Таны хүүхэд таныг хаа нэгтээ цаасан дээр зурчихсан байгаа. Яаж зурсныг нь та анзаарч байсан уу? Өөрөөсөө хол оо хөндий зурчихсан байна уу? Эсвэл бүүр зураагүй ч байж мэдэх юм. Хүүхэд зурж буй хэлээрээ л өөрийгөө илэрхийлдэг .
Буддаг ном бол хүүхдийн хөгжлийн маш чухал хүчин зүйлсийн нэг. Буддаг номоор дамжиж хүүхдийн төсөөлөл хөгждөг. Танин мэддэг. Бүтээлч сэтгэлгээ хөгждөг. Өөрийгөө илэрхийлж мэдлэгээ бататгадаг. Гарын жижиг булчингууд хөгждөг. Сайн буддаг номын хувьд шүү дээ. Гэхдээ энэ ярианаас өмнө нэгэн зүйлийг дурдъя.
ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ ... Бидэнд хүүхдийн тухай ийм нэг сонин ойлголт бий. Та санал нийлэхгүй байж магадгүй. Гэхдээ хаа сайгүй л энэ үг сонсогдож байдаг шүү дээ. Энэ тухай сонссоор байгаад үнэхээр л хүүхэд өөр ертөнцтэй гээд итгэчихсэн үү. Энэ үгийг хэн гаргаж ирснийг нь мэдэхгүй юм. Ийм нэртэй хүүхдийн гэсэн тодотголтой урлаг соёлын бүтээл, уралдаан тэмцээн өч төчнөөн болж байгаа харагддаг. Дэндүү хөндий бас аймшигтай биш байна уу? Яагаад хамгийн хайртай байх хүүхдээ өөрөөсөө тийм хөндий өөр ертөнцийн нэгнээр бодно вэ?
Магадгүй тийм болохоор ч монголчууд эртнээс “Уйлсаар уйлсаар хүн болно, Майлсаар майлсаар мал болно” гэж томьёолсон биз. Майлсаар майлсаар мал л болно. Харин уйлсаар уйлсаар ямар хүн болох вэ? тэдэнд өөрийн гэсэн бэрхшээл, зовлон, жаргал бий шүү дээ. Хүүхдээ ойлгохыг хүсээгүй байгаа нь энэ үгнээс харагдаад ч байх шиг. Эсвэл зүгээр л ЗӨНГӨӨРӨӨ өсөж байгалийн шалгарлаар биологийн хувьд насанд хүрэхийг хүн болно гэж ойлгоод байна уу? Өдгөө ч “хүүхэд маллаад” гэж ярьцгааж л байна. Хүүхдэдээ иймэрхүү хандаж байгаа жишээг өч төчнөөнөөр нь тоочиж болно л доо. Хэлж ярьж байгаагаасаа л хандлага үүснэ шүү дээ. Магадгүй бид өхөөрдсөн, хөөрхийлсөн худлаа хандлагаар тэдний асуудлыг шийднэ гэж зүтгэдэг нь хамгийн том асуудал юм. Тэд зурж буй зургаараа өөрийнхөө бодол хүслээ ойлгуулах гэж хичээж байгааг анзаарах хэрэгтэй. Өөрийгөө илэрхийлж буй тэр зургийг нь ойлгож ярилцахын оронд авьяас чадвар ярьж эсвэл утга учиргүй дагаж дуурайх буддаг номуудаар залхааж, цаг нөхцөөж байгаа нь хүүхдээ ойлгож байгаагийн нэр үү?
Хүмүүс манай редакцаас нэг зүйлийг их асуудаг.
–Хүүхдэдээ ном авч өгөх гэсэн юм. Ямар ном зүгээр вэ? гэж. Яагаад ном авч өгч байгаа вэ? гэхээр
–Хэрэгтэй шүү дээ цаг нөхцөөнө бас саатуулна гэж хэлж байгаа нь ихэнх нь шүү. Тийм бол танай хүүхдэд ном хэрэггүй юм байна аа гэж хэлмээр байвч ойлгуулахыг хичээж хариулдаг. Тэгэвч тэд ихэвчлэн хүүхдэдээ нөгөө л хөөрхөн зурагтай хөндий хоосон/хуурмаг/ номууд, саатуулах хэрэгсэл болсон хүүхдэд хор нөлөөтэй буддаг номууд авсаар л байна.
Одоо харин гол яриандаа оръё.
Хэрвээ та хүүхдэдээ цаг нөхцөөх, саатуулах төдийхнийг бодож буддаг ном авч өгч байгаа бол хэрэггүй. Түүний оронд ядаж чин сэтгэлээсээ ойлгохыг хичээ. Ярилцахыг хичээ. Тэгээд түүнд юу хэрэгтэй байгааг мэдэрнэ. Тэгээд ярилцаад түүний сэтгэлийг нээ. Юу бодож байгаа тухай нь ярилц цугтаа зур. Төсөөл. Хамтдаа бүтээ. Тэгж чадвал та хүүхдээ бага багаар ч атугай ойлгож эхэлнэ.
