1. Надин Гордимер "Зургаан тохой газар"
Надин Гордимерийн "Зургаан тохой газар" өгүүллэгийн түүвэр нь анх 1982 онд Penguin хэвлэлийн газраас хэвлэгдэн гарчээ. Энэхүү түүвэрт зохиогчийн 1956 оноос 1980 он хүртэлх хугацаанд бичсэн бүтээлүүд дундаас сонгогдсон шилдгийн шилдэгт тооцогдох долоон өгүүллэг багтсан байна.
Түүвэрт нэрийг нь өгсөн “Зургаан тохой газар” өгүүллэгт гэр бүлийн харилцаа нь бүтэлгүйтсэн нэгэн цагаан арьст эр өөрийн зарц нарын нэгний дүүг зохих ёсоор оршуулахаар Өмнөд Африкийн хүнд сурталтай тэмцсэн тухай түүхийг харуулна. “Шилэн бадмааргийн хэлтэрхий” өгүүллэг харин улс төрийн эрх чөлөөний төлөө хар арьстнуудын тэмцэлд оролцох нэгэн энэтхэг гэр бүлийн тухай түүх аж. Нөхөр нь уг тэмцэлд эхнэрийнхээ оруулсан хувь нэмрийг төдийлөн ойшоогдохгүй өнгөрөх вий хэмээн санаа зовохоос гадна гэр бүлийнхээ аюулгүй байдалд сэтгэл түгшинэ. “Аман түүх” өгүүллэг нь омог аймгийнхныхаа тэмцэл хийгээд гэр бүлийнхээ аюулгүй амьдрал хоёрын дунд ацан шалаанд орсноос гадна гэр бүлээ аюулаас хол байлгая гэвэл Өмнөд Африкийн засгийн газрын цэргүүдийн үгийг дагахаас өөр аргагүй гэдгийг ухаарсан тосгоны ахлагчийн түүхийг өгүүлжээ. Эдгээрээс гадна “Хотын амрагууд”, “Хөдөөгийн амрагууд”, “Хэвлэхэд зориулагдаагүй”, “Таатай уур амьсгал, нөхөрсөг оршин суугчид” зэрэг өгүүллэгүүд уг түүвэрт орсон билээ.
Апартеид дэглэмийн үеийн Өмнөд Африкийн өдөр тутмын амьдралыг олон өнцгөөс хүүрнэх уг өгүүллэгүүдээс Надин Гордимерын уран бүтээлийн оргил үеийн туурвилын чансаа, өнгө аясыг харах боломжтой.
2. Хорхе Луис Борхес "Даян дэлхийн жигшүүрт түүх"
1899 онд Аргентины Буэнос-Айрес хотноо төрж, 1986 онд Швейцарын Женев хотноо таалал төгссөн Хорхе Луис Борхес бол өгүүллэг, эсээ төрлөөрөө XX зууны хамгийн нэр нөлөөтэй зохиолчдын нэг. Борхесыг Латин-Америкийн шидэт реализмын үндэс суурийг тавьсан хүн ч гэж үзэх нь бий. Тэрээр постструктуралист философичдод хүчтэй нөлөө үзүүлжээ. Түүнчлэн өөрсдийгөө шидэт реализм урсгалын төлөөлөгч гэж үзэх нь бүү хэл, энэ урсгалаас аль болох зайгаа барихыг хичээдэг Роберто Боланьо гэх мэт Латин-Америкийн хожуу үеийн зохиолчид ч Борхесоос олонтоо эшлэхээс гадна түүнээс санаа авсан гэдгээ нуудаггүй билээ.
Цаг хугацааны хувьд өгүүллэгүүдийн үйл явдал дундад зууны эхэн үеэс Борхесын өөрийн амьдарч байсан цаг үеийг хамарна. Түүнчлэн жигшүүрт хэргүүдийн төрөл зүйлийн тухайд Борхес аль болох өргөн хүрээг хамрахыг, аль болох олон төрлийн жигшүүрт хэргийн тухай хүүрнэхийг хичээсэн нь ажиглагддаг: заль мэх, урвалт, худал, дүр эсгэлт, далайн дээрэм, аллага гэх мэт –– Борхесын хүүрнэлгүй өнгөрүүлсэн жигшүүрт хэргийг бодож олох тийм ч амар бус. Түүвэрт багтсан “Ягаан булангийн хүн”, “Et cetera” хэмээх өгүүллэгүүдээс бусдыг нь Борхес өөрөө зохиож бичээгүй, харин төрөл бүрийн эх сурвалжаас авч өөрийнхөөрөө дахин найруулж, шинээр хүүрнэсэн юм. Гэхдээ Борхесыг нэр алдарт хүргэсэн уран бүтээлийн онцгой хэв маяг нь эхэн үеийн энэхүү бүтээлд нь ч маш тод туссан байна.
