвээс аль болох зайлсхийдэг бол нас залуу эрэгтэй зохиолчид тун ховор. Брауны ажигласнаар томоохон хэвлэлийн газрын 2020 оны эхний хагаст гаргасан бүтээлүүдээс эрэгтэй зохиолчтой ганцхан ном нээлтээ хийсэн байна. Өөрөөр хэлбэл, уран зохиолын ертөнцөд эрх тэгш байдал тогтоох үүднээс эмэгтэйчүүд дийлэнх олонх болж буй нь бидний төсөөлөөгүй үр дагаврыг авчрах нигууртай. Үлгэрлэвэл эрчүүдийг урлагийн бүтээлээс хасвал юу болох талаар бичсэн Ротыг шүтдэг, залуухан куб-америк эрийн зөгнөлт эсээ бий. Тийм соёл бий болох аваас улам олон Мишима төрж, илүү олон Мишимагийн цахим шүтэн бишрэгчид бий болно.
Гэсэн ч Браун Гарт Гринвэллийн зохиолыг авч үзэхдээ, ижил хүйстэн залуусын бүтээл өнөө цагт ч эр хүнийг бэлгийн чиг хандлага, амьдралын тухай өнгөлөн далдалсан зүйлгүй, ёс суртахуунгүй мэтээр үзүүлсээр байна гэдгийг онцолжээ. Бичвэрийн түвшинд эмэгтэй хүний орон зайгүй ижил хүйстэн эрийн тухай зохиол нь ерөөс ярьж боломгүй “өлсгөлөн”-ийн тухай л онцолдог. Жишээлбэл, ижил хүйстэн залуугийн хүслийн тухайд Гринвэллийн зохиолын дүрүүд болох Лернер, Рүүни нарын эрс ялгааг харьцуулан тодруулсан байна. “Тунгалаг” зохиолын хүүрнэгч өөрийгөө залуу хөвүүдэд шунадаг гэдгээ хүлээн зөвшөөрч, өөрийнх нь сурагч байсан хөвүүн сургуулиа хаяснаас нэг жилийн хойно түүнтэй хамт ууж наргин, хэсэг зуур зууралдах хүсэлтэй байгаагаар роман төгсөнө. “Түүн рүү би шунан харна, түүнд би хүрч байна гэж эрээ цээргүй бодохын сацуу би өөрөө өөртөө саад бололгүй өдийг хүрсэн шүү дээ” хэмээн няцаана. Эцгээс нь болоод нийгмээс ирэх хувь хүний онцлог шинжээ олох гэсэн дарамт нь ижил хүйстнээ сонирхох гол тайлал бөгөөд энэ нь энгийн нэгэн залуу өсвөр насны хүүхдэд шунахаас ч илүү өрөвдөж, хөөрхийлмөөр болгож байна.
Брауны хэлсэнчлэн, эмэгтэйчүүд болоод ижил хүйстэн залуус эрт үеийн “стрейт” эр шиг өдөөн хатгасан шинжтэй, эротик зохиол бичиж хэвлүүлдэг болсон. Үүний адилаар уншигч олон ч гэсэн бэлгийн чиг хандлагын түрэмгий байдал хийгээд хүлцэл, тайлбарлаж барамгүй фетиш, садизм, мазохизм, эдгээрийг харах өнцөг зэргийг хорвоо ертөнцөөс нуун, багаар халхлах гэж оролддог ч угаас өөрсдийн минь нэгэн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй бус уу? Үүнийхээ талаар бид илүү илэн далангүй байдаг сан бол уран зохиолын соёлд хоёрдмол шинжийн тухай өгүүлэмж илүү цөөн байх байсан болов уу? Дээрх асуултад хариулахаас татгалзсан шигээ, энд би өөрийн өдөөн хатгасан, хариулт буюу “наманчлалаа” хүргэе. Хүлээн зөвшөөрөх үгүй нь хамаагүй ч Мишимагийн үнэнээ өчиж буйг хэнбугай ч ойлгох ёстой.
Эх сурвалж: утга зохиол шүүмжлэгч Жон Пистеллийн 2020 оны 7 сард бичсэн тэмдэглэлийг эх хэл дээр нь эндээс унших боломжтой.
СЭТГЭГДЭЛ