Эрдэмтэн судлаачидтай хийж буй цуврал ярилцлагын ээлжит зочноор Түүхийн ухааны доктор Н.Алтантөгсийг урьж ярилцлаа. Түүний хувьд Хятад улсын Жилинь их сургуульд докторын зэргээ хамгаалсан бөгөөд Монгол, Хятадын харилцаа чиглэлээр ажиллаж буй судлаач юм. Тэрбээр өнөөдөр Монгол улсын их сургуулийн Түүхийн тэнхимийн багшаар ажиллаж байна. Ингээд түүний судалгааны арга барилтай танилцахаас гадна түүхийн салбарт өрнөж буй үйл явдлын тухай ярилцсанаа хүргэе. 


Өнөөдрийн ярилцлагаа юуны өмнө нийгэмд өрнөөд буй Өвөр Монголчуудын талаар ярилцах хүсэлтэй байна. Ингэхийн тулд Монгол, Хятадын харилцааны түүхээс эхэлмээр байна

Монголын ба Хятадын нутагт оршин байсан төрт улсууд түүхийн ихэнх цаг үеийн туршид бие даасан, тусгаар төр тулсууд байж, хоорондоо дайтах, найрамдах зэргээр харилцаж ирсэн. Жишээлбэл, хамгийн анхны харилцааны эрх зүйн баримт гэвэл Хүннүгийн Модунь шаньюй болон Хань улсын хааны хооронд байгуулагдсан “Энх ургийн гэрээ”-г дурдаж болно.  Зөвхөн Манж Чин улсын үед монгол, хятад хоёр өөр гуравдагч улсын захиргаанд хамтдаа багтаж, захирагдаж, дарлагдаж ирсэн түүхтэй.  Харин 1911 онд Манжийн дарлалаас гарснаар Монгол-Хятадын харилцаааны шинэ үеийн түүх эхэлдэг. ХХ зууны эхний хагаст Монгол, Хятадын харилцаа ихээхэн ээдртээй бөгөөд харилцан дайсагнасан байдалтай оршиж байсан. Тухайлбал 1913-1915 онд Монгол, Хятадын хооронд дайн өрнөсөн бөгөөд үүнийг түүхчид Таван замын байлдаан гэж нэрлэдэг. Харин 1949 онд Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосноор Монгол, Хятадын өнөөгийн харилцаа эхэлсэн.  

ХХ зууны Монгол хятадын харилцааны онцлог нь юунд оршиж байв?

Манж Чин улс мөхсөнөөр Монгол, Хятад улс тусгаар тогтносон боловч хоёр улс харилцан бие биенийхээ талаар өөр байр суурийг баримталж байсан. Богд хаант Монгол улс болон бүх монголчуудын байр суурь нь Монгол бол тусгаар тогтносон улс, газар нутгийн хил хязгаар нь Хятадын Цагаан хэрэм хүртэл оршдог гэж үзэж байсан. Харин Хятадад байгуулагдсан Дундад Иргэн Улс өөрийн нутаг дэвсгэрийг хуучин Манж Чин улсын хэмжээгээр үзэж, үүндээ Монгол Улсыг багтаан үзэж байсан. Энэхүү зөрчлөөс үүдэж 1913-1914 онд 2 улс байлдсан. Улмаар дайтагч талууд Хаант Орос улсын зуучлал, оролцоотойгоор хэлэлцээний ширээний ард сууж, 1915 оны Хиагтын гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Дотоод Монгол буюу өнөөгийн Өвөр Монголыг Дундад Иргэн улсын дотоод муж болгож, харин Гадаад Монгол буюу өнөөгийн Монгол улсыг Дундад  Иргэн Улсын харьяанд нэрийн төдий “автономит” эрхтэй орших бүс нутаг болгон зарласан. Үүнээс үүдэж Өвөр Монгол болон Монгол хоёр салах эрх зүйн процесс нь эхэлсэн.


Түүхэндээ тусгаар тогтносон БНМАУ-ын зүгээс Өвөр Монголчуудыг өөрсдөдөө нэгтгэх бодлого явуулж байсан удаа бий юу?