3. Жумпа Лахири "Эмгэг зовуурийн хэлмэрч"
Зохиогч нь өөрөө Энэтхэг Америк гаралтай учраас өөрийгөө Энэтхэг эсвэл Америк гэж аль нэгээр нь тодотгож чаддаггүй, бусад цагаачдын адил багаасаа л “хоёр бие хүн шиг” амьдрах дарамтыг мэдэрдэг байжээ. Энэ нь ч зохиолуудад нь тусгалаа олж хайрлаж хайрлагдах гэсэн хүний мөн чанар хийгээд өөрийгөө таньж мэдэх үйл явцын эрчлээнд үүсэх Энэтхэг, Америк соёл хоорондын зөрчилдөөнийг түлхүү өгүүлсэн байдаг.
Түүний өгүүллэг бүрт хүний амьдралд үргэлж тохиолддог боловч ухаж хөндөхөөс зайлсхийдэг бодит асуудлуудыг ил болгосон агаад үгүйсгэл, гэмшил, бэрхшээл болон итгэл алдарсан түүхүүд өрнөнө. Эдгээр дүрүүд, үйл явдлууд нь үнэнтэй дэндүү ойрхон тулд уншигч та тэдний амьдралыг өөр дээрээ тусган гүн гүнзгий мэдэрнэ, бас ойлгоно. Пулицерийн шагнал хүртсэн энэхүү зохиол нь 9 богино өгүүллэгээс бүрдэнэ.
4. Кэтрин Мэнсфилд "Гадаа үдэшлэг"
Кэтрин Мэнсфилд бол Виржиниа Вүүлфээс гадна англи хэлээр бүтээлээ туурвигч ХХ зууны хамгийн нөлөө бүхий эмэгтэй зохиолчдын нэг билээ. Ердөө 34-хөн наслахдаа тэрээр модернизмын сонгодог бүтээлд маргаангүй тооцогдох зуу гаруй өгүүллэг бичиж, олон зохиолчдод нөлөө үзүүлсний дундаас гол заримыг нь нэрлэвэл Скотт Фицжеральд, Т.С.Элиот, Симон Бовар нарыг дурдаж болно. Уламжлалт бус хэр нь сонирхолтой өгүүллэгүүдээрээ Мэнсфилд англи өгүүллэгийн уламжлалд шинэ чиглэлийг авчирсан юм. Өдгөө Мэнсфилдийн өгүүллэгүүд дэлхийн дөчин хэлээр орчуулагджээ. Өгүүллэгүүдийг нь авч үзсэн судалгааны бүтээлүүдийн тоо ч улам бүр нэмэгдсээр байна.
