Монсудар хэвлэлийн газраас хэвлэгдэн гараад удаагүй байгаа францын орчин үеийн уран зохиолын сонгодгуудын нэг хэмээн тооцогддог Маргерит Дюрас зохиолчийн "Амраг" хэмээх бүтээлийн тухай The Paris Review-д 2015 онд нийтлэгдсэн -н бичвэрийг орчуулан хүргэж буйг хүлээн авна уу.

"Амраг" номын 1985 онд New York Random House-с хэвлэгдсэн хавтас дээрх залуу Маргерит Дюрас

Маргерит Дюрасын “Амраг” туужийн эхэнд уншигчид санаанаас үл гарам нэгэн дүртэй танилцдаг нь Сайгон хүрэхээр Мекон мөрнийг хөндлөн гаталж буй гатлага онгоц дээрх бяцхан даавуун хүүхэлдэйг санагдуулам содон охин билээ. Арван таван нас хагастай тэрээр ханцуйгүй, гүн ухлаадас бүхий задгай энгэртэй, улаан торгон даашинз дээрээ ах нарынхаа нэгийнх нь арьсан бүсийг бүсэлж, алтлаг өнгийн шаахай өмссөн байх агаад өргөн гэгчийн хар туузан эмжээр, тэгш хүрээтэй эрэгтэй бүрх малгай духдуулсан нь хамгийн их харц булаана. Охин наснаасаа нэг бол балчир ч юм шиг, аль эсвэл оворжуу ч юм шиг харагдах нь сонин.

“Минийх болсон цагаас нь эхлэн тэр малгайнаас би салаагүй. Түүнийгээ өмсмөгц л миний бүх зүйл бүрэн бүтэн болчих шиг санагддаг сан. Мөнөөх өсгийтэй шаахай ч мөн л тийм сэтгэгдэл төрүүлнэ. Гэхдээ малгайны минь энд яаж хүрэх вэ. Шаахай малгайтай минь яагаад ч авцалдахгүй, харин малгай миний хүүхдэрхүү чөргөр биеийг тодотгодог учраас тэдгээр нь надад хоёулаа л зохиж байгаа хэрэг.”

Товчхондоо, хэн нэгний уран төсөөлөл мэт өнгө аяс бол туужийн гол онцлог юм. Номын өгүүлэгч нь үргэлж хувьсан өөрчлөгдөж буй залуухан бүсгүй. Цагаасаа урьтаж насанд хүрсэн хүний амьдралыг туулах түүний замнал 27 настай, хар лимузинтэй, хятад бизнесмен эр буюу амрагтайгаа гатлага онгоцны аяллын төгсгөлд харц тулгарч, дур хүслээ анхлан мэдэрснээр эхэлдэг.

Дюрасын 48 дахь бүтээл болох “Амраг” 1984 онд Францад хэвлэгдэж үүнээс нэг жилийн дараа Америкт орчуулагдан хэвлэгджээ. Ердөө 100 гаруйхан хуудастай уг ном 70 настай зохиолчийн хоорондоо холбоо уялдаа муутай эргэцүүллүүд, өнгөрсөн амьдралынх нь бүдгэрч баларсан гэрэл зургуудыг үзэж байгаа мэт бичигджээ. Зохиолч Дюрас “Амраг”-ийг өөрийн намтарчилсан тууж гэдгийг мэдэгдсэний дараагаас эхлэн эл бүтээл олон улсад жинхэнэ шуугиан тарьж эхэлсэн байна. Энэ тухайд “New York Times” сонин  “Үнэн гэдэг бол Дюрасын ертөнцөд тун чиг барьц муутай чанар” гэсэн бол Дюрас харин өөрөө “Миний амьдралын түүх гээд байх зүйл бараг байгаагүй” гэж нэг ярилцлагадаа дурдсан удаатай. Анх хэвлэгдсэнээс нь хойш арав орчим жилийн дараа кино найруулагч Жан Жак Анно туужийг дэлгэцийн бүтээл болгосноор зохиолч ч, “Амраг” тууж ч илүү нэр алдрыг дагуулсан байна. Зохиолч Дюрас  кино бүтээх үйл явцад оролцоогүй ба кино нь туужийн эротик агуулгад түлхүү анхаарсан бүтээл болжээ. Хэдийгээр эх зохиолын багагүй хэсгийг эротик дүрслэлүүд эзэлдэг ч, “Амраг” тууж зохиолчийн гэр бүлтэйгээ таагүй харилцаатай байсан тухай болон тухайн үеийн Францын колони байсан Индохятад (фр.indochine) соёлын чухал асуудлуудыг хөндсөн бүтээл болсон аж.

