За сүүлийн үед ихээхэн шуугиан тариад байгаа “Homo Deus: Маргаашийн товч түүх” номыг уншаад та нартай хуваалцахаар шийдлээ.

Энэхүү ном нь эхнээсэээ л өөрсдийгөө ертөнцийг төв, бүх зүйлсийн утга учир, эрх мэдлийн эх сурвалж хэмэээн боддог хүн төрөлхтний “ирээдүйд хэлэлцэх шинэ асуудал юу байх вэ?” гэсэн асуултаар эхэлнэ.  Гэвч хүн төрөлхтөн ирээдүйн тухай бодохын тулд өнгөрсөнд бид юуг ялан дийлж чадсан тухайгаа эргэцүүлэн бодох шаардлагатай болжээ.

Тэгвэл хүн төрөлхтөн анх үүсэж, хөгжсөн цагаас л тулгарсан асуудал бол өлсгөлөн байв. Нэг тэнэг нөхөр нь тариан талбайгаа шатаах, эсвэл дээрэмчид малыг нь туугаад явчихвал гэр бүл, суурин тосгоноороо өлсөж үхэх аюулд байв. Ийм ч учир бидний өвөг дээдэс хэзээ ахиж хоол идэхээ мэдэхгүй, хэзээ ходоодондоо идэх юм хийхээ мэдэхгүй зөвхөн идэхийн төлөө төрсөн мэт амьдарч байжээ. Харин өнөөдөр уншигч бидний ихэнх нь өдрийн хоолоо идэхгүй ажиллах, турах гэж хэд хоног мацаг барих, ногооны зутан, салатаар хооллох нь ямар хэцүүг мэдэрч суугаа биз ээ. Ийнгээд бодохоор орчин цагт хүн ажилгүй, эд хөрөнгөгүй болсон ч өлсгөлөнгөөр үхэхгүй л болов уу. Даатгал, засгийн газар, олон улсын төрийн бус байгууллагууд тухайн хүнийг ядуурлаас бүрэн аврахгүй ч тухайн өдөр авах ёстой калори бүхий хоол хүнсээр хангана. Тэр байтугай дайн дажин, газар хөдлөлт, цунами бүхэл бүтэн улс орныг сүйрүүллээ ч олон улсын байгууллагууд хүн ардыг өлсгөлөнд нэрвэгдүүлэлгүй амжилттай авч гарч байна. Харин ч 2010 онд өлсгөлөн, тэжээлийн дутагдлын улмаас 1 сая хүн нас барсан бол харин хэт их таргалалт, илүүдэл жингийн улмаас 3 сая хүн нас барсан тооцоо гарчээ. Тэгэхээр бид Еврей залуугийн үзлээр бол өлсгөлөн гэдэг үгийг мартах хэрэгтэй болох нь.