Мэнсфилд нийтдээ зуу гаруй өгүүллэг бичсэнээ таван түүвэр болгон хэвлүүлснээс гадна мөн олон арван сэтгүүлд өгүүллэгүүд нь гарч байжээ. Бид тэдгээрээс уран зохиолын чанар чансаа болон уншигдаж, судлагдсан байдлыг харгалзан 12 өгүүллэгийг сонгон энэхүү номдоо орууллаа. Өөр олон ч эмхэтгэл гаргаж болохуйц өргөн сонголт дундаас сорчлон шилэх амаргүй байсныг өгүүлэх юун. Түүврээ 1911 онд бичигдсэн “Мухлагийн хүүхэн” өгүүллэгээр нь эхлүүлэв. Энэ бол “Ритм” сэтгүүлд нийтлэгдсэн Мэнсфилдийн анхны өгүүллэг юм. Үйл явдал нь Шинэ Зеландын хөдөө нутагт өрнөдөг уг өгүүллэг өнөөг хүртэл түүний хамгийн алдартай зохиолуудынх нь нэгд тооцогддог. Энэ өгүүллэг 1925 онд зохиолчийг нас барсны дараа олны хүртээл болсон “Хүүхдэрхүү зан ба бусад өгүүллэг” (Something Childish and Other Stories) түүвэрт ч мөн багтжээ. Түүний дараагаар 1920 онд хэвлэгдсэн Төгс аз жаргал ба бусад өгүүллэг түүврээс нь “Төгс аз жаргал”, “Кино”, “Ноён Режиналдын Пикокийн нэг өдөр” хэмээх гурван өгүүллэгийг сонголоо. Эдгээрт Чеховын нөлөө илт мэдрэгддэг. Тус түүврийн эхний бүтээл, олонд сайтар танигдсан “Удиртгал” өгүүллэг нь хэмжээний хувьд нэлээн урт тул бид энэхүү түүвэртээ багтаасангүй. 1922 онд хэвлэгдсэн “Гадаа үдэшлэг ба бусад өгүүллэг” түүвэрт багтсан таван өгүүллэгийг үүний дараагаар нь оруулав. Түүврээ нэрлэсэн “Гадаа үдэшлэг” өгүүллэг нь сонгомол эмхэтгэлүүдэд магадгүй хамгийн олонтоо багтаж, шүүмжлэгдэн хэлэлцэгдсэн бүтээл болов уу. Энэ өгүүллэг богино хэмжээний хүүрнэл зохиолын сод бүтээлд тооцогддог.
5. Элис Манро "Сайн бүсгүйн хайр"
Нобелийн шагналт Канадын зохиолч Элис Манрогийн Сайн бүсгүйн хайр зохиол нь анх 1996 онд “Нью Йоркер” сэтгүүлд Хайр, нууц, алуурчин нэртэйгээр хэвлэгдэж байсан ч хоёр жилийн дараа өдгөөгийн нэрээрээ буюу Сайн бүсгүйн хайр нэрээр уншигчдад хүрсэн билээ.
Манрогийн эхэн үеийн зохиолууд ихэнхдээ сэтгэлзүйн реализмын хэв маягаар бичигдсэн байдаг бол хожим нас ахихын хирээр тодорхой насныханд бус, аль ч насныханд хамааралтай илүү задгай хэв маягтай олон талын дүрслэлтэй зохиол бичих болжээ.
Сайн бүсгүйн хайр бол олон янзын хэв маягийг агуулсан онцгой бүтээл мөн юм.
Туужийн гол дүр Руперт Куйн бээр Энид бүсгүйтэй дунд сургуульд хамт суралцаж байжээ. Түүний эхнэр Жанет Күйн цэл залуугаараа эдгэшгүй бөөрний өвчин тусаж, өдөр өдрөөр үхэж байлаа. Энид урьд нь олон эдгэшгүй хүнд өвчтөнийг асарч сувилж байсан ч түүн шиг зэвүүцэл, дургүйцлийг төрүүлэх хорон үгтэй өвчтөнтэй таарч байсангүй. Хатагтай Күйн түүнд үхэхийнхээ өмнө нэгэн нууцыг дэлгэсэн нь Энидийг төөрөлдүүлж орхино. Тэр одоо хатагтай Күйний хэлсэн үгэнд итгэж хайртай хүнээсээ татгалзах аль эсвэл түүний хэлсэн бүхэн худал гэдгийг баталж хайрандаа үнэнч үлдэх гэсэн хоёр сонголтын дунд эргэлдэнэ. Хорон үгтэй Күйний хэлсэн бүхэн үнэн байсан ч магадгүй Энид хайрандаа үнэнч үлдэх ч юм бил үү. Ерөөсөө л хайртай хүнийхээ нүд рүү эгцэлж харж байгаад үнэнийг асуух хэрэгтэй. Гэвч Руперт түүнд үнэнээ хэлэх болов уу?
Манрогийн Сайн бүсгүйн хайр зохиолын ихэнх үйл явдал 1951 онд баруун өмнөд Онтариод өрнөнө. Нүдний эмч Д.М.Виллений учир битүүлэг үхэл хийгээд асарч буй өвчтөнийхөө нөхөрт нууцхан сэтгэл алдарсан Энидийн хайр сэтгэл энэ туужийн үйл явдлын цөмийг бүрдүүлнэ. Амьдралд ховор тохиох этгээд хачин асуудалд шийдвэр гаргах тухай өгүүлсэн энэ туужийн унших явцад үнэн хэрэгтээ тэрхүү шийдвэр гэгч зүйл нь уншигчдын шийдэх асуудал болон хувирна.
