Өдөр бүр маш олон төрлийн шинэ содон контентууд уншигч, сонсогчдын сонорт хүрч байгаа цаг үед Reader подкастын онцлог нь уншсан номынхоо тухай гүн гүнзгий задалж ярихыг зорьдогт орших билээ. Өнөөдрийг хүртэл бэлтгэн хүргээд буй подкастуудын номуудаа ийнхүү хэсэгчлэн танилцуулж байна.
1. Иван Ильичийн үхэл

Иван Ильичийн үхэл туужийг агуу Л.Н.Толстой 1882 оноос 1886 оны хооронд бичжээ. Энэхүү туужид шүүхийн прокурор эрхмийн зовлонт үхлийн тухай хүүрнэдэг. Уг туужийг "ер бусын уян хатан дүрслэл, гүн гүнзгий үнэн, ямар нэг болзмол байдал, нэмэр хачиргүйгээрээ Оросын утга зохиолын түүхэнд гарсан хосгүй үзэгдэл мөн бөгөөд уран яруу бүтээлийн реалист шинж, үнэн зөвийг баримтлагч чанарын ялалт, мандалт гэж тооцвол зохино” хэмээн 1888 онд утга зохиол судлаач А.Лисовский Русское богатство /Оросын баялаг/ сэтгүүлд бичжээ. Энэхүү бүтээл Л.Н.Толстойн бусад бүтээлүүдийн нэгэн адилаар дэлхийд алдартай бөгөөд богино зохиолын төрөлд маш өндрөөр үнэлэгддэг юм.
Туужийн эхэнд Иван Ильичийн үхлийн тухай ажлын хамтрагчид нь дуулах бөгөөд хөөрхий түүний үхэлд гашуудах хүн үл олдоно. Тэрний оронд хүн бүр дор бүрээ албан тушаалын ашиг сонжоо юу билээ хэмээн сэтгэнэ. Бүх зүйл яг л шүүх дээр нь болдгийн адилаар өрнөнө. Шүүх дээр тэрээр шүүгдэгчийн өмнө ямар төрх гаргадаг билээ, яг л тийм байдлыг алдартай эмч түүнд үзүүлээдхэв. Эмч гуай ярьсаар; ийм тийм шинж харагдаж байна л гэнэ, таны дотор тийм болж л гэнэ, тийм тийм шинжилгээний дүнд энэ хэрвээ батлагдахгүй бол таныг тэгсэн тэгсэн байна гэж үзэх хэрэгтэй л гэнэ. Энэ бүгд Иван Ильич өөрөө шүүгдэгч дээр хээнцэр чамин маягаар мянган удаа хийж байсан тэр үйлдэлтэй яг адил аж. “Магадгүй би зохих ёсоор нь амьдраагүй ч юм бил үү? Гэвч бүгдийг зүй ёсоор нь хийсэн байхад яаж тийм байх вэ?” хэмээн Иван Ильич үхлээ хүлээн орь ганцаар өвчиндөө шаналан хэвтэхдээ өөрөөсөө асууна.
2. Арьсан хүрэмтэй Мадонна
Сабахаттин Али нь Туркийн үргэлжилсэн үгийн зохиолч, яруу найрагч, сэтгүүлч билээ. Тэрээр энэ романаа 1940 оны арван хоёрдугаар сараас 1941 оны хоёрдугаар сарын хооронд “Хакикат” (Үнэн) сонинд 48 хэсэгт хуваан анх гаргажээ. Тэр үед хоёр дахь удаагаа цэргийн албанд татагдаад байсан зохиолч, энэ романаа мориноос унаж хугалсан гараа бүлээн усанд дүрж амрааж байгаад бичдэг байсан гэдэг.
“Арьсан хүрэмтэй Мадонна” Туркийн алдарт зохиолч Сабахаттин Алигийн сод бүтээл билээ. Номд Раиф Эфэндигийн дотоод сэтгэлийн ээдрээ, хайр дурлал, дурсамжийг өгүүлнэ. Ном хоёр гол дүрийн хайр сэтгэл, өдөр тутмын амьдралаас гадна дотоод сэтгэлийн хувирал, эргэцүүлэл, бодлыг нарийн хүүрнэснээрээ онцлог.
Амьдрал нь зөрчилдөөн, улс төрийн хавчлага дунд өнгөрч, үүний нөлөө бусад уран бүтээл ялангуяа өгүүллэгүүдэд нь тод туссан Сабахаттин Алигийн энэхүү “Арьсан хүрэмтэй Мадонна” романд харин улс төрийн утга агуулга төдий ажиглагдахгүй. Энэ зохиолыг хамгийн товчхондоо “бүтэлгүй хайрын түүх” гэж тодорхойлж болох биз. Энэ романы үйл явдал Истанбул, Берлинд өрнөж, “Арьсан хүрэмтэй Мадонна” буюу Мариа Пүдер, Раиф Эфэнди хоёрын гачлант хайр дурлалын тухай өгүүлэх болно. Романыг өөр хоорондоо холбоотой үндсэн хоёр хэсэгт хуваан авч үзэж болно: Романы хүүрнэгч Расымын, ажлын газрын найз Раиф Эфэндигийнхээ сэтгэлийн далд нууцыг мэдэхийг чармайж буй тухай ерөнхий өгүүлэмж; Расымын Раиф Эфэндигийн Берлинд өнгөрүүлсэн хоёр жилийн амьдралаа хүүрнэсэн хар хавтастай тэмдэглэлийн дэвтрийг уншиж буй тухай гол хэсэг. Ерөнхий өгүүлэмж нь гол хэсгээ гадуур нь хүрээлсэн буюу “зохиол дотор зохиол” (frame narrative) хэлбэртэй. Зохиол хэдий Мариа Пүдерийн өөрийн хөргийг Мари эхийн зурагтай зүйрлүүлж хочилсон нэрээр нэрлэгдсэн ч, энд Раиф Эфэндигийн ганцаардсан сэтгэлийн хөрөг хамгаас тод тусжээ. Хайр дурлал, үйл явдалд хөтлөгдөхөөсөө илүүтэй нийгмээс гадуурхагдаж ганцаардсан хүний дотоод сэтгэлийг тод томруун дүрсэлсэнд энэ зохиолын гол онцлог оршиж байгаа болов уу. Зохиолд бичигдсэн цаг үеийн буюу дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл үеийн уур амьсгал ч тод харагдана. Энэ романы ерөнхий санаа, зохиолчийн “Ертөнцийн хамгийн эгэл боргил, хамгийн өрөвдмөөр, тэрчлэн хамгийн мулгуу хүний сэтгэл ч гайхаж мэлэрмээр нарийн түвэгтэй байдаг юм байна!.. Бид яагаад үүнийг ойлгохоос ингэтлээ зугтаж, хүн гэгчийг ойлгох, үнэлж дүгнэх ер маш амархан гэж боддог юм бол?” гэсэн хоёр өгүүлбэрт нуугдаж буй биз. Энэ роман турк хэл дээр бичигдсэн хамгийн шилдэг арван номын нэгээр нэрлэгдэж, хамгийн өндөр борлуулалттай номын жагсаалтад байнга багтсаар иржээ.
