Эрхэм номын нөхөр хар багын анд Б.Бат-Амгалан “Аян замын тэмдэглэлийг суурин иргэншилтэй бичгийн хүмүүс зайлшгүй бичиж үлдээдэг юм. Гэтэл манайхан дээлээ хөөргөн бүслээд үсээ урт ургуулан энд тэндэхийн дов жалганы наадамд очиж шүлсээ үсэргэхээс өөр зүйлийг хийхээ больсон байна” гэв. Шүлэг зохиолын садан, сайхан найз, нэрт яруу найрагч, зохиолч П.Батхуяг энэ тухай: “Тэр жил Колумбын, Македоны яруу найргийн наадамд оролцсон тухайгаа аян замын тэмдэглэл бичсэн шүү дээ. Түүн лугаа юм бичиж бичиг зохиолын хүрээний бидэндээ аян замын сонин дуулгавал таатай байна” гэсэн тул ОХУ-ын Эрхүү хотод 6 сарын 10-17нд Байгаль далайн хөвөөнөө 17 дахь удаагаа зохиогдон байгуулагдсан олон улсын яруу найргийн (тус хотноо амьдарч асан нэрт яруу найрагч А.Кобенковын нэрэмжит) наадамд оролцсон тухайгаа аян замын тэмдэглэл маягийн зүйл болгон бичив.

 

1. Хоёр жилийн өмнө ган замаар “Нарлаг Монгол” хэмээх төмөр хөлгийг дөрөөлөн дотны анд бурхан шашин судлаач, яруу найрагч “Савка” хочит Г.Ням-Очирын хамт Эрхүү хотыг зорьж билээ. Зорилго нь Байгаль далайн хөвөөнөө 15 дахь удаагаа болж буй яруу найргийн наадамд Москва хотоос уригдан хүндэт зочноор оролцож буй ОХУ-ын төрийн соёрхолт яруу найрагч Е.Б.Рейн багшийнхаа амрыг эрэн золгоод буцах явдал байв. Ная нэлээд гарсан найрагч багштайгаа учран золгохдоо тус наадмыг зохион байгуулагч, яруу найрагч Игорь Дронов гэх халзан толгойтой нөхөртэй танилцсан юм. Тэрбээр үгийн далимд шүлэг зохиолыг минь уншиж сонсоод “Бид мөнгө санхүүгийн боломжоо харж байгаад чамайг заавал яруу найргийн наадамдаа уринаа” гэж ам гарсан болой. Мань хүн хэлсэн амандаа энэ жил ийнхүү хүрч би вээр замын зардал болоод бүхий л асуудлаа түүнд даатган ахин нэг удаа ган замыг эзэрхэн, төмөр хүлгийг зайдлан ганцаараа Эрхүү хотыг зорив. Монголын төмөр зам хоёр жилийн өмнөхөөс танигдахын аргагүй өөр болсон байна. Хамаг юм нь товч цахилгаан дарах төдийд нээгдэж хаагдаад өрөө тасалгаанууд нь гял цал гэж жигтэйхэн. Үйлчлэгч нар нь өдөр шөнөгүй л арчиж зүлгэж явах юм. Бүтэн нэг хоногийг дугуйн дээрхи “диваажинд” бараад Эрхүүгийн галт тэрэгнээс буухад мөнөөх И.Дронов нөхөр тосч авлаа. Халуун дотноор Брежнев, Цэдэнбал хоёр лугаа тэврэлдэн уулзаад Эрхүү хотноо зочилж ирсэн зохиолчид болон урлагийнхны үнэ төлбөргүй хонож өнжүүлдэг “Арт хаус” гэдэг зочид буудалд хүрэв. Өнгөрсөн зууны эхээр тус хотноо цайны арилжаа эрхэлдэг Бичайханов гэдэг буриад нөхөр энэхүү дөрвөн давхар өргөөгөө хотын захиргаандаа үлдээснээр урлаг соёлынхон хөлхсөн буурчийн газар болжээ. Монголын урлаг соёлынхон ийм нэг товхийсэн зочид буудалтай болчихвол мөн сайхан сан.