6. Япон өгүүллэг, тууж
Эдгээр зохиолууд нь бичлэг, утга санаагаараа тус бүрийн ялгарах онцлогтойг уншигч авхай түвэггүйхэн мэдэх хэдий ч, зарим зохиолын талаар багахан тайлбарыг хүргэх нь зүйтэй болов уу.
Хигүчи Ичиёо бол Мэйжигийн үеийн хамгийн алдартай эмэгтэй зохиолч бөгөөд тухайн үеийн шилжилтийн насны хүүхдүүдийн харилцаа, нийгэм, хүмүүсийн аж амьдралын мөн чанарыг Нэг үеийнхэн зохиолдоо маш уян зөөлөн, торгон мэдрэмжтэй хэрнээ энгийн хүүрнэлээр өгүүлсэн юм. Хигүчи Ичиёогийн дүр Япон улсын 5000 иений мөнгөн дэвсгэрт дээр мөнхөрсөн нь ядуу тарчиг амьдралаар хорь гаруйхан наслахдаа бичиж үлдээсэн түүний бүтээлүүд өнөөг хүртэл үнэ цэнтэй хэвээр байгаагийн нэг илрэл билээ.
Харин Изүми Кёокагйн Коояа уулын гэгээн өгүүллэгийн зохиомжийг матрёшкатай зүйрлэж болох юм. Өөрөөр хэлбэл өгүүлэмжийн дотор өгүүлэмж агуулагдах нь уг зохиолын нэг онцлог. Зохиолын гол дүрүүд болох авхай, залуу лам хоёрын харилцаа болоод дүрийн үнэн төрх эхнээсээ төгсгөл хүртлээ нууцлаг, амар хялбараар тайлагдахгүй байгаа нь япон уран зохиолын онцлог чанарыг тусгасан байгаа болно. Залуу лам учир битүүлэг хүүхний жинхэнэ төрхийг сонсож мэдсэн ч гэсэн түүний тодор өнөөх хүүхний талаарх таатай сэтгэгдлийн багахан оч сүүмэлзэн байгааг уншсан хүн бүр мэдрэх нь лавтай. Энэ талаар зохиолд бараг дурдаагүй хэр нь уншигчид мэдэрч, ойлгож байгаа нь бичлэгийн ур чадвараас шалтгаалж байгаа хэрэг юм. Тиймээс зохиолын мөн чанар луу сайн өнгийж, тогтож унших нь уг өгүүллэгийн нууцлаг, гайхамшигтай чанарыг ойлгоход тус дөхөм болох болов уу.
Уг номд орсон Окамото Канокогийн Хөгшин гэйша зохиолын хувьд бичлэгийн онцлог ур чадвараас шалтгаалан уншигчдад нэлээд зузаан зохиол уншсан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тэрээр энэхүү өгүүллэгээрээ богино хэмжээний зохиолд хэрхэн гүн утга санааг шингээж, олон талт агуулгыг багтааж болдгийн үлгэр жишээг харуулжээ. Тийм дээ ч Кавабата энэхүү зохиолыг “Богино хэлбэрийн зохиолын оргил” хэмээн үнэлсэн нь бий.
Түүнчлэн уран зохиолд тухайн орны сэтгэлгээ, аж амьдралын онцлог зайлшгүй тусдаг. Иймд уг зохиолуудад япон уламжлал, ёс заншил, домгийн сэтгэлгээ, ахуй амьдралын онцлог ихээхэн шингэжээ. Энэ нь монгол уншигчдад зарим талаар уншиж ойлгоход бэрхшээлтэй байх болов уу гэсэн үүднээс аль болох монгол ахуй, сэтгэлгээнд нийцүүлэхийг хичээж, зарим тохиолдолд нийтээр хэрэглэж хэвшсэн үг хэллэг, нэр томьёог ашигласан.
Энэхүү бүтээл нь уншигч авгай та бүхэнд япон уран зохиолтой танилцах, лавшруулан шимтэн судлахад бага ч атугай тус дөхөм болно гэдэгт найдаж байна.
