Монсудар хэвлэлийн газраас уламжлал болгон зохион явуулдаг “Соён гэгээрлийн өдрүүд” арга хэмжээ өнөөдөр “Тэрслүү чанар гэж юу вэ?” хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Тэрслүү гэх энэ үгийг сонсоход бидний амнаас магадгүй эсэргүү, дайсны цэрэг, өрөмний өт гэх мэт үгнүүд урсан гарах байх. Харин сайн хүүхэд гэж хэнийг хэлэх вэ? гэвэл томоотой, даруу, дуулгавартай, бусадтай эвтэй, томчуудын өөдөөс үг хэлдэггүй хүүхдийг хэлнэ. Энэ бол бидний тархинд урт удаан хугацааны туршид суурьшсан зүйл. Гэвч асар хурдацтайгаар хөгжиж буй одоогийн нийгэмд энэхүү хэвшмэл ойлголтоо өөрчлөх цаг нэгэнт иржээ.
Харвардын их сургуулийн профессор бихевиоризм судлаач Франческа Гино тэрслүү чанарын талаар дагнан судалдаг нэгэн билээ. Тэрээр тэрслүү гэдэг учиргүй зөрүүдэлж, эсэргүүцэхийн нэр биш ба аливааг шууд хүлээн зөвшөөрөлгүйгээр учир шалтгааныг нь олохыг эрмэлзэж,эргэлзээг төрүүлж,улмаар өөрчлөлт шинэчлэлтийг авчрахын төлөө тууштай тэмцэх явдал юм” гэжээ. Тэрээр хүүхдийг тэрслүү чанартай болгож өсгөх нь дүрэм журам болон бусдыг сохроор дагалгүйгээр, ухамсартайгаар хандаж бие даасан, бүтээлч хү болдог гэдэгтэй санал нэгдсэн аж. Нийгмийн амьдралд 100 хувь томоотой, дуулгавартай, бусдыг дагалдагч хүнээс шинэлэг бүтээлч зүйл гарахгүй байх.
Эминем өөрийнхөө хүсэл мөрөөдөлд тууштай байж чадалгүй бусдын гадуурхал, дарамтад сөхөрсөн бол алдартай реппэр болж чадахгүй байсан, Махатма Ганди эх орноо гэсэн чин сэтгэлийнхээ дуудлагаар тууштай тэмцээгүй бол Энэтхэгийн хувь заяа хэцүүдэх байсан гэх мэт.
Бид болохгүй, боль, зүгээр бай гэдэг үгийг хүүхэддээ байнга хэлдэг боловч яагаад болохгүй талаар төдийлэн тайрбарлаж чаддаггүй. Мөн өөрсдийн хүссэнийг хүүхэддээ тулгах нь маш буруу зүйл ажээ. Жишээ нь: ээждээ хайртай юу? Гэх асуултанд хүүхэд бодолгүйгээр ээжийнхээ асуултанд “хайртай” гэж хариулах гэх мэт.
Болохгүй, боль, зүгээр бай гэж хүүхдийг хориглох нь тэрслүү чанарыг дарж, ирээдүйд шинээр сэтгэж бодох чадваргүй, бусдыг дагасан нэгэн болдог байна. Тэрслүү хүүхэд нь өөртөө үнэнч, өөрийнхөөрөө,хүн чанартай байдаг байна. Харин багаасаа магтаал дунд өсөж бусдыг манлайлж онц сурч байсан хүүхэд ирээдүйд төдийлэн амжилтад хүрдэггүй ба амжилтанд хүрсэн ч бусдын шүүмжлэлийг хүлээж авдаггүй шүүмжлэлийг өөлөх утгаар ойлгодог байна.
Ихэнх эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлэх арга буруугаас хүүхдээ яаж томоотой болгох вэ гэж асуудаг харин хүүхэдтэйгээ яаж харьцах вэ гэж огт асуудаггүй ажээ.
Тиймээс хүүхдийг зөвхөн сургаалиар хүмүүжүүлэх нь хангалтгүй бөгөөд хүүхдэд өөрийн ертөнцийг бий болгож, хийж буй алхамыг нь дэмжих нь тэрслүү чанарыг хадгалж ирээдүйд боломжуудыг нээж өгдөг байна. Иймд хүүхэд тань:
- Дотоод дуу хоолойгоо сонсдог
- Нийтийн жишгийг дагахаасаа өмнө эргэлзэж, учир зүйг нь олохыг хичээдэг
- Өөрчлөлт, шинэчлэлийг хэн нэгнээс хүлээдэггүй
- Алдаж, унахаас эмээдэггүй
- Алс, хэтийн зорилгодоо төвлөрдөг
- Хэн нэгнээс хамааралгүйгээр шийдвэр гаргаж чаддаг
- Ямагт шинийг санаачилж, бусдыгаа уриалдаг бол жинхэнэ тэрслүү чанар гэрэлтсэн иргэн болж буй хэрэг
СЭТГЭГДЭЛ