Харин бидний дараачийн мартах ёстой асуудал нь өвчин тахал. Уг ном нь хэдийгээр Корона вирус дэлгэрэхээс өмнө хэвлэгдсэн хэдий ч цар тахлын тухай маш сайн бичигджээ. Сүүлийн хэдэн зуунд дэлхийн хүн ам өссөн, тээврийн салбарт гарсан ахиц дэвшлүүдийн ачаар хүн төрөлхтөн халдарт өвчин тусах, тахалд нэрвэгдэх магадлал улам нэмэгдсэн билээ. Ялангуяа өнөөдөр "Хар үхэл" шиг тахал дэгдвэл хэдхэн цагийн дотор бүхий л улс орныг хамрах боломжтой болсон нь ч бас маргашгүй үнэн болжээ. Тэгэхээр бид үхлийн аюултай тахал, өвчин ар араасаа дэгддэг халдварын голомт бүхий тамд амьдардаг болж таарах нь. Гэхдээ өнөөдөр эмч нарыг нян бактери, вирустэй нэг гараанаас уралдууллаа гэхэд эмч нар түрүүлнэ гэдэгт итгэх лавтай хэдэн шалтгаанууд бий. Эмч, эрдэмтэд зөвхөн азад найддаггүй. Олон жилийн турш явуулсан туршилтын мэдлэг, үр нөлөөтэй эмчилгээний аргуудад тулгуурладаг. Тухайлбал, Бид хэдэн жил тутамд нэг удаа шинэ халдварт өвчний тахал дэгдэж магадгүй нь гэсэн мэдээ сонсож айж мэгддэг. Тухайлбал, 2002-2003 онд SARS буюу Амьсгалын замын цочмог халтай хам шинж, 2005 онд шувууны ханиад, 2009–2010 онд гахайн ханиад, 2014 онд Эбола вирусийн өвчин дэгдсэн. Амьсгалын замын цочмог халтай хам шинж анх дэгдэхэд шинэ төрлийн “Хар үхэл” ирлээ хэмээн үлэмж их түгшилдсэн хэдий ч уг өвчин дэлхий даяар 1,000 шахам хүний аминд л хүрсэн. 1967онд цагаан бурхнаар 15 сая хүн өвчилж, 2 сая нь нас барсан бол 2014 онд тус өвчнөөр халдварласан эсвэл нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй. Тэр байтугай анагаахын салбарын гарцаагүй бүтэлгүйтэл гэж тооцогдох болсон ДОХ өвчний хувьд ч ахиц дэвшил гарч эхэлснийг дуулгах хэрэгтэй байх. Хэдэн арван жил тутамд цар тахлын их цунамид хүн төрөлхтөн өртөхийн хажуугаар жил бүр олон сая хүнийг авч оддог халдварт давлагаатай байнга нүүр тулж ирсэн билээ.


ХХ зууны эхэн үе хүртэл гурван хүүхэд тутмын нэг нь хүнс тэжээлийн дутагдал, халдварт өвчний улмаас насанд хүрэхээсээ өмнө өөд болдог байв. Харин энэ байдал сүүлийн жилүүдэд үгүй болсон. Эдгээр амжилтад хүрэх болсон шалтгааныг зохиогч ХХ зууны анагаах ухааны салбарын ололт амжилттай холбон тайлбарлажээ. Анагаах ухааны салбарт хэний ч төсөөлөөгүй ахиц дэвшил гарч, вакцин, антибиотик хэрэглээнд нэвтэрч, эрүүл ахуйн салбар, эрүүл мэндийн дэд бүтэц хөгжиж дэвшсэний ачаар энэхүү ид шид биелсэн учир өвчин тахлаас нэг их айхгүй байхыг зөвлөжээ.

Эцэст нь тэрбээр хүн төрөлхтний ялсан ахин нэг асуудалд дайн дажныг багтаажээ. Хүн төрөлхтний түүхэнд дайн дэгдээгүй энх тайван өдрүүд тун цөөхөн байсан нь мэдээж. Харин өнөөдөр “энх тайван” гэх үг өөр утга илэрхийлэх болжээ. Биднээс өмнөх үед хэсэг зуур дайнгүй амар амгалан байхыг л ‘энх тайван’ гэж боддог байсан бол өнөөдөр бид огтоос дайн дажингүй байхыг ‘энх тайван’ гэж үздэг болжээ. 1913 онд Герман Франц хоёр орон энх тайвнаар зэрэгцэн оршиж байна гэдгийг хүмүүс тус хоёр орон дайтаагүй байна гэж ойлгох ч дараа жил нь дайн гарахыг үгүйсгэдэггүй байв. Харин өнөөдөр Франц Германы эв найрамдлыг бид тус орнууд ямар ч нөхцөлд дайтахгүй гэсэн өнцгөөс хардаг. Зөвхөн Герман Францын тухайд ч бус, ихэнх (бүгд биш) орнуудын хооронд дайн дажин огт гарахгүй гэх үзэл давамгайлж байна. Герман Польш хоёрын хооронд, Хятад Орос хоёрын хооронд, эсвэл Монголчууд Хятадуудын хооронд нэг жилийн дараа ямар нэг ноцтой дайн дажин дэгдэнэ гэж хэнд ч төсөөлөгдөхгүй биз ээ.

