Монсудар хэвлэлийн газраас Ремо Х.Ларго хэмээх хүүхдийн эмчийн бичсэн боловсрол, хүмүүжлийг хүүхдийн зүгээс бодох тухай "Сурах гэдэг өөр" ном хэвлэгдэн гараад удаагүй байгаа билээ. Тэгвэл уг номын агуулга руу нэг өнгийн харцгаая.


Сурах гэдэг өөр” гэх нэрээсээ юун тухай ном гэдэг андашгүй биз ээ. Хүмүүнлэг ардчилсан энэ нийгэмд өндөр хөгжилтэй орнууд сургалтын чиг хандлага, арга зүйгээ өөрчлөөд олон арван жил өнгөрчээ. Гэтэл бид яг одоо хэр өнгөрсөн зуунаараа, дадсан сурснаараа явсаар байна.

Аливаа сургуулийн зорилго бол амьдралд, нийгэмд бэлтгэж өгөх. Гэтэл дөч, тавин жилийн турш огт өөрчлөгдөөгүй яваа бодлого, арга барилаар сурсан хүүхдүүд маань амьдралд бэлтгэгдээгүй төгсдгийг хэн хүнгүй мэднэ. Тэр тусмаа өнөө цагийн хүнд байвал зохих хандлагын яг эсрэг бодол санаатай болж төгсдөгийг засаж авах маш хэцүү байдаг. Энэ хэвээр явсаар байдал улам хүндрэх янзтай тул манайд хэрэгцээтэй, нийтэд нэн чухал ач холбогдолтой гэж үзэн Монсудар хэвлэлийн газраас энэхүү номыг гаргасан билээ.

Хэн хүнгүй мэддэг атал яагаад өөрчлөхгүй байна вэ?

Аливааг өөрчилнө, хуучнаасаа сална, шинэ зүйл хийнэ гэдэг асар их ажил дагуулдаг. Нэг талаас төр засаг төвөгшөөж, нөгөөтээгүүр иймэрхүү шүүмжлэлт хандлагыг томчууд хэчнээн сонслоо ч бид ингэж явсаар ирсэн ч буруудаагүй, тэгэхээр цаашдаа ч үүгээрээ явахад яахав дээ хэмээн харзнадаг байдалтай холбоотой. Залуусын хувьд ялгаагүй. Сургуулиа онц сайн төгссөн залуус ажилд ч, амьдралд ч гологддог. Үүнийгээ ихэнх нь мэдэрдэг. Гэтэл хэн ч энэ тухайгаа ярихгүй, бүх зүйл болж буй мэт чимээгүй явсаар. Гадаад, дотоодын мундаг сургууль төгсөөд ирсэн залуус олон. Гэтэл тэд ч ялгаагүй, байгаа байдалдаа амархан уусч, ямар ч өөрчлөлт шаардахгүй, урсгалаараа чимээгүйхэн яваад байдаг нь гайхмаар.

Тэгэхээр боловсролын тогтолцоог өөрчлөхийн тулд яах вэ?

Үнэн байдал маань ийм байна гэдгийг, энэ байдлаа бид өөрчлөх ёстой юу үгүй юу, хэрэв тийм бол хаанаас эхлэх вэ гэдгийг хөндөж ярихаас эхэлнэ. Хамгийн гол нь төр засаг энэ асуудлыг анхаарч, өөрчлөлт хийхийг эрмэлзэхийн оронд сонгууль болтол аргацааж байвал цаашид хамаагүй гэдэг хандлагаасаа салах ёстой. Боловсролыг үнэндээ эцэг эхчүүд, багш нар өөрчлөхгүй. Бүх зүйлийг дээрээс шийддэг, доороос бүтээлч санаачилга гараасай гэж хүсдэггүй, гарлаа ч сонсдоггүйн улмаас багш нар зөвхөн яамнаас хэлснийг биелүүлж, урдах ажлаа хийгээд явъя гэх сэтгэл зүйтэй болоод уджээ. Тиймээс багшид найдах ямар ч боломжгүй. Эцэг эхчүүдэд бас л найдах аргагүй. Тэд үр хүүхдэдээ сайн боловсрол эзэмшүүлэхийн төлөө чадах бүхнээ хийдэг. Боломжтой зарим нь хувийн сургуульд оруулж байгаа нь чадах чинээгээрээ хичээж байгаа нэг хэлбэр. Гэвч боловсролыг сайжруулахын тулд яг юу хийх ёстойг тэд мэдэхгүй. Тэгэхээр боловсрол сургалт зуунаар хоцрогдож, энэ байдлаасаа салж чадахгүй яваа ийм нөхцөлд төр анхаарал хандуулж, шууд хийчхэж чадахгүй юм аа гэхэд ядахдаа хийхийг эрмэлзэх ёстой. Ажил хэрэгч яриа эхлүүлж, тэндээсээ өөрчлөлт рүү чиглэх ёстой. Гэтэл ердөө 4 жилийн хугацаагаар харж, сонгуулиас цаашхыг бодохгүй явна.