3. Кандид буюу өөдрөг үзэл
Волтэрын амьдрал хоёр талтай харагддаг. Нэг талаас түүний жүжиг, зохиол, яруу найргууд асар алдартай байсан. Харин нөгөө талаас тэрбээр улстөр, шашны эрх мэдэлтэн, мяндагтнуудтай ямагт зөрчилдөж байв. 1758 оноос хойш тэрбээр Женев нуурын эрэг дээр байшинд амьдрах болсон ба хөмөрсөн тогоо мэт мухар сүсэг, шашны ялгаварлал, шударга бус байдлын эсрэг тэмцсээр байхдаа Кандидыг бичжээ. 1759 онд анх хэвлэгдэхэд нь Кандидыг Волтэрын бусад зохиолын адилаар Францад тэр дороо хориглосон. Гэсэн ч удсан ч үгүй франц хэл дээр 17 янзын хууль бус, нууц хэвлэл хэвлэгдсэн ба францчууд хаа сайгүй уншиж, улмаар Европ даяар энэ зохиол түгэн дэлгэрчээ.
Вольтерын энэ романыг түүний бусад бүтээлийн хураангуй гэж хэлж болно... Түүний оюун ухаан яг дайны зэвсэг л гэсэн үг. Улс төрийн абсолютист дэглэмээс гадна шашны зүгээс бодол санааг хянах оролдлогын эсрэг зарласан оюун ухааны дайны үе ч гэж хэлж болох XVIII зууныг Францад “Вольтерын эрин” гэж нэрлэдэг билээ. Вольтер, философи, утга зохиолын бүтээлүүдээрээ энэ үеийг тухайн үеийн бусад сэтгэгчийнхээc онцгой тод тамгалсан учир ийнхүү нэрлэсэн биз.
Энэхүү зохиол 1759 онд анх хэвлэгдсэн ба Руссогийн Нийгмийн гэрээ, Монтескюгийн Хуулийн үзэл санаа, Дидрогийн Энциклопедийн хамтаар Европын Соён гэгээрлийн эриний хамгийн сонгодог бүтээлүүдийн нэгд тооцогддог. Энэхүү номдоо Вольтер “бид байж болох хамгийн төгс сайхан ертөнцөд амьдарч буй” гэж үзэх, хамгийн болж бүтэхгүй зүйл амьдралд нь тохиолдсон ч тогтсон үзэл бодлоосоо салдаггүй Панглосс (латинаар, бүх хэлээр яригч гэсэн үг) хэмээгч нэгэн хэт өөдрөг үзэлт философичийг дооглон элэглэжээ. Түүнчлэн энэхүү зохиолын Кандид хэмээх дүрээр (Кандид нь францаар гэнэн итгэмтгий гэсэн үг) дамжуулан бурхан тэнгэрт бүхнээ даатгагч гэнэн өөдрөг итгэгчдийг болон, хорвоо ертөнцийг өөрсдийн ухаанаар шүүн үзэхийн оронд бусдын үгэнд мухар сохроор итгэгчдийг төлөөлүүлжээ. Зохиолын эхэнд Кандид өөрийнхөөрөө бодож сэтгэж чаддаггүй, бодол сэтгэлгээ нь хүлээстэй тийм хүн байв. Харин туулж өнгөрүүлсэн амьдралын явцад амьдралын эрээн бараантай учирч, юм үзэж нүд тайлах тусмаа тэрбээр Панглосс багштаны номлолд эргэлзэж, түүнийг олон талаас нь эргэцүүлэн бодсоор явдаг. Энэхүү зохиол хүмүүст хүрэн амжилт олоход нөлөөлсөн хэдэн гол шалтгаан бий. Нэг талаас энэ зохиолдоо Вольтер 7 жилийн дайн, Лиссабоны газар хөдлөлт Испанийн харгис хэрцгий шашны шүүх зэрэг тухайн үеийн Европт тохиолдсон зовлон зүдгүүр, асуудлыг хөндсөн нь олны сэтгэлд ойрхон буужээ. Нөгөө талаар уг зохиолыг амжилтанд хүрэхэд нөлөөлсөн зүйл нь түүний утга зохиолын арга барил билээ. Хурц ухаан, хөгжилтэй, мэдрэмжтэй байдал, нарийн егөө цөм энэхүү зохиолоос мэдрэгддэг. Ерөнхий бүтцийг нь харвал Кандид хамгийн эртний Европ зохиолуудад хадгалагдаж ирсэн суурь бүтцийг баримталсныг харж болно: Зохиолд антикийн сүүлч үеийн амраг хосуудын хайр сэтгэл, хагацлын дүрүүд тод харагддаг. Зохиолын эхэнд Кандид, Панглосс багш, Күнегонд авхай нар нэг цайзанд амьдардаг. Кандид бароны хүүгийн хамт хичээл ном заалгадаг ба Күнегондод хайртай болж, түүнтэй хамт халхавчны ард амраглаж байгаад охины эцэгт харагдан цайзаас хөөгддөг агаад харь газар бэдрэн явсаар Пруссын армид элсдэг. Ингэж зохиолын үйл явдал эхэлдэг бөгөөд тэр гурав нэг салж, нэг нийлж, элдэв адал явдал, аюул осолтой тулгарсан ч амьд мэнд давцгаана. Анх хэвлэгдсэнээс нь хойш 250 жил болж байгаа ч уг зохиол уншигчдыг баясган хөгжөөх ба дараах зүйлсийг ч бодогдуулдаг. Кандид хэрэв өнөө үед амьдарч байсан бол зохиолын гурван гол баатрын адал явдал хэр ялгаатай өрнөх байсан бол? Панглосс бидэнд хэнийг санагдуулах бол? Бас эдэнд тохилдсон адал явдал хэрхэн өндөрлөх бол?
