“Алдагдсан зүйлсийн жагсаалт”. Удахгүй та бүхний гар дээр очих орчуулгын шинэхэн бүтээл маань ийм нэртэй. Аливаа юм бүхэн он цагийн аясаар юм уу хэн нэгний хүслээр эвдэрч сүйдэн ор мөргүйд алдардаг жамтай. Амьд байна гэдэг алдахын харууслыг мэдрэхийн нэр ч гэлцдэг. Ингээд бодохоор дэлхийн түүх бол алдагдан одсон түм буман зүйлийн жагсаалт гэлтэй.

Энэ ном яг л «гайхамшгийн танхим” шиг санагдлаа гэж германы хэвлэлд бичсэнийг олж уншаад би ихэд санал нийлсэн юм. Дундад зууны үед сонин содон зүйлсийг цуглуулж хадгалах явдал Европт дэлгэрч, уг зүйлсээ хадгалах танхимыг ийн нэрлэдэг байжээ. Сэдэв, үйл явдал өрнөж буй он цаг, бичлэгийн хэв маягаараа хоорондоо ялгаатай 12 өгүүллэгийг уншихад нээрэн л хуучин цагийн ховор сонин үзмэр бүхий 12 өрөө рүү шагайж үзэх шиг сэтгэгдэл төрнө. Өгүүллэгүүдэд нийтлэг зүйл нэг л бий. Тэр юу хэмээвээс өгүүллэгийн сэжим болсон зүйлс цөм үгүй болсон, алдагдсан зүйлс. Өөрөөр хэлбэл энэ түүвэр мөнх бус, мөхөл сүйрлийг гол сэдвээ болгожээ. Номхон далайн гүнд живсэн арал, устаж үгүй болсон каспийн бар, хайрын дууч Сапфогийн алга болсон шүлгүүд, туурь балгас төдий үлдсэн харш, өдгөө оршин тогтнохоо больсон улс орон, ганц хувь ч үлдэлгүй сүйдсэн ном судар... Нэг ёсондоо бүдэг бадаг ул мөр, барим тавим цуурай болж үлдсэн зүйлсийг хадгалж үлдээхийг эрмэлзсэн зохиолч нэгэн жагсаалт үйлдсэн нь энэ ном. Гэхдээ “Алдагдсан зүйлсийн жагсаалт”-ыг уншигч та бүхэн түүхийн ном, танин мэдэхүйн эсээ гэж сануузай. Өдгөө бараг дурсагдахаа байсан эдгээр зүйлсийн тухай балархай түүхийг зохиолч баялаг төсөөллөөрөө нөхөн дүүргэж, уран тансаг үг найруулгаар чимэглэн хэний ч мэддэггүй түүх болгон хүүрнэсэн юм. Сонин содон сэдэв хийгээд элбэг дэлбэг, баян тансаг бичлэгээрээ энэ түүвэр суут зохиолч Хорхе Луис Борхесийн зохиолуудыг эрхгүй санагдуулдаг.

Эдгээр өгүүллэгийн баатрууд цөмөөрөө мөнх бустай, мартагдалтай тэмцэх нөгөө ертөнцийн оршин суугчид: Хүн төрөлхтний мэдлэгийн санг хөдөөх эдлэндээ хурааж цуглуулах хачирхалтай өвгөн, барилга байшинг туурь балгас болгон дүрсэлж, огт тохиолдоогүй өнгөрсөн цагийг амилуулдаг зураач эр, Манхэттэний гудмаар хэрэн хэсэж, би чухам хэзээ үхсэн юм бол оо вэ хэмээн өөрөөсөө асуух өтөлж яваа жүжигчин Грета Гарбо, түүхийн хуудаснаас арилсан Зүүн Герман улсад өнгөрсөн бага насаа мөшгөн хайж яваа зохиолч бүсгүй өөрөө ч бий.

Энэ номыг гаднаас нь ч, дотроос нь харсан элж хуучрах, элэгдэж үрэгдэх хорвоогийн жамыг санагдуулна. Зохиолч Юдит Шаланский номоо бичээд зогсохгүй, харагдах үзэмжийг ч өөрөө зохиомжилж, хэлбэр ба агуулгыг нэг санаанд зангидан цогц бүтээдгээрээ олны анхаарлыг багагүй татдаг юм.

Өөр өнгө төрх бүхий өвөрмөц бүтээлүүдээрээ алдаршаад буй залуу зохиолч Юдит Шаланскийн Алдагдсан зүйлсийн жагсаалт хэмээх энэ түүвэр 2018 онд гарсан даруйдаа дэлхийн олон орны уншигчдын анхаарлыг татсан билээ. Харьцангуй шинэ энэ бүтээл Герман улсын Мерк компани ба Гёте институтээс хэрэгжүүлж буй “Хамтын орчуулга” төслийн 2 дахь бүтээл болон та бүхэнд хүрэх гэж байна. Тус төслийн хүрээнд Азийн 6 орны орчуулагчид энэ бүтээлийг өөр өөрийн хэл рүү зэрэг хөрвүүлсэн юм. Орчуулагч бид тус тусын орчуулгаа хийхдээ зохиолч Шаланский болон мэргэжлийн зөвлөгч нартай цахим платформоор хамтран ажиллаж, орчуулахад бэрх үг хэллэгийн талаар санал бодлоо солилцон, өөр өөрсдийн хувилбар, шийдлээ хуваалцаж ажилласан.

Түүнчлэн зохиолч Юдит Шаланскийтай биечлэн уулзах завшаан тохиосон билээ. Европын орчуулагчидтай хамт долоо хоногийн турш зохиолчтой ярилцаж, түүх бүрийн цаад түүхийг аминчлан мэдэж авсны дараа зохиолыг илүү мэдэрч, орчуулахад ч тэр чинээгээрээ дөхөмтэй болсон билээ.

Юдит Шаланский бол өнөөгийн уран зохиол хэчнээн олон талтай, өнгө төрхтэй байж болохыг харуулдаг, үүгээрээ ч олны анхаарлыг татдаг өвөрмөц зохиолч. Сэдэв агуулга, бичлэг гээд бүх зүйлээрээ нэн баялаг эл түүвэр бидний уншиж дадсан уран зохиолоос тэс өөр. Түүх, соёл, газар зүй, гүн ухаан гэх мэт төрөл бүрийн салбарт хамаарах түүхэн хүн, газар орны нэр ус, шинжлэх ухааны ойлголт ч цөөнгүй дурдагдах тул уншигчаас нэлээн анхаарал, мэдлэг шаардахын зэрэгцээ хөтлөөд, хөврөөд явах үйл явдал ч тоймтой. Харин түүний оронд уншигч таныг бодрол эргэцүүлэлд хөтөлж, төсөөллийн тань хязгаарыг тэлж, нүдийг тань нээх болов уу. Орчуулагч миний хувьд ч энэ ном тэр чигтээ танин мэдэхүйн томоохон аялал, том сорилт болсон билээ. “Энэ түүвэр минь хайх хийгээд олох, алдах хийгээд хожихын аль алийг эн тэнцүү хүүрнэж, алив бүхэн ой дурсамжид оршин буй цагт энэ хорвоо дээр орших, эс оршихын зөрүү үнэндээ тун өчүүхэн болохыг танд ухааруулах буй за.” хэмээсэн зохиолчийн үгийг эшлээд уншигч таныг өнгөрсөн ба ирээдүй цагаар аялах сонирхолтой нэгэн аялалд урья.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/