1920-оод оны дунд үеэс БНМАУ-аас өвөр монголчуудад зориулсан тусгай бодлого явуулж байсан. Энэ бол Дотоод Монголын Ардын Хувьсгалт Нам (ДМАХН) байгуулж, үүнийгээ МАХН-ын салбар хэмээн зарлаж, Улаанбаатар хотод ДМАХН-ын гишүүдийг ирүүлж, сургаж бэлдэж байсан. Энэ нь цаашид өвөр монголчуудыг БНМАУ-д нэгтгэх шат дараатай үйл ажиллагааны эхлэл байсан болов уу гэж харагддаг. Гэвч энэ нь 1928 оны Хятадын Коммунист намын бүтэлгүйтэлтэй холбоотойгоор нуран унасан. БНМАУ-ын зүгээс Өвөр Монголчуудын талаар явуулж буй бодлогодоо өндөр ач холбогдол өгч байсан. Гэвч яг ямар бодлого явуулах вэ гэдэг нь Зөвлөлт, Хятадын харилцаанаас ихээхэн шалтгаалж байсан. Энэ цаг үед Зөвлөлтын зүгээс Хятадад маш идэвхтэй бодлого явуулж, Хятадад коммунист хувьсгал экспортлохыг зорьж байсан. Коминтерний зүгээс Хятадын Коммунист Намыг дэмжиж, Гамин нам болон Хятадын Коммунист Намын хооронд холбоо байгуулах, тэдгээрийг санхүүжүүлэх, зэвсгээр туслах үйл ажиллагаа явуулж, энэ харилцааны гол гүүр нь БНМАУ болж байсан. Үүнээс үүдэн Хятадын Коммунист Нам болон Гамин нам хамтарч бүх Хятадыг нэгтгэх дайныг 1927-1928 оны хооронд хийж, Хятадыг нэгтгэж чадсан. Энэ үеийг төгсгөл болсны дараагаар Гамин нам Хятадын Коммунист Намыг эргэн довтолсноор Коминтерний эл бодлого нуран унасан гэж үзэж болно. Үүнээс үүдэн Хятадын талаар явуулж байсан Коминтерны бодлого эрс өөрчлөгдсөн. Энэхүү өөрчлөлтийг дагаж БНМАУ-аас явуулж байсан ДМАХН-ын талаар явуулж байсан бодлого зогссон түүхтэй.

БНМАУ болон БНХАУ-ын харилцаа 1960-аад оноос нэлээд хүйтэрсэн. Энэхүү харилцаа Өвөр Монголчуудад хэрхэн туссан бэ?

1966-1976 онд Хятадад өрнөсөн Пролетарийн соёлын их хувьсгал Өвөр монголчуудад маш хүнд туссан түүхтэй. Үүнийг ярихын өмнө 1950-аад оны үеийг тодруулах хэрэгтэй. 1952 онд Маршал Х.Чойбалсанг нас барах хүртэл Монгол, Хятадын харилцаанд дорвитой өөрчлөлт гараагүй. Харин 1953-1956 онд хоёр улсыг холбосон их говийг дамнасан төмөр замыг Зөвлөлтийн тусламжтай барьснаар Монгол, Хятадын хооронд олон мянган жилийн түүхэнд байгаагүй шинэ үеийн харилцаа эхэлсэн. Хуурай замын хамгийн үр ашигтай тээврийн хэрэгслээр олон зуун сая хүн амтай улстай монголчууд холбогдсон бөгөөд энэ үед Монгол, Хятадын хооронд ах, дүүгийн гэгдэх найрамдалт харилцаа хөгжиж байв. 1950-иад онд БНМАУ-д 12 мянга гаруй хятад ажилчдыг авчирсан, БНХАУ-аас их хэмжээний зээл тусламж өгөх болсон, өргөн дэлгэр худалдаа эхэлсэн, БНМАУ өөрсдийн хил хамгаалах байгууллагынхаа хүчийг эрс цомхотгсон зэрэг үйл үйл явдлууд өрнөж байсан.

Монгол, Хятадын хооронд харилцаа ингэж огцом сайжирсны учир нь Зөвлөлт, Хятадын харилцаа сайжирсны үр дагавар байсан. Үүнийг өрнөдийн судлаачид “Бал сарын үе” хэмээн хочилдог. Монгол, Хятадын ах, дүүгийн найрамдалт харилцаа эрчимтэй хөгжсөн явдал нь Зөвлөлт, Хятадын харилцааны загварыг Монгол, Хятадын харилцаан дээр буулгасан үйл явдал байсан. Нам, засгийн төв хэвлэл “Үнэн” сонины толгой энэ үед хятад уриатайгаар хэвлэгдэж байсан түүх бий. Энэхүү харилцааг дагаад БНМАУ болон Өвөр монголчуудын харилцаа сайжирч, олон зуугаараа БНМАУ-д нүүн ирж байсан. Өвөр Монголчуудын дунд “Монгол улс биднийг эргүүлэн нэгтгэж авах нь” гэх яриа хүртэл гарч байсан. Өвөр Монголд соёлын бригадыг ихээр илгээж, кирилл үсэг зааж, БНМАУ-ын социалист соёлын ололт амжилтыг Өвөр монголд сурталчилж эхэлсэн.

