"ПУТИН: Төрийн хэргийг дэргэдээс нь ажихуй" номын зохиогч Хүберт Зайпель бол ихээхэн шуугиан тарьсан зурагтын олон баримтат кино найруулан тавьж байсан зохиолч, найруулагч хүн. Тэрбээр 2010 оноос эхлэн Путинтэй олон удаа уулзаж ярилцлага хийж, Оросын ерөнхийлөгчийг дагалдан олон айлчлал, аялалд нь хамт явж байсан бөгөөд түүний тухай зурагтаар хөрөг нэвтрүүлэг ч хийж байв. Тэр бол Оросын ерөнхийлөгчтэй “урхинд оролгүй, нөлөөнд авталгүйгээр” ойр дотно танилцаж чадсан хүн ажгуу. Түүнчлэн Дмитрий Медведев зэрэг Путиний хань нөхөд болон урьдын олигарх Березовский нарын зэрэг дайснуудтай нь ч олон удаа уулзаж ярилцаж байсан хүн. Зайпелийн энэхүү ном бол Владимир Путин гэдэг бодгаль, түүний амьдрал үйл, тушаал шийдвэрийн талаар олон жилийн турш хийсэн судалгааны ажлын үр дүн.
Путин хаана байна?
2015 оны 3 сарын эхээр дэлхийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ асуултад хариулт эрж хаа сайгүй давхилдав. Владимир Владимирович Путин олон нийтэд хэд хоногоор үзэгдсэнгүй. Казахстан руу явах байснаа явсангүй, Москвад жил бүр тэмдэглэдэг уламжлалт баярын арга хэмжээнд ч оролцсонгүй. Путин хаана байна? Ханиад томуу, хамрын шуухинаа туссав уу? Эсвэл түүний хэвлэлийн нарийн бичгийн даргын хэлсэнчлэн "Украины хямралын улмаас маш зав чөлөөгүй, зурагтаар ч үг хэлэх боломжгүй" байгаа хэрэг үү? Юу гээч нь болсон хэрэг вэ? Цус харвачихав уу? Хуйвалдаан болов уу? Ордны эргэлт үү? Магад Путинийг бариад Кремлийн дорх зооринд хорьчихсон юм биш биз? Эсвэл энэ бүхэн зүгээр л нийгэм олон түмнийг улс төр, эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс сатааруулах гэсэн пиарчдын башир арга уу? “Ерөнхийлөгчийг улс төрийн хатуу чиг шугам баримтлагчид түлхэн унагаж гэрт нь хорьсон, энэ ажлыг Оросын үнэн сүжигтний шашны сүм хийд хөшигний араас удирдсан” гэж урьд ерөнхийлөгчийн зөвлөх явсан нэг нөхөр өөрийн блогт бичсэнд нь итгэх үү? Тэр хаана байна? Түүгээр ч үл барам сэтгүүлчид Цагаан ордны төлөөлөгчдөөс Путин хаана байгааг Вашингтон мэдэж буй эсэх, урьдчилан тааварлашгүй үр дагаварт хүргэхгүйн тулд түүнийг алга болсон тухай Барак Обамагийн сонорт хүргэсэн эсэхийг асууж лавлаад авав. Гэвч Цагаан ордны бухимдуу тэр төлөөлөгч олигтой юм хэлсэнгүй.
Facebook, Twitter болон нийгмийн бусад сүлжээгээр цаг мөч бүр л шинэ шинэ хуйвалдааны онол гаргаж тавьж байв. Заримынх нь таамаг нэлээд энгийн юм байх аж. Neue Zuercher Zeitung сонин л гэхэд “Шинэ найз хүүхэн нь, эсвэл эхнэр нь Швейцарьт хүүхдээ төрүүлсэн бололтой байна” гэх жишээтэй. Ер нь түүний тухай сонин хэвлэл бичихгүй өнгөрөх өдөр гэж байхгүй. Гэхдээ эерэг зүйл ер бичдэггүй нь ёс. Хэрэв онцгой явдал болж Путиний талаар муу юм ер бичээгүй байгаа бол мань эр ядаж л ямар нэг юмыг хэтрүүлж даваадуулсан, эсвэл буруу хазгай авирласан байж таарах л учиртай. Владимир Путинээс өөр гадаадын ганц ч улс төрчийн талаар ингэж цаг үргэлж мэдээлж бичээд байдаггүй. 2015 оны гуравдугаар сард гэнэт ийн алга болсныхоо учрыг ерөнхийлөгч өөрөө “Айхавтар ханиад хүрч халуурсан учир хэд хоног биеэ тэнхрүүлэх хэрэгтэй болсон юм” гэж хэд хоногийн хойно тун ч энгийн байдлаар тайлбарлажээ. “Хувь хүн намайг тэгж их сонирхдог гэдгийг миний бие дутуу л ойлгож явсан юм байж” хэмээн мань хүн өгүүлээд “Миний талаар тарсан баахан цуу ярианаас Швейцарийн тухай, шинэ үр удмын минь талаарх санаа надад илүү таалагдсан. Энэ ч миний насны эр хүний хувьд муугүй явдал биз дээ” хэмээн хошигносон билээ. Улс орондоо Путиний нэр хүнд оргилдоо хүрч олон нийтийн 80 хувийн дэмжлэг хүлээж байна. Өөрөөр хэлбэл Владимир Путин цуурхлаар зогсохгүй, буурьтай ярианы сэдэв ч бас болно. Олон арван жилийн турш дэлхий даяар энэ хүний л тухай ярьж хэлцэж ирлээ.