Манай иймэрхүү байдлыг энэ номд нүдээр харсан мэт тов тодорхой хэлжээ. Бид орчин үеийн боловсролын яг эсрэг яваад байна гэдгийг. Тиймээс энэ номыг хүн бүр авч уншвал, уншсан хүмүүс бидэнтэй ярилцвал бүр сайн сан. Төр засгийн эхлүүлээгүй яриаг эхлүүлж, тал талаасаа ярилцан, нийгэмд тодорхой хэмжээгээр нөлөөлж, цочроо өгвөл төр эцэстээ анхаарч магадгүй гэж найдсан билээ. Европын орнууд манайхаас өөр гэлцдэг ч сурч боловсрох чиг хандлагын талаар тэд олон арван жилийн турш маш сайн судалж, өч төчнөөн асуудал бэрхшээлийг туулж гарсан туршлагынхаа үндсэн дээр бичдэгийн учир асуудлыг илүү тодорхой хэлж, биднээс илүү томъёолж чадсан энэ номыг ярианы тулгуур болгон сонгож авсан юм.

Нэгэн жишээ хэлэхэд 1990 оноос хойш бид уламжлал, ёс заншлын тухай ярьж, үүнийгээ хүмүүжлийн ажил гэж ойлгодог болсон. Уламжлал, ёс заншлаа мэдчихвэл хүүхдүүд маань нийгэмд бэлтгэгдлээ гэх ухвар мөчид ойлголттой явдаг. Үүний төлөө багш нар чин сэтгэлээсээ зүтгэдэг нь нэг талаар өрөвдөлтэй. Гэтэл орчин үеийн хандлага, хэрэгцээтэй мэдээллийг хүүхдүүд маш соргог мэдэрч, тэр бүхэнд дуртайяа суралцдаг. Үүнд саад болж байгаа хүмүүс бол эцэг эхчүүд, багш нар. Тэгэхээр бид энэ байдлаа хүлээн зөвшөөрөх, өөрчлөлтөд хурдан суралцах хэрэгтэй болсон. Гуч дөчин жил ажилласан туршлага өнөө цагт чухал биш болжээ. Харин ч гадаад хэл мэддэг, орчин үеийн чиг хандлага, мэдлэгийг хайгаад олоод авч чаддаг, түүнийгээ хүүхдүүдэд хялбар аргаар хүргэж чаддаг багш илүү үнэлэгдэх болж. ЕБС-д зааж буй хичээл, ёс суртахуун, хүмүүжлийн ажил цаашид хэвээрээ яваад байх боломжгүй болж ирлээ.

Хоёр үеийнхний хооронд том ангал үүслээ. Эцэг эхчүүд, багш нар хүүхдүүдээсээ өөр цаг үед амьдраад байх шиг сэтгэгдэл төрнө. Үүнээс болоод хүүхдийг хүмүүжүүлэх, зааж сургах асуудал улам төвөгтэй боллоо. Уламжлалыг тогтвортой хадгална гэдэг чармайгаад ч бүтэшгүй болжээ. Залуу үе маань шинэ зүйлсийг ар араас нь төвөггүй сурч эзэмшиж байхад ахмад үеийнхэн маань амьдралын туршлага нь үнэ цэнээ улам бүр алдахыг мэдэрч байна. Урьд өмнө ахмадууд олон арван жил хуримтлуулсан туршлагадаа үндэслэн залуустаа хэлж сургаж, зөвлөмж туслалцаа нь үнэ цэнтэй байлаа. Гэтэл өнөө цагт техник технологи, ялангуяа мэдээллийн технологийн дэвшил, даяарчлал хийгээд мэдээлэл бүх нийтэд хүртээмжтэй болсон зэргээс шалтгаалан тэрхүү эрэмбэ алдагдаж, магадгүй бүр байр нь солигдчихжээ.
Соёл ба технологийн энэ өөрчлөлт хүүхэд залууст огт төвөг учруулаагүй ч томчуудад бэрх асуудал болж байна. Тэдний үнэт зүйлс эргэлзээ төрүүлж, мэдлэгээр илүүрхэж байсан цаг өнгөрч, мэдлэг чадвар нь яах ийхийн зуургүй хуучирсан. Чухал салбаруудад залуус ахмад үеэсээ илүү чадварлаг болсон удаа хүн төрөлхтний түүхэнд анх удаагаа тохиож байгаа болов уу. Соёлын зарим зүйлс хуучирч үнэгүйдсэнээр нийгэм дэх эрэмбэ дараа ганхаж, нуран унасан нь ахмадуудыг хэцүүдүүлж буй нь тодорхой. Мэдээллийн хэрэгсэлтэй ажиллах чадвараар дутмаг эцэг эх, багш нар олон байгаа нь хүүхэд, томчуудын хоорондын харилцааг хүндрүүлж буйг дурдахгүй өнгөрөх аргагүй. Тэгэхээр эцэг эхчүүд, багш нар тэдгээрийг шинээр сурахад бэлэн байх ёстой.