Үүний хажуугаар ХКН-ын зүгээс Зөвлөлтөд 3-4 удаа Монголыг Өвөр Монголоор дамжуулан өөрсдөдөө нэгтгэх саналыг тавьсан баримтууд бий. Хятадын Коммунист Намын зүгээс БНМАУ-ын засгийн газар болон ард түмний сэтгэлийг татах, эдийн засаг, соёлын нөлөөг тогтоох бодлогыг явуулж байсан. Ялангуяа эдийн засгийн тал дээр тусгай анхаарч, тусламж зээл үзүүлж байсан. Харин 1960-аад оноос нөхцөл байдал өөрчлөгдсөн.



Энэхүү нөхцөл байдал өөрчлөгдсөн шалтгаан нь юу байв?

Зөвлөлт, Хятадын харилцаан гарсан эргэлт үүнд голлон нөлөөлсөн. Зөвлөлт, Хятадын хооронд өрнөж байсан геополитикийн зөрчил ил гарч эхэлсэн. 1960 оноос эхлэн Зөвлөлтийн зүгээс Хятадын Коммунист Намыг ил тодоор шүүмжилж эхэлснээр манай улсын зүгээс ч энэхүү бодлогыг дагаж ХКН-ыг шүүмжилж эхэлсэн. 1960-аад оноос МАХН-ын зүгээс Монголд амьдарч байсан Өвөр монголчуудад иргэний харьяалал олгох бодлгыг явуулсан. Үүний үр дүнд хэдэн зуун өвөр монгол гаралтай хүн БНМАУ-ын  иргэний харьяаллыг авсан.

Үүнээс хойш БНМАУ-ын зүгээс өвөр Монголчуудыг өөрсдөдөө нэгтгэх бодлого, оролдлогуудыг хийж гарсан уу?

1949 онд БНМАУ-БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосон. Уг харилцааны үндэс нь харилцан бие биенийхээ тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох гэсэн зарчмууд бий. Уг зарчмын хүрээнд Монгол Улсын зүгээс анхнаасаа дээрх зарчмуудыг хүндэтгэн үзэж, БНХАУ-ын “нэг хятад” гэх бодлогыг тууштай дэмжиж ирсэн. Монгол Улсын зүгээс Тайвань бол тусгаар тогтносон улс, Өвөр монголчууд тусгаар тогтнох ёстой гэх мэт дээрх зарчимд харш бодлогуудыг явуулдаггүй. Харин ч олон удаа Нэг хятадын бодлогыг дэмжиж, Тайвань бол БНХАУ-ын салшгүй нэг хэсэг мөн гэх мэтээр мэдэгдлүүдийг гаргаж байсан. НҮБ-аас Тайванийг хасах, оронд нь БНХАУ-ыг элсүүлэх асуудал дээр БНМАУ-ын зүгээс БНХАУ-ыг дэмжиж байсан. 1971 онд БНХАУ НҮБ-д элсэхэд дэлхийн социалист улсууд, түүний дотор БНМАУ-ын илэрхийлсэн дуу хоолой зохих хувь нэмэр оруулсан болов уу. Түүнээс биш, Өвөр монголыг Хятадаас салгаж авах асуудал Монголын төр засагт ч, судлаадын дунд ч байдаггүй, яригддаггүй.

Өнөөдөр Өвөр Монголд өрнөж буй хос хэлний сургалтын асуудалд бид оролцох ёсгүй гэсэн хандлага нэлээд байна. Энэ тал дээр таны байр суурь?

Ер нь цэвэр олон улсын харилцааны эрх зүйн үүднээс харвал энэ бол БНХАУ-ын дотоод хэрэг. Гэвч нөгөө талаас заавал улсын дотоод хэрэг гэж хамаардаггүй хүний эрхийн түгээмэл ойлголтууд бий. Хүн эх хэл дээрээ сурч боловсрох эрх бий. Энэ эрх нь зөрчигдөж байна гэж үзэж буй учраас Монгол улсад эсэргүүцлийн жагсаал, тэмцэл гарч буй байх. Ингэж жагсаж цуглахдаа, тухайн улсын дотоод хэрэг оролцох ёсгүй гэсэн байр суурийг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Үүнийг бид ямагт бодож байх хэрэгтэй. Жишээлбэл, бид Баян-Өлгий аймагт заавал монгол-кириллээр сурах ёстой гэсэн шийдвэр гаргахад Казакстаны зүгээс оролцоод эхэлбэл бидэнд ямар санагдах билээ? Гэхдээ Казакстаны Засгийн газар оролцох нь нэг асуудал. Харин ард иргэдийн зүгээс эсэргүүцэх нь мөн тусдаа хэрэг.

