Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн Хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Сампилдондовын Чулуун гуайтай шинэ бүтээлийнх нь талаар хөөрөлдлөө.
Юуны өмнө таны удирдлагаар “Манжийн үеийн Монголчууд” гэрэл зурагт түүхийн ном нийтлэгдсэнд баяр хүргэе. Таны шинэ бүтээлийн тухай ярилцах уу?.
Баярлалаа. Ямартаа ч сүүлийн гурван жил орчим хийсэн нэг ажлын минь үр дүн Монголын төр ёсны их баяр наадмын өмнө амжиж гарлаа. 2011 оны эцсээр “Адмон” группын захирал Р.Энхбат гуайгаас надад Манжийн үеийн Монголчуудын түүхийн ном хамтран бүтээх санал тавьсан нь миний өөрийн бодож, санаж явсан зорилготой тохирч байснаар зөвшөөрч уг ном бүтээх ажилдаа орсон. Энэ ном нь товчхондоо Монголчууд бидний хамгийн их мэддэг мэт боловч мэддэггүй үеийн түүх болох XVII – XX зууны эхэн үеийн түүхийг гэрэл зураг, эд өлгийн зүйлс, түүхийн дурсгалт газар нутаг, өв соёл, архивын баримт хэрэглэгдэхүүнээр баримтжуулан нэгэн хамтын бүтээл гаргахыг зорьсон билээ. Нөгөөтэйгүүр энэ үеийн түүхийг дахин шинээр харах, түүх бичлэгийн хандлагыг өөрчлөх, хүрээ хязгаарыг тодорхойлох, баримт эх хэрэглэгдэхүүнийг судалгааны эргэлтэд оруулахыг чухалчилсан юм. Нийтдээ 9 бүлэг, 1200 гаран гэрэл зураг, баримт хэрэглэгдэхүүн орсон нэлээд том хэмжээний бүтээл гэж үзэж байна. Дэлхийд манжийн үеийн Монголчуудын түүхээр гарч буй анхны зурагт түүхийн ном гэж ойлгож болно.
Энэ чиглэлийн түүхийг олон түмэнд зөв ойлголт өгөх, түүхийн судалгааны үр дүнг танилцуулахад маш сонирхолтой бүтээл болсон нь харагдаж байна. Түүх бичлэгийн хувьд юугаараа шинэ вэ?.
Энэ ном нь XVII–XX зууны эхэн үеийн өөрийн төр улсгүй, эдийн засгийн хувьд сүүлдээ хятад болон дэлхийн улсуудын өрсөлдөөний талбар болсон монголчуудын түүхийг авч үздэг байсан өмнөх үеийн түүх бичлэгээс өөрөөр авч үзэхийг зорьсонд оршино. Угаасаа Манж дарлагч, Монгол дарлагдагч байсан уу, Манж ба Халх, Манж ба Зүүнгарын харилцаа төдийхөн байсан уу гэдэгт хариу өгөхөд чиглэгдсэн. Түүхийн орон зайг Монгол, Оросын эзэн хаант улс, Манж Чин гүрэн гэсэн гурвалсан холбоонд авч үзэх хэрэгтэй гэсэн зарчмаар бичигдсэн. Бидний хувь тавилан, соёл ахуйн бүхий л зүйл энэ гурвалсан харилцаанаас гурван зуун жил гажаагүй төдийгүй өөрсдийн үүргээ ч алдаагүй байсныг харуулна. Манжийн үеийн Монголын түүх хэсэгчлэн таслагдсан түүх биш. Евро Азийн нүүдэлчдийн ертөнцөд өөрийн байр сууриа, амьдралын хэм хэмжээ, газар нутгаа хэрхэн тээж авч үлдсэнийг тодорхойлохоос гадна тухайн үеийн Монголчуудын өдөр тутмын амьдралын түүхийг энэ номноос харах боломж бүрдэж байна. Бид өнгөрсөн хугацаанд ч өнөөдөр ч их төлөв албан түүхийн баримт, төрийн түүхийн үүднээс энэ үеийг судалсаар бодит байдлаас ихэд зөдгийрсөн шүү дээ. Тэгвэл энэ номд XVII зууны эхэн үеэс монгол нутагт ирж байсан элч нар, жуулчдын тэмдэглэл, нүдээр үзэж чихээр сонссон зүйлсүүдийг үлдэж хоцорсон түүх, соёлын өв, аман түүх, гэрэл зургуудаас бодит байдлыг мэдэх боломжтой.
