“Цагийн шалгуурыг давах эсэх, хойчийн ертөнцөд ямраар үнэлэгдэхээ хэн маань ч мэдэхгүй. Хүслээр минь хэрэв болдог сон бол,  хүмүүст миний зохиолууд “үхлийг дуулдаг ч амьдралд хайртай бүтээл” гэж яригдан үлдвэл сайхан сан.”                                   - Томас Манн                     

Герман хэлтний утга зохиолын баялаг өв сангаас монгол уншигчдадаа танилцуулах үйлсэд багахан хувь нэмэр оруулж, Нобелийн шагналт зохиолч Томас Маннын “Венец дэх үхэл” хэмээх туужийг орчуулах завшаан надад оногдсон билээ.

Орчуулсан сэтгэгдлээ хуваалцахын өмнө энэ зохиолчийн бүтээлтэй анх хэрхэн танилцсан тухайгаа өгүүлье гэж бодлоо. Нэлээд олон жилийн өмнө, их сургуулиа төгсөөд  аялал жуулчны компанид хөтөч хийснээр өөр хэл соёл, ажил мэргэжлийн олон хүнтэй уулзаж танилцах боломж надад олдсон юм. Хэлний чадвараа сайжруулах гэж уншдаг детектив юм уу хайр сэтгэлийн сэдэвт хөнгөн романуудаас өөрөөр герман ном зохиол уншиж үзээгүй явсан надад нэг эмэгтэй германы жинхэнэ уран зохиолоос уншиж үзэхийг зөвлөж, нутагтаа очсон хойноо хоёр ном шуудангаар илгээсний нэг нь Томас Манны “Шидэт уул” роман, нөгөөх нь Херманн Хессегийн “Сиддхарта” хэмээх тууж байж таарсан юм. Туужийг уншиж дуусгасан ч романыг хэдэнтээ эхлүүлээд хэдхэн хуудаснаас цаашлалгүй орхиж, хайрцагтай номууд дундаа хийгээд мартаж орхисон билээ. Миний мэдэхгүй үг, хэллэг дүүрэн урт өгүүлбэрүүдийг ойлгох гэж байсхийгээд толь эргүүлэх залхуутайн дээр хайсан үг толь бичгээс олдоно гэж барагтай л үгүй, ер нь ч нэг их сонирхсонгүй.

Харин хоёр, гурван жилийн дараа “Дэлхийн утга зохиолын 85 сод туурвил” нэртэй эмхэтгэлээс товчлолыг нь уншсанаар өнөөх зузаан номоо өөрөөр харлаа. Утга агуулга нь тун сонирхолтой санагдан, улмаар интернэтээс хайж үзэх, хайрцагтай номоо ухахад хүрэв. Өнөөх зузаан ном маань бүх цаг үеийн дэлхийн шилдэг романы нэг гэдгийг, утга зохиолын ертөнцөд Томас Манн гэж нэрт мастер байдгийг би анх ийнхүү мэдэж авсан билээ.

Германы суут зохиолч, 1929 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн Томас Манн найман том роман, олон арван тууж, өгүүллэг туурвин үлдээжээ. Дээр өгүүлсэн “Шидэт уул” романыг германы философи сэтгэлгээний шилдэг бүтээлийн нэг гэж үздэг бол “Венец дэх үхэл” туужийг харин уран зохиолын төгс бүтээл гэж үнэлдэг. Нээрэн ч уран нарийн сүлжсэн хэл найруулга, нүдэнд харагдаж гарт баригдам амьд дүрслэл бүхий энэ туужид илүүдсэн юм уу дутуудсан зүйл огт байхгүй. Санаандгүй гэмээр жижиг үйл явдал, тохиолдлууд ч цөм сайтар бодож тооцсон хэсгүүд байсныг уншиж дуусаад мэднэ.

