Бурхан намайг зохиолч болгохыг хүсээгүй. Гэхдээ надад ѳѳр сонголт байгаагүй. Франц Кафка
(Шүүх ажиллагаа зохиолоос тѳрсѳн эргэцүүлэл)
Кафкагийн "Шүүх ажиллагаа" романы талаарх судалгаа гэхэд л номын сангийн дайтай байдаг гэхээр хэчнээн сүр дуулиантай зохиол вэ гэдэг нь ойлгомжтой. Судлаачдын хувьд "Шүүхийг шүүх" нь амтат бяслаг, хатуу боорцог аль аль нь л мѳн байх. Уран зохиолын онолоор, улс тѳрийн үүднээс, философи гаргалгааг нь хайж, шашны үзлээс гээд байж болох бүх хувилбарыг шавхан судалж үзсэн юм байх. Гэвч энэ нь нэг мѳр шийдэгдээгүй маргаантай хэвээр байгаа бѳгѳѳд уншигчдад бас ѳѳрийн тайлбар таамгийг дэвшүүлэх орон зай үлдсээр байгаа нь Кафкагийн гайхамшиг юм. Зохиолчийн ээдрээт зѳрчил амьдрал намайг Кафкад дурлуулсан юм."Шүүх ажиллагаа" зохиолын жигд нягт хүүрнэл, философи санаа нь намайг бишрүүлсэн дээ. Банкны бүрэн эрхт тѳлѳѳлѳгч Йозиф К бол оршихуйн нүцгэн үнэний ѳмнѳ ганцаардаж буй абусурд дүр юм. Ѳѳрийн таамгийг дэвшүүлж үзье.
Учир утгагүй оршихуйгаас учир утга хайж буйгаараа тэр хүчирхэг хувь хүний дүрээс золгүй нэгэн болон хувирч байна. Гэхдээ эцсийн мѳчид учир утгагүйгээс учир утга хайх нь ѳѳрѳѳ учир утгагүй болохыг ухаарч оршихуйтай эвлэрч байгаа нь Камюгийн "Хѳндлѳнгийн хүн"-ий Мерсог санагдуулна. Цаазын ял сонсоод Мерсогийн амсаж буй тэр эрх чѳлѳѳний мэдрэмж К-д бас адилхан тѳрж байна. Уг нь тэр ямар ч гэм буруугүй атлаа баривчлагдсан. Шүүгдэхээр болсон. Гэтэл зѳнд нь хаяж болох атал хаа сайгүй орших шүүхийн сүүдэр түүнийг хүрээлж тэр үнэн мѳнийг олохын тѳлѳѳ, ѳѳрийнхѳѳ буруугүйг батлахын тѳлѳѳ хамаг байдгаа дайчилсан боловч хэрэг явдал улам бүр ээдрээтэй болж хаашаа ч гарах газаргүй болсноо мэдээд зүгээр л эвлэрдэг. Түүнийг шүүгдэгдэх гэж буй гэдгийг ойр дотны хүмүүс нь тэр байтугай огт танихгүй хѳндлѳнгийн хүмүүс хүртэл мэдэж байдаг нь тэр ѳѳрийгѳѳ гэм буруутай гэсэн далд түгшүүрт автуулдаг.
"Шүүхийн ѳѳдѳѳс хэн ч сѳрж чадахгүй шүү дээ. Хэргээ хүлээхээс ѳѳр аргагүй. Боломж олдонгуут л хэргээ хүлээчих. Тэгсний дараа л сая нэг мултрах боломж үүднэ, хэргээ хүлээсний дараа шүү дээ" гэж К-урьд ѳмнѳ таньж мэдэхгүй ч аврал тайтгарал нь болсон асрагч Лени бүсгүй хэлдэг. Юу гэнээ? Хэргээ хүлээгээд хэргээс мултрах гэж цочирдмоор үг шүү. "Шүүхийн үйл хэрэг нүдний ѳмнѳ ѳрнѳѳд л байдаг ч хаанаас гэдэг нь мэдэхгүй эхэлж, хаашаа явж байгаа нь мэдэхгүй тѳгсѳнѳ" гэж түүний ѳмгѳѳлѳгч хэлдэг. Ийм тодорхойгүй нѳхцѳл байдал, мухар эргүүлэгт орсон хүн яах ёстой юм бэ? ер нь.
