Францын суут сэтгэгч, зохиолч Альбер Камю бол өөрийн дэвшүүлсэн философи үзэл санаагаа уран зохиолоор илэрхийлэхдээ гарамгай нэгэн билээ. “Этгээд хүн” зохиолдоо “Бурханд ч, үхлийн дараах амьдралд ч итгэдэггүй хүн энэ хорвоо дээрх оршихуйгаа хэрхэн утга учиртай болгох вэ?” хэмээн хүний оршихуйн асуудлыг дэвшүүлэн тавьсан төдийгүй, нийгмийн абсурд үзэгдэлд ганцаардсан абсурд дүрийг гарган ирснээрээ онцгой юм. Тэгвэл “Тахал” хэмээх романдаа “Этгээд хүнд” дэвшүүлсэн үзэл санаагаа улам гүнзгийрүүлж авч үзсэн төдийгүй дүрийн давхцал ч энэ зохиолд гарч ирнэ. Дэлхий даяар шинэ коронвирусын цар тахал хүчээ авсан энэ цаг үед Камюгийн 1947 онд бичсэн энэхүү зохиолыг дахин судлах, шинээр авч хэлэлцэхэд хүрчээ. “Этгээд хүн” зохиол ямар нэг зорилгогүй урсгалаараа амьдарч явсан Мерсод ээж нь нас барсан тухай цахилгаан ирснээр үйл явдал эхэлдэг бол Тахал романд ажин түжин амар жимэр нэгэн хэвийн байдлаар өдөр хоног өнгөрөөж байсан Оран хотод гэнэт тахал дэгдсэнээр бүх юм орвонгоороо эргэнэ. Хэнд ч хэзээ ч хаана ч юу ч тохиолдож болох хүний амьдралын, нийгмийн тэр тогтворгүй, таамаглах аргагүй, гэнэтийн абсурд шинжийг зохиолын эхэнд ийнхүү тодорхой харуулсан байна.
Тахал эхлэхээс өмнөх хотын дүрслэлд “Хаа газрын хүмүүсийн адил Оран хотынхон цаг заваар хомсдож, бодож эргэцүүлэхээ больсноор хайрлаж дурлан буйгаа ч анзаарах сөхөөгүй болсон хэрэг”-хэмээн бичсэн нь яг л өнөөгийн бидний амьдарч байсан дүр зураг билээ. Харин Тахал дэгдсэнээс хойш юу болон хувирч өөрчлөгдөв өө гэхээр эхэн үедээ “Тахлын гамшгийг бүрэн дүүрэн ухаарсан хүн ч хараахан алга байв. Ихэнх хүн хэвшиж тогтсон хэмнэл нь алдагдаж, хувийн ашиг сонирхол нь хөндөгдсөнд бухимдан эмзэглэх аж” гэсэн нь манайд төдийгүй дэлхий даяар ажиглагдсан хандлага билээ. Цаашид тахал улам бүр цар хүрээгээ тэлэхийн хэрээр хүмүүсийн зан араншин хувьсан өөрчлөгдөж хүний төрөлх мөн чанар болох амин хувиа хичээх үзэл дэвэрч, шударга бус байдал улам бүр газар авч тахал мэт давалгаалж байгаа тухай гардаг. Тахлын гамшиг зовлонг нүдээр үзэж биеэр туулаагүй Камюгийн бичсэн зохиол өнөөгийн цар тахлын байр байдал, дүр зурагтай яв цав нийцэх нь юуны учир вэ? Тэрээр зөнч, ирээдүй тольдогч нэгэн байв уу? гэвэл