2. Дараа өдрийн үд дунд гэхэд найргийн наадамд уригдсан шүлэгчид цөм ирсэн байв. Гүрж улсаас нэрт зохиолч Тармель Цхварадзе, АНУ-аас их найрагч Бахыт Кенжеев, Израйль улсаас домог шахуу яруу найрагч А.Цветков, Петербург хотоос урд хожид дуулж сонсоогүй ч шүлгийг нь уншиж сонсоод “Урьд нь хаана явсан мундаг шүлэгч вэ?” хэмээн асуухад хүргэсэн Виталий Дмитриев, Москвагаас нэртэй найрагч асан А.Сопровскийн эхнэр болох бас л чадалтай яруу найрагч Т.Полетаева тэргүүтэй найрагч бүсгүйчүүд Эрхүүд цуглажээ.

Зүүн Сибирийн нийслэл хэмээгдэх Эрхүү хот бол 600 гаруй мянган хүнтэй ч үнэхээр хот гэж нэг иймэрхүү байдаг болов уу гэмээр баялаг түүхтэй, уужим цэлгэр гудамж талбайтай сайхан газар аж. Цэвэр цэмцгэр гудамж талбайгаар нь дүүрэн ваартай цэцэгсийг өнгө алаглуулан тавьсан байх ба цэцэгсийн үнэр танар өөрийн эрхгүй тархи толгой мансууруулан, сэтгэл цэнгүүлнэ. Тэрхэн зуурт хэрвээ манайд ингээд үлдээвэл өглөө гэхэд ваар савыг нь хагалахыг нь хагалаад, хулгайлахыг нь хулгайлсан байна даа гэсэн муухай бодол ч төрнө. Оройн 17 цагт Эрхүү хотын билэгдэл болсон “Бабр” буюу амандаа булга зуун дүүлж яваа барын хөшөө бүхий талбайд яруу найргийн наадмын нээлт болж уригдсан бүх найрагчид тус хотынхонд шүлэг зохиолоо дуудан уншив. Энэхүү уншлага Эрхүү хотын их сургуулийн урлаг соёлын их танхимд үргэлжилж хурсан олныг баясгав. Орой нь “Арт хаус” зочид буудлын зоогой барих танхимд хүлээн авалт боллоо. Хүлээн авалтан дээр нэг зүйл ажиглагдсан нь орос хүн архи гэдэг ундааг хэрхэн зөв зохистой хэрэглэдгийг бодитоор үзсэн явдал. Манайхан бол таван ширхэг хиам, гурван ширхэг өргөст хэмх зүсэж тавих юм уу ам, хамарт хүрэхгүй жаахан хоолны араас ходоодоо эргэтэл архи уудаг. Гэтэл орос хүн ширээ дүүрэн төрөл бүрийн салат энэ тэр овоолж байгаад хүссэн хэмжээгээрээ таваглан идэхийн сацуу сархадыг цөлж өгөх юм. Идээд л, уугаад л, хундаганы үг хэлээд л, шүлэг уншаад л... Танилцах үдэшлэг шөнө оройтон өндөрлөж Гүрж улсаас ирсэн найрагч ах Тарнель Цхврадзегийн хамтаар Эрхүү хотын ганц том буудал болох “Ангара” зочид буудалд аажуу тайван хөөрөлдсөөр хүрэв. Буудлын үүдний зочин угтах гял цал танхимд бид хоёртой УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат халз мөргөлдөх нь тэр. Улаанбаатарт хүртэл олж уулзахад хэцүү эрхэм нөхрийг Гүржийн яруу найрагчид танилцуулваас мань эр “Төрийн сайд байсан гэдгийг минь орчуулахаа мартаж болохгүй шүү” гэж алиалав. Тэгмэгцээ ямар нэгэн туршлага судлах ажилтай Эрхүүд ирсэн хүмүүс хүлээж байна гээд гарч одлоо.