7. Испани өгүүллэг, тууж
Дэлхийн шилдэг өгүүллэгийн түүврийн III дэвтэр болох “Испани өгүүллэг, тууж” номд орсон бүтээлүүд нь даруй зуун жилийн өмнөхөөс эхлээд Испанийн иргэний дайн, дайны дараах нийгмийн сэргэн мандалт зэрэг түүхийн маш урт хугацааг хамарна.
Сэдвийн хувьд эгэл хүний бодрол эргэцүүллээс, бүхэл бүтэн нийгмийн үнэт зүйл, бахархал зэрэг өргөн хүрээг хамарч буй нь нийгмийн эгзэгтэй үе бүхэнд өөр өөрийн бүтээлээ туурвиж байсан зохиолчдын шинэ шинэ давалгаанаас бэлхэнээ ялгаран харагдана.
Тус өгүүллэг, туужийн түүвэрт дараах бүтээлүүдийг эмхэтгэн орууллаа:
Эмилиа Пардо Басан, “Сүнсний хүү”, “Сахиус”, “Эртний гэдэс хүүлэгч”
"Кларин", “Баяртай, Кордера!”, “Хоёр хайрцаг”
Мигель дэ Унамуно, “Зовлонт Гэгээн Мануэл Буэно”
Рамон Мариа дэ Балье-Инклан, “Айдас”, “Беатрис (Чөтгөр)”
Пио Бароха, “Цаг”, “Гунигт гэр бүл”, “Үл мэдэх зүйл”, “Юу ч биш”, “Ангал”
"Асорин", “Төгсөж буй соёл иргэншил”, “Эрвээхэй ба дөл”, “Тэнгисийн эрэг дэх хүүхдүүд”, “Аравчны нөгөө тал”
Роза Часел, “Солиот эх дагинад өргөсөн өргөл”, “Экстремадурагийн үдэш”, “Гэрч болцгоосон нь"
Франсиско Аяала, “Илбэдүүлсэн хүн”, “Хагарал”
Мигель Делибес, “Хоргодох байр”, “Бүрлээчийн өмсгөл”
Игнасио Алдекоа, “Үүрээр гарсан хүмүүс”, “Янг Санчес”
Медардо Фрайле, “Далай”, “Берта ирсэн нь”, “Цомог”, “Томчууд”, “Old man drive”, “Тогтворгүй харц”, “Чулуу”, “Төгсгөл”, “Биет бус руу буцах”, “Нүдээ нээх гэж бүү яар”
8. Орос өгүүллэг, тууж
Орон орны утга зохиолын сор болсон өгүүллэг, туужуудыг бид монгол уншигчдадаа “Дэлхийн шилмэл өгүүллэгийн түүвэр” цувралаар хүргэж буй билээ. Тэргүүн дэвтэртээ япон өгүүллэг, туужаас дээжлэн хүргэсэн бол энэ удаа утга зохиолын хөгжилд асар үнэтэй хувь нэмэр оруулсан, монгол уншигчдад танил дотно Оросын шилдэг өгүүллэг, туужуудыг түүвэрлэн хүргэж байна. Энэхүү дэвтэртээ А.С.Пушкинээс А.П.Чехов хүртэлх Оросын утга зохиолын алтан үеийн зохиолчдын арван нэгэн өгүүллэг, туужийг эмхэтгэн зохиолчдын төрсөн он цагийн хэлхээсээр эмхэтгэн орууллаа.
“Дэлхийн шилмэл өгүүллэгүүд” цувралын маань II дэвтэр болох “Орос өгүүллэг, тууж” номд орсон өгүүллэгүүдийн хэвлэн нийтлэгдсэн хугацаа нь даруй зуун жилийг хамарчээ. Энэ зуун жил бол Оросын уран зохиолыг дэлхий дахинаа алдаршуулсан агуу зуун байсан юм. Эдгээр бүтээлүүд хүний амьдралын хувиршгүй, мөнхийн үнэнийг нүдэнд харагдтал, гайхалтай уран яруу дүрсэлж, хүн байхын утга учрыг ухааруулах шиг болдог. Чухам үүнд л орос утга зохиолын агуу сайхан болоод эрхэмсэг оршихуй буй биз ээ.
