Өнгөрсөн баасан гараг буюу 07 сарын 06-нд Монголын уран зургийн галерейд "Амьдрал миний дуранд" ном болон уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнгийн эзэн Э.Эрдэнэбаяр 1996 онд МУИС-ийн Сэтгүүл зүйн ангийг фото сэтгүүлч мэргэжлээр төгсөж үндэсний мэдээллийн Монцамэ агентлаг, Адмон хэвлэлийн газрын гэрэл зурагчнаар ажиллаж байжээ. Тэрээр Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо болон Америкийн гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гишүүн бөгөөд АНУ-д хэд хэдэн үзэсгэлэн гаргаж байсан бол "Амьдрал миний дуранд" үзэсгэлэн нь түүний эх орондоо гаргаж буй анхны үзэсгэлэн юм.
Э.Эрдэнэбаярын гаргаж байсан үзэсгэлэн:
- 2001 онд АНУ-ын Каролина мужийн Сан-Франциско хотод "Mongolia"
- 2006 онд Колорадо мужийн Дэнвер хотод "Wild wind Mongolia"
- 2006 онд Вашингтоны үндэсний түүхийн музейд "Mongolian's 800th anniversary"
- 2014 онд Калифорни мужийн Бэрклейд "Нүүдэлчин" үзсгэлэн тус тус гаргасан.
Бид түүнтэй гэрэл зургийн үзэсгэлэн, номын нээлтийнх нь үеэр хэдэн хором хөөрөлдсөн юм.
Гэрэл зураг миний амьдралтай салшгүй холбоотой явсаар өдий хүрчээ. Би анх 12 настай дунд сургуулийн сурагч байхдаа Орос улсад үйлдвэрлэсэн “Смена” гэдэг хөөрхөн зургийн аппараттай болсон юм. Тэр жижигхэн аппарат л элдэв нэмэлт хачир чимэггүй, ил шударга, гэрэл зургийн ертөнцийн үүд хаалгыг нээж, надад хар цагаан, гэрэл сүүдрийн гайхамшгийг мэдрүүлж эхэлсэн түүхтэй. 1984 онд хайртай авга эгч маань намайг хөтөлж, тэр үеийн Пионерийн ордон, одоогийн Хүүхдийн ордны фото зургийн дугуйланд оруулж өгснөөр гэрэл зургийн анхан шатны мэдлэгтэй болж, улмаар гэрэл зурагтай амьдралаа холбож, энэ мэргэжлээр цааш явах урам зоригийг өрдөж өгсөн гэж би боддог.
Хожим Улсын гэрэл зургийн газар буюу Монгол улсын гэрэл зургийн ариун голомтод гэрэл зургийг мэргэжлийн түвшинд авах дөртэй болсон. Тэнд би гэрэл зургийн эх бэлтгэх лаборантаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, тухайн үеийн монголын хамгийн шилдэг, мастер гэрэл зурагчидтай мөр зэрэгцэн ажиллаж, тэднээсээ маш ихийг суралцаж, төлөвшсөн. Шинэ залуу гэрэл зурагчид бэлтгэх тал дээр ихээхэн анхаарал тавьж, үргэлж зааж сургаж, дэмжин ажиллаж байсан Улсын гэрэл зургийн газрын хамт олон, Т.Баасансүрэн, Т.Батжаргал, Р.Энхбат нарын удирдлагууд, редактор С.Туяа болон ахмад гэрэл зурагчид маань, түүний дотор С.Батсүх, Д.Самдан, Ц.Батзориг, Ц.Нина, Р.Гомбожав, И.Чулуун, С.Алтай, Р.Рэнцэндорж, Д.Нямхүү нарын ачтануудаа би одоо ч мартаагүй, бахархан баярлаж, дурсан санаж явдаг юм.
“Амьдрал миний дуранд” гэдэг гэрэл зургийн уран бүтээлийн анхны номоо танилцуулж байгаадаа маш их баяртай байна. Энэ номондоо би тухайн үеийн монголын нийгмийн амьдралыг “фото журнализм” буюу фото сэтгүүлзүйн баримтат талаас нь харуулахыг хичээсэн.
Өөрөөр хэлбэл Монгол улсын 80-аад он буюу социализмын төгсгөл үе, 90-ээд оны нийгмийн шилжилтийн үеийг улс төр, урлаг, спортын салбарынхан, эгэл хүмүүсийн хөрөг, хот, хөдөөгийн хүмүүсийн ахуй амьдрал, ёс заншил, соёл гээд бүхий л салбарын амьдралыг гэрэл зургийн хальсандаа буулган үлдээхийг зорьсон хэмээсэн юм.
“Амьдрал миний дуранд” ном тун удахгүй Интерном номын их дэлгүүрт худалдаалагдаж эхлэх ажээ.
СЭТГЭГДЭЛ