3. Эрхүү хот бол яруу найрагчдаар баян хот юм. Тус хотоос тавь гаруй км-ийн зайтай Ангарск хот гэхэд л 800 гаруй найрагчтай гэнэ. Эрхүүгийн олон найрагч дотор онцгой нэгэн хүмүүн байна. Тэр хүмүүнийг Александр Журавский гэнэ. Дэлхийн 47 хэлнээс яруу найраг орчуулан ном хүртэл гаргаад амжиж. Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг  бол Си Жин Пинээс илүү монгол хэлээр дуржигнатал унших юм. Миний дотны анд унаган багын нөхөр найруулагч, орчуулагч Б.Бадралын орос хэл дээр мэргэжлийн өндөр түвшинд буулгасан шүлгүүдийн орчуулгыг бахдан бишрэхийн сацуу яруу найргийн номоос минь зарим шүлгүүдийг монгол хэлээр уншуулан цохилго, хэмнэл тааруулан орчуулсан болой, энэ хүн. Долоо хоног үргэлжилсэн найргийн уншлагуудын үеэр Гүрж, Герман, Англи, Турк, Хятад, Еврей хэлнээс орчуулсан шүлгүүдээ эхтэй нь харьцуулан унших нь гайхалтай. Эрхүү хотын энэ тэмдэглэлд дурдахгүй өнгөрч болохгүй өөр нэг найрагч бол Андрей Сизых юм. Тус наадмыг жил бүр ивээн тэтгэдэг Эрхүүгийн нефть боловсруулах компанид ажилладаг аж. Эрхэм нөхөр Игорь Дронов, Андрей Сизых нарын надад хэлснээр бол орос хэл дээр шүлэг бичдэг хамгийн сайн яруу найрагчдыг дэлхийн өнцөг булан бүрээс урин авчирч Эрхүүгийн яруу найраг шимтэн сонирхогчидтой уулзуулжээ. Нобелийн шагналт, их яруу найрагч И.Бродский амьд байсан бол түүнийг яаж ийгээд залж авчраад Байгаль далайг үзүүлээд нутгийн зон олондоо шүлэг зохиолоо хэрхэн дуудахыг нь сонсгох л байсан гэнэ. Эрхүүгийн нефть боловсруулах компани жил бүр энэхүү яруу найргийн наадамд зориулж нэг сая рубль буюу манайхаар бол дөчөөд сая төгрөгийн зардал гаргадаг аж. Энэ мөнгө уригдсан 10 гаруй найрагчийн онгоцны тасалбар, зочид буудал, хоол унданд зарцуулагдаад дуусах ба тус хотын шүлэг зохиолд дуртай ард олон дараа жилийн наадмыг тэсэн ядан хүлээдэг ажээ. Байгаль далайн хөвөөнд болдог энэ наадамд Эрхүүгээс гадна Новосибирск, Крымийн хойгийн Керч, Братск хотуудаас гадна Красноярск мужаас олон яруу найрагчид ирсэн байна. Оросын өнгөрсөн жилийн оны яруу найрагчаар шалгарсан Дмитрий Мурзин хэмээх үс гэзэг, сахал самбай болсон нөхөр эхнэр, охиноо чирээд ирж. Энэ авъяаслаг найрагчтай танилцах үед надад “Шинэ кино” гэдэг өвөрмөц нэртэй шүлгийн номоо гарын үсгээ зуран дурсгав. Тус мужийн төлөөлөл болж ирсэн 72 настай найрагч ах Сергей Кузнечихин загас барих хоббитойгоо хэлж өнгөрсөн зууны наяад онд “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байсан найзууд нь Монголд ирээд ийм том загас барилаа гээд гэрэл зургаа татуулан захиандаа хавсарган гайхуулах маягтай явуулдаг байсныг дурсаад авав. Өвгөн найрагч шүлгийн номын хамт загасчдын онигоо, адал явдал бүхий “Омуль загастай торх” гэдэг номоо дурсгасан болой. Нэрт орчуулагч, сайн загасчин Х.Мэргэн ах минь амьд байсан бол энэ номыг аваачиж өгөх байсан даа гэсэн зурвас гуниг төрж байсныг нуух юун.

Орос найрагчид Данилович хэмээн хүндэтгэн авгайлах Кузнечихэн найрагч Буриадын яруу найрагч Амарсанаа Улзытуевтэй хэрхэн хөгтэй танилцаж эр улсын ёсоор нөхөрлөснөө нүдэнд харагдтал хөөрөв. Буриад гэснээс Эрхүүгийн наадамд Улаан-Үд хотоос ирсэн буриад найрагч Булат Аюушеев сая хэвлэлтээс гарсан (23-хан насандаа харамсалтайгаар нас барсан) их яруу найрагч Намжил Нимбуевын номыг надад авчирч өгсөн нь бэлэг бэлгийн дээд байлаа.

