Карл Маркс бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн нөлөө бүхий улс төрийн сэтгэгчдийн нэг гэдгийг хүн бүр мэднэ. Гэвч түүнийг хэрхэн “Маркс” болсныг төдийлөн сайн мэдэхгүй. Ялангуяа эрх зүй, философийн ангийн даруухан оюутныг уянгын шүлэг туурвигч, сэтгүүлч гэхийг сонсоод бидний мэддэг Маркс мөн эсэхэд эргэлзэх нь мэдээж. Энэ бол түүний амьдралын замнал мөнөөс мөн.

Залуу Маркс

Тэртээ 1818 онд дунд давхаргын нэгэн оюунлаг гэр бүлд Карл Хайнрих Маркс гэх хүү төрсөн аж. Дэлхийд цуутай улс төрийн сэтгэгчдийн намтрыг сөхвөл, тэд бага балчир наснаасаа л хувьсгалч, шуугиан таригч байсан гэлцдэг. Харин Маркс огтхон ч тийм байсангүй. Илүү дөлгөөн, яруу найраг, уран зохиолыг шимтэн уншдаг урлагт дуртай нэгэн байжээ. Тэрээр уянгын шүлгийн гурван ч боть гаргаж байсан гэдэг.

Залуу Маркс Бонн болон Берлин хотын их сургуульд эрх зүй, философийн чиглэлээр суралцаж, 23 насандаа эртний Грекийн философичид болох Демокрит, Епикур хоёрын байгалийн философийн ялгаа сэдвээр докторын зэрэг хамгаалжээ.

Карл Марксын үзэл баримтлалд хамгийн их нөлөө үзүүлсэн 3 том хүчин зүйл байдаг. Тэдгээр нь Германы идеалист философи, Францын социализмын онол, Английн улс төрийн эдийн засгийн онол юм.

Марксаас өмнөх социализм

Марксын номлолд хамгийн их нөлөө үзүүлсэн гэгддэг Сен-Симон бол Францын социалист онолын эцэг хэмээн алдаршсан нэгэн юм. Тэрээр XIX зууны эхэн үед Францад эхэлсэн аж үйлдвэрийн хувьсгалын үеэр өөрийн онолоо боловсруулж, шударга бус гэгдэж байсан нийгмийг шинээр цогцлоох мөрөөдөлтэй байлаа. Өөрөөр хэлбэл, хүн болгон тэгш эрхтэй учир үйлдвэрийн эздийн мөлжлөгийг зогсоож, ажилчдын ажиллах цагийг багасган, ажилчдын цалинг нэмэх онол байлаа. Түүнчлэн бүх хөрөнгөтөн анги давхаргын хөрөнгийг хурааж, хүн бүрд ижил хэмжээгээр хуваарилах ёстой хэмээн бичиж байжээ.

Энэ цаг үед буюу 1822 онд Роберт Овен хэмээх нэгэн үйлдвэрийн эзэн ажилчдын цалинг нэмж, бага насны хүүхдээр ажил хийлгэхийг хориглох санаа дэвшүүлж байв.

Чухам ингэж л “социализм” гэх нэршил анх 1822 онд Роберт Овеноор дэлгэрч, хожим 1831 онд Францын өдөр тутмын албан ёсоор сонинд хэрэглэгджээ. 

1843 оны намар Маркс Парис хотыг зорьж “Герман Францын эмхэтгэл” хэмээх сэтгүүлд дэд эрхлэгчээр ажиллаж эхэлжээ. Түүний дараа жил буюу 1844 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Маркс Парисын Кафе де ля Режанс хэмээх кафед шатар тоглон сууж байгаад нэгэн Герман эрхэмтэй танилцав. Тэр бол Фридрих Энгельс байлаа. Ингэж л бүх зүйл эхэлсэн түүхтэй.

Нийт 4 бүлгээс бүрдэх Дийтмар Датын энэ ном анх Германы "Реклам" хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "100 нүүр" цувралаар 2018 оны 4 дүгээр сард хэвлэгдсэн аж. 

Хүн төрөлхтний түүхэнд асар их нөлөө үзүүлсэн Карл Марксын амьдрал, уран бүтээлийн тухай хувь хүний өнцгөөс, сонирхолтой бөгөөд олон нийтэд ойлгомжтой байдлаар өгүүлсэн "Карл Маркс" номыг 2018 оны 12 дугаар сард тохиосон Карл Марксын 200 жилийн ойд зориулж Монсудар хэвлэлийн газар “Нухацтай сэдэв” цувралынхаа 4 дэх бүтээлээр сонгон нийтийн хүртээл болгосон юм. 

Карл Маркс гэж чухам хэн байв? Түүний идэр залуу нас хэрхэн өнгөрөв? Үзэл баримтлалд нь юу нөлөөлөв? Түүний боловсруулсан онол, практик хүн төрөлхтний амьдралыг хэрхэн эргүүлэв?

Хүн бүр өөрөөсөө заавал асуух ёстой эдгээр асуултын хариуг уг ном өгүүлэх болно.


СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/