Клари Фрэй сайн найз Саймоны хамт хорвоо ертөнц, амьдралыг танин мэдэхээр өдрөөс өдөрт өсөн, том болж буй арван таван настай өсвөр насны охин. Жейс, Изабель болон Алек Лайтвүүд нартай ер бусын гэмээр таарснаас хойш түүний амьдрал бүхэлдээ өөрчлөгдөх болно. Кларигийн ээжийг чөтгөрүүд авч явж, тэр ээжийгээ аврахын тулд Жейс болон Лайтвүүдийнхэнд итгэж, тэдний тусламжийг авахаас өөр аргагүй болжээ.

Гэвч Клари тэдний нэгэн адил сүүдрийн ангууч болохыг нь нуухын тулд түүний ээж хүүхэд насных нь зарим дурсамжийг нь арчиж, хуурч байсан гэдгийг олж мэддэг. Сүүдрийн ангуучид бол Разиэль хэмээх сахиусан тэнгэрийн цусан төрлийнхөн бөгөөд уншигч та бидэн шиг энгийн хүмүүсийн эгэл ертөнцийг чөтгөрүүдээс хамгаалах тангараг өргөсөн дайчид юм.

Цаг хугацаа өнгөрөх тусам Клари олон үнэнийг мэдэж өөрийнхөө болон ээжийнхээ тухай мэдээгүй чигээрээ үлдсэн нь дээр байсныг ухаардаг. Тэр хуучин дурсамжуудаа олж мэдэхээс гадна түүний сэтгэл Жейст татагдсан нь түүнийг улам илүү төвөгтэй нөхцөл байдалд оруулах нь мэдээж.
Хэдий тийм ч Жейст татагдах болсон нь асуудлын гол биш аж. Кларигийн ээжийн нуусан Үхлийн аягыг хайж, доод ертөнцийн босогчдын хөдөлгөөнийг удирдан олон зуун хагас хүн, хагас чөтгөрүүдийг хөнөөсөн сүүдрийн ангууч Валентин нь Кларигийн аав гэдгийг мэдсэнээр үйл явдал улам ээдрээтэй болно. Үхлийн аягыг хайж олоод, ээжийгээ аварч, сүүдрийн ангууч байхын утга учрыг ухаарахын сацуу Жейсийн анхаарлыг татах гэсэн онц сонирхолтой адал явдалт Кларигийн аяллаар уншигч та хамтдаа аялаарай.
Хэрэв уншигч танд Өлсгөлөн тулаан, Хосолмол, Бүрэнхий зэрэг цуврал таалагддаг бол тэдгээр номоос илүү ээдрээтэй Үхлийн зэвсэг цувралыг уншихыг санал болгож байна. Уран зөгнөлт ном төдийлөн уншдаггүй ч адал явдалт бүтээлүүдэд дуртай хэн бүхнийг уг цуврал хором ч уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. Гол дүрийн баатруудтай хамт аялж, тэдэнтэй хамт эр зориг, хатуужил бас үнэнч, сайхан сэтгэлийг сурах нь цуврал ном уншихын онцлог билээ.
TheGuardian.com
Кассандра Клейрийн "Үхлийн зэвсэг" цувралыг Монсудар хэвлэлийн газраас албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ орчуулан уншигчдад хүргэсэн билээ.
СЭТГЭГДЭЛ