Хүүхэд 2-3 насандаа бие дааж сэтгэн бодож, хийж, шийдвэр гаргах мөн ичих эмээх, цөхрөх эргэлзэх зэрэг сэтгэлийн үйлдлүүдтэй тулгарч тэдгээрийг таньж эхэлдэг. Энэ үедээ “би” “чи” гэсэн тус тусдаа өөр өөрийн гэсэн онцлогтой бие даасан хүмүүс байдаг талаар ойлгож мэддэг. Хүүхэд зүй ёсоороо зөв хөгжихөд энэ үед эцэг эхийн үлгэр жишээ хамгийн чухал ач холбогдолтой байдаг.

Хоёроос гурван настай хүүхдүүд өөрийн гэсэн зан ааш гаргаж эхэлдэг. Тэдний учрыг олох нь томчуудын хувьд тийм ч хялбархан биш болж ирнэ. Энэ насны хүүхдүүд хэдийгээр ярьж чадах ч өөрийнхөө байдлыг тайлбарлаж хэлэх чадвар хараахан суугаагүй байдаг. Тийм учраас эцэг эх нь хүүгээ буюу охиноо үргэлж ойлгоод байж чаддаггүй байна. Энэ үед ном тусалдаг. Номон дээр гарч байгаа уйлж буй Макс, ууртай байгаа Паулинагийн тухай ярих нь өөрийнхөө тухай ярихаас хамаагүй хялбархан байдаг байна.

Олон хүүхдэд энэ үед нь зөрүүд зан илэрдэг. Хүүхэд үргэлж бусдын хүссэнээр байдаггүй, өөрөө шийдвэр гаргадаг хүн бол “жинхэнэ хүн юм” гэдгийг олж мэдсэн байдаг. Тэр өөрийн хүссэнээр юм бүхнийг байлгахыг хүсч, хэн нэгэн түүнийг нь хорих юм бол уурладаг. Энэ үед зөвхөн томчууд ч биш, хүүхэд өөрөө бас учраа олдоггүй.

Хоёр нас хүрээд цэцэрлэгт явах болдог нь бас нэгэн чухал асуудал болдог. Өглөө бүр ээж ааваасаа салж, шинэ дүрэм горимонд дасах, бусад хүүхдүүдтэй хамт байж зохицох зэрэг нь бяцхан охид хөвгүүдэд их л том хэрэг юм.

За тэгээд орой унтахад болдог “жүжиг” ч бас орно. Энэ насны маш цөөн хүүхэд элдэв маяггүйгээр унтдаг. Ихэнх хүүхдүүд унтах гэж нэлээд асуудал үүсгэдэг. Харин үүнд тохирсон, бүгдэд тааламжтай хялбар арга бол үдшийн хэвшил юм. Хэрэв та хараахан энэ хэвшлийг эхлээгүй бол одоо ч оройтоогүй байж болох юм. Та үдэш бүрийг адилхан явагдахаар зохицуулаарай. Жишээлбэл: оройн хоол идэх, тоглох, хурааж цэгцлэх, шүдээ угаах, орондоо орох, үлгэр унших, буюу дуу дуулах гэсэн дараалалтай байж болох юм. Үлгэр түүх уншиж өгөхдөө ярилцах цаг хангалттай гаргаж өгөөрэй. Ингэж оройг тайван намуухан байдлаар аажмаар нойрсоход бэлтгэж болдог.

Эх сурвалж: davalgaa.mn

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/