Канадын сэтгүүлч, зохиолч, нийгмийн идэвхитэн Наоми Kлайн ултра-либерал бодлого нь 70-аад оноос хойш хэрхэн хэрэгжиж, түүнийгээ хуйвалдаан, тархи угаалт болон манипулацийн аргаар тулгадаг нууц түүхийг өгүүлсэн "Шок Номлол: Гамшгийн Капитализмын Үүсэл" номыг “Монсудар хэвлэлийн газар" албан ёсны эрхтэйгээр уншигчдад хүргэж байна.
"Шок Номлол" ном одоогоор 27 хэлнээ орчуулагдан, олон улсын бестселлер болоод байгаа юм.
Номд өгүүлснээр олон нийтийн цочирдол, дайн, төрийн эргэлт, байгалийн гамшиг, террорист халдлага зэрэг нь хүнийг шокын байдалд оруулдаг аж. Харин шоконд орсны дараа бид балчир хүүхэд шиг удирдагчийн хэлснийг л дагадаг. Уг байдлыг хамгийн анх ойлгож өөрт ашигтай байдлаар хэрэгжүүлсэн хүн бол Нобелийн шагналт эдийн засагч Мильтон Фридман юм. Тэрээр ултра-либерал бодлогыг дэмждэг бөгөөд бусад орны улс төрчдөд өөрийн бодлогыг тулгадаг аж. Ингэхдээ ард иргэдэд нь мэдэгдүүлэхгүй байдлаар буюу хуйвалдааны зарчмаар гэсэн үг. Чухам үүнийг тэр "шок эмчилгээ" хэмээн нэрлэсэн бол Наоми Клайн "Шок номлол" хэмээн нэрийджээ.
Тэд өөрсдийн радикал бодлогыг ардчилал, эрх чөлөөг бэхжүүлэхийн төлөө гэж хүмүүст итгүүлдэг байсан ч бодит байдал дээр тийм биш байлаа.
Үр дүнд нь тухайн улс хоосроно. Үүнийг нь эсэргүүцсэн хүмүүсийг хорих лагерт хорьж залхаан цээрлүүлдэг аж.
Чилид болсон Пиночетийн төрийн эргэлт, ЗХУ-ын задрал, Польшийн “Солидарность” байгууллага, ӨАБНУ-ын апартейд дэглэмийн дараах хүндрэлүүд, 9 дүгээр сарын 11-ний халдлага, Иракын дайн зэрэг үзэгдлүүд Абу-Грейб болон Гуантанамо шоронгийн залхаан цээрлүүлэлттэй холбоотой байв уу ?
Эдгээр үйл явдал нь саяхны түүх бөгөөд "Гамшгийн капитализмын үүсэл"-тэй тодорхой хэмжээгээр холбоотой хэмээн Наоми Клайн бичжээ.
Социализмаас зах зээлийн эдийн засагт шилжсэн Монгол орон неолиберал бодлогын хамгийн радикал хэлбэрийг сонгосон билээ. Үүнийг дагаад өнөөх шок орж ирэв. Эдийн засгийг огцом либералчлах, гадаад худалдаа болон үнийг чөлөөлөх, замбараагүй өмч хувьчлалын гээд тоолж барамгүй олон шоконд орсон. Харин биднийг шоконд орох зуур юу болж өнгөрсөн бол?
"Бид бүгдээрээ үлгэрт итгэж өдий хүрчээ. Бидний мэддэггүй олон нууц хуйвалдаан, стратеги хэрэгжиж байдаг". Наоми Клайн
Хэвлэгдэн гарсан өдрөөсөө эхлэн дэлхий даяар шуугиан тарьсан Наоми Клайны "Шок Номлол: Гамшгийн капитализмын үүсэл" ном эдгээр гашуун үнэнийг л дэлгэхэд оршино.
СЭТГЭГДЭЛ