 

4. Эрхүү Ангарск хотноо их дээд сургуулийн анги танхим, номын сангуудаар гурав хоног уншигчидтай уулзалт хийсэн найрагчид дөрөв дэх өдрийн өглөө нь Байгаль далайн “Малое море” хэмээх Эрхүүгээс зүүн хойш 240 гаруй мод газарт байх амралтын газрыг зорин хөдлөв.

Тэнд “Тайное ковчег” буюу библийн сударт гардаг хүн төрөлхтөн усан галав юүлэхэд хамаг араатан жигүүртнээ аваад хоргодон хөвсөн “Нойн” хөлөг онгоц лугаа хэлбэртэй цул дүнзээр урласан жуулчны хотхон байх ажээ. Энэ хотхоноос хориод алхамын дор дөч гаруй метр өндөр хадан хясаанаас цаашаа Байгаль далайн тунгалаг ус хөхрөн давалгаална. Хөлөг онгоцууд нааш цааш холхих нь нэн сүртэй. Их уснаа зүүн хойш Ольхон арал сүр бараатай дүнхийнэ. Хадан цохионы эрэгт тус наадмыг зохион байгуулагч Игорь Дронов найрагчтай тамхилангаа буу халав. “Путин ерөнхийлөгч болоод Орос орны амьдрал ямархуу байна вэ?” гэж асуувал “2014 он хүртэл хүссэн зүйлээ хийгээд хамаг юм цэцэглэж хөгжөөд сайхан л байлаа. Тэрнээс хойш өргөн хэрэглээний бараа, шатахуун түлш гээд бүх юмны үнэ өсөөд амьдрахад улам л хэцүү болоод байна шүү” гэв. “Путин үндсэндээ Крымийн хойгийг Орост нэгтгээд Байгаль далайг хятадуудад өгчихлөө. Өдрөөс өдөрт ихэсч байгаа хятадуудтай болохгүй бол үзэлцэнэ дээ” гэсэн цухалдуу үг ч унагаж байх юм. Нээрээ л Эрхүүд Хятадын жуулчдаас их юм алга байна билээ. Ольхон арал дээр хүртэл битүү хятадууд. Яагаад ийм олон хятад жуулчид ирэх болов оо гэж Дронов найрагчаас асуухад “Хятадын нэг мундаг дуучин хос Ольхон арал дээр ирж үнэнч хайрын тангараг өргөж байгаа тухай дуу зохиож клипжүүлсэн юм байх аа. Тэр дуу нь Хятад орон даяар алдаршин хит дуу болсон гэсэн. Тэгээд л Ольхон арал дээр ирж “романтиклах” гэсэн хятадууд наашаа цуваад байгаа юм” гэв.

5. Эрхүүгийн яруу найргийн наадамд хаа хол Нью-Йорк хотоос уригдан ирж оролцож байгаа их яруу найрагч Бахыт Кенжеев гуай 1950 онд Казахстаны Чимкентэд төржээ. Гурван настайгаасаа Москвад амьдрах болж, Москвагийн улсын их сургуулийн химийн факультет төгссөн байна. Өөрчлөн байгуулалтаас өмнө “Москвагийн цагаар” хэмээх яруу найргийн бүлгэмийг нэрт найрагч А.Цветков, А.Сопровский, Сергей Гандлевскийн хамт үүсгэн манаргаж явж. Яруу найргийн арав гаруй ном, дөрвөн роман бичиж Оросын уран зохиолын ихэнх шагналыг хүртжээ. 1982 оноос Орос улсаас цагаачлан Канад улсад, 2008 оноос Нью-Йорк хотод амьдрах болж дээ.