"Хэрвээ хорвоо дээр ганцаархнаа байсан бол шүүх ажиллагааг зѳнд нь хаяж орхих амархан байхсан. Хэрэв тиймсэн бол шүүх ажиллагаа ч эхлэхгүй байсан нь лавтай" гэж цѳхрѳл, шаналалд автсан К эргэцүүлж байна. Хорвоод тѳрѳѳгүй байсан бол гэдэгтэй адилхан сонсогдож байгаа биз. Шүүх түүнийг аалзны тор шиг хэржээ. Банкны зарлага, бизнесийн харилцагч, үл таних зураач, ѳвчтѳн асрагч, сахилгагүй охид, тэр бүү хэл сүмийн номлогч хүртэл шүүхтэй холбоотой байдаг. Явж явж банкны захирал нь хүртэл шүүхтэй холбоотой. Тиймгүй бол яалаа гэж К-г хуурч Сүм рүү явуулах билээ. Энэ бүх зүйлийн холбоо хамаарал, учир шалтгааныг олох гээд үз. Ямар ч боломжгүй.
Хэчнээн оюун ухаанаа дайчилж, баримтууд дээр дүн шинжилгээ хийлээ ч үр дүн гарахгүй.
Аймшигтай тѳѳрѳгдѳл, тѳѳрдѳг хонгилоос яаж гарах юм бэ?. Сүм дотор шоронгийн ламтай хуулийн хаалга сахигч манаач, хуулийн хаалгаар нэвтрэх гэсэн хѳдѳѳний эр хоёрын тухай ёгт үлгэрийн гаргалгааг олох гэсэн шүүмж маргаан нь янзтай. Зохиолын гол санаа энд л байх шиг байна. Хуулийн хаалгаар хүн оруулахгүй үүрэгтэй манаач, орохыг хүсэж зүтгэсэн хѳдѳѳх эр хоёрын учир утгагүй тэмцлийн нууц хѳдѳѳх эрийн үхлийн ѳмнѳ тайлагдаж байна. Угтаа тэр хаалга ганц хѳдѳѳх эрд зориулагдсан юм байж. Гэтэл хуулийн хаалганы манаач үүргээ гүйцэтгэж байна. Хаалга онгорхой байсан учраас мань эр хэнээс юу ч асуухгүй шууд орох байж. Гэтэл ѳѳрт нь зориулсан гэж яаж мэдэх билээ. Гол нь хаалга цаашаа хэдэн давхар ч байгааг мэдэх аргагүй гэсэн нь хѳдѳѳх эрийг тѳѳрѳгдүүлж. Бас хаалгачийн сүрлэг тѳрхѳѳс айж эмээн бүх л насаа үр дүнгүй ѳнгѳрсѳѳн байна. Бѳѳн бѳѳн зѳрчил. Оршихуйд шидэгдсэн хүн учир шалтгааныг олох гэж зүдэрсэнээс ѳѳрт оногдсон хаалгаар орж ѳѳрийн хувь заяагаа шийдэх учиртай ч юм уу. "Хүн хувь заяагаа ѳѳрѳѳ шийдэх эрхтэй" гэж Сартр хэлсэн бил үү дээ.
"Учир шалтгаан хэдий няцаагдашгүй ч гэлээ амьдрахыг хүсэж буй хүний ѳѳдѳѳс сѳрж чадахгүй. Царай зүсээ харуулаагүй тэр шүүгч хаана байна вэ?. Хүрч нэвтэрч оруулаагүй тэр дээд шүүх гэгч хаана вэ?! К гараа тэнгэр ѳѳд ѳргѳн алгаа тэнийлгэв". Цаазлуулахын ѳмнѳ К ийнхүү асууж байна. Хэнээс вэ? Бурхан тэнгэрээс үү?. Явж явж энэ чинь бурханы шүүлт юм уу?.
