Норвегийн нэрт эдийн засагч Эрик Райнерт Баян орнууд хэрхэн баялаг бүтээсэн бэ? Буурай орнууд яагаад ядуу хэвээр үлддэг вэ? номдоо баян орнууд анхнаасаа чөлөөт худалдааг эрхэмлэж баян болоогүй, харин төрийн оролцоо, протекционизм, татвар, татаасын бодлогоор боловсруулах үйлдвэрээ дэмжин тэтгэж хамгаалах замаар баяжсан болохыг эдийн засгийн түүхийн 500 гаруй жилийн туршлагад үндэслэн нотолсон байна. ядуу буюу буурай хөгжилтэй орнууд улс орноо түүхий эдэд шүтэн хөгжүүлэх бус, харин боловсруулах үйлдвэр, хот сууринаа өргөжүүлэн, технологийн дэвшил, хүний хүчин зүйлд түшиглэн хөгжүүлэх ёстойг чухалчилжээ. Ингэхдээ Эрик Райнерт европын улс түмнүүд нэг нэгнээ даган дуурайх замаар хөгжиж цэцэглэсэн хэмээн үзсэн байдаг.[1] Мөн Зигмунд Фройд Тотем ба Табу бүтээлдээ “Хэрвээ би бороо орохыг хүсэж байгаа бол чухамхүү бороотой адилхан, түүнийг санагдуулам ямар нэг зүйлийг л хийх хэрэгтэй” гэсэн байдаг.[2] Эрик Райнертийн гаргаж ирсэн “тэдэн шиг хий” гэсэн санаа бол хүн , улс орон ч мөн адил өөрийн хувь заяагаа хариуцах ёстой. Хэн нэгний үгээр, эсвэл бурхан тэнгэрийн зараалаар шийдэгддэг цаг үе нэгэнт өнгөрсөн болохыг Вольтерийн Кандид зохиолоор жишээлэн өгүүлсэн байна.

Тэгвэл энэ удаад монголын эзэнт гүрэн дээр дурдсан зарчмыг хэрхэн ашиглав. Бусад улс түмнүүд ч монголчуудыг хэн даган дуурайв гэдгийг цухас өгүүлье.

Өөрийн сүр хүч эрх мэдлээ харуулах гэсэн Евроазийн улс түмнүүд тэдний ой санамжид үлдсэн хамгийн хүчирхэг эзэнт гүрэн болох Монголын эзэнт гүрэнтэй ямар нэг сэжмээр холбоотой эс бөгөөс түүн лугаа адил хүчирхэг болох гэх дээ хуучин нийслэл хотод төвлөн суух, тамга тэмдгийг гартаа оруулахыг зорьж байсан нь дамжиггүй.

Монголчуудаас хойш Исламын ертөнцийг байлдан дагуулж байсан Дундад азийн Доголон Төмөр хаан (1370–1405), Бага Азийн Хар (1375–1468) болон Цагаан Коюунлууд (1378–1501), Ираны Сафавидын удмынхан  (1501–1736) бүгд Табриз хотод хаан ор залгамжлахыг нэр төрийн хэрэг гэж үзсэн ба монголчууд нэгэнтээ төр барьж байсан энэ хотоос сүр хүчээ олж авна гэж итгэдэг байжээ. Түүгээр ч барахгүй Монголын эзэнт гүрний дараа Моксвагийн хаад Цагаан хаадын залгамжлагч, Цагаан ордын Цагаан хаан болсон ажээ.[3] Түүнчлэн Оросын иргэншил бол Киевийн Русь болон Москва улсын өвөрмөц уламжлал бүхий язгуур угшил, Византийн голлох нөлөө, Монголын урт хугацааны ноёрхол зэргийн бүтээгдэхүүн юм. Эдгээр хүчин зүйлс л огт өөр хүчний нөлөөгөөр Өрнөд Европт хөгжсөнтэй адилтгах аргагүй тийм нийгэм, соёлыг бий болгожээ.[4] Тиймээс өнөө үед нийслэл хэвээр байгаа Бээжин, Москва хотуудын мандан бадрал ч мөн л монголчуудаас эхлэлтэй. Тэд монголчуудын тэр дундаа Монголын эзэнт гүрний бодлого үйл ажиллагааг даган дуурайж яг бидэн шиг хийсэн байдаг.

Монголчууд ч энэхүү аргыг Ираныг захирахдаа хэрэглэж байсан бололтой. Иран дахь монголчууд өөрсдийгөө iran-zamin буюу Ираны газар нутгийн эзэдтэй ижилсүүлж байжээ.[5]

Энэхүү үзэгдэл хүн төрөлхтний түүхэн дэх нийтлэг үзэгдлийн нэг бөгөөд өрнөдөд Ромын эзэнт гүрний буйр дээр өндийсөн “зэрлэгүүдийн” зарим нь Трояны эсвэл Библийн угсаа залгамжлагчдын нэр алдрыг хүртэхээр чармайсан. Нийтлэг сүсэг бишрэл, гарал үүсэл бүхий олон нийтийг алдар хүндтэй дээдсийн удам угсаа хэмээдэг түгээмэл итгэл төдхөн бий болсон хэмээн Антони Смит Үндэстний хэв шинж бүтээлдээ дурдсан байдаг.[6] Үүний нэгэн адилаар монголчуудыг зарим нэг үндэстнүүд Библийн угсаа залгамжлагч[7] мэтээр бичиж байхад хожмоо монгол шарын шашин дэлгэрэх үест монгол хаадыг Энэтхэг Төвөдийн орноос гаралтай[8] мэтээр бичиж байсан байдаг. Энэ нь аливаа улс үндэстнүүд Чингис хаан гэх супер-хүнийг өөрсдийн угсаа гарваль, түүх соёлтой холбох хүслээс үүдэлтэй юм.