Эцэг нь казах, эх нь орос хүн юм байна. “Та Нью-Йоркт оросуудын амьдардаг “Брайтон бич” дүүрэгт амьдарч байна уу?” гэж түүнээс асуухад “Үгүй үгүй, Бродский найрагч амьдарч байсан Гринвич Виллижийн хавьцаа амьдарч байна” гэж хэллээ. “Тэнд байр их үнэтэй гээ биз дээ?” гэвэл “Би ч яахав эхнэрээрээ тэжээлгээд л, шүлэг бичээд хэвтэж байдаг хүн. Бродский Нобелийн шагналын мөнгөөрөө Гринвич Виллижид хоёр өрөө байр худалдаж авсан. Ер нь бол Бродский мөнгөөр дутагдаж байгаагүй. АНУ-ын шагналт, яруу найрагч болоод сая доллар авсан. Их дээд сургуульд лекц уншаад хөөрхөн цалин авчихдаг байсан. Мань мэт нь бол орос хэлнээс англи руу, англиас орос руу орчуулга хийж мөнгө олох юм. Одоо ч Оростой барууныхан харьцаагаа таслаад орчуулга ч олдохоо больж” хэмээн хуучилж байна лээ. Байгаль далайн хөвөөнөө болсон яруу найргийн уншлаган дээр Бахыт Кенжеев ахыг Дронов найрагч шүлгээ уншина уу гэж зарлахын өмнө “Энэ яруу найрагч их холоос ирсэн. Нью-Йорк хотоос. Тэнд харуул манаа хийдэг хүнийг энд урьж залаад аваад ирсэн гэхээр их л үнэ цэнэтэй хүн байгаа биз” гэж хошигноход Кенжеев гуай тайзнаа гарч ирээд “Шүлэг зохиол оролддог мань мэтийн хүмүүс үнэгүй юманд нугасгүй дуртай учраас хүрээд ирлээ” гэж хариу ёжилж байсан юм. Хараад байх нь ээ Бахыт Кенжеев найрагч манай буурал найрагч П.Бадарч ахтай тун төстэй нөхөрсөг хошин хүн ажгуу. Байгаль далайгаас Эрхүү рүү буцаж очоод мөнөөх “Ангара” буудалд буусны дараа би хэдэн хүүхдийнхээ нүдийг хужирлах чихэр жимс цуглуулахаар дэлгүүр гарсан хойгуур Бахыт Кенжеев гуай буудлын өрөөний минь хаалган доогуур шургуулж үлдээсэн “Элегий ба бусад шүлгүүд” хэмээх шинэ номон дээрээ “Эрхэм Галсансүх дүүдээ. Чи бид хоёр үзэг, үндэс нэгтэй шүү” гэж бичсэн нь сэтгэлд тун таатай санагдсан бөлгөө.

Петрбургээс ирсэн Виталий Дмитриев гэдэг өвгөн найрагч энэ наадмын нэгэн орь, манлай байлаа. Урьд хожид ийм сайн яруу найрагч байдаг гэдгийг дуулж мэдээгүйгээ олон яруу найрагчид шүлэг уншихаар тайзан дээр гараад хэлэх бүрд Дронов найрагч “Бид яруу найргийн наадамдаа хамгийн сайныг нь зардал чирэгдэл гаргаж уриад шүлэг зохиолыг нь сонсож баясдаг улс. Тиймээс Эрхүүчүүд бид азтай” гэж давтан хэлж байсан билээ. Нэг удаа Бахыт Кенжеев гуай Виталий Дмитриев найрагчаас “Чи яагаад роман бичдэггүй юм бэ?” гэж асуухад яагаад ч роман бичиж чадахгүй гэдгээ залхуутайгаар удаан тайлбарлаад ойлгох шинжгүй болохоор нь “Би яагаад ч роман бичиж чадахгүй” гэдэг нэртэй шүлэг бичсэнээ Байгаль далайн хөвөөнөө гайхалтай сайхан уншсан юм. Тэр шүлгийг заавал олж аваад нэрт дуун хөрвүүлэгч Ж.Нэргүй ахаараа монгол хэлнээ буулгуулах юм хуна гэж мөхөс би вээр бодож суусан болой.