Түүнчлэн бид хүүхдийг объект гэж үзээд, томчууд бид тэдэнд зааж өгдөг гэж ойлгодог хэвээр. Багш, эцэг эхчүүд хамгийн сайн сайхныг хүүхдэдээ зориулж, зүйрлэж хэлбэл хүүхдийг сайн сайхан бүхнээр дүүргэх ёстой сав мэт үзнэ. Хүүхдийг өөрийн хүчээр бус, харин бусдын хичээл зүтгэлээр, бусдын оролцоогоор өөрчлөх гэдэг хандлага манай боловсролын жанжин шугам. Гэтэл орчин үеийн боловсролын хандлага яг үүний эсрэг. Хүүхэд өөрөө сурдаг, харин бид туслах учиртай. Ингэж явах буруу байжээ, ийм хандлагаас татгалзъя, хүүхдийн сонирхлыг дагуулж, чиг баримжааг нь зааж өгөх маягаар дотроос нь өөрчилбөл жинхэнэ хувь хүн болдог. Гаднаас нь өөрчилбөл хэн нэгний загварт орсон этгээд болно гэж тэд үздэг нь гол ялгаа.

Хүүхэд өөрөө сурдаг сонирхдог гэхээр итгэхгүй байж магад. Гэвч хорвоог танин мэдэх асар их идэвх, хүсэл эрмэлзэл балчир хүүхдээс ундарч байдаг нь өдгөө нэгэнт батлагдсан. Бид үүнээс төвөгшөөж, сурах эрмэлзлийг нь унтраах юм бол харин хүний ам харсан, олныг дагавал алдахгүй гэсэн бодолтой дундаж хүн бүтээнэ. Бид гэтэл дундаж хүн бэлдэж гаргахын төлөө төр засаг, сургууль, эцэг эх чармайгаад байх шиг сэтгэгдэл төрнө.

Гэтэл боловсролын бодлого маань болж бүтэж байна, гагцхүү сургалтын чанараа сайжруулчихвал болно гэсэн зорилттөр засаг маань тавьж байх юм. Энэ сургалтын чанарыг сайжруулна гэхээр хүний хэлснийг хийдэг, нүд хуурсан, олны ая дагасан гэхчлэн та бидний эргэн тойрноосоо хардаг дүр зургийг системтэй бэлтгэхийг зорьж байна гэж эрхгүй ойлгогдоно. Шулуухан хэлэхэд манай боловсролын бодлогоор хэрэгжүүлж буй бүх арга хэмжээ хүүхдийнхээ төлөө гэхээс илүү, хүүхдийнхээ ирээдүйд халтай зүйл хийж, буруу хандлагаар амьдрахад сургаж байна гэхэд болно.

Асуудлыг хөндөж ярих ёстой бодлого боловсруулагч, мэргэжлийн байгууллагууд мөнгө, цаг зарлагадан хийж байгаа хурал зөвлөгөөн энэ бүхнээ цааш үргэлжлүүлэх тухай ярина. Хайран мөнгө, хайран цаг. Зүй нь бол боловсрол сургалтыг өөрчлөх, сайжруулахыг хүсэж, сэтгэл зовж байгаа хүмүүсийг оролцуулаад ярилцаж хэлэлцэж эхлэх ёстой юм. Үүнд хөрөнгө мөнгө ч шаардлагагүй. Гагцхүү ярих хүсэлгүйдээ л тэр.

Тэмдэглэлийг бичсэн: Б.Ундрах (номын орчуулагч)

Энэ номыг уншсан, ярилцахыг хүссэн хэн бүхэн бидэнтэй sm@monsudar.mn хаягаар холбогдож санал хүсэлтээ ирүүлж болох юм.
Номын тухай подкастын 1-р дугаарыг сонсохыг хүсвэл энд, 2-р дугаарыг сонсохыг хүсвэл энд дараарай.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/