Утга зохиолын салбарт 2017 онд Нобелийн шагнал хүртсэн зохиолч Казүо Ишигүрогийн хамгийн алдартай туурвил болох “Өдрөөс үлдсэн зүйл” роман монгол хэлнээ анх удаа хэвлэгдэн уншигчдын хүртээл боллоо. Английн нэгэн том шилтгээний даамал Стивенс урьдын хамтран зүтгэгч болох Кентон авхайг зорин Английн үзэсгэлэнт хөдөө нутгаар аялах үеэрээ туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэн дурсаж буй тухай уг романд өгүүлнэ.
Номоос дэлхийн хоёр том дайны дундах Английн язгууртнууд, улс төрийн амьдралыг тольдож болохоос гадна хайр сэтгэл хийгээд даамал хэмээх онцгой мэргэжлийн тухай голлон өгүүлснээс англи хүний зарчимч туйлбартай зан чанар, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ханддаг “ноён нуруутай” хүн гэж хэн болох тухай ч унших боломжтой.
Шилтгээний даамал Стивенсийн дурсамж эргэцүүллийг шилтгээн дэх үйл явдал болон лорд Дарлингтон, Кентон авхай нартай холбон бичихийн сацуу Английн үзэсгэлэнт байгалийг хүний сэтгэлийн өнгө аястай сүлэлдүүлэн уран яруу хүүрнэснээрээ уг роман онцгой юм.
Эзэн Фаррадейгийнхаа форд машиныг хөлөглөсөн Стивенс шилтгээнээсээ алслан холдох тусам л өөртэйгөө нүүр тулах болно. Нэр сүр, төгс төгөлдөр байдлыг ямагт эрмэлзэн зүтгэж ирсэн даамлын сэтгэл оюунд алдагдсан боломжийг эргэн санагалзах харуусал нуугдан буйг сайтар ухаарах ч гэлээ өнгөрсөн цаг хугацааг тэр буцаахыг ер хүсэхгүй.
Мөнхүү зохиолоос сэдэвлэсэн ижил нэрт киног (The Remains of the Day) 1993 онд найруулагч Жэймс Айвори бүтээж, гол дүрд Оскарын шагналт жүжигчин Энтони Хопкинс, Эмма Томпсон нар тоглосон нь мөн ондоо Оскарын шагналд найман номинациар нэр дэвшиж байсан билээ.
“Өдрөөс үлдсэн зүйл” романы нээлтийн арга хэмжээний үеэр "Монсудар" хэвлэлийн газар “Алтан хальс” холбоотой хамтран мөнхүү киног iCinema кино теарт монгол хадмал орчуулгатайгаар үзэгчдэд хүргэсэн юм. Мөн тус романы орчуулагч Г.Сугиррагчаа номын тухай танилцуулж, "Алтан хальс" холбооны үүсгэн байгуулагч Н.Энхбат "Өдрөөс үлдсэн зүйл" киноны талаар товчхон яриа өрнүүлэв.

Казүо Ишигүрогийн зохиол бүтээлүүд эдүгээ дэлхийн 40 гаруй улс орны хэлээр хэвлэгдэн гарснаас “Өдрөөс үлдсэн зүйл” романыг "Монсудар" хэвлэлийн газраас албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэж буй бөгөөд ирэх онд зохиолчийн “Биднийг өнчин байхад”, “Намайг хэзээ ч бүү явуул” зэрэг зохиолуудыг орчуулан хэвлүүлэхээр төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