Иерусалемын Хебрю их сургуулийн профессор Юваль Ной Хараригийн "Sapiens: Хүн төрөлхтний товч түүх" хэмээх бүтээл нь хэвлэгдсэн даруйдаа баримт бүтээлийн төрөлд тэсрэлт хийсэн юм. Өдгөө уг бүтээл дэлхийн 50 гаруй хэлнээ орчуулагдсан бөгөөд Монсудар хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр монгол уншигчдадаа хүргэсэн билээ. Өдгөө хүртэл уг бүтээлийн талаарх хэлэлцүүлэг маргаан тасрахгүй байгаа бөгөөд уг номын тухай монгол уншигчид юу хэлснийг та бүхэнд хүргэе.

Youtuber Anu Harchu

Профессор Харари хүн төрөлхтний 100 мянган жилийн түүхийг ганц номоор өгүүлсэн. Ингэхдээ хүн төрөлхтний хөгжлийг зөвхөн биологийн өнцгөөр тайлбарлаад зогсохгүй нийгэм, эдийн засаг, улс төрийн хүчин зүйлсийг бүрэн шингээж өгсөн. Ингэхдээ зөвхөн хүн төрөлхтний сэтгэхүй болоод хөдөө аж ахуй, худалдаа эдийн засгийн өөрчлөлт хувьсалтыг шингээж өгсөн нь  яг хүн төрөлхтний түүхийг ойлгоход хялбар болгож өгсөн сонирхолтой ном шиг санагдсан. Хэрвээ уг номыг уншаагүй бол заавал уншихыг зөвлөж байна. 


Уншигч Enerel Eenee

...Ёстой олон талт мэдлэгийг хүнд өгсөн эгэлгүй ном юмаа. Орчуулга нь бас ямар догь юм бэ? Бүр нэг задалж тайлбарласан болохоор түүхийн мэдлэг нимгэн мань мэтэд хүртэл уншихад дөхүү юм. Зав цаг гарвал энэ номд хамраа дүрж суусаар бараг сар өнгөрчихлөө. Дуусах нь байтугай голдоо л орж явна. Гэвч би үүнийг дуртайяа өгүүлбэр бүрийг нь уншиж тунгаана. Өчигдөр гэхэд энэ номоос болж Мумми кино үзсэн. Үзсэнээ зүүдэндээ харсан. Үгүй ер хүн төрөлхтний түүх ийм сонирхолтой байх гэж.

Сэтгүүлч Г.Даваадорж

...Түүхийг маш сонирхолтой өнцгөөс бичсэн ном. Хэдийгээр академик түвшинд ашиглагдах ном биш ч түүхийн талаар мэддэг байсан зүйлсийг маань толгой дотор нэг мөсөн цэгцэлж өгсөн. Магадгүй цөөнгүй түүхч, эдийн засагч Хараригийн бичсэнтэй санал нийлэхгүй байх. Гэхдээ энэ номд бүх түвшний уншигчдад өгч буй нэгэн чухал үнэт зүйлс бий. Тэр нь “Хүн гэж хэн бэ?”, эсвэл “Хүн гэж юу вэ?” гэдэг гаргалгаа. Энэ чиглэлд зохиогч сэтгэлгээний цоо шинэ хандлагыг санал болгожээ. Экологийн хямралын асуудал хурцдаж байгаа өнөөгийн нөхцөлд Homo sapiens: “Хүн төрөлхтний товч түүх” уншигчийг маш олон зүйл эргэцүүлэхэд хүргэнэ. Ялангуяа “Хүн-байгаль” гэсэн хамтын амьдралын загварын мөн чанарыг, түүний сайн, мууг итгэл үнэмшил төрүүлэхээр бичсэн. Энэхүү ном өнгөрснийг ойлгож, ирээдүйд чиг баримжаа авахад тусална...