4. Эргэлт
Мо Янь 1955 онд Шандун мужийн Гаомид нэгэн фермерчний гэр бүлд төржээ. "Соёлын хувьсгал" ид өрнөж байх үед тэрээр фермерчнээр ажиллахаар сургуулиасаа гарчээ. Энэ үедээ тэрээр 11 настай байв. 18 настайдаа хөвөнгийн үйлдвэрт ажиллах болж, энэ нь Их дэвшлээс Соёлын хувьсгалд шилжих үетэй давхацсан юм. Мао Зэдүний удирдлага дор ангийн тэмцлийн сэдэв бүхий социолист реалист хэв маяг бүхий зохиолууд давамгайлж байсан тул энэ төрлийн зохиолыг л унших боломжтой байв.
1976 онд буюу Соёлын хувьсгалын төгсгөлд Ардын чөлөөлөх армид элсэж, цэрэгт алба хаах хугацаандаа зохиол бүтээл туурвиж эхэлжээ. Соёлын хувьсгалын дараах энэ үед Хятадын уламжлалт яруу найраг, туульсаас гадна Уиллъям Фолкнер, Габриель Гарсиа Маркс зэрэг гадаад зохиолчдын зохиол бүтээлүүд түүнд нөлөөлжээ. 1984 онд тэрээр Ардын чөлөөлөх армийн сэтгүүлээс Утга зохиолын шагнал авсан. Тэр жилээ Ардын чөлөөлөх армийн урлагийн коллежид элсэн суралцаж, Мо Янь хэмээх нэрээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн.
Мо Янь – Эргэлт (Хятад, 2010): Сүүлийн арван жилд Хятад шиг хурдан хөгжсөн улс тун цөөн гэдэгтэй хүмүүс санал нийлэх биз. Гэвч энэ хөгжил өндөр үнээр олдож хувь хүн, нийгэмд ихээхэн хохирол учруулсныг Мо Янийн энэ романд өгүүлжээ. Хятадаас утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн анхны хүн болох Мо Янь энэхүү намтарчилсан тууждаа, соёлын хувьсгалын хөлд хохирч хоцорсон хүүхэд ахуй наснаасаа эхлэн хожим алдартай зохиолч болох хүртэлх хувийн амьдралаа Хятадын нийгмийн амьдралын өөрчлөлт, хувьсалтай зэрэгцүүлэн хүүрнэсэн байна.
Номын эхний бүлэгт, уншигч, Мо Янийг санагдуулам гол хүүрнэгчээс гадна хоёр туслах дүртэй танилцана. Энэ туслах дүрүүд нь Мо Янийн ангийн хамгийн хөөрхөн охин, түүний ширээний найз байсан Лү Вэньли, Мо Яньтай олон талаараа төстэй Хэ Жиү хоёр юм. Мо Янийн нэгэн адилаар Хэ Жиү ч багшдаа хүндэтгэлгүй хандсан гэх шалтгаанаар сургуулиас хөөгддөг. Мо Янийн нэгэн адилаар Хэ Жиү ч нийгэмд зиндаа ахих арга замаа олохыг амьдралын гол зорилгоо болсон нэгэн ажээ. Үүнээс гадна, энэ хоёр хөвгүүн хоёулаа Газ-51 ачааны тэрэгт маш дуртай билээ. Номд дахин дахин дурдагдах, гурав дахь туслах дүр ч гэж хэлж болмоор энэ ачааны тэрэг манай хоёр хөвгүүнд эх оронч утга агуулгатай кинонуудыг сануулдгаас гадна, хөөрхөн охин Лү Вэньлигийн аав ч ийм машин жолооддог юм. Тодорхой хэлбэл, Лү Вэньли, Хэ Жиү, Газ-51 ачааны тэрэг гурвын хувь тавилан гол дүрийн хувь тавилантай гарцаагүй байдлаар холбогдож, харьцангуй шинэ үеийн Хятад орны түүхийг тольдон харуулна. Энэхүү бяцхан номыг, нэг талаас, Хятадаас анх удаа Нобелийн шагнал хүртсэн зохиолчийн намтарчилсан тууж, түүхэн бүтээл гэсэн өнцгөөс уншиж болох ба нөгөө талаас энэ туужийг уран зохиолын тодорхой зарчмыг, тодруулж хэлбэл Мо Янийн бүтээл туурвих арга барил, онцлогийг тусгасан бүтээл гэж үзэн унших боломжтой юм.
