Дейв Пилкигийн "Нохой-Хүн" хэмээх хүүхдэд зориулсан комик цуврал анх 2016 онд уншигч багачуудын хүртээл болж байв. Түүнээс хойш дэлхий дахины хүүхдүүдийг байлдан дагуулж, Нью-Йорк таймес сонины №1 бэстселлэрээр нэрлэгдэх болсон юм. Нийт найман дэвтэр бүхий уг цувралын эхний гурван дэвтрийг Монсудар хэвлэлийн газрын Цэнхэр Гүзээлзгэнэ редакцаас эх хэл дээрээ эрхлэн гаргаж, монголын бяцхан уншигчдын гарт хүргээд байгаа билээ.
Нохой-Хүн гэж хэн бэ?
Нохой-Хүн бол гэмт хэрэгтэй тэмцэгч хагас нохой, хагас хүн баатар юм. Нэгэн цагдаа ба түүний нохой хоёр ийнхүү Нохой-Хүн болж хувирсны учир нь тэдний амь насыг аврах зайлшгүй шаардлагатай мэс заслаас болсон билээ. Тэр явдлаас хойш Нохой-Хүн хууран мэхлэлт, луйвар, дээрэмтэй хэрхэн тэмцэж байгаа тухай Дэйв Пилкигийн “Нохой-Хүн” цуврал номд өгүүлдэг.
Нохой-Хүн зурагт номын ач холбогдол
1. Зураг үзэх нь ном уншихтай ижил
Зурагт номын зургийг харж ойлгох нь хүүхдэд уншиж байгаатай ижил үр дүн үзүүлдэг ба ойлгох чадварыг нь нэмэгдүүлдэг.
Энэ төрлийн номууд нь сонирхолтой зураг, чимэглэлүүдээр дүүрэн байхын дээр тодорхой хэмжээний бичвэрийг ч агуулдаг. Тиймээс хүүхэд зургуудыг “уншиж” байхдаа зүгээр нэг ширтэх бус, харин утгыг тайлах, дүн шинжилгээ хийх, бичсэн текстийг ойлгох зэрэг чадваруудаа нэгэн зэрэг хөгжүүлж байдаг аж. Зурагтай ном нь зарим хүүхдэд унших үйлийг илүү хялбар болгож тусладаг бол зарим хүүхдийн ном унших дур сонирхлыг улам бадраадаг байна.
2. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд тустай
Зурагт ном нь бичих, зурах замаар хүүхдийн бүтээлч сэтгэлгээг нээдэг.
Хүүхдүүд Нохой-Хүн номыг унших явцад ямар нэгэн дүр бүтээх хүсэл төрдөг бөгөөд номын арын хуудсуудад байрлуулж өгсөн хэдхэн хялбар алхмыг хийснээр үнэхээр үнэмшилтэй Нохой-Хүний зургийг зурж сурдаг юм. Үр дүнд нь хүүхдийн гарын жижиг булчин хөгжих ба энгийн зааварчилгааг дагах, дуурайн хийх дадал тогтоно.
Нохой-Хүн номын хэв маяг нь хүүхдэд өөрийн гэсэн комик номыг бүтээх урам зоригийг өгөх ба цаашид зохиол бичих, дүр бүтээх, аливааг өөр өнцгөөс харах зэрэг бүтээлч сэтгэлгээнд суралцахад нь түлхэц болно.
СЭТГЭГДЭЛ