Анх хэвлэгдсэнээсээ хойш 30 гаруй жил өнгөрсөн ч гэсэн “Амраг” тууж тоймгүй олон зохиолчийн онгодыг хөглөж, өдгөө ч үй түмэн мэргэжлийн шүүмжийг араасаа дагуулсаар л буй. 2015 оны 4 сарын 14-нд Нью-Иорк хотын “Symphony Space”-д номын 30 жилийн ойн хүндэтгэлийн уулзалт болж, үүнд нь зохиолч Катерин Лейси, Акил Шарма, Кейт Замбрено болон “The New Yorker сэтгүүлийн уран сайхны редактор Франсуа Мули гэхчлэн “Амраг”-ийг бахдан шагшсаар байдаг шүтэн бишрэгчид нь цугларсан байна.  

“Амраг” тууж бусдын нөлөөнд үйлдэгдэх (пассив) болон 1-р эзэн бие хүүрнэх хэлбэрийн хооронд өрнөдөг нь яг л дотнын итгэлт хүнтэйгээ нууцаа шивнэн ярилцаж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. “The New Yorker сэтгүүлийн уран сайхны редактор Франсуа Мули түүний энэ бичлэгийн хэв маягийн тухайд “Зохиолыг уншихад яг л хэн нэгэнтэй гурван хундага дарс уучхаад сэтгэлээ уудалж байгаа мэт санагддаг. Дюрас тантай бүтээлээрээ дамжуулан нандин холбоо үүсгэдэг нь тун ховор илэрдэг гайхалтай чадвар юм” гэж дүгнэжээ. 1996 онд нас нөгчсөн зохиолч Дюрас архины хамааралтайгаа он удаан жил тэмцсэнийг мэдэх хүмүүст эерэг сайхан мэдрэмж төрүүлжээ. Франсуа Мулигийн хувьд “Энэ ном уран бүтээлчийн хувьд оргилдоо хүрсэн нэгний өөртөө итгэлтэй, өөрийгөө хүлээн зөвшөөрсөн бүтээл болсон” гэдгийг онцлон хэлсэн байдаг.

 “Амрагийг өгүүлэгчийн дуу хоолой, түүний өгүүлж буй дурсамжуудын хооронд асар хол орон зай бий. Тэр дуу хоолой маш сонсголонтойн дээр дурсамжуудынхаа дундуур хэсүүчилж, номынхоо талд нь хүртэл гол сэдэв болох дурлалынхаа тухай ярьдаггүй нь сонирхолтой. Хэдийгээр хайр дурлалын сэдэвтэй зохиолд тооцогддог ч, угтаа бол хаалттай орчинд хайрлаж дурласан эмэгтэй өөрийн дотоод зөрчил, хүч чадал, боломж бололцоог байгаагаар нь хүлээн зөвшөөрч буй тухай түүх юм” гэж зохиолч Катерин Лейси мөн сэтгэгдлээ хуваалцжээ.

Номын үйл явдлыг ойлгохын тулд Дюрасын хувийн амьдралтай танилцах хэрэгтэй юу?

Номд гардаг арьс өнгөний үзэл, нийгмийн давхарга, соёлын асуудлуудыг ойлгож уншихын тулд тэдгээр түүхийг заавал мэддэг байх шаардлагагүй. Иймэрхүү ном уншихдаа ч би өөрөө тэр бүр урьдчилж судлаад байдаггүй. Тухайн номыг зүгээр л уншиж, үнэлэх нь чухал санагддаг юм. “Амраг” бол миний хувьд хайр дурлалаас илүүтэй хүч чадлын тухай тууж. Хайрын хариуд хүч ирдэг. Магадгүй “Хүч чадал солилцогч” гээд нэрлэчихсэн бол онцгүй дуулдах байх л даа, гэхдээ энэ ном надад шатрын хөлөг шиг санагддаг юм. Номд дурлалт хосууд хоорондоо, ондоо соёлууд хоорондоо, гэр бүлийн гишүүд хоорондоо хүч чадал, боломжоо солилцох үед юу болдог тухай өгүүлдэг” гэж Катерин Лейси дээрх асуултад хариулсан аж.

Зохиолч Дюрас өөрөө “Амраг” номын амжилтаа маш их гайхан хүлээж авснаар барахгүй бүтээлээ үгүйсгэн, киноны зохиол дээрээ үндэслэн “The North China Lover” хэмээх шинэ ном туурвижээ. “Амьдрал” хэмээх Маргерит Дюрасын намтарчилсан бүтээлд “Амраг”-ийн олон улсад гаргасан амжилтаа үл харгалзан, тэрээр энэ номынхоо тухай ам муутай байдгаа дурдсан нь бий. Мөн Дюрас киноны зураг авалтын үеэр Анно найруулагчид “Амраг ёстой олиггүй зохиол болсон, нисэх онгоцны буудлын сонины мухлагуудад хөглөрч байвал л таарна, яагаад гэвэл би согтуу байхдаа биччихсэн юм” гэж ярьсан нь тун ч хачирхалтай.

Номын тухай дэлгэрэнгүйг эндээс уншаарай.


СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/