“Хүн төрөлхтний түүхэнд улс үндэстнүүд үргэлжид нэр төр, үнэт зүйл, бахархлынхаа төлөө байлдах нь зөв гэж ярьдаг. Гэхдээ бодит байдал дээр дан ганц эдийн засгийн ашиг сонирхлын төлөө л байлддаг. ”

1992 онд Америкийн улс төр судлаач, социологич Фрэнсис Фукуяама өөрийн “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн” номоо бичиж, тухайн үедээ нэлээд шуугиан тарьж байлаа. Тэрээр “хүйтэн дайн дууслаа, коммунизм сөнөчихлөө, либерал ардчилал нь хүн төрөлхтний үзэл суртлын эволюцийн төгсгөлийн цэг төдийгүй, хүний засаглалын эцсийн хэлбэр учир түүхийн төгсгөлийг харуулж байна” хэмээн бичжээ. Өөрөөр хэлбэл, либерал ардчиллаас өөр ямар ч алтернатив байхгүй, улс үндэстнүүд идеологийн зөрчилгүй, ямар ч дайн дажингүйгээр бүгд либерал ардчилал гэсэн дээвэр доор энх тунх амар сайхандаа жаргана хэмээн тунхаглажээ. Мэдээж, Фукуяамагийн уг үзэлтэй санал нийлдэггүй, түүний номыг шүүмжилдэг хүмүүс асар их байсан.  

Америкийн түүхч, гадаад бодлогын шинжээч Роберт Каган “Түүх төгсчихлөө” гэдэг үзэл баримтлалд няцаалт өгөх зорилгоор 2008 онд “Түүх эргэн ирж мөрөөдөл төгссөн нь” номоо бичжээ. 

Тэрээр уг номоороо “түүх төгсөх болоогүй, түүх эргэж ирсэн” гэх санааг илэрхийлсэн байна.

Роберт Каган гэх энэ эрхэм 2003 онд “Эрх мэдэл ба диваажин” хэмээх алдартай эсээ бичиж хэвлүүлжээ. Уг эсээнд АНУ болон Европ хоорондын идеологийн зөрчил болон ертөнцийг үзэх үзлийг маш сонирхолтойгоор өгүүлсэн байдаг. Жишээ нь:  Европыг Сугар гарагтай харьцуулснаар бусдыг дайн дажин, цэрэг зэвсгээр айлгадгаа больж, энх тайван орших болсон хэмээн бичжээ. Харин АНУ бол эсрэгээрээ. Тэднийг Ангараг гарагтай харьцуулж, хорвоо дэлхийг бодитоор харж, зөвхөн ашиг сонирхлын төлөө дайтдаг хэвээр гэжээ.

Үүнээс гадна, америкчууд европчуудыг сул дорой, хүч чадалгүй гэж үздэг бол европчууд америкчуудыг дээрэнгүй, дайн дажинд дуртай хэмээн үздэг гэсэн байна. Уг эсээ бичигдсэн 2003 он бол транслатлантик орчинд буюу АНУ, Европын хооронд идеологийн болон цэрэг зэвсгийн ялгаа дээд цэгтээ хүрсэн үе байв. Үүний тод жишээ бол Иракийн дайны асуудал юм. 

Өнөөх Фукуяамагийн “бүгд нэг идеологитой хоорондоо найз нөхдийн журмаар аз жаргалд умбана” гэсэн үзэл биеллээ олоогүйн, мөн түүх эргэн ирсэн гэдгийн ч тод жишээ гэмээр.

Роберт Каган өдгөө 61 настай бөгөөд 1984-1988 онд АНУ-ны Төрийн Департаментын гадаад бодлогын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байв. Тэрээр Вашингтоны томоохон Тинк Танк болох Брукинг Институтийн ахлах зөвлөх болон Вашингтон пост сонины нийтлэлчээр ажиллаж байна. Зарим судлаачид түүний бүтээлүүдэд тулгуурлан Роберт Каганыг олон улсын харилцааны реалист чиг хандлагыг баримтлагч гэж үздэг.    

“Түүх эргэн ирж мөрөөдөл төгссөн нь” ном бичигдсэн 2008 он бол АНУ, Европ хоорондын сөргөлдөөн намжсан үе байв.

Уг номыг дэлхийн хүчирхэг гүрнүүдийг хамарсан тойрон аялал гэж хэлж болно. 

Аялсан улс бүрийн ашиг сонирхол, ертөнцийг үзэх үзэл, өнгөрсөн одоо ба ирээдүйг судалдаг.

