Монголд Буллшитийн “асар том” уралдаан 4 жил тутамд явагддаг. Тус уралдааны дүрэм нь тун энгийн. Бие биеэсээ илүү гарахаар дааж давшгүй зүйл амлаж, өөрийгөө бараг л бурхны хүү мэтээр зарлан тунхаглахад л болно. Ингээд хамгийн сайн буллшит хийж олонд танигдан, сонгогчдын толгойг эргүүлсэн 76 нь шагналт байранд шалгарч, 4 жилийн турш ханаж цадахаа мэдэхгүй идэж уух, цөлмөх “эрхийн бичиг” гардан авснаар тус уралдаан өндөрлөнө.
Тэдгээр ялагч ихэнхдээ бага балчир наснаасаа эхлэн бэлтгэгдсэн буллшитчид байх нь элбэг бөгөөд “уран жиргээ” улсын уралдаанд тэргүүлж, оюутан ахуйдаа эрдэм мэдлэгт бус шалдар булдар яриа, тархи угааж уяруулах уран аргад суралцсан нэгэн байдаг гэхэд нэг их буруудахгүй.
Гэхдээ Буллшит зөвхөн улс төрчдөд хамаатай асуудал ч биш л дээ. Монголд авч болох хамгийн тодорхой жишээ учраас л үүнийг сонгон дурдсан хэрэг.
Бид Буллшиттэй алхам тутамдаа таарч байдаг. Жишээлбэл, дэлгүүр хэсэхэд, ажлын байранд, ер нь тэгээд хаа сайгүй буллшит таныг тойрон хүрээлж байдаг.
Тэгвэл Буллшит гэж яг юу юм бэ?
Буллшит гэж юу болох тухай философич Харри Франфурктын Буллшитийн тухай эсээ 1986 онд анх Раритан (Raritan) сэтгүүлд хэвлэгдсэн ч төдийлөн олны хүртээл болж чадаагүй ажээ. Харин 19 жилийн дараа буюу 2005 онд ном болон хэвлэгдсэн нь эрэлттэй байж, 27 долоо хоногийн турш The New York times-ийн бэстселлерт багтаж байжээ.
Х.Франкфурт уг бүтээлдээ Буллшит гэж юу болох тухай тодорхойлоод зогсохгүй, Буллшит ямар сөрөг нөлөөтэйг ч тайлбарлажээ. Хэдийгээр Буллшит хэмээх үг нь барим тавим утга илтгэдэггүй ч хүн бүхэнд илэрхий асуудал юм. Өнөөдөр монголын нийгэмд хаа сайгүй л Булшшитчид байна. Эдгээрээс хамгийн гаргууд нь улс төрчид.
Мэдэхгүй зүйлээ мэддэг мэт, эсвэл ухаантай харагдах гэж үндсэн сэдвээсээ хазайж, дэвэн дэлхийн юм хамж шимэн, 2 минутын яриаг 5 минут болтол сунжруулах, барааг зарахын тулд хэрэглэгчийг худал мэдээллээр санаатай болон санаандгүйгээр хуурах явдал нь тэр чигтээ Буллшит байдаг. Гэхдээ энэ мэт цөөн утгаар хязгаарлагдахааргүй өргөн ойлголт.
Манай нийгэмд хүмүүс буллшит хийхийг багаасаа суралцдаг, тэднийгээ мундаг ярих авьяастай буюу амны “фигур” сайтай хэмээн магтах нь бий. Энэ нь тэр хүн буллшитийг гаргууд хийж сурсан хэрэг л дээ.
Хачирхалтай нь, буллшит дан ганц үгээр ч илэрдэг зүйл биш. Жишээлбэл, ажлын байранд тэр дундаа хийж буй ажилд ч буллшит ажиглагддаг. Гэхдээ үгээр илэрч буй буллшитээс ялгаатай нь тэр бүр ажиглагдаж мэдрэгдэхгүй. Хүн харахад ажил хийгээд байгаа мэт боловч үнэн чанартаа аргалсан, аргацаах төдийгөөр өдөр хоногуудыг барж, хийсэн ажил нь ч чанаргүй байх нь Булшшитийн бас нэг илрэл. Эрт цагт бол энэ явдал арай өөр байж, хүн бүр л үүрэгт ажлаа юуг ч орхигдуулалгүй хийхийг зорьдог байж. Энэ нь ч:
Урлаг үүсээд удаагүй тэр цагт
Урчууд үл анзаарагдах хэсгийг ч анхаардаг сан
Учир нь бурхан хаана байж болох учраас
Ур ухаанаа тийн шавхаж буй ажээ хэмээснээс харагдах аж.
Буллшитийн тухай энэ ном монголчууд бидний заавал унших бүтээл юм. Учир нь тун удахгүй “Буллшитийн их уралдаан” эхлэх тул бид ч бас тэдний буллшитыг эртнээс таних бэлтгэлтэй байх хэрэгтэй.
СЭТГЭГДЭЛ