Кафка ѳѳрѳѳ хуульч хүн учраас шүүхийн процессийг маш тодорхой дэлгэж байна. Шүүхийн ялзрал завхрал, хуулийн халхавчин доорх аймшигт дарангуйлалын бүрэн зураглалыг гаргажээ. Үүгээрээ гашуун реализмын гайхалтай урлаач. Гэтэл нѳгѳѳ талдаа шүүх нь оршихуйн дам бэлгэдэл болж байна. Хорвоод тѳрсѳн л бол оршихуйн торон дотор орно. Ямар нэг зүй тогтол учир шалтгаан хайх хэрэггүй. Хаа сайгүй орших шүүх бол хүнийг дарангуйлж байгаа хуулийн нийгэм юм. Нүдэнд үл харагдах шүүгч нь хууль ёс юм. Хүний эрх чѳлѳѳг дарангуйлж байгаа тэр хүчин зүйлүүд хүний бодож олсон нийгмийн тогтолцоо юм. ХХ зууны гамшиг болсон тоталитар дэглэмийг зѳгнѳсѳн зѳнч, философич зохиолч хэмээн алдаршжээ. Хүний нийгэм хууль дүрмээ боловсронгуй болгож нарийн дэг журамтай болохын хэрээр хүн эрх чѳлѳѳгѳѳ алдаж байна.Тэгээд яах вэ?. Зугтах уу, тэмцэх үү, зѳнд нь хаях уу?.
"Итгэлээр тэжээгдэж явсан найдвар тасарсан газраас абсурд эхэлдэг" гэж нэрт зохиолч философич А.Камю хэлжээ. Тиймээс К бол абсурд дүрийн бэлгэдэл юм. Найдвар тасарлаа. Гэтэл бүх юм амар хялбар болж эхэлж байна. Ѳѳрийгѳѳ дэмий зовоосондоо утга учиргүйтэй тэмцсэнээ К ойлгосон байх. Тэр 31 нас арай хүрээгүй байна. Нэг хоногийн ѳмнѳ цаазлуулаа. Гэтэл бүтэн нэг жил үргэлжилсэн трагеди ноён К-ийн нэгэн шѳнийн зүүд байсан ч юм билүү хэн мэдлээ. Таагдашгүй, тайлагдашгүй, учир битүүлэг байх нь Кафкагийн уран бүтээлийн амин сүнс юм. ХХ зууны хамгийн дуулиантай зохиолч Франц Кафка "Шүүх ажиллагаа" романаараа хүн тѳрѳлхтний нэгэн том оньсогыг дэлгэжээ. Хариулт нэхэх мѳртлѳѳ хариулт нь олдохгүй зовооно гэдэг юутай хэцүү билээ. Дэлхийн сонгодог зохиолын оргилуудын нэг уг романыг манайд ѳмнѳ нь хоёр удаа орчуулж байсан бол энэ удаад Герман хэлнээс уг зохиолын эх гар бичмэлийг баримтлан гаргасан хувилбарыг анх удаа монгол хэлнээ орчуулж уншигчдад хүргэсэн дуун хѳрвүүлэгч Б.Ундрахад талархаж байна. Үнэхээр урамтай сайхан орчуулжээ. Энэ зохиолыг бичсэн Кафкагаас гадна дотно найзынхаа гэрээсийг зѳрчиж зохиолуудыг нь ном болгон хэвлүүлсэн Макс Бродод бас талархах ёстой. Зохиолынх нь хувь заяа хүртэл ээдрээтэй. Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол ѳѳр юуг гайхамшиг гэх вэ!.
СЭТГЭГДЭЛ