Буддаг ном дотроо маш олон төрөл байдаг. Жишээлбэл хүүхдэдээ буддаг ном авч өгч байгаа бол насны онцлогийг нь заавал эхлээд бодолцох ёстой. Дараа нь энэ номын даалгавар нь хүүхдэд ямар нөлөөтэйг маш сайн чухалчлах хэрэгтэй. Элдэв янзын контентыг сурталчилсан буддаг номууд бий. Тэд бол үндсэндээ цаг нөхцөөх эсвэл гарын булчинд л нөлөөтэй. Бусдаар бол бараа бүтээгдэхүүнээ худалдах гэсэн бизнесийн санаа агуулдгийг бодолцох хэрэгтэй.
Харин сайн буддаг ном гэж ямар ном бэ?
- Мэдээж хүүхдийн төсөөллийг хөгжүүлэх дасгал даалгавартай байна.
- Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхүйц ажилбарууд байх хэрэгтэй.
- Насны онцлогийг сайтар бодолцсон байна. Үүн дотроо 2 настай хүүхдийн онцлогийг, 4 настай хүүхдийн онцлогийг, 6 настай хүүхдийн онцлогийг наад зах нь бололцож бүтээсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл дасгал даалгаврууд нь хүүхдийг өөрийг нь бодуулсан, сэтгүүлсэн, илэрхийлүүлсэн, бүтээлч байдлыг нь хөгжүүлсэн агуулга шингэсэн байх хэрэгтэй гэсэн үг юм.
Нэг ийм ном бий. “Анх будах бас зурах ном". Тэр ном ингэж эхэлдэг.
- -Алим ямар амттай байдаг билээ? амтыг нь төсөөлөөд будаарай гэсэн даалгавраар эхэлдэг. Өнгөт фонтой учир доторх алины хэлбэртэй бөөрөнхий хэсэг шууд л будах хэсэг гэж мэдэгдэнэ.
Энд маш чухал зүйлүүд байна. Томчууд бид шууд л улаан, эсвэл шар, ногоон өнгийн харандаа сонгоод будчихаж мэдэх юм. Гэтэл энэ даалгавар дээр АМТЫГ НЬ ТӨСӨӨЛӨӨД БУДААРАЙ гэсэн шүү дээ. Хүүхэд амтыг нь төсөөлөөд ямар ч өнгөөр илэрхийлж болно. Энэ бол сэтгэлгээ, төсөөллийг нь дэмжиж буй даалгавар. Хүүхдэд төсөөлөгдсөн тэр мэдрэмжээрээ будна гэсэн үг юм. Нөгөө талаас 3 настай хүүхдийн сэтгэлгээг хар хүрээгээр хязгаарлаагүй нь маш чухал. Мөн тухайн насны хүүхдийн гарын булчингийн хөгжлийг сайтар бодолцсон нь дугуй дүрснээс эхэлж байна. Ингээд дараагийн даалгавар нь өмнөх даалгавартай уялдаа холбоотой өрнөнө. Өмнө бөөрөнхий хэлбэр бүхий алим будуулж байсан бол одоо гурвалжин дүрс бүхий гүзээлзгэнэ будуулна. Цаашлаад хагас дугуй дүрс бүхий тарвас, зууван дугуй хэлбэртэй гадил гэх мэтээр үргэлжилж байна. Энэ нь бүтцээрээ хүүхдэд дүрсний тухай ойлголтыг өгч байна. Цаашлаад сонирхолтой даалгавар бүхий дасгалуудыг будах, зурах явцдаа тоо тооллын анхны мэдрэмжийг агуулгаараа ойлгуулна. Мөн хүрээлэн буй орчны уялдаа холбоог ойлгож байна.
Түүнээс адилхан будаарай гэсэн зүйл нь хүүхдийг даган дуурайгч л болгоно гэсэн үг. Цаашид ч ийм маягтай ажилласаар байгаад хэн нэгний шийдвэрийг үг дуугүй дагадаг хүн л болно. Шинээр сэтгэж чадахгүй байгаа нь түүний буруу биш гээд ойлгочиход болно. Юу тарина түүнийгээ л хураана гэдэг үг бий. Түүний адил хүүхдэдээ юу өгнө түүнийгээ л ирээдүйд харна гэсэн үг билээ.
Ийм учраас хүүхдийн зургийг, авч өгч буй буддаг номоо сайтар бодолцож сонгож байх хэрэгтэйг сануулъя.
Б. Төрмөнх
СЭТГЭГДЭЛ