Товчхондоо бол энэ туужид арван дөрвөн настай хүүд сэтгэл алдсан ахимаг зохиолч эрийн богинохон дурлалын эмгэнэлт түүх гарна. Гэвч миний л хувьд нас, хүйсийн тухай бодох, зөв эсвэл буруу гэж шүүх, эгдүүцэх хачирхах сэхээ чөлөө гараагүй, элдвийг эргэцүүлэх ч завдалгүй хөтлөгдөөд явчихсан билээ. Зохиол эхлээд л ямар нэгийг ёрлох мэт нууцлаг уур амьсгалд шууд автан зохиолч эртэй хамт түгшиж, гэгэлзэж, адгаж цухалдсаар нэг л мэдэхэд сүүлчийн хуудас эргэсэн. Уншиж дууссаны дараа харин мэдэрсэн бүхэн санаанаас гарахгүй удсан юм. Яахаа мэдэхгүй гайхаш тасрах, арга барагдах мэдрэмж гэх үү дээ. Бидний энэ сэтгэл зүрх чинь ямар барьцгүй, яасан итгэлгүй эд вэ? Амьдралын учрыг олчихлоо гэж бат итгээд, амар тайван урагшилж явахад гэнэт гэнэт элдвийг сэдэн үймүүлнэ. Буурь суурьтай, нэртэй төртэй нэгнийг хүртэл буруу тийш чирч дөнгөдөг нь бидний өөрсдийн хүсэл сэтгэл үү, эсвэл нээрэн ад чөтгөрийн тоглоом юм уу? Зохиолч энэ туужаа “гутан доройтохуйн эмгэнэлт драм” гэж тодорхойлжээ. Яагаад ингэж тодорхойлсны учрыг уншигчид номоос олох буй аа. Энэ бүтээлээс сэдэвлэн Италийн алдарт найруулагч Лукино Висконти 1971 онд мөн ижил нэртэй кино бүтээл хийснийг кино сонирхогчид мэдэж магадгүй юм.

Хэл найруулга, утга агуулга нягт энэ туужийг орчуулахад амаргүйг би эхний өгүүлбэрээс л мэдэрсэн юм.  Үргэлжилсэн үгээр бичсэн атал шүлэг шиг санагдах уран найруулга, амьд халуун өнгө аясыг эвдэхээс хайран тул үг хэллэг шүүрдэж, урт өгүүлбэрүүдийг таслахгүйг хэрдээ хичээсэн билээ. Нэг урт өгүүлбэрийг хөрвүүлж дуусахад дараагийн урт өгүүлбэр хүлээж байна. Богинохон өгүүлбэртэй, хөнгөн бичлэгтэй ном зохиол унших дуртай хүнд бол энэ тууж яршигтай санагдаж магадгүйг нуухгүй. Түүнчлэн тууж бичигдсэн 1912 оноос хойш зуу гаруй жил өнгөрсний дээр угаасаа ч хуучны сонгодог бүтээлийн хэв маягтай бичигдсэн болохоор аль болох хуучин үг хэллэг сонгож оруулахыг бодсон. Ийн суусаар нэг өдөр уншаад дуусах дайны нимгэн туужийг орчуулахад санаснаас хавьгүй их цаг хугацаа орж, хэвлэгдээд гарсан хойно нь номоо хараад өөрийгөө чамлах шиг болж билээ. Гэвч Германы утга зохиолын гол төлөөлөгч, Нобелийн шагналт энэ зохиолчийн гайхалтай бүтээлийг орчуулан танилцуулсандаа ихэд баярлахын хамт энэ боломжийг олгосон “Монсудар” хэвлэлийн газар, Гёте институт, түүнчлэн орчуулгыг ариутган шүүж, алдаа мадгийг залруулсан редакторууддаа талархсанаа илэрхийлье. Цаашид энэ зохиолчдын өөр олон бүтээл монгол хэлнээ хөрвүүлэгдэх биз ээ.

Тавин насныхаа ойгоор Томас Манн “Цагийн шалгуурыг давах эсэх, хойчийн ертөнцөд ямраар үнэлэгдэхээ хэн маань ч мэдэхгүй. Хүслээр минь хэрэв болдог сон бол,  хүмүүст миний зохиолууд “үхлийг дуулдаг ч амьдралд хайртай бүтээл” гэж яригдан үлдвэл сайхан сан.” гэж хэлсэн үгээр тэмдэглэлээ өндөрлөе. Үнэхээр ч түүний зохиол бүтээлд “үхэл” хэмээх сэдэв чухал байр суурь эзэлдэг ч эцэстээ цөм хүний амьдрал, оршихуйн тухай бодолд хөтөлдгөөрөө алдаршсан билээ.

 

Б.Ундрах

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/