Найргийн наадмын нэг хурц од бол яахын аргагүй Алексей Цветков найрагч юм. Иосиф Бродский миний дараа үеийнхний тэргүүнд А.Цветков, Б.Кенжеев, Ю.Кублановский энэ хэд байна даа гэсэн утга бүхий ярилцлагатай сэтгүүлийг миний бие одоо хүртэл хадгалж явдаг юм. “Би ч дөрвөн удаа эх орноо сольсон муу хүн шүү дээ” гээд мушийх далан нэгэн настай найрагчийн шүлгээ дуудахыг сонсоод үзэгчид алгаа хорстол ташин дахин дахин уншуулж байлаа. Өвгөн найрагч “Би Москвад их сургуульд сурч байхдаа Чимид гэдэг монгол найзтайгаа нэг өрөөнд амьдардаг байж билээ” гээд тэртээх цаг үеийг эргүүлэн авчрах нь уу гэмээр гүнзгий санаа алдаад таягаа товшин дуу аялах нь нүднээ их танил дүр зураг. Нэг харахад их найрагч Бавуугийн Лхагвасүрэн ах шиг, нэг харахад найрагч дүү Л.Хасар ч юм шиг.

6. Бүтэн долоо хоног үргэлжилсэн найргийн наадам Байгаль далайн хөвөөнөө “Нууц оромж” хэмээх жуулчны баазын тайзнаа хаалтаа хийх сүүлийн уншлаган дээр миний бие “Хүүхдийн нүгэл” тэргүүтэй дөрвөн шүлгээ монгол хэлээрээ уншиж Байгаль далай ээж, эмэг эх минь ооглон дуудаж онго тэнгэрүүдээ урьдаг асан Ольхон арлын эздэд сонсгосондоо баярлаад баршгүй. Бас түүдэг галын дэргэд нэгэн үдэш Оросын найрагчдад Чингис хааны аян дайн, Татар Монголын дарлал гэж Орос оронд байгаагүй тухай гучин минутын турш хундаганы үг хэлээд ном айлдсандаа ичих шиг, Эрхүү хотын төв телевизэд “Монголд Хятадын зөөлөн хүчний бодлого хэрхэн хэрэгжиж байгаа тухай” ярилцлага өгсөн гэж байгаа. Нэг иймэрхүү л аялал боллоо доо та минь. Аян замын тэмдэглэлийнхээ зах зухаас бичээд дуусч байтал зохиолч Ц.Түмэнбаяр эгч утас цохиж байна. Агни гэдэг Унгарын Монгол эрдэмтэн Монголын Зохиолчдын Хороон дээр ирсэн юм байх. Монголын зохиолчдын ном зохиолтой танилцах хүсэлтэй хүн гэнэ. Зохиолч Г.Мэнд-Ооёо тэргүүтнүүд мань эрдэмтнийг Монголын утга зохиолыг хорь гучин жил судалж байхад нь “Биднээс илүү зохиолчид Монголд байхгүй” гээд өөрсдөөсөө өөр хүнтэй уулзуулдаггүй байсан юмсанж. Олон удаа Монголд ирэхдээ анх удаа Зохиолчдын хороогоор зочилж байгаа юм байх. Унгарын орчуулагч, эрдэмтэдэд ном зохиолоо өгч явуулаарай мажар хэл дээр буулгаг гэж Түмэнбаяр эгч маань хэлж уриалж байна. Маш зөв. Зохиолчид бид үүнийг бүгдээрээ дэмжих ёстой юм шүү. Хар амиа бодох шиг муухай юм хаана байхав. Эрхүүгийн зохиолчид ч дараа дараагийн наадмууддаа монгол найрагчдаас урина гэснийг уламжилъя. Монголын яруу найрагчдын бүтээл дэлхийн олон орны ард иргэдийн сонорыг мялааж байвал юутай сайхан.                               

