Францын алдарт философич, түүхч, Соён гэгээрлийн хөдөлгөөний гол төлөөлөгчдийн нэг Монтескьегийн “Хуулийн Амин Сүнс” бүтээл нь хүн төрөлхтний улс төр, нийгмийн хөгжилд асар их нөлөөлсөн ном юм. Бүх цаг үеийн хамгийн агуу бүтээлүүдийн жагсаалтад зүй ёсоор багтдаг энэхүү номыг энэ оны 9 дүгээр сарын 20-нд Монсудар хэвлэлийн газар “Нийгмийн ухаан” цувралынхаа V дэвтэр болгон Францын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр уншигчдад хүргэхээр болжээ.
Монтескье энэхүү номд хууль тогтоох эрх мэдэл буюу парламент, гүйцэтгэх эрх мэдэл буюу засгийн газар, хувь хүмүүсийн маргаан зөрөлдөөнийг шийдэх эрх мэдэл буюу шүүх зэрэг төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг боловсруулжээ. Энэ нь өдгөө эрх чөлөөт ардчилсан улсуудын Үндсэн хуулийн суурь зарчим болсон юм. Энэхүү эрх мэдэл хуваах зарчим өнөөгийн Монголд тулгараад буй асуудалтай шууд холбогддог.
Тэрээр “Хэрэв хууль тогтоох эрх мэдэл гүйцэтгэх эрх мэдэлтэй нэгдвэл эрх чөлөө хэрэгжихгүй бөгөөд хууль тогтоогчид дарангуйлагч хуулийг тогтоож, дарангуйлал үүснэ. Харин шүүх эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс тусгаарлагдаагүй тохиолдолд мөн л эрх чөлөө үл оршино” гэж бичжээ. Тэгэхээр түүний эрх мэдэл хуваарилах зарчим Монголд хэрэгжиж байна уу хэмээх асуулт зайлшгүй гарч ирнэ.
Хэрэв хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл хоёулаа ганц хүний юм уу нэг байгууллагын гарт орвол эрх чөлөө байхгүй болж, дарангуйлал тогтоно.
Үүнээс гадна Монтескье төрт улсуудыг бүгд найрамдах, хаант болон деспот хэмээн 3 ангилж, тэдгээрт тохирох хуулиудын тухай тус бүрд нь өгүүлсэн байна. Түүний бичсэнээр аливаа хууль нь тухайн орны газарзүйн байрлал, цаг агаар, газрын хөрсний чанар, оршин суугчдын шашин шүтлэг, авьяас чадвар, зан суртахуун, болон хандлагад нь нийцэж байх ёстой ажээ.
Ийнхүү Монтескье тухайн үеийн францчуудын зан суртахууныг анхдагч хүчин зүйл болох цаг агаарын нөхцөл байдалтай нь уялдуулан судалж, франц үндэстэн гэж хэн бэ, тэдний сэтгэлгээний онцлог, дутагдал, тэд юуг чадаж юуг чадахгүй, ямар хууль, ямар засгийн хэлбэртэй байх ёстой зэрэг олон асуултад хариулсан юм. Гэвч зөвхөн францчууд гэлтгүй бусад улс үндэстнүүд, тухайлбал герман, перс, хятад, япон, араб, энэтхэг болон монголчуудыг хүртэл судалсан нь гайхалтай. Энэ бүгдийг эртний Грек-Ромын үеэс XVIII зуун хүртэлх түүхэн жишээ баримтаар баяжуулсан нь уг бүтээлийг тун сонирхолтой болгосон.

Энэхүү бүтээл монгол хэлнээ орчуулагдан хэвлэгдэж байсан боловч энэ удаагийн шинэ хэвлэл орчуулга, найруулгын хувьд хамгийн сайн нь болсон гэдэгт бид итгэлтэй байна. Тус номд олон удаа дурдагдсан философийн ухагдахуунуудыг тайлбар толь хэсэгт дэлгэрэнгүй тайлбарласнаас гадна эртний Грек, Ромын домогт гардаг аугаа дүрүүд, эртний төрт улсууд, түүхэн сургамжит үйл явдлууд, улс төрийн аугаа сэтгэгчид, хаад ноёд, цэргийн жанжид болон яруу найрагчдын нэрс зэргийг тайлбар зүүлт болгон номын төгсгөлд хавсаргав.
Францын хувьсгалаар хэмжээлшгүй эрхт хаант засгаа халсан Франц Улс 1791 онд баталсан шинэ Үндсэн хуулиа “Хуулийн Амин Сүнс” номын эрх мэдлийг хуваарилах зарчим дээр тулгуурлажээ. Үүнээс гадна Америкийн Нэгдсэн Улс төдийгүй эрх чөлөөт ардчилсан улс орнуудын Үндсэн хуульд ч асар нөлөө үзүүлсэн гэдгийг тэмдэглүүштэй.
СЭТГЭГДЭЛ