Дундад зууны монголчуудын бодлогоор Хятад, Орос, Иран дамжсан хүн ам зүйн нүүдэл сэлгэлт өрнөөс дорно, дорноос өрнө зүг болж ирсэн. Ж.Саундерс Монголын байлдан дагууллын түүх бүтээлдээ “Хүн ард уугуул нутгаасаа дүйвэн тархаж, олон бүс нутгийн хүн ам зүйд эрс өөрчлөлт орсон” хэмээн үзсэн байдаг. [9] Түүгээр ч барахгүй Монголын байлдан дагууллын гол үр дагавар Түрэг үндэстэнг Баруун Ази даяар тараасан явдал болой гэжээ.[10] Ийнхүү түрэгүүдийг тархаасны үр дүнд XVI зуунд оршин байсан Исламын гурван хүчирхэг улс болох Оттоманы эзэнт гүрэн, Персийн Сафавид, Энэтхэг дахь Моголыг түрэгүүд удирдаж байв.[11] Дан ганц түрэгүүд ч бус Хятад, Уйгар, Кипчак, Хятан, Тангадууд Исламын ертөнц рүү нүүдэллэж, Иран буюу Ари гаралтай хүмүүс Дундад Ази, Хятад, Орост тархаж, монголчууд хэмээх нэрийн дор шинэ үндэстэн, угсаа гарлын эхлэл болж байсан байна. Дундад зууны эцсээс ийм үйл явц үндэстэн,  үндэстний ухамсар төлөвших суурийг тавих байдлаар хөгжиж эхэлсэн байна.[12] Чингисийн удам болох Алтан Ордын Узбек хаан (1313–1341) нас барсны дараа түүнийг дагалдагч “нөхөд” нь өөрсдийгөө Узбек үндэстэн хэмээн зарлаж өдгөөг хүртэл энэ нэрээр тэдний үр удам яваа билээ. 

Аливаа үндэстний газар нутаг, иргэн гэдэг ойлголт  нь үндэстэн, соёлын хэв шинжид эвсэлдүүлэн нэгтгэгчийг шаарддаг. Үүнийг ухаарсан Кемалчууд туркууд бол төв Азиас гаралтай, тэдний  өвөг дээдэс  Чингис хаан, эртний ариун нандин эх хэл (Нарны хэлний онолоос тасаршгүй сэжмээр холбоотой гэдэг онолыг ашиглан угсаатны домог, дурсамж, үнэт зүйлүүд, бэлгэдэл зохиохыг хичээсэн[13] хэмээн Антони Смит үзжээ.

Энэ бүгд бол яахын аргагүй монголчуудаас бусад ард түмний дунд үлдсэн ой санамжийн нөлөө юм. Энэ бол тэд бидэн шиг ажилласны үр дүн юм.  Тиймдээ ч монголчуудын тухай ой санамж нь сүр хүчээ олж авах, үндэсний үзэл санаанд нэгтгэх хүчин болон оршсоор байна.


С.Ууганбаяр



[1] Эрик Райнерт, Баян орнууд хэрхэн баялаг бүтээсэн бэ? Буурай орнууд яагаад ядуу хэвээр үлддэг вэ? Улаанбаатар, 2016.

[2] Зигмунд Фройд, Тотем ба Табу, Улаанбаатар, 2019:129. Жишээлбэл, Манж Чин улсын эзэн хаан Нурхач Лигдэн хааны хасбуу тамгыг олсон мэтээр цуурхал тарааж, өөрийгөө Бүх Монголын хаан болсон хэмээн зарлаж байсан зэргээс тодорхой харж болно. Монгол улсын түүх. Улаанбаатар. 2017:266.

[3] Эренжен Хара Даван, Чингис хаан, Улаанбаатар, 2006:204. Эренжен Хара Даван Халимаг, оросын буриад, мөн түүнчлэн хятадад оршин байх монголчуудын дунд оросын хааныг Цагаан хаан хэмээн хүндэтгэлтэй ханддаг сэтгэлгээг мэдэрч болно хэмээн өгүүлжээ.

[4] Samuel Huntington, The Clash of Civilizations and the remaking of World Order, 1993.

[5] Рювен Амитай. Ил хаант улсын төрийг хуульчлах нь: Ил хаадын үзэл суртлын талаар эргэцүүлэл, исламын үзэл баримтлал хийгээд иранчуудын сэтгэлгээний сэрэлт. Ил хаадын судлал шинэ хандлага. Улаанбаатар. 2015:228.

[6] Anthony D. Smith. National identity. 1991: 51.

[7] Г. Анкнерци, 2010; Томас Архидиакон, 2013.

[8] Лувсанданзан, 1990;

[9] Ж.Саундерс, Монголын байлдан дагууллын түүх, Улаанбаатар, 2017:214.

[10] Ж.Саундерс, 2017:214.

[11] Ж.Саундерс, 2017:216.

[12] Anthony D. Smith, National identity, 1991: 51-52.

[13] Anthony D. Smith, 1991: 97.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/