үгүй юм аа. Тэрээр сэтгэгч хүний хувиар нийгмийн болоод хувь хүний оршихуйг гүн гүнзгий эргэцүүлсэний үр дүнд гамшиг тохиолдсон үед хүн ямархуу байж болох, хэнээс хаанаас аврал эрэх тухайд бодож тунгаасан хэрэг. Тахал гэдгээр Францыг түрэмгийлсэн германчуудын ноёрхлыг далдуур ёгтлон бичсэн зохиол хэмээн үздэг. Гэхдээ хүний оршихуйг илүү өргөн хүрээнд авч үзсэн зохиол мэт санагдана. Достоевский “Карамазовын хөвүүд” романдаа гэмгүй хүмүүсийг аварч энэрэхгүй, гэсгээн шийтгэж буйд эгдүүцэн бүтээгч эзэнтэй заалдаж, хүний оршихуйн асуудлыг хурцаар хөндөн тавьсан бол мөн Тахал романд бүхнийг бүтээгч бурхан бий эсэх, байгаа бол итгэж найдаж болох уу, эсвэл хувь заяаныхаа төлөө хүмүүс өөрсдөө тэмцэх ёстой юу гэсэн асуултыг тавьж, эргэцүүлж, гаргалгаа хийж байна. Зохиолын гол дүр тахлын эсрэг тууштай тэмцэх, Риэ эмч, сүсэгтэн олны төлөө залбирч сургаал номлол айлдах Панлю лам нарын хоорондох зөрчлөөс урган гарах мэтгэлцээнүүдээс тодорхой харагдана. Эцэг ламтан тахал гарлаа далдуур баярлаж буйг “инээмсэглэх шиг болсон “ гэсэн ганц үгнээс мэдэж болно. Шашны номлолоор бол хүн төрөлхтний гэм нүгэл хэтийдсэн үед бурхан тахал мэт өвчин илгээж гэсгээн шийтгэж, их цэвэрлэгээ хийх учиртай тул Панлю ламд тахлаас эмээх айх зүйл байхгүй. Гэтэл гэмтэй гэмгүй хамаагүй бүр балчир хүүхдүүдийг хүртэл хамтад шийтгэх тийм харгис бүтээгч эзэн бурхан гэж байж болох уу? Яг ийм утга санааг агуулан “Балчир хүүхдүүдийг гэсгээн шийтгэдэг бурхны бүтээсэн ертөнцтэй би энэ яваа насандаа эвлэрэхгүй” хэмээн Риэ эмч ламд эрс шулуун хэлж буйгаас харж болно. Энэ бол агуу Достоевскийн бүтээгчид хандан ял тулгасан үг билээ. Бурханд итгэдэггүй хүн гэгээрэлд хүрч болох уу гэсэн асуултыг цаазын ялны эсрэг тэмцэж буй Тарру гэгч нөхөр асуудаг. “Бурхны бүтээлийг сөрж тэмцсэнээрээ үнэн мөн рүү бага ч болов дөтөлж явна гэж итгэдэг юм даа” гэж хэлэх тэр нөхөр бол мөнөөх бурханд итгэх ёстой юу? гэсэн үгийн тов тодорхой хариулт юм. Риэ эмчийн хувьд гэгээрэлд хүрэх арга зам бол “нинжин сэтгэл юм. Зохиолд үйл явдал гэхээс илүү дүрүүдийн дотоод сэтгэлийн зөрчил, хямрал, үзэл бодол, ганцаардал, итгэл үнэмшил зэрэг хувь хүний оршихуйн нөхцөл байдлыг илүүтэй тусган үзүүлсэнээрээ онцлог юм.