Гүй ээ яахав ирээдүйд Өлсгөлөн, тахал, дайн дажнаар ирэх олон арван жилд сая сая хүмүүс амь эрсдэхийг үгүйсгэхгүй. Гэвч энэ бүхэн, хүн төрөлхтний ойлгож чадахгүй эсвэл хянаж чадахгүй эмгэнэлт үйл явдлууд гэж байхаа больж, зохицуулж болохуйц сорилтууд болжээ. Тэгвэл хүн төрөлхтөн дээрх нүдэнд орсон хогийн асуудлуудаа цэгцэлж чадсан бол ирээдүйд бидний төвлөрөх зүйлс юу байх вэ? Хараригийн үзэж буйгаар хүн үхлийг ялан дийлэхэд анхаарлаа хандуулах ёстой. Хүн үхлийг ялан дийлж хүн төрөлхтөн мөнх наслах боломжтой болнсноор үхэл хэмээх техник асуудлын шийдлийг олох болно гэжээ. Ингэхдээ таа мөнх наслахын тулд бурхныг хүлээх шаардлагагүй. Харин лабораторид ажиллаж буй хэдхэн “хэнхэг” эрдэмтэд үүнийг хийж чадна гэнэ дээ.

Дараачийн шинэ гарч буй асуудал нь аз жаргалыг хайх. Эртнээс хүмүүс аз жаргал гэж юу болох тухай хайж, томьёолох ородлогуудыг хийж ирсэн. Хүн ер нь албан тушаал ахих, сугалаанд их мөнгө хожих, тэр байтугай жэнхэнэ хайраа олсон ч аз жаргалтай болдоггүй гэнээ. Хүмүүс ердөө л бие махбодоороо тааламжтай мэдрэмж авах үедээ л аз жаргалтай болдог. Жишээ нь уулчид уулын оройд гарахаас илүүтэй уул руу авирах мэдрэмж нь илүү сэтгэл ханамж өгдөг. Дур тавихаас илүүтэй сээтэгнэж аальгүйтэх нь илүү сэтгэл догдлуулдаг. Тийм ч учраас хүн аз жаргалыг биохимийн аргаар авах бүрэн боломжтой. Ийнхүү бид аз жаргал, үхэшгүй мөнхийг эрэлхийлэгч болж хувирсан тохиолдолд өөрсдийгөө бүрэн нэг түвшин ахиулах шаардлагатай. Энэхүү шаардлага нь хүнийг эх дэлхийн бурхад болгох ажээ. Бурхад болохын тулд хүн төрөлхтөн өөрсдийн гэсэн бүхий л онцлог шинжүүдээ бага багаар алдаж эхэлснээр эцэст нь хүн гэх зүйл үгүй болно гэж үзжээ. Ирэх зуунд хүмүүсийн бүтээсэн технологиуд хүн төрөлхтөнг хэнд ч хэрэггүй амьтад болгон хувиргаж өнөөдөр бид амьтадтай яаж харьцаж байгаа шиг ирээдүйн “супер хүмүүс” бидэнтэй яг адил харьцах ажээ.


Ингээд энэ бүхнийг уншхаар танд маргалдмаар, няцаамаар, “за боль доо зүгээр л нэг хийсвэр төсөөлөл” гэх мэтээр хүлээж авч магадгүй. Надад унших явцад яг тантай адил итгэхэд бэрх санагдаж байсан хэдий ч түүний энэхүү тааамаглалууд уг номд үнэхээр хурц амт оруулж байгааг хэлэх хэрэгтэй байх.  Эцэст нь дээр дурдсан зүйлс бол Израйлийн эрдэмтэн Юваль Ноа Хараригийн “Homo Deus: Маргаашийн товч түүх” номын ердөө л эхний хэсэгт төрсөн бодол юм. Уг номыг уншсанаар танд олон асуулт, өөрчлөлт, мэдлэг үлдэж, цаашид таны ирээдүйгээ харах хандлагыг бүрэн өөрчилнө гэдэгт эргэлзэхгүй байгаа тул заавал авч уншаарай л гэж хэлэх байна даа.





Б.Батбаатар

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/