Түүхийн хичээлийг сонирхолтойгоор орж чаддаггүй байсан арван жилийн багшийн буруу юу эсвэл уйтгартай нь аргагүй бичигдсэн ямар ч зураг хөрөггүй номын буруу юу? алийг нь ч буруутгахыг хүсэхгүй байна. Магадгүй би зүгээр л түүхийн тухай нүсэр том ойлголтоос айдаг байх. Гэхдээ энэ номыг олох хүртэл...

Суурь мэдлэг цувралын "Түүх" ном нь уншигчдыг хурдан уйдаах хаан, хатдын нэрс, он цагийн хэлхээс, тогтоох аргагүй түүхэн баримтуудыг тоочих бус харин түүхэн үйл явдал хоорондын учир зүй, агуу соёл иргэншлүүдийн үндэс шалтгаан, өвөг дээдсийн амжилт хийгээд алдаанаас суралцаж болох үзэл санаан дээр төвлөрсөн бүтээл юм.

Ингэхийн тулд түүхэн үйл явц, хөгжил дэвшлийг энгийн үгээр тайлбарлаж, газрын зураг, гэрэл зураг, чимэглэл зураг, уран зураг, график, хүснэгт, бүдүүвч, нэрийн хэлхээсийг хослуулан уг номыг бүтээжээ.

"Түүх" номын агуулга руу шагайж, түүхэн баримтуудаас дэлгэж байна...  

БҮЛЭГ 2: Хүн төрөлхтний гарал үүсэл 4.5 сая жилийн тэртээгээс НТӨ 3000 он

Бидний эртний өвгийн тархи олон сая жилийн турш аажим аажмаар томрон хэл яриагаар харилцах соёлыг бүтээх түвшинд хүртлээ хөгжсөн.




Амьд үлдэхийн гол нууц нь дасан зохицол, цаг уурын гэнэтийн өөрчлөлтөд технологийн шинэчлэлийг ашиглан бүрэн зохицох болсон явдал юм. Хүмүүс есөн сар үргэлжлэх тэсгим хүйтэн өвөлд ч, халуун чийглэг ширэнгэн ойд ч дасан зохицож амьдрах чадвартай болжээ.



БҮЛЭГ 3: Иргэншил үүсэн хөгжсөн нь (НТӨ 3000 оноос НТ 93 он)

НТӨ 507 оны орчим эртний Афинд ардчилал бий болж, НТӨ 462-322 онд үе үе завсарлах байдлаар хөгжсөөр хамгийн төгс хэлбэртээ хүрсэн ба энэ нь дэлхийн улс орнуудын засаг барих хамгийн түгээмэл хэлбэр болсон билээ.




НТӨ I зуунд энэ зураг дээрх шиг тэмдгүүдийг ашигласан аравтын тооллыг бий болгожээ. Мөн “0“ хэмээх тоог нэмсэн нь шинэ нээлт болсон байна. Энэхүү явдал нь Энэтхэгээс Исламын ертөнцөд тархаж улмаар өрнөдөд хүрч орчин үеийн тооллын үндэс болсон байна.



БҮЛЭГ 4: Дундад зууны ертөнц (V зуунаас НТ 1450 он хүртэл)

Хөх Түрэгүүдийн аж ахуйг нүүдлийн мал аж ахуй ба гар урлал, газар тариалангаас бүрдсэн шинжтэй байсан гэж үзэж болно. Мал аж ахуй нь хэдийгээр нүүдлийн шинж төрхтэй боловч өвс хадлан бэлтгэж байсныг гэрчлэх баримтууд байдаг нь тэд шаардлагатай нөхцөлд хагас суурин байдлаар аж ахуйгаа эрхэлдэг байсныг харуулдаг.



Хятан нар нь анхнаасаа нүүдэлчин ард түмэн байсан бөгөөд хожим Хятадыг эзлэн, суурин соёлын олон зүйлийг авч хэрэглэжээ. Зураг: Морин бөмбөг (поло) тоглож байгаа хятанчууд. Бунхны ханын зураг. Өвөр Монгол, Аохань. Ляо улсын хожуу үе.



БҮЛЭГ 5: Сэргэн мандалт ба шинэчлэл (1450 - 1750 он)

Энэ бол Христофер Колумбын аяллын газрын зураг бөгөөд түүний удирдсан гурван онгоц 90 хүн бүхий баг 1492 оны 10-р сарын 12-нд Америк тивийг нээжээ. Тэрбээр мөн чиглэлээр 1493-­1496, 1498­-1500, 1502-­1504 онд дахин 3 удаа аялсан боловч Азийг олоогүй. Колумб болон түүний багийнхан Карибын уугуул иргэдэд тун хэрцгий хандсан нь америкийн уугуул хүн амыг үгүй хийх эхлэлийг тавьж, энэ нь цааш нэгэн зууны турш үргэлжилжээ.