Цаг хугацаа, түүхийн үйл явдлын нөлөөгөөр аль ч улс орны хүчин чадал нь суларч, нэмэгдэх нь хэвийн үзэгдэл. Харин Роберт Каган хүчин чадал нь огцом унаж, өссөн улсаар Оросыг нэрлэсэн. Хүйтэн дайн дуусаж, ЗХУ задран унасны дараа дэлхий дахин оросуудыг сул дорой, дахиж сэхэхгүйгээр барахгүй олон улсын тавцанд гарч ирэхгүй гэж боддог байлаа. Гэтэл эдийн засаг нь уналтад орсон ч тэд газрын тос, цөмийн зэвсэг, цэрэг армиараа Зүүн Европын хөршүүддээ хүчтэй нөлөө үзүүлсээр байна. Үүгээрээ олон улсын тавцан өөд бага багаар мөлхсөн аж. Харин Европын холбоо энэ тал дээр эсрэг байр суурьтай байсан юм.

Каганы бичсэнээр бол европчууд цэрэг зэвсгээр хөөцөлддөг байсан өмнөх үеэсээ бүр мөсөн хагацаж, дан ганц эдийн засгийн хүчин чадлаараа олон улсын тавцанд гарч иржээ. 2004-2007 онд Зүүн Европын болон Балтын нийт 12 улс орон Европын холбоонд нэгдсэн билээ. Гэвч тэдний “хуучны том ах” болох Оростой европчууд шууд сөргөлдөхийг хүсээгүй, хүсэх ч үгүй хэмээн бичсэн байна.

Өөрөөр хэлбэл, жижиг улсуудыг өмөөрч оросуудтай “нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцмааргүй” байсан гэсэн үг. Мөн европчууд Украин болон Гүржийн асуудал дээр шууд байдлаар оролцохгүй гэдгийг бичсэн нь онцлууштай. Энэ нь ч хэдхэн сарын дараа болсон Орос, Гүрж хоорондын мөргөлдөөнөөр биеллээ олсон нь бүр сонирхолтой.

Каган дэлхийн улс гүрэн бүрийн тухай нарийн судалгаа хийснийхээ дараа “Ардчилсан орнуудын тэнхлэг ба Автократ орнуудын холбоо” гэсэн маш урт бүлгийн тухай өгүүлдэг. Ардчилсан орнуудын тэнхлэг гэдэг нь мэдээж АНУ, Европ харин автократ гэдэг нь Орос, Хятадыг хэлж байна.

Тиймээс эдгээр хоёр ертөнцийн хооронд идеологи болон эдийн засгийн асар том сөргөлдөөн болно гэдгийг онцолсон юм. Хятад Улс автократ засгийн маягаар хүчирхэг эдийн засагтай болж, Орос ч бас хүчирхэг армитай болов. Энэ нь Фукуяамагийн бүх дэлхий либерал ардчилсан системээр хөгжинө гэсэн үзэл баримтлалаас тэс өөр замаар явсны баталгаа гэлтэй. 

Эдгээр улс үндэстэн өөрийн ашиг сонирхол, идеологийн ялгаанаас болж өөр хоорондоо сөргөлдөнө. Харин энэ түймрийг багасгах чухал хүчин зүйл бол чөлөөт худалдаа юм. Хоорондоо дайтах гэж буй, эсвэл бие биеийнхээ эсрэг зэвсэг барин зогсож буй хоёр том гүрэн аль алиндаа ашигтай худалдаа хийснээр дайны галыг бага ч гэсэн унтраадаг аж. Гэхдээ бага зэрэг намдаана гэсэн болохоос биш огт байхгүй болгодог гэсэнгүй.

Үүнээс үзэхэд “түүхийн төгсгөл” гэдэг зүйл Каганы хувьд зүгээр л хоосон үзэгдэл болж байгаа юм.

Тэгэхээр XXI зуун бол нэг, хоёр, олон туйлт ч биш харин ардчилсан болон автократ орнуудын тулааны талбар болох ажээ. Гэвч Каганы хэлээд байгаа хоёр өөр ертөнцөд хамрагддаг улс орнууд ашиг сонирхол ижил гэсэн үг биш. Жишээлбэл, АНУ болон Европ нэг идеологи, үнэт зүйлстэй биш. Орос, Хятад хоёр ч бас нэг үзэл баримтлалтай биш. Өөрөөр хэлбэл, олон улсын тавцанд хувийн ашиг сонирхлоо хамгаалж үлдэхийн тулд л нэг талд зогсдог гэж ойлгож болно.

Улс үндэстэн бүрийн түүх, ашиг сонирхлыг энгийн ойлгомжтойгоор өгүүлж, ирээдүйд чухам ямархуу ертөнцөд амьдрахыг тод томруун харуулж чадсанд л уг номын чанар оршдог.

Иймд “Түүх эргэн ирж мөрөөдөл төгссөн нь” хэмээх ном монголчуудын заавал унших номын жагсаалтад зүй ёсоор орно.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/