Нью-Йорк Таймс сонины бэстселлер бүтээлүүдийн зохиогч Тина Пэйн Брайсон (Ph.D)
Аав ээжүүдэд тулгарч буй “орчин үеийн” бэрхшээл
Аав ээжүүд хүүхэдтэй болсноо мэдмэгц хүүхдээ эрүүл саруул тээж, эсэн мэнд төрүүлэх нь хамгийн чухал зорилго болдог. Гэвч эсэн мэнд амаржлаа гээд амар сайхандаа жаргахгүй. Шинэ хүнээ бие бялдрын хувьд эрүүл саруул бойжуулахаас гадна оюун санааны хувьд зөв зүйтэй өсгөн хүмүүжүүлэх хамгийн хариуцлагатай үүрэг энэ үеэс эхэлнэ. Харин аав ээжүүд эсэн мэнд амаржихад хамаг анхаарлаа тавиад нялх хүүхдээ асрах, өсгөн хүмүүжүүлэх бэлтгэлгүйгээр “Аав, ээж байх” замд орсноор олон бэрхшээлтэй тулгардаг. Тиймээс тэд найз нөхөд, интернэт гээд боломжтой бүх эх сурвалжаас зөвлөгөө тусламж эрж хайна. Асуудлын гол нь тэр их мэдээлэл хоорондоо үргэлж зөрчилддөг.
Гэр бүл бүр, хүүхэд бүр өөр тул хэн нэгэнд тохирсон зөвлөгөө бусдад адилхан үйлчилдэггүй. Мөн шинжлэх ухаан тасралтгүй хөгжиж байдаг тул баталгаатай, үндэслэлтэй мэдээлэл ч байнга шинэчлэгдэн өөрчлөгдсөөр байдаг. Хүүхэдтэй нь холбоотой шийдвэр учраас эцэг эхчүүд өчүүхэн жижиг асуудалд ч нухацтай, хариуцлагатай хандах гэж хичээснээр улам дордуулах тохиолдол ч бий. Түүнчлэн хүүхдэд зориулсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах зорилгоор итгэж үнэмштэл сурталчилсан пост, нийтлэл, бичлэгүүд цахим орчноор дүүрэн.
Номын зорилго
Эцэг эхчүүдэд тэрхүү “мэдээллийн их шуурга”-д төөрч будилалгүй даван туулахад туслах нь энэхүү номын зорилго юм. Гэхдээ шинэхэн аав ээжүүдэд тулгардаг “яаж?” гэсэн асуулт бүрд хариулах нь энэ номын зорилго биш. Харин хүүхдийн асаргаа, хүмүүжилд баримтлах ерөнхий чиг баримжааг олгож, үндсэн суурь зарчмуудыг эцэг эхчүүдэд ойлгуулна. Ингэхдээ шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн судалгаануудад тулгуурласан баталгаатай, үндэслэлтэй мэдээллүүдийг өгч буйд энэхүү номын гол үнэ цэн оршиж буй.
Зохиогчийн тухай
Уг номын зохиогч Тина Пэйн Брайсон (Ph. D) нь гурван хүүгийн ээж төдийгүй АНУ-ын өмнөд Калирфорнид байрлах “Харилцааны төлөө төв”-ийн үүсгэн байгуулагч, сэтгэцийн эрүүл мэнд, хүүхдийн хөгжлийн мэргэжилтэн юм. Тэрээр хүүхэд өсгөж хүмүүжүүлэхийн зовлон бэрхшээл, баяр жаргалын талаар олон эцэг эхтэй ярилцдаг, тасралтгүй судалж, суралцаж, бичиж туурвидаг нэгэн бөгөөд түүний бичсэн хэд хэдэн ном Нью-Йорк Таймс сонины бэстселлер болж, дэлхийн олон хэлээр орчуулагдан, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдийн талархлыг хүлээсэн билээ. Энэ удаа түүний “The Bottom Line for Baby” буюу “Нялхсыг асрах нандин зарчмууд” номыг Монсудар хэвлэлийн газар эрхлэн гаргаж, монгол эцэг эхчүүдийн мэдлэг оюунд төдийгүй эрүүл зөв монгол хүнийг өсгөн хүмүүжүүлэх үйлсэд нь нэмэр болохыг зорилоо.
Номын зохион байгуулалт
Энэхүү номд нялх буюу 0-12 сартай хүүхдийн асаргаанд тулгардаг асуудлуудыг голчлон авч үзнэ. Гэхдээ боломж гарах бүрд арай том хүүхдүүдийн тухай ч хамруулан тайлбарлахыг хичээжээ. Тухайлбал, “Сахилга бат”, “Хөгжим”, “Тэжээвэр амьтан” зэрэг бүлэгт хүүхдийг нэг нас хүртэл төдийгүй, таны аав ээж байх бүхий л хугацааны туршид үнэ цэнтэй байх мэдээллүүдийг өгнө. Номд багтсан сэдвүүд А-Я хүртэл цагаан толгойн дарааллаар эрэмбэлэгдсэн тул та энэ номыг заавал эхнээс нь дуустал уншихын оронд, зөвхөн өөрт тулгарсан асуултынхаа хариултыг хайж уншсан ч болно. Хамгийн чухал нь та өөрт тулгарч буй асуултад хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухаанч хариулт авсанаар зөвхөн өөрийн онцгой нөхцөл байдалд нийцүүлэн, хүүхэдтэйгээ холбоотой зөв шийдвэрийг гаргах боломжтой болох юм.
Номын тухай дэлгэрэнгүйг эндээс хараарай.
СЭТГЭГДЭЛ