5. Люмпений тууж
Роберто Боланьо 1953 онд Чилийн Сантьяго хотод төрж, 2003 онд Испанийн Барселонд нас нөгчжээ. Тэрбээр латин америкийн зохиолчдоос Гарсиа Маркесын дараа дэлхийд хамгийн нэрд гарсан зохиолчдын нэг юм. Боланьо Омголон мөрдөгчид (Los detectives salvajes) хэмээх зохиолоороо олон улсад танигдаж, 1999 онд Латин Америкт нэр хүндтэй Ромуло Галегосын нэрэмжит шагналыг хүртжээ. Омголон мөрдөгчид роман 2006 онд англи хэлнээ орчуулагдсаны дараа АНУ, Европт ихээхэн алдаршсан билээ. Боланьогийн өөр нэг алдартай зохиол болох 2666 роман нь түүнийг нас барсны дараа хэвлэгджээ. Эдгээр 600 болон 1,000 гаруй хуудастай зохиолоос гадна тэрбээр богино өгүүллэг, тууж бичдэг байсан юм. Түүний амьд ахуйдаа бичсэн сүүлчийн зохиол нь "Люмпены тууж" билээ.
Боланьогийн богино хэмжээний сод бүтээлүүдийн нэг болох "Люмпений тууж" эцэг эх нь замын ослоор гэнэт нас барсны дараа өнчирч хоцорсон эгч дүү хоёр, томоос том Ром хотод хэрхэн аргаа олж, амьжиргаагаа залгуулж буй тухай өгүүлнэ. Энэ орчин үеийн “төлөвшлийн” романаараа Боланьо, порнограф, биеэ үнэлэлт зэрэг эмзэг сэдвийг зоригтойгоор хөнджээ.
Энэхүү зохиолд эцэг эх нь замын осолд өртөж нас барсны дараа насанд хүрч буй Бианка, түүний дүү хоёрын тухай өгүүлнэ. Өнчин хүүхдийн тэтгэмж нь тэдний амьдралд хүрэлцэхгүй байсан тул тэр хоёр удалгүй сургуулиа хаяж, ажил хайж эхэлдэг. Бианка охин үсчний газар ажилд орж, дүү нь бялдаржуулах клубт цэвэрлэгч болно. Эгч дүү хоёр чөлөөт цагаа зурагтын асуулт хариултын нэвтрүүлэг, видео прокатаас авсан порнографик болон инээдмийн кино үзэн өнгөрүүлдэг. Удалгүй дүү нь нэг газар хамт ажилладаг өөрөөсөө ах хоёр найзаа гэртээ авч ирснаар эгч дүү хоёрын амьдрал өөрчлөгдөнө. Эцэг эхийнх нь хуучин өрөөнд тэднийд нүүж ирсэн хоёр эр суух болж, Бианкатай бэлгийн харилцаанд орж эхэлнэ. Эрчүүд гэр орны ажилд туслах ч, хоёул ажилгүй болсон тул Бианка, түүний дүү хоёрын эдийн засгийн байдал улам муудсаны дээр Бианкагийн дүү ажлаасаа халагдсан нь нэрмээс болж, тэд бүгд мухардлаас гарах ямар нэг арга зам хайхаас аргагүйд хүрнэ. Гурван эрэгтэй өмнө нь алдартай кино жүжигчин, Мистер Юниверс байсан Мачистегийнхээс хулгай хийхээр шийдэж, энэхүү төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд Бианка гол дүрд тоглох ёстой болно. Хэдийгээр Боланьогийн бүтээлүүд сэтгэл догдлуулж, айдас түгшүүр төрүүлсэн триллер зохиолууд байдаг ч тэрбээр уран зохиолыг зүгээр нэг зугаа цэнгэл, мөнгө олох арга, алдар нэрд хүрэх шат гэж хараагүйг уншигч энэ туужийн хуудас бүрээс мэдрэх болно.
6. Михаэль Коолхаас
Клайст герман яруу найрагч, кино зохиолч, романч, богино өгүүллэгийн зохиолч, сэтгүүлч хүн байв. Хайнрих фон Клайст 1777 онд Одер голын эрэг дээрх Франкфурт хотод Померан нутгийн хуучны язгууртан айлын тав дахь хүүхэд болж төржээ. Тэрээр амьдралын турш ярианы эмгэгтэй, гацаж ярьдаг байсан юм. Клайст тухайн үеийн язгууртан гэр бүлийн хүүхдүүдийн нэгэн адилаар цэргийн эрдэмд суралцаж эхэлсэн ч түүнд таалагдаагүй учир цэргийн хүн болохоос татгалзаж 1799 онд математик, философи, хуульзүй зэрэгт суралцах болсон.
Гэхдээ эдгээр нь ч түүнд бас таалагдахаа больжээ. Төрийн албанд хэсэг ажилласныхаа дараа Клайст 1802 онд зохиол бичиж эхэлсэн байна. Анхандаа тэр голдуу жүжгийн зохиол бичдэг байснаа удалгүй өгүүллэг, эсээ оролдох болжээ. Хэдийгээр зарим жүжиг нь тайзнаа тавигдаж, ихэнх өгүүллэг нь хэвлэгдсэн ч тэр хүссэн амжилтадаа хүрэхгүй л байв. Түүний амиа хорлох хоёр гол шалтгаан нь, түүний сэтгүүл гаргах гэсэн оролдлого амжилтгүй болж, санхүүгийн хүндрэлд орсон нь болон ижил хүйстэн байснаа ямагт нуух шаналгаатай амьдрал туулсан явдал байж магадгүй билээ. Клайст 1811 онд хорт хавдартай эмэгтэй найзынхаа хамтаар Ванзе хэмээх жижиг голын эрэг дээр хамтдаа амиа хорлосон юм.