Тус өгүүллэг, туужийн түүвэрт дараах бүтээлүүдийг эмхэтгэн орууллаа:
А. С. Пушкин, "Гилийн хатан"
Н.В.Гоголь, "Хамар", "Шинель"
И.С.Тургенев, "Үхэл", "Түчигнээд л"
Ф.М.Достоевский, "Шударга хулгайч"
Л.Н.Толстой, "Эзэн барлаг хоёр"
Н.С.Лесков, "Мценск гацааны Макбет хатагтай ", "Солгой дархан"
А.П.Чехов, "Хав дагуулсан хатагтай", "Хавцалд"
9. Солонгос өгүүллэг, тууж
Номд багтсан зохиолчдоос хамгийн ахмад нь Чвэ Жонхий юм. Уг түүвэрт багтсан “Сүнстэй байшин” өгүүллэг нь түүний анхны бүтээл гэж судлаачид үздэг. 1958 онд “Амьдралын магтуу” романаараа Сөүл хотын Соёлын шагнал хүртэж, 1964 онд “Амьдралын түүх” романаараа Эмэгтэй шилдэг зохиолчийн шагнал хүртэж байсан түүхтэй.
И Тэ-жүнь нь Солонгосын Мопассан хэмээн алдаршсан зохиолч бөгөөд ахлах сургуульдаа сурагчдын сонинд “Загасны үлгэр” хэмээх анхны бүтээлээ хэвлүүлж байжээ.
Сунь Чансоб нь 1952 онд “Нийтийн амралт” өгүүллэгээрээ утга зохиолын ертөнцөд анх хөл тавьж, хоёр Солонгосын хооронд дайны гал түр зогссоны дараахнаас гол бүтээлүүдээ хэвлүүлснээр дайны дараах Солонгосын утга зохиолын гол төлөөлөл болсон зохиолч болжээ. Тэрээр зохиол бүтээлдээ өлсөж зовсон гадуурхагдагсдын асуудлыг хөндөж тухайн цаг үеийн байдлыг тод томруун гаргаснаараа олны талархлыг хүлээсэн юм.
И Ху-чоль-г арван естэйд нь Солонгосын дайн дэгдэж төрөл бүрийн ажил хийж байгаад “Нутгаа орхисон нь” зохиолоо анх туурвиж, хожим Орчин үеийн утга зохиолын шагнал, Дун-иний нэрэмжит шагналын эзэн болжээ.
Чвэ Иньху бол 1970-аад оны үеийн залуучуудын соёлын түүчээ зохиолч юм. Бичлэгийн шинэлэг хэв маягаараа “хотын утга зохиол”-ын цар хүрээг өргөтгөн тэлж, үеийн зохиолчдоосоо эрхгүй ялгарч 1970-аад оныхныг өөрийн үе болгож чадсан билээ. Мөн “Шинэ хавар – утга зохиолын наадмын хамгийн залуу шагналтан”, “Сонинд зохиолоо цувралаар нийтлүүлсэн хамгийн залуу зохиолч”, “Хамгийн олон зохиол нь кино болсон зохиолч”, “Номын хавтсанд зураг нь хэвлэгдсэн анхны зохиолч” гэх зэрэг олон амжилтын эзэн.
Хван Сог-ён нь ахлах сургуульд байхдаа 1962 онд Үзэл бодол сэтгүүлийн шинэ зохиолчийн шагнал хүртэж, 1970 онд Жусоны өдрийн мэдээ сонины шинэ зохиолч төрүүлэх тэмцээнд шалгарснаар утга зохиолын үйл хэрэгт зориг шулуудан оржээ. “Харийн нутаг”, “Нутгаа зорих замд”, “Зэвсгийн сүүдэр”, “Жан Гилсань” зохиолуудаа бичиж, Солонгосын утга зохиолын гол төлөөлөл болж өсөн дэвшжээ.
Им Чоль-ү нь 1980 оны 5-р сарын Гванжү, Солонгосын хойгийн хуваагдал, үзэл суртлын хүчирхийллийг илчилсэн зохиолуудаараа нэрд гарсан бөгөөд, “5-р сарын зохиолч” гэгддэг.
