Та нар "Надаас тахир дутуу хүүхэд гарвал би хэрхэн хүлээж авах бол?" гэж бодож үзсэн үү? Амьтан аятай, хоёр толгойтой мэт харахад хачин эвгүй хүүхэдтэй болж байна гээд нэг төсөөлөөд үз дээ? Тээж төрүүлж буй эх нь бүү хэл, эцэг нь хүртэл хэсэгтээ тархин дундуураа татуулаад авах мэт цочирдон нэг хэсэгтээ л учир зүйгээ мэдэхээ болихгүй гэж үү?

Тэгвэл Нобелийн шагналт япон зохиолч Оэ Кензабүрогийн “Хувийн асуудал” хэмээх роман яг энэ асуудлыг хөндөн, тийм хүүхэдтэй болж буй эцгийн сэтгэл зүйг хөндөн гаргажээ. Зохиолын гол баатар Шувуу хочит 27-хон настай залуу анхны үрээ тэврэх гээд эхнэрээ төрөхийг хүлээн буйгаар роман эхэлдэг. Төрөх эмнэлэгийн гадаа эргэлдэн хүлээж цөхөх Шувуу хүүхэдтэй болсноор хүсэл сэтгэлийнхээ оргил болсон Африк руу аялах мөрөөдлөө оршуулж буйгаа ухааран улам гуних ч, дэлгүүрээс Африкийн газрын зураг худалдан авч сэтгэлээ хуурна. Ийн хүлээж уйдаж цөхсөн Шувуу баахан бүтэлгүйтсэний эцэст гэртээ харьж унтах хэдий ч өглөө эрт утас хангинан эвгүй зүүднээс сэрээсэн нь “Та тахир дутуу хүүхэдтэй боллоо, яаралтай ир” гэсэн эмчийн дуудлага байлаа. Ийн гэрлээд хоёрхон жил болж буй залуугийн сэтгэлийн “там” эхэлнэ.

Хүн үр хүүхдээ яаж догдлон хүлээгээд, төрөхөд нь ямар их баяр жаргалыг эдэлдэг билээ дээ. Гэтэл эх барьсан эмч “Эхнэрээс чинь сонин толгойтой хүүхэд төрсөн. Өдий олон жил ажиллахдаа ийм юм огт үзэнгүй. Удахгүй үхэх байх, ер нь үхсэн нь ч дээр” хэмэээн тоомжиргүй хэлбэл эцэг эхэд ямар сонсогдох нь ойлгомжтой. Эмч бүү хэл хадам эх нь хүртэл “Дебиль хүүхэд гарсан гэж охинд минь битгий дуулгаарай! Би наад хүүхдийг чинь харахыг ч хүсэхгүй, хурдан л үхээсэй” гэж хэлэх нь бүр ч гайхаж цочирдмоор. Энэ мэдээг туйлын тайван хүлээн авч, хөөрхий хүргэнээ тайвшруулах гэж ганц шил виски өгсөн хүн нь хадам өвгөн. Сэтгэлээр унасан Шувуу маань оюутан ахуй цагийн найзындаа /өмнө нь согтуудаа ганц удаа удаа энгэр зөрүүлсэн/ очиж ганц шил юмаа ууж, зовлонгоо мартан тайтгарахыг хичээн секс, архи хоёрт өөрийгөө өгнө.

Эхнэр хүүхэд нь эмнэлэгт байх дараагийн дөрөв тав хоногт нялх хүүгээ “Үхээсэй”, “Битгий үхээсэй” гэсэн эсрэг тэсрэг бодолд ээлжлэн ээрүүлж, тэрхүү нүгэлт бодолдоо гэмшиж өөрийгөө сэтгэлээрээ егүүтгэж, өнгөрсөн амьдрал, гэрлэлтээ эргэж нягталсан тамын хүлээлтийн өдрүүд ирнэ. Өөрөөр хэлбэл романд Шувуугийн хүүгээ үхэхийг хүлээсэн энэ дөрөв тавхан хоногийн л үйл явдал гардаг.