Ийнхүү амиа хорлосон нь түүнийг олонд таниулж өгсөн ч Клайстын жинхэнэ сод авьяасыг хүмүүс XIX зууны хоёрдугаар хагаст ойлгож эхэлсэн билээ. Тэр цагаас хойш түүний бүтээлийн үнэ цэн улам бүр нэмэгдсээр ирэв. Клайстын хамгийн алдартай уншигч Франц Кафка “МихаэльКоолхаас”-ын тухайд, “Энэ зохиолыг би сүсэглэн биширч уншлаа; урьд үзэж хараагүй тийм төгс чанарыг би эндээс алмайран мэдрэв” гэж сүйт бүсгүй Фелиц Бауэрдээ бичиж байжээ.
Түүнийг нас барсны дараа Германы уран зохиолд "Kleist Prize" хэмээх нэр хүндтэй шагналыг бий болгож, дараа нь түүний төрсөн газар "Клайст театр"-ыг байгуулсан юм.
1810 онд анх хэвлэгдсэн “МИХАЭЛЬ КООЛХААС” туужийн тухай “Энэ зохиолыг би сүсэглэн биширч уншлаа“ гэж Франц Кафка нэгэн захиандаа бичжээ. Юу юунаас илүү танил талаа эрхэмлэдэг улстөрчдөд хууртсан адууны худалдаачны өшөө авах гэсэн тэмцлийн түүх 200 жилийн дараа ч шинэ соргог хэвээр.
Яруу найрагч, зохиолч, жүжгийн зохиолч Хенрих фон Клайст нь цөөхөн бүтээл үлдээж, гучин дөрөвхөн насалсан ч германы томоохон сонгодог зохиолчдын тоонд зүй ёсоор ордог. Түүний өөд болсны хоёр зуун жилийн ой тохиосон 2012 оныг Герман даяар Клайстын жил болгон тэмдэглэсэн билээ. Клайстын бичиж үлдээсэн найман туужаас хамгийн алдартай нь энэхүү “Михаэль Коольхаас” юм. Адууны наймаачин Михаэль Коольхаас XVI зууны дунд үеийн Севенна нутгийн хамгийн баян хүмүүсийн нэг байлаа. Тэрээр нэр нөлөөтэй, олон хүн атаархам хүндтэй байр сууриа шударга хөдөлмөрөөрөө олж авчээ. Шударга журамтай Коольхаасын гэр бүл, ойр дотнынхон, зарц ажилчид нь түүний бат найдвартай өмөг түшигт жаргалтай сайхан амьдарч байлаа. Михаэль шударга бус явдлыг үзэж чаддаггүй нэгэн байв. Шударга бус явдалтай халз тулгарсан Коольхаас өөрийн хүчээр эрхээ хамгаалж, нэр төрийг нь гишгэчин доромжилсон хүмүүсийг залхаахаар шийднэ. Тэр хуурч мэхлэх замаар хилэн хар морьдыг нь авч, зарцыг нь хэрцгийгээр занчсан язгууртнаас өшөөгөө авахыг хүсжээ. Михаэль эхэндээ хууль ёсны хүрээнд тэмцэж шүүхэд гомдлоо гаргасан боловч өнөө язгууртны хүчирхэг өмөг түшиг болсон эрхтэн дархтнууд хэргийг нь эс хэрэгсэж гомдлыг нь буцаажээ. Тэгээд Коольхаас үнэн мөнөө олохын тулд их цэрэг цуглуулан тэмцэж жинхэнэ дайн дэгдээнэ. Хот тосгодыг шатаан дээрэмдэж, өөрийг нь гомдоосон этгээдүүдийг залхаан цээрлүүлнэ. Харин энэ хооронд Михаэль шударга журамт иргэнээс харгис хэрцгий дээрэмчин, төр засагт аюултай этгээд болон хувирснаа өөрөө ч мэдсэнгүй... Михаэль Коолхаас гэж хэн бэ? Хээл хахуульд автсан улсад шударга ёсыг тогтоохоор шийдсэн аймшиггүй хувьсгалч уу? Эсвэл зүгээр л нэг увайгүй террорист уу? Энэхүү асуулт дэлхийн уншигчдыг хоёр талцуулж маргалдуулсаар. Харин таны хариулт ямар байх бол?
7. Крейцерийн сонат
Оросын нэрт зохиолч Лев Николаевич Толстой Тула мужийн Ясная Поляна хэмээх эдлэнд төржээ. Хамгийн алдартай хоёр бүтээл болох "Дайн ба энх", "Анна Каренина" роман нь бүх цаг үеийн хамгийн шилдэг романуудын тоонд ороод зогсохгүй реалист утга зохиолын оргил гэгддэг. Түүний хүчирхийллийн бус замаар тэмцэх үзэл санаа нь Махатма Ганди, Мартин Лютер Кинг нарын XX зууны улстөрийн нөлөө бүхий тэмцэгчдэд ихээхэн нөлөө үзүүлсэн. Тэрээр Христийн шүтлэгтэй ба хүч хэрэглэхийн эсрэг байдаг байсан. Түүний "Бурхны хаанчлал таны дотор бий" гэсэн бүтээлийн хүмүүст үзүүлсэн нөлөөг Махатма Ганди болон Мартин Лютер Кингтэй зүйрлэж болно. Тэр Астапово галт тэрэгний буудал дээр 1910 онд 82 настайдаа нас баржээ.
Лев Николаевич Толстой бол 19 зууны дэлхийн утга зохиолын гоц үзэгдэл байлаа. Түүний зохиол бүтээлийн өв 100 шахам ботиор хэмжигддэг бөгөөд манайд “Дайн ба Энх” , “Анна Каренина” , “Сэхээрэлт” романууд, олон тооны тууж, өгүүллэг, үлгэр нь орчуулагджээ.
