“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй утга зохиол цувралын 23 дугаараар нэгэн сонирхолтой зохиолчийг монгол уншигчиддаа танилцуулж буй нь ХХ зууны шилдэг эмэгтэй зохиолчдын нэг Кэтрин Мэнсфилд, түүний “Гадаа үдэшлэг ба бусад өгүүллэгүүд” нэрт өгүүллэгийн түүвэр юм. Англи өгүүллэгийн уламжлалд шинэ чиглэлийг авчирсан гэгддэг эл хатагтайн нэр монгол уншигчдад төдийлөн танил биш, тэр ч утгаараа эл зохиолчийн туурвилтай ийнхүү танилцах боломж гарч буй нь сайхан хэрэг билээ. Чамгүй адармаатай, сонирхолтой амьдралыг туулж, 34-хөн наслахдаа Кэтрин Мэнсфилд 100 гаруй богино өгүүллэг бичиж үлдээжээ. Түүний өгүүллэгийн таван түүврээс нь сонгон эмхтгэсэн 12 өгүүллэг бүхий “Гадаа үдэшлэг ба бусад өгүүллэгүүд” номд “Гадаа үдэшлэг”, “Паркер эхийн амьдрал”, “Брилл авхай” зэрэг зохиолчийн нэрийн хуудас болсон өгүүллэгүүд багтжээ.
Түүний бүтээлүүд Скотт Фицжеральд, Т.С.Элиот, Симон дө Бовуар зэрэг хожмын олон зохиолчдод нөлөөгөө үзүүлж, Виржиниа Вүүлф түүний тухай “Би түүний бичих авьяасад атаархдаг. Бусдын бичих авьяасад цор ганц удаа атаархаж үзсэн минь энэ” хэмээн өдрийн тэмдэглэлдээ өгүүлжээ. Түүний бичлэгийн арга барилын талаар “уламжлалт бус хэр нь сонирхолтой”, “зальжин, хөнгөн маягийн модернист” гэх зэргээр зохиолчид дүгнэсэн нь бий.
Кэтрин Мэнсфилд хүний амьдралын баялаг, олон талт, ялгаатай байдал, нийгмийн давхаргуудын зөрчилтэй тал, эмэгтэйчүүдийн асуудлыг хөндөж тавихдаа тун гаргууд байв. Түүнчлэн өгүүллэг нэг бүрийнх нь сэтгэлд нэвтрэх чанар хийгээд бичлэгийнх нь энгийн өгүүлэмж, түүртэлгүй хөврөх хүүрнэх маяг хосолж байдаг нь сонирхолтой. Адал зузаан романуудаас илүүтэй богино өгүүллэг, бэсрэг тууж уншигчдын анхаарлыг ихээхэн татах болсон энэ цагт түүний богинохон атлаа чамбай өгүүллэгүүд уншигчдад лавтай таалагдах биз ээ.
“Гадаа үдэшлэг” өгүүллэгт л гэхэд нэгэн чинээлэг айлын гаднах цэцэрлэгтээ зохион байгуулах үдэшлэгийн өдөртэй давхцаад өргөөнийх нь өмнөх гудамжны зүдүүхэн морин тэрэгчний үхлийг эсрэгцүүлэн тавьж, чинээлэг өргөөний Лора охин тохиолдож буй үйл явдлуудтай эвлэрч чадахгүй байхын зэрэгцээ амьдралын баригдашгүй атлаа хатуу үнэн мөн чанартай нүүр тулж буй тухай өгүүлнэ.
Харин “Паркер эхийн амьдрал” өгүүллэгт амьдралын бэрх хатууд зүдэн яваа эмэгтэйн тухай өгүүлж, “Ганцаараа хүссэнээрээ байж, өөрт нь саад болох хүнгүй, өрөөл бусдад ч төвөг болохгүй газар түүнд үгүй юм гэж үү? Энэ ертөнцөд эцэст нь нэг юм санаан зоргоор сад тавин уйлах газар ч олдохгүй гэж үү?” хэмээн асууснаараа зохиолч амьдралын барьцгүй эргүүлэг дэх хүний оршихуйн эмзэг, өрөвдөм байдлыг егөөтэйхэн гэмээр хэрнээ тун тодоор гаргаж тавьжээ.
Энэ мэтчилэн Кэтрин Мэнсфилд урсгал хөнгөн хүүрнэлийнхээ дундуур огт санаандгүй гэнэтийн эргэлтүүдийг хийж, амьдрал, оршихуйн талаарх эргэцүүлэлд хөтлөх үзэл санаагаа хоржоонтойхон шургуулж орхидог “адтай” зохиолч ажээ.
ХХ зууны англи бичээч хатагтайн “Гадаа үдэшлэг”-т саатаж гэмээнэ, зохиолч Шинэ Зеландын уйтгарт хөдөө нутагт тохиолдсон гэмт хэргээс эхлүүлээд Британийн чинээлэг дуучин, дууны багшийн гэр бүлийн асуудал, нийгмийн дунд, дээд давхаргынхны заншлыг хэрхэн егөөдөж бичсэн хийгээд ядуу хүмүүсийн гачлан зовлонд ч, хүүхдийн санаж мөрөөсөх сэтгэл, айдаст ч, уйтгарт автсан дүнсгэр өвгөчүүлийн амьдрал, хижээл насны эмэгтэйн сэтгэл зүйд ч хэрхэн чадмаг нэвтрэн орсныг харж болох билээ.
"Гадаа үдэшлэг ба бусад өгүүллэгүүд"-ээс зохиолчийн хүний сэтгэлийн төрх төлөвийг хүүрнэл болоод харилцан яриагаар чадмаг илэрхийлэхийн зэрэгцээ чөлөөтэй агаад тодхон зураг шиг байгалийн дүрслэлүүдээр зохиолынхоо утга санаа, өнгө аясыг дам бэлгэдэн бичсэн нь харагдана: “Нар жаргаж байлаа. Шинэ Зеландад үдшийн бүрий болно гэж байдаггүй, харин хагас цагийн турш нутгийн харгис хэрцгий сүнс амилж, гадагш гараад, харсан бүхэн рүүгээ тохуутай нь аргагүй мушилзаж байгаа гэлтэй бүх зүйл аймшигтай болж (бүр нуруу хүйт даамаар шүү), тэгснээ шууд л харанхуй болно.” (Мухлагийн хүүхэн)
“Хашааны үзүүрт, цэцэрлэгийн нөгөө буланд, мөчир бүрээрээ нахиалан цэцэглэсэн өндөр гоолиг лийрийн мод бий; одоо тэр хаш ногоон тэнгэрийн өмнө төгс гоо дүрээр, амарлин байна.” (Дэндүү их аз жаргал)
Тэрээр модернист зохиолч гэгддэг, модернистуудын баримталдаг, “Уран бүтээлчдийн үүрэг бол асуудлыг шийдэх бус, харин олны анхаарлыг тийш хандуулж, тулгаж шахсан асуултуудыг зөв гаргаж ирэх юм” гэсэн Чеховоос эхтэй үзлийг дэмждэг байжээ. Хариулт буюу шийдлийг нийгэм, эцэст нь уншигч бүр өөр өөрийнхөөрөө олж гаргаж ирэх ёстой хэмээх мөнхүү үзлээр түүний бүтээлүүдийг ч мөн тайлбарлах нь зүй биз ээ.
СЭТГЭГДЭЛ