Даашинзтай хөлбөмбөгчид, Ноён Өмхий, Хархтай бургер, Гангста Эмээ гээд этгээд сонин нэртэй өсвөр насныханд зориулсан олон бэстселлерийн зохиолч Дэвид Воллиамс болон түүний хэдхэн хоногийн өмнө монгол хэлнээ орчуулагдан гараад буй Гангста Эмээ номын тухай товч танилцуулгыг нэгтгэн хүргэж байна. Хөнгөн хошигнол, амархан уншигдахуйц бичлэгийн хэв маягийн цаана гэр бүл, эцэг эх, хүүхдийн харилцаа, өсвөр насныхны сэтгэл зүйн таамаглашгүй өөрчлөлтүүдийн талаар харуусал, гуниг, ухаарал төрүүлэхүйц бичиж чаддаг Дэвид Воллиамсын зохиолууд таны харах өнцгийг өөрчилнө гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Зохиолч Дэвид Воллиамс

Дэвид Воллиамс 1971 онд Лондон хотноо мэндэлсэн ба Британийн хошин урлагийн алдартай жүжигчин, зохиолч, Авьяаслаг британичууд шоуны шүүгч гэдгээрээ олонд танигдсан нэгэн юм. Түүнийг “хурдтай өсөж дэвшиж буй хүүхдийн зохиолч” гэж утга зохиол шүүмжлэгчид үздэг ба бичлэгийн хэв маягийг нь алдарт зохиолч Роалд Дальтай адилтган үзэх нь бий. Зохиолч өөрөө ч түүнээс үлгэр авдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. 

Олон талын авьяастай Дэвид Воллиамс анх 2008 онд Харпер Коллинс хэвлэлийн газартай хамтран Даашинзтай хөл бөмбөгчид гэх анхны номоо хэвлүүлж байжээ. Дэвидийн эхний номууд зөвхөн Их Британид л гэхэд нэг сая гаран хувь борлогдсоноос гадна түүний номууд дэлхий даяар нийт 26 сая хувь борлогдож, 53 хэл дээр орчуулагдаад байна.

Гангста Эмээ

Дэлхий нийтээр шуугиан тарьж, зохиолчийн чадварыг дахин баталсан Гангста Эмээ хэмээх сонирхолтой адал явдалтай, ёж хошин өнгө аястай энэхүү номд бүх цаг үеийн хамгийн мундаг хулгайч нарын дүр гардаг. Бяцхан Бен эмээгээ уйтгартай хөгшин гэж бодож байсан ч  удалгүй олон улсад зартай үнэт эдлэлийн хулгайч гэдгийг нь олж мэдсэнээр тэдний харилцаа өөрчлөгдөж, дотносож эхэлнэ. Бүр хамтдаа томоохон эрдэнэс хулгайлах төлөвлөгөө ч гаргаж амжина.

Хүүхдэд тайлбарлахад маш хэцүү байдаг олон зүйлсийг тун энгийн бас ойлгомжтой тайлбарлаж чадсан төдийгүй байцайгаар бүхнийг бүр бялуу ч хийж чаддаг, алчууртаа нусаа нийж орхих мөртлөө тэр чигт нь ханцуйндаа чихчихдэг, өөрийн мэдэлгүй унгачихдаг, сонсголын аппарат нь маш жигтэй авиа гаргадаг хөгшин хүмүүсийн сонгодог жишээ гэмээр эмээ, ач хүү, эцэг эхчүүдийг харилцааг гярхай гэгч нь гаргаж бичсэн аж.

Товчхондоо, уг номд эцэг эхчүүдийн хүүхдүүдээсээ хүсдэг зүйлийг, тэдний харилцааны ан цав хэрхэн томордгийг бас ямар үед эргээд дотносож болдгийг харуулах ба хамгийн чухал нь эмээ өвөө болон үр хүүхдүүдийн дунд бүхэл бүтэн үеийн зөрүү байдаг ч юугаар ч орлуулж боломгүй онцгой нандин холбоо оршсоор байдаг гэдгийг уйдааж бас залхаахааргүй баялаг үйл явдлаараа дамжуулан илэрхийлжээ. 

Ихэнхдээ л хөгжилтэй, заримдаа түсхийтэл инээчихмээр хэрнээ сэтгэл хөдөлгөж, бодолд автуулах чадалтай энэхүү гайхалтай номыг зөвхөн хүүхэд гэлтгүй бүх л насны хүмүүс  уншихад илүүдэмгүй санагдлаа.


СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/