Тахал бол үхэлтэй нүүр тулж буй хүмүүсийн зан төрх, ааш авир, амьдралын төлөөх тэмцлийг өргөн хэмжээнд үзүүлж байгаа нэг ёсондоо нийгмийн сэтгэл зүйн шинжлэл юм.Тийм учраас зохиолын төгсгөлд “Гэхдээ тахал гэдэг чинь юу юм бэ ? Ердөө л амьдралын нэг хэсэг шүү дээ, өөр юу ч биш” гэж хэлдэг. Тахлыг бүрмөсөн ялна гэж байхгүй, аюул осол хэзээд отож байдаг гэсэн санаа энэ зохиолд бий. Өөрөөр хэлбэл тахал бол үхэл буюу хүний оршихуйн салшгүй нэг хэсэг гэсэн санаа гарч ирж байна. Утга зохиол судлаач, яруу найрагч Г.Бямбажав “Францын экзистенциализмын сод төлөөлөгч Альбер Камюгийн оршихуйн философи” шүүмждээ:
“Камю экзистенциализмын гол төлөөлөгч болохынхоо хувьд хүний амьдралын төгсгөлт шинж болох үхлийн философи, энэхүү төгсгөлт шинжтэй холбогдон хүнд бий болдог айдас түгшүүр, эргэлзээ, тээнэгэлзээ, түүнийг даван туулах арга зам, ганцаардлын мэдрэмжээс бий болдог хүний оршихуй, эрх чөлөөт амьдралыг хэрхэн олж авах тухай, амьдралын үнэ цэнийн тухай ярьж байв” гэсэн нь энэ зохиолын гол санааг оновчтой дүгнэн хэлсэн хэрэг юм аа. Тахал романы дүрүүд бол нийгмийг бүрнээ төлөөлж болохуйц бичил загвар мэт санагдана. Эмч, шашны зүтгэлтэн, сэтгүүлч, наймаачин, улс төрч, шүүгч, төрийн албан хаагч, тэтгэврийн настан, ажилгүй хүн, эрдэмтэн гэх мэт дүрүүд өөрсдийн онцлог, нийгмийн өмнө хүлээх үүрэг зэргээрээ эрс ялгаатай.
Эмч Риэ тахалтай тэмцэхийн хажуугаар “ХҮН”-ээрээ байхын төлөө нийгмийн тогтсон хэв загвар, гажуудлыг сөрөн эсэргүүцэж байгаа бэлгэдэлт дүр юм. Улс төрчид асуудлыг шийдэх бус аль болохоор тойрон гарах, хууран мэхлэх замыг сонгож байгаа бол эмч, эрдэмтэд /Шинжлэх ухааныг төлөөлж буй дүрүүд/ үнэнийн талд буюу тахлыг ямар нэгэн аргаар ялан гарах ёстой гэж үзэж байна. Наймаачид хомсдлыг далимдуулан ашиг хонжоо улам их олохыг хүсэж байгаа бол, шашны санваартан хүмүүсийн нүглийг ариусгах бурхны шийтгэл хэмээн баярлаж байна.
Тахал бол байгалийн жам ёсны үзэгдэл, харин хувьсан өөрчлөгдөж нэгээс нөгөөд халдварлаж олонхийг дагуулсан нийтлэг үзэгдэл болж буй хүний муу муухай, хувиа хичээсэн зан чанарыг яах вэ? Итгэл найдвар үгүй бол амар тайван амьдрал үгүй. Тахлыг шударга үнэн л ялна гэсэн итгэл үнэмшил, хүсэл зоригоор нэгдэж буй хүмүүсийн дүрээр бусдыг энэрэн хайрлах нинжин сэтгэл бол гэгээрэлд дөтлөх зам мөр юм аа гэсэн үзэл санааг гаргажээ. Шувууд, модод, байгалийн чимээ үгүй, байшин барилгад хашигдсан нэгэн хэвийн уйтгарт амьдралтай хотынхныг тахал буюу үхэл сэрээж хөл хөдөлгөөнд оруулжээ. Тахлын үеийн үхэл хагацал, сэтгэл зүйн хүнд дарамтыг даван гарсан хүмүүс бүхнийг мартах гэсэн мэт баясан цэнгэж байна. Харин хэзээ ч тохиож болох үнэнээс, үхлээс зугтах газар үгүй. Яг таг тодорхой утга учир оноох аргагүй амьдрал хэмээх абсурд зүйлээс үхлээр чөлөөлөгдөх хүртлээ хүн хувь заяаныхаа төлөө тэмцэх ёстой гэсэн өөдрөг тэмүүлэл, эрс шийдэмгий дуу хоолой, энэрэнгүй үзэл Тахал хэмээх хүйтэн баргар зохиолоос сонсогдох авай.
Тэмдэглэлийг бичсэн: Хөх толбот Төмөр-Очир
СЭТГЭГДЭЛ