Толстойн Иван Ильичийн үхэл туужаас гадна олонд хамгийн их алдаршсан богино хэмжээний бүтээл нь Крейцерийн сонат юм. Энэ тууждаа утга зохиолын мөнхийн сэдэв болох хайр дурлал, гэрлэлт, хардалтын тухай өгүүлжээ. Гэхдээ Толстой байдаг л нэг хайрын түүхийг бичсэнгүй. Тэрээр эдгээр сэдвийг задлан шинжилж нийгмийг сэрээх, өдөөхөд ашигласан байна. Хувь хүний аз жаргал, зовлон гуниг нь нийгмийн нөхцөл байдлаас хамаардаггүй гэж боддог хүн бүр алд дэлэм эндүүрч байгааг энд дурдах нь зүйтэй болов уу.
Крейцерийн сонат анх 1980 онд хэвлэгдсэн даруйдаа Оросын ном хэвлэлийг хянах газрын цензурт өртөж байжээ. Крейцерийн сонат-ын хувьд галт тэргэнд суусан гурван зорчигч хайр дурлал, гэрлэлт, салалтын тухай эрчтэй яриа өрнүүлж, өөрт тохиолдсон явдлаа хүүрнэж байгаагаар үйл явдал эхэлнэ. Тэдний яриаг сонсох зорчигчид энэхүү туужийн хүүрнэгчээс гадна түгшсэн төрхтэй, царайлаг залуу эр Позднышев байх аж. Позднышев эхнэрээ бусадтай хардаж, амийг нь хөнөөгөөд ер удаагүй байгааг уншигч удалгүй олж мэднэ. Эхнэртээ араар тавиулсан эр нөхөр Позднышев нэр төрөө хамгаалж энэ хэргийг үйлдсэн гэж шүүгч үзсэн учир тэр энэ хэрэгтээ ямар нэг ял хүртээгүй байна. Шөнө болж зорчигчид галт тэрэгнээс буусны дараа Позднышев, эсрэг талын суудал дээр суусан энэ зохиолын нэргүй хүүрнэгч хоёр л үлдэж, Позднышев энэхүү хүүрнэгчид өөрийн түүхээ өгүүлнэ. Тэр гэрлэлтээс өмнөх замбараагүй амьдралаа, хуримаа хийсэн өдрөө, эхнэртэйгээ өнгөрүүлсэн хэрүүл уруул дүүрэн амьдралаа, эцэст нь түүнийг хэрхэн хөнөөснөө ярина.Галт тэргэнд болж буй үйл явдлын өгүүлэмжид багтаж, жаазалсан хүүрнэлийн нэг хэсэг болсон Позднышевын энэхүү яриа уг зохиолын гол агуулгыг бүрдүүлнэ. Хартай эрийн төөрөгдөл, шаналлыг Крейцерийн сонат шиг ийм өр өвдөм үнэмшилтэйгээр дүрсэлсэн зохиол ховор. Сэтгэлийн ийм мэдрэмжийг мэдэх аливаа уншигч Толстойн хүмүүний сэтгэл зүйг ямар нарийн, оновчтой дүрсэлснийг анзаарах төдийгүй энэ зохиол ч сэтгэлээс нь тийм амар гарахгүй буй за.
8. Сайн бүсгүйн хайр

Канадын орчин үеийн хамгийн нөлөөтэй зохиолч Элис Манро 1931 онд Канад улсын Онтарио хэмээх жижигхэн хотод ажилчин гэр бүлд мэндэлжээ. 2013 онд утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртэхэд нь түүнийг “Орчин үеийн богино өгүүллэгийн мастер” хэмээн танилцуулж байв. Хүүхэд байхдаа Ханс Кристиан Андерсоны “Бяцхан лусын дагина” зохиолыг сонссон үеэсээ л уран зохиолд татагдан орсон гэдгээ Манро нэг ярилцлагадаа дурдсан нь бий. Манрод уг үлгэрийн төгсгөл хэтэрхий гунигтай санагдсан учир өөрийн хувилбараа зохиож бичсэн нь эх зохиолоосоо хавьгүй аз жаргалтай төгссөн гэдэг. Манро хэдийгээр 1950 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн ч, “Аз жаргалтай сүүдэрт бүжиг” хэмээх анхны өгүүллэгийн түүвэр нь 1968 онд хэвлэгдсэн юм. Зохиолч маань үүнээс хойш дахиад арван гурван өгүүллэгийн түүвэр нийтлүүлж, олон шилдэг өгүүллэгүүдээ шинэчилж, шинэхэн эмхэтгэлүүд гаргажээ. Манрогийн зохиолууд хэзээ ч хуучирдаггүй бөгөөд шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан тэрхүү бүтээлүүд нь үе үеийн уншигчдын сэтгэл зүрх, оюун санааг эзэмдсэн хэвээр байгаа билээ.
Нобелийн шагналт Канадын зохиолч Элис Манрогийн Сайн бүсгүйн хайр зохиол нь анх 1996 онд “Нью Йоркер” сэтгүүлд Хайр, нууц, алуурчин нэртэйгээр хэвлэгдэж байсан ч хоёр жилийн дараа өдгөөгийн нэрээрээ буюу Сайн бүсгүйн хайр нэрээр уншигчдад хүрсэн билээ. Манрогийн эхэн үеийн зохиолууд ихэнхдээ сэтгэлзүйн реализмын хэв маягаар бичигдсэн байдаг бол хожим нас ахихын хирээр тодорхой насныханд бус, аль ч насныханд хамааралтай илүү задгай хэв маягтай олон талын дүрслэлтэй зохиол бичих болжээ. Сайн бүсгүйн хайр бол олон янзын хэв маягийг агуулсан онцгой бүтээл мөн юм.