Тэгэхээр тухайн улсын дотоод хэрэгт оролцоно гэдэг нь юуг хэлэх вэ гэхээр, манай улсын Засгийн газар, парламент, Гадаад яам, элчин сайд зэрэг төрийн байгууллагаас тодорхой мэдэгдэл гаргаад эхэлбэл энэ бол тухайн улсын дотоод хэрэгт хөнгдлөнгөөс оролцож буй явдал болно. Энэ бол тодорхой улс орны харилцаанд баримт болох “акц” болно. Харин энгийн ард иргэдээс үзэл бодлоо илэрхийлэх, эсэргүүцлээ илэрхийлж жагсаж, цуглах, Хятадад хандсан уриалга гаргах нь хүний эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө. Тийм учраас дотоод хэрэгт оролцохгүй байх хэрэгтэй гэж ярьж буй хүмүүс энэ ойлголтоо өөрсдөө маш сайн ойлгох хэрэгтэй.

 

Монгол, Хятадын харилцаагаар мэргэжлийн судалгаа хийдэг хүний хувьд энэ асуудал цаашид хэрхэн шийдэгдэх бол? Олон нийтийн сүлжээгээр тарж буй мэдээллээр Хятадын зүгээс танк оруулж ирлээ, цэрэг дайчилж байна гэх мэт мэдээлэл тарах боллоо?

Миний хувьд энэ байдлыг судлаачийн хувиар анхааралтай ажиглаж буй. Хятадын Коммунист Намын 1956 онд батлагдсан дүрмэн дээр өөрсдийгөө олон үндэстний орон гэж тодорхойлсон бий. Мөн тэнд, ХКН нь том үндэстний элдэв дээрэнгүй хэлбэр, орон нутгийн үндэсний үзлийн эсрэг тэмцэнэ, Их хятадын дээрэнгүй үзлээс сэргийлнэ, арилгана гэх мэтээр зааж өгсөн. Энэ үзэл баримтлалд өнөөг хүртэл томоохон гэмээр өөрчлөлт гараагүй. Тийм ч учир цөөн тоот үндэстний тэгш байдал, соёл, боловсролыг хамгаалах бодлого БНХАУ-ын төрийн бодлогод чухал байр суурь эзэлдэг. Харамсалтай нь сүүлийн 10-аад жилд болж буй процессыг харахад хятад хэлний хэрэглээг нэмэгдүүлэх, цөөн тоот үндэстнүүдийн боловсролд хятад хэлний агуулгыг үе шаттай нэмэгдүүлэх процесс явгдаж байна. Үүнийгээ албан ёсоор хятад хэлний сургалтыг сайжруулах гэж тайлбарлаж буй боловч үнэ хэрэгтээ цөөн тоот үндэстнийг хань үндэстэнд уусгах, хэл, соёл, боловсролыг устгах процесс болж хувирсан. Үүнийг миний хувьд Хятадын Коммунист Нам өөрсдийн үзэл баримтлалынхаа эсрэг бодлого явуулаад байна уу гэж харж байгаа.

2020-2026 оны хооронд Өвөр Монголын бага сургуулийн хөтөлбөрт гарч буй өөрчлөлтөөр 1-р ангид нь хятад хэлээр хичээл орно. 2-оос дээш ангид өөрчлөлт орохгүй гэж тайлбарлаж байгаа. Энэ жилийн тухайд бол 2-р анги болон түүнээс дээш ангиудад ямар нэг өөрчлөлт гарахгүй. Гэхдээ дараагийн жилүүдийг харахаар энэ жил 1-р ангид орсон хүүхэд хойтон 2-р ангид орохдоо цөм хятад ёс суртахууны хичээлүүд болон бүх хичээлээ хятад хэлээр үзнэ гэж байгаа юм.

Урьд нь 1-р ангид бүх хичээл монголоор үзээд, 2-р ангиас хятадаар орох хичээл нэмэгдэж буй бол энэ жилийн 1-р ангийн элсэгчид шууд хятад хэлээр хичээл үзэж эхэлж байгаа юм. Харин 6 жилийн дараа буюу 2026 он гэхэд монгол хэлээр хичээл үзэхгүй болно. Тэгэхээр Өвөр монголд болж буй үйл явдал нь энэхүү урт хугацааны хөтөлбөрийн өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа болохоос хятад хэлийг эсэргүүцээд буй явдал биш юм шүү.

Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.

Миний зүгээс ярилцлагын төгсгөлд нэг зүйлийг дурдаж хэлмээр байна. Миний ярьсан зүйлс бол аль нэг улсын Засгийн газар, ард олны байр суурийг илэрхийлээгүй, харин зөвхөн судлаач хүний хувийн байр суурь гэж ойлгоорой. Баярлалаа.

 

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/