Монсудар хэвлэлийн газраас эрхлэгдэн гараад удаагүй байгаа "Англи өвчтөн" романы тухай The Irish Times цахим сэтгүүлийн утга зохиол шүүмжлэгч Eileen Battersby-н бичсэн номын шүүмжийг орчуулан уншигчдадаа хуваалцаж байна.
Майкл Ондатжегийн соронз мэт нууцлаг хайр дурлалын романд шархалж, эмтэрсэн дөрвөн хүн өнгөрсөн болоод одоо цагийн утгыг төгөлдөржүүлэхээр тэмцэлдэнэ.
Дэлхийн II-р дайны сүүлч үеэр Италийн хойд хэсэгт Англи өвчтөний харлаж түлэгдсэн биеийг эмнэж буй сувилагч бүсгүй Ханагийн тухай хүчирхэг хийгээд уянгын хүүрнэл зохиол. Дайны золиос болсон нэгэн цөлийн цайзад тэд амьдрах бөгөөд хөдлөх боломжгүй “амьд үхдэл” болсон англи эр зөвхөн оюун ухаанаараа охиныг удирдана. Сайх эрийг асрах нь охины хувьд авралаас ялгаагүй агаад Англи эр бол “цөхөрч барсан гэгээнтэн” юм.
Ханагийн оюун бодол үхэл болон гарз хохирол дунд живнэ. Тэрээр хоосон байшинд гэрийн ажлыг зан үйл мэт чухалчлан хийх нь оюун санаагаа тунгалаг байлгах гэж хичээж буйгийн илрэл. Гэрэл хийгээд орон зайн хачирхалтай диваажинд өөр хоёр тоглогч ирсний нэг нь залуу бүсгүй Ханаг энд байгааг сонссон Холбоотны тагнуул, харин нөгөө нь дайсны суурилуулсан тэсрэх бөмбөгийг салгагч сапёр эр Кип нар байлаа.
Яруу найрагчийн хувьд Ондатже нь домгийн төсөөлөлтэй гэгддэг ч энэхүү романыг уншихад тэдгээр сэтгэл уярам сайхан мөртүүд, гоо сайхан нь бие махбодид шууд л мэдрэгдэнэ.
Даавуунд ороосон харцага шиг бараан төрхтэй, шовгор хамартай, туранхай биетэй өвчтөндөө ном уншиж өгөх гэж олон цагийг зарцуулна.
Төрсөн нутаг Торонтодоо амьтан хүний байр дээрэмддэг байсан тусгай ажилтан Караважо англи өвчтөний даавуугаар хучсан орыг “харцагын авс”-тай зүйрлэн хэлж байсан удаатай.
Эдгээр дөрвөн төөрөлдсөн “сэтгэл”-үүд орхигдсон байшинд зэрэгцэн орших бөгөөд англи эрийг эс тооцвол бүгд л “арьсаа тайлж”, өөрсдийн ямар байснаа дууриахаас өөрийг чадахгүйн дээр үнэнийг бусдаас хайцгаана.
Хамгийн егөөтэй нь, англи эрийн нас нөгчихөөс өмнөх хэдэн саржин ухаж төнхөөд байсан дурсамжийн эх булгийг аажмаар нийлүүлж, “амьд-цогцос” болсон түүхийг нь тодруулан гаргаж ирсэн хүн нь хулгайч эр Караважо байлаа.
Англи өвчтөн тэнгэрт шатаж байсан онгоцноос унасан. Харин энэ хэсэгт Ондатже тэнгэр, нар, гэрэл болон цөлийн зураглалаар биднийг ховсдоно. Хэдий дүр болгон өөр өөрсдийн гашуудал, эргэцүүллийн үүлэн дээр хөвөлзөх ч, газрын тухай тэр тусмаа цөлийн тухай урт гэгчийн дүрслэл нь хамгийн бодитой юм.
Шри Ланка - Канад гаралтай зохиолч Ондатже “ Арслангийн арьсан дор” хэмээх 1987 оны романаараа тэсрэх бөмбөг болон дэлбэрэлтийн тухай уншигчдад танилцуулж байжээ. Тус романд Канад улс дахь гүүр барьж буй ажилчид хэрхэн зохион байгуулалтай тэсэлгээний ажил хийж байгааг харуулсан бол “Англи өвчтөн” романдаа тэсрэх бөмбөг, минжүүлсэн талбайг илүүтэй өгүүлжээ.
Англи ноёнтны дор бэлтгэгдсэн Кип тэсрэх бөмбөгний талаар бүгдийг мэдэх бөгөөд аюулгүй салгах тал дээр илүү мэргэшжээ.
Ондатжегийн хүүрнэлийн хэв маяг Жон Дос Пассосын (Америк зохиолч) түүхэн баримтыг хэсэгчлэн өгүүлэх дамтамжтай хослуулсантай адилхан. Бичвэрт нь кино зохиолын шинж шингэсэн байх бөгөөд нүдэнд харагдахуйц ер бусын олон зураглалыг нэн хянамгай дэлгэн харуулсан гэж хэлж болмоор.
Элсэн цөл хийгээд аагим халуун дахь дурсамж, тагнуулын ажиллагаа болоод хууран мэхлэлт, ариун газар болон шорон: зохиолын дүрүүд өнгөрсөн дэх дурсамжиндаа баригдан үл өөрчлөгдөх нь яг л Лауренс Дюррелийн “Александриа” дөрөмсөн роман адил мэдрэмжийг уншигчдад өгдөг. Гэсэн ч Ондатже бол цэвэр “өөрөөрөө” хүн бөгөөд ямар нэгэн зохиосон эсвэл хичээсэн зүйлгүй, байгаа нь л тэр ажээ. “Арслангийн арьсан дор” роман хийгээд энэхүү шидэт бүтээлд ч мөн түүний өвөрмөц үргэлжилсэн үгийн хүүрнэл нь уран, тансаг хэв маягаа хадгалан илүү баяжсан байна.
Хана, Кип хоёрын өөрсдөөс нь ч үл хамаарах, “салан тусгаарлагдсан” гэж болохуйц хайр нь, Англи өвчтөн тагнуулч эр Алмаши болон хүсэл эрмэлзлээр дүүрэн Клифтоны эхнэр, идеалист бүсгүй Кэтрин нарын гал халуун, хэрцгий гэмээр харилцаатай эсрэгцэнэ. Бедуинүүд түлэгдсэн биен дээр нь тос асган, амийг нь аварч байгаа нь өөрийн гачлант дурлалтай нь тунчиг төстэй байгааг ойлгосон Англи өвчтөн тэр цагаас эхлэн амраг эр бус түүхч болсон юм.
Аян дайн хийгээд аймшигт их өвдөлт, хувийн болоод хувьсгалын түүхийг олон сэдэв дор хүүрнэн, хүмүүний ойлгомжгүй байдал болон айдсын тухай өгүүлэмжийг гайхамшигтай тод томруунаар дүрсэлсэн нь энэхүү зохиолыг илүү ховсдом болгоно.
Шүүмжлэгч би бээр эл хүндтэй шагналыг хүндэтгэхийн зэрэгцээ энэ жилийн Бүүкэрийн эзнээр “Англи Өвчтөн” зохиол тодрох ёстой хэмээн тунхаглаж байна. Майкл Ондатже дайны дараах үеийн уран зохиолын хосгүй гайхамшигт бүтээлийг туурвисан байна.
"Англи өвчтөн" номын тухай дэлгэрэнгүйг эндээс уншаарай.
СЭТГЭГДЭЛ