Туужийн гол дүр Руперт Куйн бээр Энид бүсгүйтэй дунд сургуульд хамт суралцаж байжээ. Түүний эхнэр Жанет Күйн цэл залуугаараа эдгэшгүй бөөрний өвчин тусаж, өдөр өдрөөр үхэж байлаа. Энид урьд нь олон эдгэшгүй хүнд өвчтөнийг асарч сувилж байсан ч түүн шиг зэвүүцэл, дургүйцлийг төрүүлэх хорон үгтэй өвчтөнтэй таарч байсангүй. Хатагтай Күйн түүнд үхэхийнхээ өмнө нэгэн нууцыг дэлгэсэн нь Энидийг төөрөлдүүлж орхино. Тэр одоо хатагтай Күйний хэлсэн үгэнд итгэж хайртай хүнээсээ татгалзах аль эсвэл түүний хэлсэн бүхэн худал гэдгийг баталж хайрандаа үнэнч үлдэх гэсэн хоёр сонголтын дунд эргэлдэнэ. Хорон үгтэй Күйний хэлсэн бүхэн үнэн байсан ч магадгүй Энид хайрандаа үнэнч үлдэх ч юм бил үү. Ерөөсөө л хайртай хүнийхээ нүд рүү эгцэлж харж байгаад үнэнийг асуух хэрэгтэй. Гэвч Руперт түүнд үнэнээ хэлэх болов уу? Манрогийн Сайн бүсгүйн хайр зохиолын ихэнх үйл явдал 1951 онд баруун өмнөд Онтариод өрнөнө. Нүдний эмч Д.М.Виллений учир битүүлэг үхэл хийгээд асарч буй өвчтөнийхөө нөхөрт нууцхан сэтгэл алдарсан Энидийн хайр сэтгэл энэ туужийн үйл явдлын цөмийг бүрдүүлнэ. Амьдралд ховор тохиох этгээд хачин асуудалд шийдвэр гаргах тухай өгүүлсэн энэ туужийн унших явцад үнэн хэрэгтээ тэрхүү шийдвэр гэгч зүйл нь уншигчдын шийдэх асуудал болон хувирна.
9. Манай бүдэрсэн баатар

И Мүн Ёл бол Өмнөд Солонгосын орчин үеийн уран зохиолын хамгийн алдартай, олон уншигчтай зохиолчдын нэг. Тэрээр гурван жил цэргийн алба хааж ирээд их дээд сургуульд бэлтгэх сургалтын төвд хэсэг хугацаанд багшаар ажилласныхаа дараа буюу 1978-1980 он хүртэл өдөр тутмын нэгэн сонинд сурвалжлагчаар ажиллаж, энэ үеэс зохиол бичиж эхэлсэн аж. Энэ нь түүний амьдралд томоохон эргэлт болж, амжилт дагуулав. Тэрбээр 1979 онд Хүний хүү романаараа утга зохиолын шагнал хүртсэнээр зохиол бүтээлийнх нь оргил үе эхэлжээ. Үүнээс хойш Мүн Ёл Солонгосын хойгийн хуваагдал, үйлдвэржилт, хэрэглээний нийгэм, улс төрийн эрх мэдлийг урвуулан ашиглах зэрэг өргөн сэдвээр олон өгүүллэг, тууж, роман бичиж, олон улсад үнэлэгдсэн зохиолч болжээ.
Зохиолын үйл явдал хөдөөний нэгэн сургуульд өрнөнө. Зохиолын “Би” буюу хүүрнэгч Хан Бён Тэгийн эцэг тушаал буурсны улмаас гэр бүлээрээ Сөүлээс жижиг хот руу нүүж, тус сургуульд шилжиж ирнэ. Гэтэл энэ жижиг хотын сургуулийн байшин барилга нь нурах дөхсөн, ангийн багш нь цамцан дээрээ будааны архины толботой, үс зүсээ тордсон эсэх нь ч тодорхойгүй нэгэн агаад удирдсан ангиа Ом Сог Дэ хэмээх сурагчид тэр чигээр нь найдаж орхижээ. Тэрхүү Ом Сог Дэ бусад сурагчаас хэдэн насаар ах ба том биетэй учир бусдыгаа дээрэлхэж, дарангуйлдаг бөгөөд түүнийг эсэргүүцэх хүн үгүй. Харин Хан Бён Тэ л эсэргүүцэлгүйгээр бууж өгөхийг хүссэнгүй. Ийнхүү цааш Ом Сог Дэгийн эсрэг Хан Бён Тэгийн тэмцэл, бүтэлгүйтэл, ангийн хувьсгал зэргийн талаар өгүүлэх болно. Энэхүү туужийг Монсудар хэвлэлийн газраас "Утга зохиол" цувралын X номоор сонгож 2017 онд эрхлэн гаргасан билээ.