1543 онд Польшийн одон оронч Николас Коперник манай гаргийн хөдөлгөөний хуулийг нээж, “нар орчлонгийн төв­д байдаг, харин манай гараг бол ертөнцийн хөдөлгөөнгүй төв биш, нарыг тойрон эргэлддэг“ гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Италийн физикч, одон орон судлаач Галилео Галилей “Одон орны дуран”­-г бүтээж энгийн нүдэнд үл үзэгдэх олон тооны од эрхэс, сарны гадарга, нарны толбо зэргийг тодорхойлсон юм.



Монголын Засагт ханы харьяат Шолой Убаши хунтайжийн хөвгүүн Омбо-Эрдэнэ хунтайжаас 1635 онд Оросын хаан Михайл Федоровичид илгээсэн монгол бичгээр бичсэн захидал. Одоогоор Оросын архиваас олдоод буй хамгийн анхны Монгол ноёны монгол бичгээр бичсэн захидал.



БҮЛЭГ 6: Аж үйлдвэржилт ба Хувьсгал (1750 - 1915 он)

Микроскопын ажиглалтын дүнд гарсан анхны ном бол Роберт Хүүкийн 1664 онд хэвлэгдсэн “Micrographia“ хэмээх бүтээл байв. Номонд шавж, ургамал, амьд эсийн талаар өөрийнх нь хийсэн тайлбар, дүрс зургууд оржээ. Шоргоолжны зураг гэхэд л анатомийнх нь талаар урьд нь хэвлэгдэж байгаагүй олон шинэ, тодорхой мэдээллийг агуулж байв.



Түүхчид Наполеоны хамгийн том алдаа бол Орос руу хийсэн довтолгоо хэмээн үздэг билээ. Учир нь 450 мянга гаруй хүнтэй армийг дайчлан довтолсон боловч Оросуудын хүчтэй эсэргүүцэл, хахир хатуу өвлийн улирлын улмаас ялагдаж 40 мянга гаруй цэрэгтэй буцаж иржээ. Мөн удалгүй 1813 онд Германы Лайпцигт өөрийнх нь армиас гурав дахин хүчтэй Австри, Прусс, Орос, Шведийн нэгдсэн армитай тулалдаж, анхны ялагдлаа хүлээв.



Монгол улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн дагалдах хүмүүсийн хамт 1913 онд Орост айлчлав. Айлчлахдаа гурван үндсэн зорилготой явжээ. Үүнд: нэгд, Орос улсаас зэр зэвсэг, санхүүгийн тусламж авах, хоёрт, Санкт ­Петербург дэх гадаад улсуудын элчин төлөөлөгчидтэй харилцаа тогтоох, улмаар Европын зарим том орнуудаар айлчилж, Монгол улсаа хүлээн зөвшөөрүүлэх, гуравт, Өвөр Монголыг өөрийн улстай нэгтгэхэд Орос ба бусад улсын дэмжлэг олох явдал байв.




БҮЛЭГ 7: Хүн ам ба эрх мэдэл (1915 - 1990 он)

1924 онд Ардыг гэгээрүүлэх яамыг байгуулан, сайдаар О.Жамъяныг томилжээ. Ингэснээр боловсролын асуудал эрхэлсэн удирдах газартай болж, ард олны дунд сургуулийн ач холбогдлыг тайлбарлан таниулах, хүүхэд багачуудыг сүм хийдээс хөндийрүүлэх, ЗХУ-аас багшлах мэргэжилтэн урьж авчрах зэрэг ажлуудыг хийх боломжтой болов. Зураг: Гар үйлдвэрийн ажилчид ажлаа хийж дуусаад бичигт суралцахаар хичээллэнэ, 1920-иод оны дунд үе.



 

1945 оны VIII сарын 6-нд АНУ “Бяцхан хүү” хэмээх бөмбөгийг Хирошимад хаялаа. Эл явдал нүд ирмэхийн зуурт 70,000 хүний амийг авч одов. 1938 онд Германы эрдэмтэд болох Отто Хан ба Фритц Страсман нар атомыг хуваах боломжтойг нээсэн юм. Цөмийн хуваагдал гэх энэхүү нээлтийг цэргийн зориулалтаар ашиглах нь асар хохиролтой байлаа. Алберт Эйнштейн болон Унгарын физикч Лео Шзилард нар Ерөнхийлөгч Рузвельтэд захидал бичиж арга хэмжээ авахыг хүссэн байна. Удалгүй цөмийн гурван бөмбөг бүтээж, эхний бөмбөгийг Шинэ Мексикийн цөлд туршжээ. Энэхүү туршилт нь амжилттай болсон тул Японы Хирошима болон Нагасакид амжилттай хэрэглэжээ.







СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/