Монголын их эзэнт гүрний дараа бидний өвөг дээдэс өөрсдийн албат явсан Манж, Оростой хэрхэн харилцсан, Евро Азийн уудам хөндийд улс төр, нийгэм, соёл, хүрээлэх орчны нөхцөл байдал хэрхэн хувирсан, Монголын газрын зурагт хэрхэн өөрчлөлт орсон, нүүдэлчдийн сүүлчийн их нүүдэл монголчуудын тархан суусан хувь тавилан, язгууртнуудаа хэрхэн домогчлон шүтэж ирсэн түүх бичлэгийн онцлог, бурхан шашны бодит байдал, Манж, Оросын дундах Монголчуудын тоглолт, харийн төрд захирагдахын учир, дэлхийн зах зээлийн системд одоогоос 150 гаруй жилийн тэртээ монголчууд орж ямар өрсөлдөөн явагдаж байсныг энэ бүтээлээс дэлгэрэнгүй мэдэж болно. Тэгэхдээ уг ном хэдийгээр олон түмэнд түүхийн энгийн ойлголт өгөхийг хичээсэн ч сул дэмий уран сайхны, сэтгэл хөдлөлийн ямар ч үг өгүүлбэр үгүй цэвэр эрдэм судлалын үндсэн дээр нэр томьёог хэрэглэсэн болохыг тэмдэглэх хэрэгтэй. Жишээ нь: Манжийн дарангуйлал, дарлал, эрхшээл, ноёрхол гээд сурвалж баримтад байхгүй мөн ч олон янзаар нэрлэж байсныг бид өөрчилж зөвхөн Манжийн үеийн гэсэн нэрийтгэл ашигласан байх жишээтэй.
Ямар материалууд архивын сан хөмрөгөөс энэ сонирхолтой баримтуудыг олж авсан бэ?
Үндсэндээ манай багийнхан ХVII – XX зууны эхэн үеийн түүхэнд хамаарах архивын баримтууд, түүхийн дурсгалт газар, өв соёлын зураг материал, гадаадын жуулчдын тэмдэглэл, элч нарын захидал харилцаа зэргээс материалаа бүрдүүлсэн. Орос, Англи, Хятад, Японы, Америк, Франц зэрэг оронд гарсан Манж Чин улсын үеийн түүхтэй холбоотой баримт, ном эх хэрэглэгдэхүүнийг шүүрдэн үзэж барсан гэж ойлгож болно. Бидний үүн шиг Манжийн үеийн Монголын түүхийг гэрэл зураг баримтаар хийсэн бүтээл өнөөг хүртэл дэлхийд гараагүй бөгөөд системтэй зүйл үгүй гэдгийг баттай хэлнэ. Түүнээс гадна Эрмитаж, Английн эзэн хааны архив, Японы Дорно дахины номын сан, Бээжингийн Эзэн хааны Нэгдүгээр архивын баялаг сангаас холбоотой мэдээлэлүүдийг шүүрдэн үзсэн. Мэдээж, олдохуйяа бэрх болсон зүйл байдаг л байх даа. Миний тооцоолж байгаагаар энэ үед монголд нийтдээ 300 гаран гадаадын жуулчид, элч нар ирж буцаж зохих хэмжээнд өөрсдийн тэмдэглэл, сонирхолтой баримтуудыг үлдээсэн байдаг. Тэднээс боломжийн хэмжээгээр ашигласан. Холбоотой баримтуудыг ч оруулсан. Өмнө хэвлэгдээгүй шинэ баримт, гэрэл зургууд, түүхийн дурсгалууд ч багтсан.
Танай багийн гишүүд дандаа залуус байна даа. Онцлог нь юу бэ?
Тийм. Одоогоос 3 жилийн өмнө эхэлж байхад чадах болов уу гэж нэлээд халгаж байсан. Гэхдээ зориг, итгэл байсан. Манай Түүхийн хүрээлэнгийн Манж Чингийн үеийн салбарын залуу судлаачид, Богдын музей, Боловсролын их сургуулийн эрдэмтэн судлаачдаас багаа бүрдүүлсэн. Эрдмийн зэргийн ажлаа энэ чиглэлээр хийж буй залуус байсан. Энэ хугацаанд хэд хэд нь эрдмийн зэргээ ч амжилттай хамгаалсан байна. Залуу судлаачдын энэ багийг түүх бичлэгийн дэгийг өөрчлөх, эрч хүчтэй ажиллах байх гэхээс илүүтэй ирээдүйд энэ чиглэлийн судалгааны нэг баг болж чанартай, бодитой судалгааг хийхэд томоохон туршлага болно гэж үзсэн юм. Бодол буруу байгаагүй. Харин хичээл зүтгэл гаргасан багийнхандаа амжилт хүсэх хэрэгтэй. Мөн энэ ажлыг цаг наргүй хийж, уйгагүй хөдөлмөр гаргасан хэвлэлийн газрын ажилчдадаа баярласнаа илэрхийлж байна. Цаашдаа Монголын түүхийн судалгааг олон түмэнд хүргэх, мэргэжлийн багийн хамтарсан судалгааг явуулахад энэ ном их том түлхэц болж чадсан гэж үзэж байна.
Энэхүү ном хэзээ уншигчдад хүрэх вэ?
Бидний гурван жилийн нөр их хөдөлмөр орсон энэхүү бүтээлийн нээлт 2014 оны 6 дугаар сарын 30-ны 1400 цагт “Интерном” номын их дэлгүүрийн 2 давхарт болох юм.
За таны цаашдын судалгаанд улам их амжилт хүсье.
Баярлалаа. Монгол түмэн маань 300 жилийнхээ түүхийг уншиж сайхан наадаарай гэж ерөөе.
Ярилцсан Б.Одончимэг
СЭТГЭГДЭЛ