Путин гэж хэн бэ?
Дорнод Украины нутаг дэвсгэр дээр Малайзын зорчигч тээврийн MH17 рейсийн онгоцыг буудан унагасны дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Владимир Путинийг хэдэн сарын турш эсэргүүцэн, түнэр харанхуй эриний цорын ганц амилсан дүр хэмээн ухуулж байлаа. Өрнийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Путинийг Балти орчмын улс орнууд болон Польшийг эзэлж авах замаар нуран унасан Зөвлөлт холбоот улсыг сэргээн байгуулахаас өөр юу ч боддоггүй хүн мэтээр төсөөлж мэдээлнэ. Орос хүмүүс ерөнхийлөгч Владимир Путинээс яаж салахаа өөрсдөө ерөөс мэдэхгүй байгаа юм гэж олонх сэтгүүлч бодож төсөөлдөг нь тоогүй. Тийм л болохоор энэ хүнийг дахин дахин сонгоод байдаг гэж үздэг. Тэгвэл Владимир Путин гэж хэн бэ? Ямар санаа бодолтой хүн бэ, түүнийг ажил үйлээ явуулахад нь юу нөлөөлж байна вэ? Түүний амьдралын замналд юу нөлөөлөв? Толилуулан буй энэхүү ном уншигчдыг Владимир Путиний ертөнцтэй танилцах боломж олгоно.
Түүний амьдралын чухал чухал үе шатууд улс орных нь түүхийн эргэлтийн чанартай цаг мөчтэй давхцаж байв. Зөвлөлтийн түүхийн тогтвортой үетэй давхацсан бага насаа тэрбээр Санкт Петербүргт өнгөрүүлсэн. Зөвлөлтийн гадаад тагнуулын байгууллагын шугамаар Дрезденд таван жил ажилласныхаа дараа төрөлх хотынхоо захиргаанд хуульч болж жирийн иргэний амьдралд хөл тавих үед улс орон нь задарч таарчээ. Хэдэн жилийн хойно Кремлийн захиргаанд ажиллаж байхдаа төрийн дэг ёс хэрхэн задарч байгааг ажиглаж, Ельциний эмх замбараагаа алдсан он жилүүдэд засгийн эрэг шураг хэрхэн ажилладгийг харж хурдан ухаарч авсан байдаг. Тэр цагаас хойш ерөнхийлөгч болоод үндэстнийхээ ганхаж суларсан хор шар, омог бардам араншинг нь сэргээхийг хичээн зүтгэхдээ өрнийнхний таашаах, эс таашаахыг эс хайхран Оросын эзэнт гүрнээс зөвлөлтийн үеийг дамнуулан түүхэн замнал, сургамж туршлага хийгээд үнэн сүжигтний шашныг эх сурвалж, түшиг тулгуураа болгож байгаа юм.
Энэхүү номд өөр хоорондоо харгалдаж өрсөлдөх ашиг сонирхлын уялдаа холбооны тухай болон ерөнхийлөгч уулзалт ярианыхаа үеэр илэрхийлж байсан уугуул үзэл бодлын тухай өгүүлнэ. Энэ бол 2014 онд одоогоор сүүлчийн удаа оргилдоо хүрээд буй сөргөлдөөн тэмцлийн он дараалсан тэмдэглэл болой. Орос улс 2014 оны 2 дугаар сард Сочи хотноо олимпийн наадмыг үндэсний хэмжээний томоохон арга хэмжээ болгон зохион явуулж байх тэр үед өрнийнхөн бүтэн жилийн турш Оростой толхилцсоны эцэст Киевийн Майданы жагсагчид Украины засгийн газрыг түлхэн унагав. Үүний хариуд Владимир Путин Крымийг Орост нэгтгэсэн. “Владимир Путинийг аль муухайгаар гутааж муучлах нь стратеги биш, харин ямар ч стратеги байхгүй гэдгээ нуух арга юм” гэсэн оношийг нэгэн цагт улс төрийн хатуу чиг баримтлагчдын нэг явсан Хэнри Киссинжер тавьсан билээ. Гэхдээ ийм арга нь бас зэвсэг болох явдал ч бий. Энэ тухай ч бас эл номд өгүүлэх болно.
СЭТГЭГДЭЛ