Б.Эрхэмбаярын “Сүүтэй уулын савдаг” романд өргөх үг

Намайг Эрхэмбаяр гэдэг. Сайнаа (Д.Сүрьяаг ингэж авгайлдаг юмсанж)-гийн зээ нь байна. Би зохиол оролддог. Нэг ном бэлдсэнээ танд үзүүлж зөвлөгөө авах гэсэн юм хэмээхэд нь би хаа сайгүй тааралдаж зохиолоо уншуулж «хянуулах» гэдэг хүмүүсийн нэг л биз хэмээн сэтгэж дурамжхан байсан боловч хүндэт багшийн маань нэрээр «далайлгасан»-д нь аргагүйдэн зөвшөөрч «хянах» болов.

«Хянаад» олзуурхав. Б.Эрхэмбаяр хоёр ч роман, нэгэн өгүүллэгийн түүвэр хэвлүүлж уншигчиддаа бариад чамлахааргүй арвин урам сайшаал хүртчихсэн, миний мэтийн мунхаг бичээчээс зөвлөгөө авахааргүй зохиолч, гадаад, дотоодын их дээд сургуулиудыг дараалан төгсөөд уран сэтгэлгээний сав шимийн ертөнцөд нь нэвтэрч, хувь хүртчихсэн, төрөлх авьяас билгээ хөгжөөчихсөн «хашир» байсан юмсанжээ. Ялангуяа залуу уншигчдын дунд нэр, сууриа олчихсон зохиолч байж.

Гэвч «мухлагийнхаа үүдэнд зогсоод бараагаа магтан хашгирч байдаг наймаачин шиг зохиолч биш» (М.Шолоховын хэлснээр) нэрээ хашгирч, номоо барин давхидаг, худал магтаал шуугианд өгөөш хаядаг овсгоолог туурвигч бүр биш, түгэн шимжүүлэгч, мөнх цасны ус, өвсний үндсээс үндэс дамжин чимээгүйхэн урсан тарсаар ургамлын амь тэтгэн дэлгэрүүлдэгийн адил уншигч түмнийхээ сэтгэл зүрхэнд аниргүйхэн шингэж илч гэрлийг түгээхийг хүсэгч байжээ.

Ийнхүү «том» үгийг хэлэхийн учир нь уг зохиолоос гарвалтай бөлгөө.  «Сүүтэй уулын савдаг» роман нь үйл явдлын хоёр шугамтай. Нэг дэх нь Сүүтэй ууланд болж байгаа гол явдал. Хоёр дахь нь гол баатар Ирмүүний сэтгэл зүрхний гүнд болсон зөрчил тэмцэл, хувирал өөрчлөлт. Нэгийг нь цуваа цагийн дарааллаар өгүүлж, нөгөөг нь эргэн дурсахуйн бясалгалаар илрүүлэн уудалжээ.


Сүүтэй ууланд болсон, болж байгаа хачин явдлуудыг та домог, уран сэтгэмж гэж бүү бодоорой. Бүгд үнэн түүх, харин онцгойлон нууцалдаг, зөвхөн заримдаг төдийг нь зохиолч нээн гаргасан нь энэ.

Харин ирмүүний дотоод ертөнцөд хийж байгаа аялал бол өнөөгийн бидний амьдралын философи, мөн чанар. Зохиолч түүнийг маш нарийн шинжлэн бясалгаж, задлан, нэгтгэн дүгнэсэн мэт. Ирмүүн бол өөрийгөө бусдын хуулбар, дуураймал болохоо ухаарч, гадаад, дотоод хоёр ертөнцдөө өөрийгөө эрсэн бүсгүй юм. Эрсний хүчинд өөрийгөө оллоо. Хувь заяагаа гартаа авлаа. Энэ л гол нь юм. Гол дүрийн зан төрх, сэтгэл зүйн харилцан хамаарал, шалтгаацал, хэлхээ холбоо, өөрчлөлт хувирал зэргийг ахуй орчны нөхцөл, зөрчил тэмцэл дунд гүн шингээж бясалган гаргахыг хичээсэнд энэ романы үнэ цэнэ, жин оршино.

Роман дахь Мөрөөдөл, Уул, Хот, Хайр, Нөхөрлөл, Мөнгө, Савдаг, Шүтээн гэх хэсгүүдэд ердөө л бидний, тэр дундаас бүсгүйчүүдийн дотоод ертөнцийн тодорхой гол хэсгүүдийг нээж ил гарган, дэлгэн тавиад тус бүрчлэн шинжлэн үзэж буй мэт. Тийн атал уншиж байхад ер мэдэгдэмгүй шиг.

Түүх намтар, үзсэн дуулснаа хачирлан хэлхэж, сонирхолтой болгон том ном хэвлүүлж байдаг нөхдийн зохиолд ийм гүн, ийм жин, ухаарал бясалгал дутагдаж байдаг. Тэдний дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх гэсэн мэт ийм бүтээлтэй таарсандаа олзуурхсан минь энэ ээ.

Гагц, эл бэсрэгхэн романы хэл найруулга ерийн хүүрнэлийн бус нэлээд нийтлэлийн хатуувтар өнгөтэй боловч басхүү энэ нь өгүүлэмж, зохиомж ба бясалган туурвихын онцлогт нь таацан зохицсон шиг. Тэгэвч эртний Энэтхэгийн үгээр урлахуйн их онолч Дандины «Зохист аялгуу»-нд «Өчүүхэн гэмийг үл ойшоон бүү үйлд. Бие хэдий гоо ч өчүүхэн гэмээр муу заяат болъюу» хэмээн айлдсаныг дуртган өнгөрөхөд илүүдэх юун. Гайхамшигт аялгууг хөг алдардаг хөгжмийн зэмсэг дээр тогловоос амар болохыг хэн бүхэн мэднэ.

Алтай нутгийн авьяастнуудаас нэг нь ийн тодорч буйг зарламу.

Төрийн соёрхолт зохиолч Далхаагийн Норов

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/