Зуны амралтын эхний нэг сар нүд ирмэх зуур өнгөрч, хүүхдүүд өглөөнөөс орой болтол тоглосоор залхаж, шинэ зүйл хийхийг хүсэж эхэлдэг. Яг тэр үед нь зөв чиглүүлэн, тусалж амралтын үлдсэн хугацааг нь үр бүтээлтэй өнгөрүүлэхэд туслаарай.

 

Тэдэнд бие даасан байдлыг олго

Хичээлийн жилийн турш хүүхдүүд хаашаа явах, юу хийх, хэдэн цагт унтах, юу идэхээ яг таг зааварлуулж, бүхнийг цагийн хуваарийн дагуу хийдэг. Зун болонгуут цагийн хуваариа зүгээр л цонхоор гаргаад шидчих гэж зөвлөөгүй юм шүү, харин хүүхдүүдэд өөрийнхөөрөө юмсыг танин мэдэж, өөрийнхөөрөө аливааг зохицуулж сурахад туслаарай. Цагийн хуваарийн чухал гэсэн гурван дүрмээ л хэвээр үлдээж, бусад цагт нь өөрийнхөө хийхийг хүссэн зүйлсээ дэс дараатай, цаг нартай хийх боломжийг олгож болох юм. Хийх зүйлийг нь өөрөөр нь сонгуулахаар компьютер тоглоом, утас үзэхээс өөр зүйл сонгохгүй шүү дээ гэж бодож байвал, тэдгээр зүйлст нь тогтсон хугацаа өгч, бүрэн хорихгүй ч, гадаа тоглох, спортоор хичээллэх хугацааг нь улам бүр урамшуулж болох юм. Мөн хүссэн номоо өөрөө сонгож унших эрхийг өгөөрэй.

 

Тэдэнд хариуцлага хүлээлгэ

Хүүхдүүд томчууд шиг байх дуртай. Жаахан хүүхэд ч гэсэн тоос арчих, хог шүүрдэх, тоглоомоо цэгцлэх зэрэг хялбар ажлыг хийж чадна. Тэгэхээр утсаар 30 минут тоглохыг хүсвэл хогоо шүүрдэж, тоосоо арчина, гадаа гарч сагс тоглох бол өрөөгөө цэгцлэхэд болно гэх мэт бяцхан дүрэм зохиогоорой. Мөн зуны амралтын хугацаанд эдгээр номыг уншиж дуусган, тэмдэглэл хөтөлж чадвал шинэ хичээлийн цүнх авч өгнө гэсэн ч болно шүү дээ. Гол нь зохиосон дүрэмдээ өөрөө ч бас үнэнч байж, биелүүлж чадсан тохиолдолд амласан амлалтдаа заавал хүрээрэй.


Бүтээлч байлга

Зуны улирал бүх талаар бүтээлч байхад дөхөмтэй хамгийн сайхан улирал билээ. Жишээ нь: зураг зурах, шохойгоор бичих, баримал хийх, түүх зохиох, өдрийн тэмдэглэл хөтлөх, бүжиглэх, дуулах, спортоор хичээллэх гээд л. Гэртээ зурагт үзэж, утсаар тоглохоос өөр олон зүйл хийж болохыг ойлгуулж, сонирхолтой зүйлд нь хөтөлж чадвал зуныг бүтээлч өнгөрүүлж болно шүү дээ.


Хүүхдүүд үзэж харсан зүйлээ зурах тун дуртай байдаг. Харин зуны улиралд зурах зүйл бүр ч ихэсдэг. Янз бүрийн амьтад, цэцэг навч, мод, ургамал гээд л . Ялангуяа ой модонд очвол бяцхан багачуудад урьд өмнө хараагүй зүйлээ харж, сониучирхах зүйл ямар их гээч. Тэр болгоноо хичээнгүйлэн зурах гэж хичээсэн ч заримдаа санаснаар болдоггүй үе бий. Гэхдээ “Ойд-зурж сурах ном” нь зурах аргыг маш ойлгомжтойгоор алхам алхмаар харуулсан тул тун хялбар аргаар зурж сурах болно.


Суралцахад тусал

Орой бүр өөр өөр сэдвээр ярилцаж, өөр өөр ном уншиж түүнийхээ тухай ярилцах ч юм уу. Хичээлийн жилийн уйтгартай хэмнэлээс ялгаатай, хөгжилтэй зугаатай байдлаар ч сурч мэдэж болдог гэдгийг ойлгуулаарай.

Хэрэв гэр бүлээрээ салхинд гарах гэж байгаа бол “Миний судалж тоглох ном”-ыг авч явахаа мартаж болохгүй шүү.  Янз бүрийн тоглоом болон туршилт бүхий энэхүү ном нь цагийг зөв ашиглах зугаатай арга болно. Номд багтсан 150 гаруй санааг гэртээ, зуслан дээрээ, ойд, хөдөө хаана ч хийх боломжтой бөгөөд гарын доорх материал ашиглаж болохоороо онцлогтой.

Санал бодлыг нь асуу

Бие даасан байдал, үүрэг хариуцлага, бүтээлч байдал, мэдлэг чадвар гээд бүгдийг нь олгож чадлаа ч, юу хүсэж байгааг нь үнэн сэтгэлээсээ сонсож, үзэл бодлыг нь хүлээж авах хүн хамгийн чухал нь шүү. Эцэг эхчүүд бид хүүхдэдээ бүрэн анхаарлаа хандуулж төдийлөн чаддаггүй. Бид ихэвчлэн хоолоо хийнгээ, утсаа гөлрөнгөө тэднийг сонссон дүр үзүүлдэг, тиймээс зуны амралт нь ямархуу байгааг, юу хийхийг хүсэж байгааг нь үргэлж асууж байгаарай.


Хүүхдэдээ төрж буй мэдрэмжийг анхаарч, анзаарч, илэрхийлэхэд туслах нь зуныг төдийгүй, хүүхдийнхээ бага насыг сайхан өнгөрүүлэх түлхүүр юм. Энэ тал дээр мэдрэмжийн цуврал танд туслах болно.


Эцэст нь хэлэхэд хамгийн чухал нь эцэг эх таны хичээл зүтгэл юм шүү. Шинийг эрэлхийлж, зуныг зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжуудыг судалж, санаачилж чадахгүй бол та болон танай хүүхдүүд нэгэн хэвийн, хожим дурсах зүйлгүй уйтгартай зуныг үдэх болно.

 

Эх сурвалж: https://www.infarrantlycreative.net/

 Ц. Оюумаа

#ЗуныгНомтойӨнгөрүүлье

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/