Хүүгээ үхэхийг хүлээсэн гэхээр их харгис сонсогдож байна уу? Гэвч хүн өөрийн туулж өнгөрүүлээгүй юманд хөндлөнгөөс их л обьектив хандаж чаддаг хэрнээ тэр зовлон өөрт нь тулгарвал тэгж “обьективный” хандаж чаддаг билүү? Дандаа ариун бодол тээх болов уу? Бид бусдын зовлонг ойлгохоосоо өмнө зөв буруугийн цензурээр шүүхийг л урьтал болгодоггүйсэн билүү?

Шувуу тулаад ирсэн зовлонг умартах гэсэндээ л эмнэлэгт хэвтэх нялх биетэй эхнэрээ араар нь тавьж байна. Хормой хотны донтойдоо биш, зүгээр л цочир муу мэдээг яаж шингээж, хэрхэн боловсруулах аргаа олохгүй дээ. Аргаа барсан хүнээс гарч болох л авир гээд ойлгож болмоор. Хэд хоног нэвширтлээ ууж байна. Зовлонгоо умартахын тулд л тэгж дээ хөөрхий гээд ойлгох болох л асуудал. Бид бусдыг ойлгож чадвал өршөөж чадна!

Энэ хэдхэн хоногт та Шувуу хэмээх энэ залуутай сайтар танилцана. Жаахан хийморь муутай л болохоос Шувуу бол тийм ч лойчихсон, тааруу хүн биш юм. Бусдын хүлээлт шаардлага, амьдралын дарамтаас үүдэн өөрийгөө голсоор аандаа өөртөө итгэх итгэлээ хүртэл алдахын даваан дээр яваа ч, тэрээр цаанаа бол маш гярхай, асар мэдрэмжтэй хүн билээ. Бас ямар шударга гээч!

Сая төрсөн хүү нь амьдралыг нь орвонгоор нь эргүүлээд зогсохгүй, Шувууг өөрчилнө. Тулаад ирсэн зовлонгоос хэсэг зугтсаны эцэст, сүүлдээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ үүнд нь мэдээж гэнэтийн ухаарал, хөшүүрэг байх нь ойлгомжтой (спойлер-дохгүйн тулд нууцлав).

Хүн зовлонгоосоо зугтах тусам зовлон улам шамдангуй араас нь мөрдөн мөшгиж улмаар уртсан сэтгэлд бэхжинэ. Харин зовлонтойгоо нүүр тулан эвлэрснээр зовлон аандаа замхардаг байх гэж би энэ номыг уншаад бодлоо.

Урлагийн, ялангуяа уран зохиол, киноны /гэвч кино урлаг бол зөвхөн үзүүлдэг учраас уран зохиолоос хязгаарлагдмал/ ачаар бид бусдын зовлонг хамт үүрэлцэж, түүнийхээ үрээр бусдыг нигүүлсэн өршөөж, шүүн цаазлахгүй байхад суралцдаггүй гэж үү?

Шувуугийн зовлонг ойлгохын тулд заавал тийм хүүхэдтэй болох юм уу, тийм хүн мэддэг байх шаардлагагүй юм. Харин Кензабүрогийн “Хувийн асуудал” хэмээх энэ зохиолыг уншиж романы гол баатар Шувуугийн бодол үйлдэл бүрийг ажиглаж, хамт байсны үрээр сэтгэцийн өвчтэй хүн болон тэдний гэрийнхэнд тохиодог зовлонг ойлгоно. Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй таарвал дээрэлхэхгүй, шоолохгүй, сэжиглэхгүй, доромжлохгүй байх энэрэнгүй сэтгэл, дархлаа сууна.

Мөн бид залуу үедээ “амьдрал үз, тань” гэж их захидаг даа. “Зовлон үзсэн хүн бусдын зовлонг ойлгодог, аливаад уян хатан ханддаг” гэж ярьдаг даа. Гэтэл амьдралыг таньж ойлгоход, зовлонд сэтгэлээрээ хатжихад заавал зовлон туулаад байх шаардлагагүй юм байна. Яагаад гэвэл шилдэг зохиолчийн "шедевр" бүтээлээс уншчихад л болно гэсэн үг. Тэгэхээр хааяадаа ч гэсэн зүгээр л нэг цаг нөхцөөх гэж биш, амьдралыг таних гэж, бусдыг ойлгон өршөөх гэж, амьдралд уян хатан хандах гэж уран зохиол уншъя.

А. Кристофын "Том Дэвтэр" тэргүүт гурамсан романы орчуулагч Доржийн Болортуяа

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/