Эцэст нь хоёр хүний тухай бичихгүй бол болохгүй. Нэгнийх нь нэрийг харамсалтай нь сайн санадаггүй ээ. Албан ёсоор наадамд оролцоогүй болохоор тэр биз. Зураач, барималч өвгөн ах байна билээ. Монголын хөрөг зурдаг зураачдын тэргүүнүүдийн нэг Н.Орхон ахтай их найз гэж өөрийгөө хэлсэн санагдана. Хамгийн гол нь Барон Унгерн фон Штернберг гэдэг хүний баримлыг барьж, хөшөөг нь бүтээсэн гэж хэлсэн нь мартагдсангүй. Монголчууд Барон Унгерн гэж хар хятадын цэргээс монголчуудыг чөлөөлж өгсөн хүнд баярлаж явах хэрэгтэй гэж нэг бус орос хүн хэлж байлаа. Өвөө минь Барон Унгерны “Азийн морин девиз”-д алба хааж байсан гэж хэд хэдэн орос өвөө бахархан дурсахыг сонсов. “Энэ хүний гавьяаг Монголд хэрхэн дурсдаг вэ?” гэж асуухад үнэндээ хариулт олдоогүй. Мартагдсан нөгөө нөхөр нь Ольга Чикина гээд С.Есениний төрсөн нутаг Рязаниас ирсэн, үг аяаа өөрөө зохион гитардан дуулагч рок дуучин-яруу найрагч бүсгүй. Маш өвөрмөц. Өөрийн гэсэн өнгө төрхтэй. Франц, америк андреграунд маягийн орос дуучин-яруу найрагчдын хэв төрхтэй хөөрхөн хослуулсан. “Би чамдаа мөнгөлөг өнгөтэй машин хөлөглөн очно” гэх мэт энгийн донжтой дуулах нь эгдүүтэй. Орос яруу найрагчдад маш их таалагдах нь нэг юм хэлээд байх шиг. Оля бүсгүй Эрхүү хотын сүлжээ “Харатс” уушийн газар ганцаараа бүтэн хоёр цагийн тоглолт хийсэн билээ. Уйдашгүй сайхан тоглолт болсон. За тэгээд А.Медведев гээд Эрхүүгийн өөр нэг гитардан дуулагч яруу найрагч залуу байна. Нэлээд од нөхөр бололтой. Наадмын үеэр энд тэндгүй ярилцлага өгөөд явахаас харвал. Түүнтэй хамт Александр Жилинский гэдэг залуу хамт явсан нь мөнөөх Байгаль далайн хөвөөнөө байх “Нууц оромж” хэмээх жуулчин хотхоны эзэн, наадмын ивээн тэтгэгчдийн нэг юм байна. Эрхүүгээс далаад километрын зайтай монголчуудын очих дуртай Листвянка тосгонд бас зочид буудалтай. Байнга шахуу Хөвсгөл явж морин аялалын бизнес эрхэлдэг гэж байгаа. Оросуудыг Хөвсгөлд аваачин морь унуулан мөнгө олдог нөхөр гэсэн үг л дээ. Улаанбаатарт сурталчилгааг нь сайн хийж чадвал ”Малое море” бол аялаж жуулчлахад диваажин шиг л газар байна билээ. Красноярск мужийн зохиолчдын эвлэлийн нарийн бичгийн дарга Михайл Стрельцов гэдэг нэг марзан нөхөртэй ч танилцав. Бие хаа, өндөр нам, зан аашаараа манай зохиолчдын эвлэлийн дарга нарын нэг, яруу найрагч Н.Пүрэвтэй адилхан нөхөр юм. Гэхдээ шог зохиолч. Үргэлж л ямар нэг хөгтэй явдал, онигоо ярьж явах. Тэрбээр монголчуудын тухай Хакасын автономит улсын өмнөд хэсэгт байх Щорс гэдэг үндэстэнтэй төстэй юм гэв. Мань эр өөрөө тэнд төрсөн юм байна. Нэг щорс эр хятад хүнтэй таарчээ. Тэгээд “Чи хэн бэ” гэж асууж. Нөгөөх  нь “Би хятад хүн байна. Чи ямар үндэстэн бэ” л гэж. Мань хүн ч яахав “Щорс хүн байна” гэж. Хятад нь “Танайх хэдэн хүн амтай вэ?” гэж асуухад щорс эр “Бид тавин мянгуулаа” л гэж. Тэгсэнээ “Харин танай Хятад хэдэн хүн амтай вэ?” гэж асуужээ. Хятад нь ихэд бахдалтай “Нэг тэрбум таван зуун сая хүнтэй” гэхэд щорс хүн “Хөөх. Та нарыг хаана оршуулдаг юм билээ дээ” гэсэн гэнэ лээ. Щорс гэж ийм дайчин, бардам улс байдаг юм даа гэж Михайл Стрельцов нүдээ жаатайлган инээд алдаж байсан юм. Энэ хэдий онигоо маягийн яриа ч “Та нар хятадуудын эрхэнд хэзээ ч орохооргүй үндэстэн шүү” гэсэн далд утга агуулж байх шиг санагдсан бөлгөө.

Б.Галсансүх

 

 

 

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/