Бидний бүдэрсэн баатар хэмээх энэхүү тууж нь хэмжээний хувьд бага ч И Мүн Ёлын олон талт, чухал бүтээлүүдийн нэгд тооцогддог. Энэ туужийг бичихдээ Өмнөд Солонгосын сургуулийн нэгэн анги дахь эрх мэдлийн харилцааг өгүүлэхдээ далд агуулагдах ёгтлол (аллегор) ашиглаагүй сэн бол Солонгос төдийгүй дэлхий дахинаа алдаршихгүй байх сан. Тэгэхээр туужийн ёгт санааг илэрхийлэх элементүүдийг авч үзэхийг хичээе. Туужид гарах Ом Сог Дэгийн дүр цэргийн дэглэмийг төлөөлнө. Тэр бие бялдрын давуу байдлаараа, хүчээр сүрдүүлэн дарамталж, эрх мэдэлд хүрсэн нэгэн. Харин Хан Бён Тэгийн дүр цэргийн дэглэмийн эсрэг зогсдог энгийн иргэдийн тэмцлийг төлөөлнө. Түүний Ом Сог Дэгийн эсрэг тэмцэлд илрэх түүний янз бүрийн сэдэл нь хүмүүсийг шударга бус ноёрхлын эсрэг тэмцэхэд хүргэдэг бардам зан, үзэл суртал, түүнчлэн өөрт ашигтай байх зэрэг шалтгаануудыг харуулна. Ангийн бусад сурагч Солонгосын ард түмний янз бүрийн ашиг сонирхолтой бүлгүүдийг төлөөлнө. Ингэж нэг ангийн бичил нийгмээр цэргийн дэглэмийн үеийн Солонгосын нийгмийг харуулжээ. Түүгээр ч зогсохгүй зөвхөн Солонгосын нийгэмд л хамаарах үйл явдлыг бус, харин дэлхийн аль ч өнцөг буланд өрнөж болох ерөнхий дүр зургийг харуулсан бүтээл болжээ. Хүч чадалтай нэгэн нь бусдыгаа захирч, дарангуйлж буй нийгэмд хүмүүс хэрхэн харилцдаг вэ? Дарлагдсан олонд дарангуйлагчийг эсэргүүцэж, шударга ёсыг тогтооход юу саад болдог вэ? Ийм асуултын хариуг эрэлхийлж буй хүн бүрд энэхүү зохиолоос сурах зүйл их бий.
10. Зургаан тохой газар
Гордимер 1923 онд Өмнөд Африкт, Йоханнесбургээс холгүй Трансвааль мужийн (өнөөгийн Гаутенг) Спрингс хэмээх уурхайн хотод жүүд дүрвэгчийн гэр бүлд төржээ. Тэрээр зөвхөн цагаан арьст охидын суралцдаг католик сургуульд элссэн ч ээж нь охиноо зүрх муутай гэж үзэн гэрээр голдуу боловсрол олгосон юм. Ийнхүү бусдаас тусгаар, ганцаардал амьдрах болсон бяцхан охин багаасаа номд хорхойсож улмаар өөрөө зохиол бичиж эхэлжээ. Анх Гордимер ердөө арван тавтайдаа хүүхдэд зориулсан өгүүллэг бичиж эхлэн, нэг жилийн дараа насанд хүрэгчдэд зориулсан анхны өгүүллэгээ сэтгүүлд хэвлүүлсэн байна. Face to Face (Нүүр нүүрээ харалцан) хэмээх өгүүллэгийн анхны түүвэр нь 1949 онд хэвлэгдсэнээс дөрвөн жилийн дараа The Lying Days (Хэвтээ өдрүүд) хэмээх анхны роман нь олны хүртээл болов. 1975 онд Гордимер, The Conversionist (Хувиргагч) романаараа нэр хүндтэй Booker шагналыг хүртэж, олон улсад алдарших эхлэлээ тавив. 1991 онд тэрээр “хүмүүнлэгийн үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсны учир” Нобелийн шагналын эзэн болсон юм. Гордимер 2014 онд Йоханнесбург хотноо таалал төгсжээ. Нийт 15 роман, өгүүллэгийн 16 түүврээс гадна тоо томшгүй олон эсээ, улс төрийн мэдэгдлийн эзэн энэхүү зохиолч Өмнөд Африкаас сүүлчийн зуун жилд тодорсон хамгаас нэр нөлөөтэй бичгийн хүмүүсийн нэгд зүй ёсоор тооцогдох учиртай билээ.
Надин Гордимерийн "Зургаан тохой газар" өгүүллэгийн түүвэр нь анх 1982 онд Penguin хэвлэлийн газраас хэвлэгдэн гарчээ. Энэхүү түүвэрт зохиогчийн 1956 оноос 1980 он хүртэлх хугацаанд бичсэн бүтээлүүд дундаас сонгогдсон шилдгийн шилдэгт тооцогдох долоон өгүүллэг багтсан байна. Түүвэрт нэрийг нь өгсөн “Зургаан тохой газар” өгүүллэгт гэр бүлийн харилцаа нь бүтэлгүйтсэн нэгэн цагаан арьст эр өөрийн зарц нарын нэгний дүүг зохих ёсоор оршуулахаар Өмнөд Африкийн хүнд сурталтай тэмцсэн тухай түүхийг харуулна. “Шилэн бадмааргийн хэлтэрхий” өгүүллэг харин улс төрийн эрх чөлөөний төлөө хар арьстнуудын тэмцэлд оролцох нэгэн энэтхэг гэр бүлийн тухай түүх аж. Нөхөр нь уг тэмцэлд эхнэрийнхээ оруулсан хувь нэмрийг төдийлөн ойшоогдохгүй өнгөрөх вий хэмээн санаа зовохоос гадна гэр бүлийнхээ аюулгүй байдалд сэтгэл түгшинэ. “Аман түүх” өгүүллэг нь омог аймгийнхныхаа тэмцэл хийгээд гэр бүлийнхээ аюулгүй амьдрал хоёрын дунд ацан шалаанд орсноос гадна гэр бүлээ аюулаас хол байлгая гэвэл Өмнөд Африкийн засгийн газрын цэргүүдийн үгийг дагахаас өөр аргагүй гэдгийг ухаарсан тосгоны ахлагчийн түүхийг өгүүлжээ. Эдгээрээс гадна “Хотын амрагууд”, “Хөдөөгийн амрагууд”, “Хэвлэхэд зориулагдаагүй”, “Таатай уур амьсгал, нөхөрсөг оршин суугчид” зэрэг өүүллэгүүд уг түүвэрт орсон билээ. Апартеид дэглэмийн үеийн Өмнөд Африкийн өдөр тутмын амьдралыг олон өнцгөөс хүүрнэх уг өгүүллэгүүдээс Надин Гордимерын уран бүтээлийн оргил үеийн туурвилын чансаа, өнгө аясыг харах боломжтой.
СЭТГЭГДЭЛ