1954 онд Өмнөд Жолла мужийн Ваньдуд төрж Өмнөд Жоллагийн их сургууль, Соган их сургуулийн англи хэл уран зохиолын ангийг төгсөж, Өмнөд Жоллагийн их сургуульд англи хэл уран зохиол судлалын докторын зэрэг хамгаалжээ.
Чвэ Юнь нь тансаг найруулгаар нийгэм, түүх, үзэл суртлыг хүүрнэн өгүүлдэг зохиолч, орчуулагч юм. 1988 онд Гванжүгийн ардчилсан хөдөлгөөний эмгэнэлт түүхийг өгүүлсэн “Чимээгүй хагдрах цэцгийн навч” туужаа Утга зохиол ба нийгэм сэтгүүлд нийтлүүлж зохиолчийн замналаа эхлүүлжээ.
Түүний зохиолуудад нь нийгэм, түүх, үзэл суртлын сэдэв үргэлж хөндөгддөг.
Өнь Хий-гён нь өнөө цагийн хүний ганцаардал, сэтгэлийн шархыг хөндсөн зохиолууд бичиж залуу зохиолчдоо тэргүүлэх болжээ. Утга зохиолын тавцанд гараад 3 жилийн дараа 1998 онд “Эхнэрийн хайрцаг” зохиолоороо И Саны нэрэмжит шагнал хүртэн утга зохиолын ертөнцөд баттай байр суурь эзэлсэн нэгэн.
Хань Ганы 2007 онд хэвлүүлсэн “Ногоон хоолтон” зохиолын англи орчуулгыг Нью-Йорк таймс сэтгүүл болон дэлхийн томоохон бусад хэвлэл мэдээлэлд магтан сайшааж 2016 онд Олон улсын Букерын шагнал гардуулжээ. Зохиол бүтээлээрээ дамжуулан хүчирхийлэл, хүний эрхэм чанарыг хөнддөг Хань Ганы зохиолууд солонгосчууд төдийгүй гадаадынхны анхаарлыг ихээхэн татах болжээ. Бас эзэндээ Маньхэ-гийн нэрэмжит шагнал авчирсан “Хүү айсуй” зохиолын хэвлэх эрхийг 20 орон худалдан авч Солонгосын утга зохиолын хөгжил дэвшилд эрч хүч нэмж байна.
Гун Жи-ён нь хурц торгон мэдрэмж, хурдтай үг өгүүлбэрээрээ бодит амьдралын ёс бусыг уудлан илчлэгч гэгддэг. Тэрээр оновчгүй байдал, зөрчил сөргөлдөөнийг шулуун шударга зангаараа сөрж, уншигчдын зүрх сэтгэлийг татсаар ирсэн зохиолч юм.
Паг Миньгюү Жүн-ан их сургуулийн утга зохиолын ангийг дүүргэжээ. Утга зохиолын тосгон хэвлэлийн газрын шинэ зохиолчийн шагнал авсныхаа дараахан “Саммигийн супер оддын сүүлчийн фэн клуб” зохиолоороо Хангёрэ сонины утга зохиолын шагнал хүртэж, олны анхаарал татсан зохиолч болжээ. Зохиолч болох гэж 30 өгүүллэгээ сойсон боловч ганцхан “Кастелла” өгүүллэг нь л урьдчилсан шатыг давжээ. Харин олонд танигдсанаас хойш тэдгээр зохиолуудаас нь томоохон шагналуудад нэр дэвшсэн хэмээн эргэн дурссан байдаг.
Чвэ Жонхий (1912-1990)- Сүнстэй байшин
И Тэ-жүнь (1904-1970)- Чөлөөлөгдөхөөс өмнө ба хойно
Сунь Чансоб (1922-2010)- Илүүц хүн
И Ху-чоль (1932-2016)- Паньмүньжом
Чвэ Иньху (1945-2013)-Архичин
Хван Сог-ён (1943~)-Нутгаа зорих замд
Им Чоль-ү (1954~)-Аавын нутаг
Чвэ Юнь (1953~)-Аавыгаа цагдсан минь
Өнь Хий-гён (1959~)-Ядуу эрийн эхнэр
Хань Ган (1970~)-Миний бүсгүйн үр жимс
Гун Жи-ён (1963~)- Сэтгэлд цуурайтсан дуу хоолой
Паг Миньгюү (1968~)- Тийм үү, би анааш байна.
СЭТГЭГДЭЛ