Уншигч хуудасны админ Бөртгөлжин

“Өнгөрсний талаар ихийг мэдэх тусам чи ирээдүйд илүү бэлтгэгдэх болно” Т.Рузвельт нэгэнтээ хэлсэн байдаг. Гэвч хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн түүхийн талаарх бидний мэдлэг хэр гүнзгий билээ? Зуун мянган жилийн өмнө дэлхий гэгч энэ гараг дээр зургаан төрлийн хүн амьдарч байсан бол өнөөдөр хомо сапиенс бид л үлдсэн байна. Ердийн нэг түүвэрлэгчдээс бурхны дүрд хувилахаар санаархах зүрх зоригтой амьтан болтлоо хувьсаж чадсан бид ер нь хаашаа зорьж байгаа вэ? Дэлхий дээр амьдрагч бусад организмаас илүү ухаантайдаа бус зүгээр л азын бинго тасалбарын ачаар эрх мэдэл, хүч чадлыг өөрсдийн болгож чадсан бид энэ их хүчээ юунд ашиглахаа мэдэж байгаа билүү? Түүхийн явцад бид улам илүү ухаантай, аз жаргалтай, баян чинээлэг болж буй гэх итгэл үнэмшил ер нь хэр үнэний ортой юм бэ? гэх олон асуултыг өөрөөсөө асуухад хүргэх” Сапиенс” танд хэр баргийн адал явдалт  киноноос ч сонирхолтой, өрнөл бүхий санагдах нь лавтай. Өнөөг хүртэл бидний уншиж ирсэн дийлэнх түүхийн номууд дээр  “хөдөө аж ахуйн хувьсгал”  бол хүн төрөлхтний түүхэнд гарсан хамгийн том ахиц, дэвшил хэмээн үзэж, тэрхүү хувьслын хамгийн том гол баатар хүний оюун ухаан хэмээн шагшин магтдаг билээ. Гайхалтай хурцаар сэтгэх тархиныхаа ачаар бид  анчид түүвэрлэгчдийн хүнд хэцүү аюул осолтой хагас өлсгөлөн амьдралаас дуртайяа татгалзан нүүдэллэхээ больж, фермер хүний гэдэс цатгалан, сэтгэл хангалуун амьдралд умбаж чадсан гэх үлгэрийг бид олон номоос хангалттай уншсан. Гэвч бидний бий болгосон нийгэмд барилга байшин, эд баялгийн хэмжээ урьд хожид байгаагүйгээр өсөн нэмэгдэж байгаа ч хувь сапиенс аз жаргалтай байж чадаж байгаа бил үү? Номыг уншиж байх явцад таны өөрөөсөө хамгийн олон удаа давтан асуух асуулт магад энэ байх биз ээ. Төр улс, хууль дүрэм, мөнгө, ардчилал, хүний эрх гээд байгалийн хуулиас ангид бидний өөрсдийн бүтээсэн хийсвэр бүхэн эцсийн дүндээ хэний? юуны төлөө байдаг юм бэ? гэх асуултууд ч толгойд чинь эргэлдэх байх. Оксфордын Их Сургуулийн профессор Хараригийн энэхүүү бүтээл зөвхөн хүн төрөлхтний  түүхээс гадна хувь хүний аз жаргал, эрх чөлөө, амьдралын утга учир гээд олон зүйлсийг танд бодогдуулах болно гэдэгт итгэлтэй байна.


Уншигч Ш.Хэрлэнтунгалаг

Анх ч түүх, шинжлэх ухааны төрөл гэхээр уншмааргүй санагддаг байлаа. Гэтэл цаг цагаараа байдаггүй юм байна. Сонирхдоггүй зүйлсээ хүртэл шохоорхоход ном л гүүр болсоор... Энэ ном бол түүхийг ингэж л бичмээр дээ гэж өөрийн эрхгүй бодогдуулсан юм. Та энэ номоос ямар их мэдээлэл, ямар их шинжлэх ухааны баримт өөртөө үлдээн авахыг би хэлж мэдэхгүй. Ямар ч л гэсэн өөрөө унших нь зүйд нийцнэ. Тэмдэглэл бичихэд ахадсан сэдвүүд байлаа. 




СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/